Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01208

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01208

 

 

 

Р.Д-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01395 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Д-гийн хариуцагч О.М-т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Д-, хариуцагч О.М-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Д-, О.М- бид хоёр 2012 онд гэр бүл болж, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Б-, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.О- нар төрсөн. Эхнэр 2015 оноос хойш хааяа архи уугаад хаашаа ч юм хэд хоногоор яваад алга болдог болсон. Мөн 2017 онд яваад ирээгүй хаана байгаа нь тодорхойгүй болдог болсон. Миний бие хүүхдүүдээ асраад үлдсэн, өөрийн эгч болон ээжийнхээ тусламжтайгаар хүүхдүүдээ эрүүл саруул, асарч өсгөн өнөөдрийг хүрээд байна. Том хүүгээ сайн боловсролтой болгох гээд хувийн сургуульд суралцуулж байна. 2016 онд би Солонгос улс руу ажлаар явахад хоёр хүүхдээ хаяад амралтад явсан байсан. Үүнээс хойш хүүхдүүдээ би өөрийн асрамжид авсан. 2018 оны 10 дугаар сараас хойш хариуцагч тусдаа байгаа. 2018 оны сүүлээс хоёр хүүхэд над дээр, миний асрамжид байгаа. Би одоо тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүү маань сүүлийн 3 жил надтай хамт амьдарч байгаа тул асрамжийг өөр дээрээ авна. Хоёр хүүгээ эхтэй нь чөлөөтэй уулзуулах болно. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би өөрийн гэсэн тогтсон ажил, бизнес эрхэлдэг, хөлөө олсон, хүүхдүүд сүүлийн жилүүдэд над дээр өссөн учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нь зөвхөн том хүүгээ өөрийн асрамжид авна гэдгийг бас зөвшөөрөхгүй. Учир нь бага насны ах дүүсийг тус тусад нь байлгах боломжгүй. Ээжтэй нь хүүхдүүдээ чөлөөтэй уулзуулж байх болно. Иймд Р.Д-, О.М- бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь эцэг Р.Д- миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.М- нь Р.Д-тэй 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Б-, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.О- нар төрсөн. Р.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 02-нд Солонгос улс руу гэрээт ажилчны шугамаар явснаас хойш бид хоёр тусдаа байх болсон, миний бие хоёр хүүгээ харж үлдсэн. Хамт амьдрах хугацаанд би голчлон хүүхдүүдээ хардаг, Р.Д- нь ар гэрийнхээ амьжиргааг залгуулдаг байсан. Мөн бусдын жишгээр зарим үед хоёр талын аав ээжүүдээрээ хүүхдүүдээ харуулах үе байсан. Би хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш орон байр, хоол хүнс, өмсөж зүүх хувцсаар гачигдуулахгүй байх аль болох тав тухтай байдлыг нь хангахыг хичээж, сэтгэлзүйн хувьд аль болох тайван амар амгалан, айдас түгшүүргүй сэтгэл ханамжтай байлгахыг хичээж ирсэн. Р.Д-гийн эгч болох Р.Ц-ийн ажилладаг газар нь борлуулагч хийдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын сүүлийн хэд хоногт баярын торт маш их хэмжээгээр дэлгүүрүүдээр борлуулахаар тараасан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дэлгүүрүүд торт их хэмжээгээр зарагдахгүй үлдсэн буцааж ав гэж утасдаж эхэлсэн ба борлуулалтын албатай холбогдож буцааж авахыг шаардсанаар маргаан үүсэж, дээрээс нь үнийн зөрүүний асуудал гарсан. Үнийн зөрүүний асуудлаас болж би хямарч, айж тэвдсэн. Шүүх цагдаа ярьж эхлэхэд нь надад шууд л шорон, санаанд орсон тул зугтаах ёстой гэж бодсон. Би ажилдаа ч, гэртээ ч очилгүй хэд хоносон. Р.Ц- гэх хүнээс Би чамайг заавал шоронд хийнэ харж байгаарай. Шоронгийн хамгийн сайхан өрөөнд оруулна. Миний дүүгээр тоглодог хэн бэ гэх чат ирсэн. Энэ чатыг уншаад би гэртээ харих юм бол шоронд орох юм байна гэх бодолдоо бат итгэсэн. 2019 оны 5 дугаар сард ээжтэйгээ холбогдсон. Үүнээс хойш ээжтэйгээ холбоотой байх болсон. 2019 оны 6 дугаар сард том хүү болох Д.Б-ыг ээж, аав дээр минь очсоныг сонсоод би шууд л очиж хүүтэйгээ уулзсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хоёр хүүтэйгээ Сэлэнгэд аав, ээжийндээ шинэ он гаргасан. 2020 оны 7 дугаар сараас хойш том хүүг маань Сэлэнгэ рүү явуулахаа больсон. Аав нь ирж байгаа гээд том хүүтэй маань ч яриулахаа больсон. Хичээл нь орохоос өмнө хэд хоног хамт байх гээд ээж маань авах гээд очсон боловч өгөөгүй. Р.Д- 2020 оны 7 дугаар сард Монголд бүр мөсөн ирэхдээ эхнэр аваад, эхнэр нь төрөх тун дөхсөн ирсэн. Аавыг нь ирсний дараа уулзаж, ярилцъя хүүхдүүдийнхээ талаар гэсэн боловч чамд хүүхэд өгөхгүй эх байх эрхийг чинь хасуулна гэх болсон. Бага хүү маань хөдөө байгаа учраас огт уулзаж чадахгүй байгаа. Р.Д- нь одоо шинэ эхнэр хүүхэдтэй болсон ба хоёр хүүтэй маань нэг гэрт амьдрахгүй байгаа гэж хүүгээсээ сонссон. Том хүү маань Р.Ц- гэх эгчийнд нь, бага хүү маань хөдөө аав ээж дээр нь байгаа. Том хүүд маань ээжтэйгээ уулзвал цагдаад өгнө гэж хэлсэн байдаг аав нь хүүхдийг ингэж хүсээгүй газар нь хүчээр байлгаж хүсээгүй зүйлийг нь хийлгэнэ гэдэг нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн хоёр хүүдээ хойд эхийн гар харуулмааргүй байна. Ээж маань ярих гээд залгахад шинэ эхнэр нь утсыг нь авч ээжийг минь маш бүдүүлгээр доромжилсон. Ийм харьцааны доголдолтой, сэтгэл зүйн хувьд тогтворгүй өөрийгөө хянах чадваргүй хүнтэй өөрийн хоёр хүүхдээ хамт байлгамааргүй байна. Хэл сураггүй болсон нь миний буруу. Би буруугаа ойлгож байгаа маш их гэмшиж байгаа. Хоорондын асуудлаасаа болж хоёр хүүгээ ийм хүнд байдалд байлгамааргүй байна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Одоо хөдөө орон нутагт тогоочоор ажиллаж байгаа. Ажил амьдралаа хангалттай авч явах боломжтой болсон тул хоёр хүүг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байгаа. Хоёр хүүхдүүдээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч зөвшөөрөх юм бол хариуцагч нь зөвхөн том хүүгээ өөрийн асрамжид авах байдлаар эвлэрэх боломжтой гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хоёр хүүхдээ төрсөн цагаас нь асарч өсгөн хоол унд, өмсөх зүүх хувцсаар дутагдуулахгүй өсгөж цэцэрлэгт нь хүргэж өгч байсан. 2019 оны 01 дүгээр сард намайг гэрт байхгүй эзгүй үед нөхөр Р.Д-гийн төрсөн ах Р.Г- нь гэрээс 2 хүүхдийг авч явсан байсан. Одоогоор нөхөр Р.Д- өөр хүнтэй хамтран амьдарч байгаа ба харин хүүхдүүд маань хадам ээжтэй хамт амьдарч байгаа болно. Миний бие 2 хүүхэдтэйгээ уулзах талаар хэд хэдэн удаа хэлсэн боловч намайг төрсөн хүүхдүүдтэй минь уулзуулахгүй элдвээр хэлж доромжилдог. Цаашид миний бие ажил төрөл хийж 2 хүүхдээ өөрийн асрамждаа авч хамт амьдрах хүсэлтэй байна. Иймээс 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Б-, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.О- нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан У овогт Р-гийн Д, Б овогт О-ын М нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Б-, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.О- нарыг эцэг Р.Д-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Б- /РД:ух13211552/, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.О- /РД:уш15271415/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эх О.М-ээс гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Р.Д-, О.М- нарын гэрлэлтийг цуцлаж, хүү Д.Б-, Д.О- нарыг эцэг Р.Д-гийн асрамжинд үлдээж, эх О.М-ээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн 2018 оны сүүл хэсгээс хойш хоёр хүүхдүүд эцгийн асрамжид байгаа гэх тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэтэрхий учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь хүүхдүүд эх О.М-ийн асрамжид өсч байхад нь 2018 онд түүний эзгүйд хүүхдүүдийг гэрээс нь Р.Д-гийн ар гэрийнхэн ирж авч явсан ба түүнээс хойш хүүхдүүдийг төрсөн эхтэй нь уулзуулахгүй байсан болно. Ийнхүү хүүхдүүдийг төрсөн эхтэй нь уулзуулахгүй байгаа нь хүнлэг чанарын хувьд ч, хууль ёсны хувьд ч байж болохгүй, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.

Анхан шатны шүүх хуралдаан дээр манай талаас хүүхдийн асрамжийн талаар эвлэрэх саналыг нэхэмжлэгч талд тавьсан. Өөрөөр хэлбэл, том хүү Д.Б-ыг эхийн асрамжид авч, бага хүү Д.О-ийг эцгийн асрамжид үлдээх саналыг тавьсан боловч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч Р.Д- нь өнөөдрийн байдлаар өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа хүүхэдтэй болсон гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Мөн том хүүгээ өөрийн төрсөн эх болон эгчийнхээ гэрт амьдруулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх ашиг сонирхолыг харгалзан хүүхдийн асрамжийг тогтоохоор заасан. Мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан үзэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн амьдарч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримталж үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Б-, Д.О- нарт эх О.М-ээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс дур мэдэн ийнхүү тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Д- нь хариуцагч О.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасны гэрлэлт цуцлуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, харин хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн боловч хоёр хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож чадаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох гэж заасны дагуу шүүх шийдвэрлэх журамтай.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус заасан.

 

Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д.Б- 8 нас хүрсэн байхад хуульд зааснаар түүний саналыг авч, харгалзан үзээгүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Мөн шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг үнэлж, эцэг, эхийн хүүхдэдээ тавих халамж, анхаарал, ахуйн нөхцөл бололцоо, ээнэгшин дассан орчин, сурах, хөгжих нөхцөл боломж зэргийг тодруулах ажиллагааг хийгээгүй, хүүхдийг эцгийн асрамжид байлгах нь тэдний эрх ашигт илүү нийцэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд дурдсан байдлуудыг тодруулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж, хүүхдийн эрх ашигт илүү нийцтэй гэж үзсэн үндэслэлийг нотлох баримтад үндэслэн дүгнэх шаардлагатай.

 

Иймд асрамжийн талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ