Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/123

 

 

 

 

 

 

   2024             1              9                                          2024/ДШМ/66                                   

 

      

Х.Г-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

                                                            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Р.Очирсүрэн,

            шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1346 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлоор Х.Г-т холбогдох эрүүгийн 2308000001736 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Х-ын Г-, 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт .... , .... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..... /;

             Х.Г- нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ч-той хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний хамар хэсэгт духаараа мөргөж, гараараа нүүрэн тус газар цохиж газар унаган цээж, гуя руу хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд “хамар яс, баруун 9-р хавирганы хугарал, зүүн зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Х-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-аас 564,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ч-т олгож, хохирогч Б.Ч- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Х.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдааны үед илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс “шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээсэн боловч хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар идэвх санаачилга гаргаагүй...” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ял оногдуулж шийдвэрлэжээ. Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчоос уучлал гуйж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирлыг барагдуулах санаачилга гаргаж байна. Гэтэл шүүхээс оногдуулсан дээрх ял нь “... ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон” байх гэдэгтэй нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч Х.Г-т оногдуулсан ялыг өөрчлөн хөнгөрүүлж торгох ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.   

            Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн байна. Мөн шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

            2. Шүүгдэгч Х.Г- нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ч-той ажлын хөлсний асуудлаас болж маргалдаж, түүний хамар хэсэгт мөргөж, нүүрэн тус газар цохиж, унаган цээж, гуя руу нь өшиглөн эрүүл мэндэд “хамар яс, баруун 9 дүгээр хавирганы хугарал, зүүн зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

хохирогч Б.Ч-ийн “... 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн найз Отгонбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт цэргийн хотхоны ойролцоо 2 шар айраг хувааж уусан. Би О-тай уулзахаасаа өмнө өөрийн ажиллаж байгаа барилгын компани захирал Х.Г-тай утсаар жаахан бухимдуу яриад “ажил төрөл чинь явах юм уу, яах юм” гэж хэлээд, бид хоёр уулзсан. Би ажлын хөлсөө Х.Г-аас нэхсэн, тэгтэл Х.Г- хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн, хамраас цус гарсан. Тэгээд маргалдаад миний зүүн нүд рүү гараараа цохисон. Мөн цээж, хөлний бүдүүн гуя хэсэг рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Мөн миний баруун талын хавирга руу намайг газар унагаж байгаад өшиглөсөн. Тэгтэл манай найз салгах гэсэн боловч Х.Г-ыг дагаж ирсэн найз нь манай найзтай муудалцаад салгуулахгүй байсан. Тэгэж байтал цагдаагийн албан хаагч ирсэн. Би Х.Г-ын хариуцдаг барилгын компанид өөрийн хариуцдаг барилгын бригад ажиллуулдаг юм. Тэгтэл Х.Г- нь цалин хөлсөө бүрэн тавихгүй байгаа учир бид хоёрын дунд маргаан үүсэх шалтгаан болсон... Миний биед хавирга, хамар хугарсан, нүдний зөөлөн эд гэмтэлтэй...” /хх 7-8/,

Гэрч С.О-ын “...Би Б.Ч-ийн байгаа газар очиж хоёр аяга шар айраг уучихаад дуудлагын жолооч хүлээж байтал үл таних залуус бид хоёрын байгаа газар ирсэн. Тэгтэл нөгөө үл таних залуу машинаас бууж ирээд манай найз Ч-ийг шууд хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл Ч-ийн хамраас цус гарч би салгах гэсэн боловч тухайн Ч-той муудалцаад, зодолдоод байсан залуу нь над руу уурлаад чамд хамаагүй гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудаад утсаар яриад байж байхад Ч- нь газар унасан. Тэгээд цагдаа удалгүй ирсэн... Ч- нь тухайн хүмүүстэй ямар учир шалтгааны улмаас маргалдсан болох талаар би мэдэхгүй байна. Гэхдээ мөнгөний өглөг авлага, ажлын хөлс яриад байсан...” /хх17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12225 дугаартай “...Б.Ч-ийн биед хамар яс, баруун 9 дүгээр хавирганы хугарал, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хамар яс, баруун 9 дүгээр хавирганы хугарал, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 20-21/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажилагааны шатанд яллагдагчаар өгсөн “...би Ч-ийн хамар болон нүд хэсэгт нь дух хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Түүний дараа Ч- нь над руу дахин дайрах үед би Ч-ийн гарын бугуй хэсгээс татах үед Ч- нь газар биеийн урд хэсэг нь дээшээ хараад унасан. Тэгээд би өөрийн баруун гараа зангидаж байгаад Ч-ийн хавирга хэсэг рүү нэг удаа цохисон...” /хх 30/ гэсэн мэдүүлэг,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн 1 дүгээр хэлтэс, шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх 2/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

3. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээнд ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            5. Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдсан гомдолдоо: “...тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Б.Ч- нь гэмт хэргийн шууд хохиролтой холбоотойгоор хамрын хагалгаанд орох 3.899.400 төгрөг, хохирлын баримт нийлээд 4.446.400 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой 564.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх явцад нөхөн төлжээ.

Хохирогчийн мэдүүлэг болон 564.000 төгрөгийн хохирлын баримтуудад дүгнэлт хийхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн, арилгасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь хэргийн 48-52 талд авагдсан хохирлын нотлох баримтууд нь зөвхөн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох, оношлохтой холбоотой байх бөгөөд цаашид хамрын ясны хугарал гэмтэлтэй хамааралтайгаар мэс заслын хагалгаанд орох шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байна. 

Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Х.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан “тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1346 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                  ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ

 

                  ШҮҮГЧ                                                                С.БОЛОРТУЯА