Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч*******

Хариуцагч: Нийслэлийн Боловсролын газар

Маргааны төрөл: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Б.Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Б.Ч******* нь Ө цогцолбор сургуулийн захирлаар 2020 оноос хойш ажиллаж эхэлсэн ба 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Б. Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.1.5-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа мэдэгдэж ажлаас нь чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тухайд Б.Ч*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь хэсэгт Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан банкаар дамжуулалгүй бэлнээр зарцуулсан, ашигласан" гэж заасныг үндэслэсэн байна. Боловсролын яамнаас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Ө*** ********* сургуульд шалгалт орсон. Тус шалгалтын хүрээнд Улсын ахлах байцаагчаас *******, , дугаартай гурван акт тогтоосон байдаг. Улсын байцаагчийн холбогдох актуудаар түрээслэгч Н.Б, гүнзгий ангийн багш байсан Н.М, түрээслэгч Б*** ****** БГХН-д нарт холбогдуулан тодорхойлсон зөрчил бөгөөд Удирдах ажилтны хувьд тус зөрчлүүдийг арилгахаар ажиллаж байсан. Сургууль нь бие даасан хуулийн этгээдийн хувьд бусад этгээдтэй гэрээний харилцаанд орох, гэрээний дагуу төлбөр мөнгөний авлага өглөг үүсэх нь ердийн тохиолдол бөгөөд бусад этгээд гэрээний дагуу сургуульд төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл бусад этгээдийн гэрээний үүргээ зөрчсөн зөрчлийг надад хамаатуулж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн улсын байцаагчийн актуудаар Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй бөгөөд миний бие сургуулийн эд хөрөнгө, мөнгийг завшсан зүйлгүй.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр ... 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр ... сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байна... гэсэн хариуг ирүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх салбар зөвлөлд Нийслэлийн боловсролын газрын даргын ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр Гомдолд дурьдсан дээрх тушаалыг хүчингүй болгуулах .... эсэх асуудлыг холбогдох захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хариуг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар ирүүлсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ө*** ********* сургуулийн захирлын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар ... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамаарч захиргааны хэргийн шүүх дагнан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Б. Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч******* Ө сургуулийн захирлаар 2020 оноос хойш ажиллаж эхэлсэн. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай гэсэн тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Ч*******ийн ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийг харахаар Засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Гэтэл 67.5 дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахтай холбоотой агуулга байхгүй. Энэ заалтад аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын эрхлэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана гэсэн агуулга байгаа. Мөн маргаан бүхий тушаал дээр Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг үндэслэсэн. Энэ заалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэрийн дэх төрийн болон орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэдэг. Ерөнхий хууль зүйн зүйл заалтыг эшилсэн байгаа. Өөрөөр хэлбэл эрх олгосон заалт байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Энэ заалтад ажил олгогч дараах үндсэн эрхтэй гээд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж бас ерөнхий хэм хэмжээг гэж бичсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг эшилсэн. Энэ заалтад хөдөлмөр эрхлэлтийн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Өөрөөр хэлбэл 80.1.4 дээр давтан гаргасан эсвэл ноцтой зөрчлийг гаргасан гэдэг 2 хууль зүйн агуулгыг эшилсэн. Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг эшилсэн. Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дээр Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан банкаар дамжуулалгүйгээр бэлнээр зарцуулсан нь тогтоогдсон гэдэг зүйл заалтыг эшилсэн. Маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Энэ нь холбогдох байгууллагын санал болон баримтаар нотлогдож байгаа гэдэг үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл захиргааны актыг гаргахдаа агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэдгээр хөдөлмөрийн гэрээг цуцалчихсан. Гэтэл өнөөдөр хариуцагчаас хариу тайлбар ирүүлэхдээ аль аль агуулгаар нь цуцалсан юм шиг тайлбар гаргачихсан. Гэтэл маргаан бүхий актыг хөдөлмөрийн гэрээний хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэдэг агуулгаар цуцалчихсан байгаа учраас энэ хүрээнд хариуцагч маргаж мэтгэлцэх ёстой байх гэж бодож байна. Түүнээс биш урьд өмнө хөдөлмөрийн гэрээний зөрчил байсныг сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг утга агуулга үүнд байхгүй. Хэрэв хариуцагч энэ үндэслэлээр тайлбарлаж байвал энэ нь маргаан бүхий захиргааны актыг гарах болсон эрх зүйн үндэслэлээс хальж давсан агуулгаар гаргуулсан гэдгийг шүүх анхаарах байх гэж бодож байна. Энэ хэрэг дээр улсын байцаагчийн гурван акт байгаа. Улсын байцаагчийн 3 акт нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны , *******, гэсэн байгаа. Эдгээр актыг харахаар нэгдүгээрт түрээсийн төлбөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлбөр 750,000 төгрөгийг түрээслэгчээс гаргуулан сургуулийн төрийн сан, банкны тоот дансанд төвлөрүүлэхийг захирал Б.Ч*******, нягтлан бодогч Ц.М нарт хариуцуулав гэж байгаа. Хоёр дахь нь мөн түрээсийн төлбөр төлүүлэх тухай акт буюу хичээлийн 2 дугаар байрны цайны газар 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд түрээсэлж байсан Б*** ****** БГХН нь үлдэгдэл түрээсийн төлбөр 2,192,000 төгрөгийг ашиглалтын зардалд 7,000,000 төгрөгийн хамт түрээслэгчээс гаргуулан сургуулийн төрийн сан банкны дансанд төвлөрүүлэхийг захирал Б.Ч*******, нягтлан бодогч Ц.М нарт хариуцуулав гэж байгаа. Гурав дахь акт нь сургалтын гүнзгий ангийн 2020 оноос 2021 оны сургалтын төлбөр 1,935,000 төгрөгийг сургуулийн төрийн сангийн тоот дансанд төвлөрүүлэхийг захирал Б.Ч*******, нягтлан бодогч Ц.М нарт даалгав гэсэн 3 акт байгаа. Эдгээр 3 акт нь өмнө хэлсэнчлэн сургууль тодорхой өмч буюу объекттой. Тухайн объектоо тодорхой этгээдүүд түрээслүүлдэг түрээсийн харилцаа үүсдэг. Нэг талаар Иргэний хуульд заасан түрээслэгч түрээслүүлэгчийн харилцаа үүсээд төлбөр мөнгөний асуудал гарна. Тухайн түрээслэгч этгээд нь 750,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байсан нь үнэн. Тэгээд төлбөрөө сургуулийн дансанд тушаачихсан. Энэ талаар баримтаа өгсөн. Б*** ****** БГХН гэж компани нь сургуульд тодорхой хэмжээний өртэй. Энэ өр дээрээ тооцоо нийлсэн акт үйлдсэн нь хэрэгт байгаа. Тэгэхээр түрээсийн төлбөр төлүүлэх тухай энэ актуудаар миний үйлчлүүлэгч түрээсийн мөнгийг өөрөө хувьдаа зарцуулаад ашиг хонжоо олоод эд хөрөнгө завшсан асуудал байхгүй. Иргэний эрх зүйн харилцааны субъект байгаа учраас өр авлага үүснэ. Энэ өр авлагаа төлүүлнэ, нөгөө субъект нь төлөөд тооцоо нь нийлсэн акт үйлдчихсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний зөрчил биш гэж би өмгөөлөгчийн хувьд тайлбарлах гээд байгаа. Хоёрдугаарт сургалтын төлбөрийн үлдэгдэл төлүүлэх тухай гэсэн акт байгаа. Энэ актаар 1,935,000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Төлбөрийг тухайн сургуулийн багш нь завшчихсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл сургуулийн багш Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээд сурагчдын сургуулийн төлбөрийг өөрийнхөө хувийн дансаар аваад завшчихсан. Тухайн асуудлаар сургууль нь Цагдаагийн байгууллагад хандаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай асуудлыг нь шалгаж тогтоож өгнө үү гэдэг гомдол гаргасан. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас энэ багшид холбогдуулаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар баримтыг өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ асуудлууд бол хөдөлмөрийн гэрээний 7.5-д заасан ноцтой зөрчил биш. Ажлаас халах ноцтой зөрчлийн шинж чанар байхгүй учраас миний үйлчлүүлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл, үндэслэл гаргасан байгаа. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох заалтын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн тухайд Нийслэлийн ерөнхий боловсролын Ө*** сургуулийн захирлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар томилогдон ажиллаж байсан. Тус маргаантай харилцааны тухайд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан үйл баримт, ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үйлдэл тусгагдсан эсэх байдал ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлох үндэслэл болно.

Нэхэмжлэгчийн тухайд Боловсролын ерөнхий газраас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийхэд өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл тогтоогдож, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар Б.Ч*******ид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаалд Б.Ч******* нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал юм. Сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлж, уг үүргийг биелүүлээгүйгээс Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний холбогдох заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Боловсролын яамны салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр удирдамжаар Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчилд Улсын ахлах байцаагчийн *******, , дугаартай акт тогтоосон. Төрийн байгууллага бүр удирдлагатай, ихэвчлэн ганцаарчилсан хэлбэрийн буюу толгойлох албан тушаалтан буюу сургуулийн захирал сургуулийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргадаг байтал миний гаргасан үйлдэлтэй зөрчил биш, мөн улсын байцаагчийн актуудаар Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Нийслэлийн боловсролын газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журам-ыг хэрэгжүүлэх зорилгоор сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг 2 удаа явуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулан санал тайлбарыг ирүүлээгүй болно.Иймд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг үндэслэсэн. Энэ үндэслэлийг дурдвал нэхэмжлэгч Б.Ч******* өмнө нь сахилгын давтан зөрчил гаргаж байсан. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан. Тус маргаантай харилцааны тухайд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үйл баримт нь ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэхэмжлэгчийн үйлдэл тусгагдсан эсэх байдал нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлох үндэслэл болно гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд Боловсролын ерөнхий газраас хийсэн хянан шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийхэд өмнө нь санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл тогтоогдож байсан. Энэ нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар Б.Ч*******ид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаалд Б.Ч******* нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал байгаа. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцаа зохицуулагдана. Тийм учраас энд сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт нь чухал баримт бичиг нь болдог. Албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлж, уг үүргийг биелүүлээгүйгээс Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний холбогдох заалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон үйл баримт байгаа. Боловсролын яамны салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр удирдамжаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай Боловсролын яам хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байдаг. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Боловсролын яамны салбарын хяналтын газрын даргын шалгалтын илтгэх хуудсыг Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн. Тус хяналт шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчил улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр актаар 2022 оны гүнзгий ангийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,935,000 төгрөг, мөн дугаар актаар цайны газрын түрээсийн төлбөр 2,192,000 төгрөг, ашиглалтын зардал 7,000,000 төгрөг төвлөрүүлээгүй гэсэн. ******* дугаар актаар нэгдүгээр байранд байрлах түрээсийн байрны төлбөр болох 750,000 төгрөгийг сургуулийн дансанд төвлөрүүлээгүй зөрчилд нийтдээ 11,877,700 төгрөгийг сургуулийн захирлаар төвлөрүүлэх, төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон байгаа. Тус хяналт шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт Боловсролын стандарт эсхүл сургалтын байгууллагад тавих шаардлагыг зөрчсөн бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авч дугаар бүхий хэргийн материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэсэн байдаг. Энэ нь сургуулийн захирал төсвийн байгууллагын шууд удирдлагыг хэрэгжүүлдэг субъект. Энэ хүрээндээ албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Албан тушаалын тодорхойлолтын 5 дугаар зорилтын хүрээнд байгууллагын төсвийг төлөвлөх, батлуулах зорилтын дагуу зарцуулах, хяналт тавих, аудит хийлгэх, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг үнэн зөв хугацаанд нь тайлагнах, хоёрт нь хууль тогтоомж, стандарт, дүрэм журам зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж ажиллах, гуравдугаарт холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг олгох, санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, дөрөвдүгээрт байгууллагын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хагас, бүтэн жилээр өмчийн тооллого хийх, эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах, тавт санхүүгийн болон төсвийн гүйцэтгэл статистикийн мэдээлэл бусад шаардлагатай мэдээ судалгаа, тайланг үнэн зөв гаргаж холбогдох байгууллага албан тушаалтан тогтоосон хугацаанд тайлагнах, зургаад Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг ил тод, нээлттэй, цаг хугацаанд нь мэдээлэх гэж заасан. Мэдээлэх гэхээр төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой энэ хүний хууль тогтоомжоор заасан болоод албан тушаалын тодорхойлолтод тодорхой чиг үүргүүдийг заагаад өгчихсөн. Гэтэл энэ хүн маань хөдөлмөрийн гэрээ албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд гаргасан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож санал нь Нийслэлийн Боловсролын газарт ирсэн. Ингээд улсын байцаагчийн актууд гарсан. Нэгдүгээрт санхүүгийн улсын байцаагч нар Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм журмын дагуу дотоод аудит хийдэг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн дагуу хийгдсэн. Уг дүрмийн 11.1 дээр улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан санхүүгийн хяналт шалгалтын Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч Б.Ч*******ийн зүгээс тухайн актуудтай холбогдуулж гомдол саналаа гаргаагүй. Тэгэхээр энэ актуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Энэ хүн маань хууль тогтоомж болоод төсөв санхүүтэй холбоотой зөрчлүүдийг гаргачихсан байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар баталсан Сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам гэж байгаа. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* нь Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Б.Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б.Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын Ө*** сургуулийн захирал Байгалийн Ч******* нь хууль тогтоомжийг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь холбогдох байгууллагуудын санал болон баримтаар нотлогдсон тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

Маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалд:

А. Хууль тогтоомжийг биелүүлээгүй,

Б. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь холбогдох байгууллагуудын санал болон баримтаар нотлогдсон гэсэн хоёр үндэслэлийг заасан.

1. Маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын үндэслэл нь тодорхойгүй байх тул уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасан ба аливаа захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа яагаад гаргах болсон үндэслэл, шалтгаанаа ойлгомжтой, тодорхой заах учиртай.

Дээрх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалд хууль тогтоомж биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заасан нь хэт ерөнхий шинжтэй байх ба тодорхой ямар хуулийн аль зохицуулалтыг хэрхэн, ямар байдлаар зөрчсөнийг заагаагүй байх тул уг ******* дугаар тушаал нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

2. Тус маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь холбогдох байгууллагуудын санал болон баримтаар нотлогдсон гэсэн үндэслэлийг заасан нь мөн ерөнхий шинжтэй, тодорхойгүй байна.

Учир нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь тодорхой ямар байгууллага /яам, агентлаг/-ын санал болон баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэж үзсэн эсэх, эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байх тул уг тушаал нь мөн захиргааны актад тавигдах шаардлагад нийцэхгүй байна.

3. Нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь аливаа эрх зүйн харилцааны субъектэд ногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохирсон байх ёстой бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёсны зарчмын үзэл санаа юм.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн актуудад заасан хичээлийн 1 дүгээр байранд харьяалагдах байрны түрээсийн байрны төлбөрийн үлдэгдлийг төлүүлэх, цайны газрын түрээсэлж байсан хуулийн этгээдийн үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлүүлэх, гүнзгий ангийн сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлүүлэх зэрэг асуудлууд нь дан ганц сургуулийн захиралтай 100 хувь хамааралтай асуудлууд биш бөгөөд сургууль нь бие даасан хуулийн этгээдийн хувьд бусад этгээдтэй гэрээний харилцаанд орох, гэрээний дагуу төлбөр мөнгөний авлага өглөг үүсэх нь ердийн тохиолдол бөгөөд бусад этгээд гэрээний дагуу сургуульд төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл бусад этгээдийн гэрээний үүргээ зөрчсөн зөрчлийг надад хамаатуулж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэгч хувьдаа мөнгө завшсан зүйл байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь дээрх Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн актуудад заасан түрээсийн байрны төлбөр, гүнзгий ангийн сургалтын төлбөр дутуу төлсөнтэй холбоотой зөрчлүүд нь дан ганц сургуулийн захиралтай холбоотой асуудал биш бөгөөд түрээслэгч, суралцагч зэрэг этгээдүүдэд мөн хамааралтай байх ба дээрх санхүү, мөнгөтэй холбоотой зөрчлийг арилгахаар ажиллаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Мөн дээрх Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн актуудад заасан зөрчлийн улмаас сургуулийн үйл ажиллагаа шууд доголдсон, хүүхдийн болон нийтийн эрх ашигт хохирол учирсан зүйл төдийлөн тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь би хувьдаа мөнгө авсан зүйл огт байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Иймд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй байна.

4. Нэхэмжлэгч Б.Ч*******ид ******* дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг үндэслэсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга болон Б.Ч******* нарын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан банкаар дамжуулалгүй бэлнээр зарцуулсан, ашигласан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

Дээрх хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон... гэсэн заалтыг оруулсан нь хэт өргөн агуулгатай, ерөнхий шинжтэй байх бөгөөд энэ заалтад дурдагдсан хоёр хууль нь төсөв, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой өргөн хүрээтэй харилцааг зохицуулсан хууль юм.

Зүй нь хөдөлмөрийн гэрээнд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн аль зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой ямар зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор ойлгомжтой, тодорхой зохицуулалтыг тусгах нь хууль нийцнэ.

Иймд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн******* дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалт нь хуульд нийцээгүй байх тул уг хуульд нийцээгүй заалтыг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын Ө сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байна.

Шүүх Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Нийслэлийн Боловсролын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаал гарсан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан Ө*** сургуулийн захирлын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар тооцон олгож, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Б.Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч*******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б.Ч*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ч*******ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын Ө*** сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Ч*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын Ө*** сургуулийн захирлын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Нийслэлийн Боловсролын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ