Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/304

 

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 2305004781865 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б-нь 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” эмийн санд орж, хохирогч Г.Ү-гийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу эмийн сангийн лангууны дотор хэсэг рүү жижиг хаалгыг онгойлгон нэвтэрч хохирогч Т.Үг дуугүй байгаарай, доошоо суу, Тебантин чинь хаана байна гэх зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, хүч хэрэглэхээр заналхийлж Тебантин эмийг хууль бусаар авсан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдпүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 170,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Үд олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-давж заалдах гомдолдоо: “...Мансуурсан байх үедээ эмийн сан руу орж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж  хорих ял шийтгүүлсэн. Ид ажиллаж, хөдөлмөрлөх насандаа өөрийн буруутай үйлдлээс болж ял шийтгүүлж, өөрийн эх болон Солонгос улсад суралцаж байгаа оюутан дүүгийнхээ өмнө хариуцлага хүлээж чадаагүй, идэх хоол, сургалтын төлбөр, хэрэгцээг нь дутуу байлгаж байгаа минь өдөр бүр санааг маань зовоож байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа анхнаасаа ойлгож, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч байгууллагад учруулсан хохирлоо төлөх хүсэлтэй байсан боловч хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй байсны улмаас шүүхийн тогтоол гарсны дараагаар төлөх шаардлагатай гэж ойлгосноор 2024 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр төлсөн байсан. Хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд хохирогч “Х” ХХК-д учруулсан хохирол болох 170,000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч ямар нэгэн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримт авагдсан байдаг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;” гэж, 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, 1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заасан. Дээрх байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.   

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгч Б.Б-нь анхан шатны шүүхийн шатанд хохирол, төлбөрийг төлөөгүй байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Б.Б-нь Тебантин эмийг бусдад 13,000 төгрөгөөр худалдсан эсэх асуудал яригддаг. Үүнтэй холбогдуулан холбогдох гэрчээс мэдүүлэг авахад “шүүгдэгч Б.Б-т 13,000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөө төлсөн” гэж мэдүүлсэн. Тебантин эм нь Мансууруулах ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцид бүртгэлгүй тул тухайн эмийг хадгалсан, зөөвөрлөсөн, худалдсан гэх асуудал нь зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Б-т холбогдох эрүүгийн 2305004781865 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б-нь 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” эмийн санд орж,  эмийн сангийн лангууны дотор хэсэг рүү буюу эм байдаг хэсгийн хаалгыг онгойлгон нэвтрэн орж, эмийн санч Т.Үг “...Дуугүй байгаарай, доошоо суу, Тебантин чинь хаана байна...” гэх зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан хүч хэрэглэхээр заналхийлж “Тебантин” эмийг хууль бусаар авсан болох нь:

хохирогч Т.Үгийн: “...эмийн сандаа компьютерын ард сууж байж байтал 19 цагийн үед гаднаас үл таних хар хувцастай, хар малгайтай, хар масктай 170 орчим см өндөртэй үл таних залуу гэнэт орж ирээд, манай эмийн сангийн лангуу хэсэг рүү лангууны жижиг хаалга онгойлгож дотогш орж “...дуугүй байгаарай, доошоо суу, тебантин чинь хаана байна...” гэхээр нь би сандраад сандлаасаа босоод аль болох холдох санаатай зайгаа барьж байгаад тебантин байгаа хэсэг рүү хуруугаараа зааж өгтөл, тухайн эрэгтэй миний зааж өгсөн газраас 2 хайрцаг тебантин нэртэй сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг авчихаад дахин над руу хараад “Дахиад байгаа юу,далд байгаа юу” гэхээр нь би “Дахиад байхгүй ээ, байгаа нь л наад 2 хайрцаг чинь” гэж хэлтэл эргэж хараад шууд гүйгээд гарчихсан.  ...” /хх-ийн 16-18/,

гэрч О.С-ийн: “...Ч “Одоогоор Бан аваагүй байна. Удахгүй авна. Аваад байгаа газарт чинь хүргээд өгөх үү” гэхээр нь Ганууш бид 2 зөвшөөрөөд Чг найз Ч-тай нь хамт Модны 2-н голын зам дагуу СU дэлгүүрийн орчим зам дагуу буулгаж үлдээгээд модны хоёрын голын зам дагуу байдаг нэг ТҮЦ-ээс тамхи, бэлэн ширхгийн хоол авч идээд машиндаа сууж байсан чинь Ч “Холдоод явчихсан уу? Бан чинь болчихлоо. Ирээд авах уу, зам дагуу зогсож байя” гэхээр нь холдоогүй байсан болохоор эргэж очоод авсан. ....” /хх-ийн 29-31/,

гэрч Х.Г-ын: “...Ч “Олж болно. Мөнгөө шилжүүлчих эсвэл бэлэн байвал модны хоёрт хүрээд ирээрэй” гэхээр нь ...бэлнээр өгсөн. Ч мөнгө авсныхаа дараа Бангаа аваад хойноос чинь хүргээд өгөх үү гэхээр нь С бид 2 зөвшөөрч зам дээр буулгасан. ... машиндаа сууж байсан чинь Ч над руу залгаад “Хөдөлчихсөн үү хөгшөөн, Бан чинь болчихлоо. Ирээд авах уу, зам дагуу зогсож байя” гэхээр нь холдоогүй байсан болохоор эргэж очоод авсан. ...” /хх-ийн 34-36/,

гэрч Т.Ч-ын: “...модны хоёрын голын зам дагуу тухайн машинаас буугаад байран дундуур алхаж явж байгаад нэг эмийн сангийн үүдэнд очсон чинь О “Чи гадаа байж байгаарай. Би гялс ороод гараад ирье” гэж хэлээд эмийн сан руу ороод удаагүй байж байснаа О тухайн эмийн сангаас гэнэт гүйж гарч ирээд “Гялс гүйгээрэй. Манай нөгөө найз дуудаад хурдлаарай гээд байна” гэж хэлэхээр нь би О-г дагаж зам хүртэл гүйгээд нөгөө найзынх нь машинд суусан.  ...” /хх-ийн 41-43/ гэх мэдүүлгүүд,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-723-5705 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Тебантин эм-170,000 төгрөг...” /хх-ийн 44-47/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Б-ын эмийн санд орж, эм байдаг хаалттай хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, эмийн санч Г.Ү-г “...дуугүй байгаарай, доошоо суу, Тебантин чинь хаана байна...” гэх зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж тебантин эм 2 хайрцгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” шинжийг бүрэн хангаж байна.  

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

            Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  оногдуулах “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас Б.Б-т 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдэх болсон нөхцөл байдал, мансуурах зорилгоор худалдан авч буй эмийн хэрэглээг нь хууль бусаар хангаж буй хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ү-д учруулсан 170,000 төгрөгийн хохирлыг 2024 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр нөхөн төлсөн /хх 94-95 дугаар тал/ байх тул хохирол төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Б-нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 170,000 төгрөгийг хохирогч Г.Ү-д төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

         ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ

         ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ