Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01321

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01321

 

 

 

 

Р.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01265 дугаар шийдвэртэй

Р.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-ийн П эмнэлэгт холбогдох

гэм хорын хохирол 22 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогос, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Н 2017 оны 9 дүгээр сард П эмнэлгийн эмч Т.Жад үзүүлж, нүдний хоёр талын чамархай болон дээд зовхины хүнхэр засуулах мэс заслын талаар зөвлөгөө авсан. Тэрнээс хойш эмчтэйгээ мэс засалд орох өдрөө товлоод 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэс засалд орсон. Зөвлөгөө өгөхдөө өөх шилжүүлэн суулгах мэс засалд хэдэн удаа орох, овон товон болох талаар тайлбарлаагүй. Би 100 хувийн итгэлтэй мэс засалд орсон. Ярилцаж тохиролцоогүй доод зовхи, хацарт өөх шилжүүлэн суулгасан. Өөх шилжүүлэн суулгах газраа зурсан байсан. Би хацар, шанаанд хийхгүй шүү гэж сануулж байсан. Яагаад доод зовхи руу хийсэн юм бэ? гэхэд би доод зовхи руу чинь хийгээгүй ээ, доод зовхи руу хийсэн гэдгээ батлаад ир гэж хэлсэн. Үүнээс болж уг маргаан үүссэн. 6 сараас 1 жилийн дотор өөх шилжүүлэн суулгах мэс засал нь шимэгдэж дуусдаг гэж хэлсний дагуу 1 жил хүлээсэн. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Т.Ж эмчид хийсэн өөх нь нүүрийг овон товон харагдуулаад байгаа талаар хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эмч рүүгээ дахин мессеж бичихдээ хийсэн өөх чинь нүүрийг муухай харагдуулаад байна, би хүнтэй уулзаж чадахгүй, үсээрээ нүүрийнхээ хоёр талыг нууж явж байна гэдгээ хэлсэн. Дараа нь эмч зөвлөөд сорвитой хэсгийг дарах зорилгоор сорвины тариа хийж өгсөн. Сорвины тариа хийгээд үр дүнгүй байсан учир өөх шилжүүлэн суулгах мэс засалд дахин орсон. 2019 оны 4 дүгээр сард мэс засалд дээд зовхины ясан дээр гарсан овгор өөхийг авч өгөх, чамархай хэсгийн овгорыг тэгшлэх зорилготой орсон боловч Т.Ж эмч тохиролцоогүй газарт дур мэдэн өөх хийсэн байсан. Ингэснээр миний нүүр дээр туршилт хийгээд байгаа юм шиг санагдсан. Би бие мах бодиороо маш их хохирсон. Шүүхэд хандахаас өмнө доод зовхинд хийсэн өөхийг, Нандин гоо эмнэлгийн Пүрэвдагва эмчид мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хацар руу хийсэн өөх нь доошоо унжсан тул арьс өргөж чангалах альтира аппаратад орсон. 2019 оны 4 дүгээр сард Т.Ж эмч дээр давтан хагалгаанд орсон. Хөмсөгний дээд хэсэгт хийсэн өөх нь овойгоод байсан тул Бюти кьюн клиникт хөмсөгний дээд хэсэгт өөх хайлуулах, тариа хийлгэсэн. Нэхэмжлэлийн шаардлага П эмнэлэгт нүүрэндээ өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэснээс хойш гарсан зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр П эмнэлэгт өөх шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр төлсөн 800 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Нандин гоо эмнэлэгт доод зовхины хагалгааны төлбөр 700 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Бью Монде арьс өргөх аппаратад орсон 1 000 000 төгрөг, 2019 оны 4 сард Бюти кьюн клиникт өөх хайлуулах тариа 250 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр арьс өргөж чангалах альтира аппаратад орсон 1 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл миний цалин 7 800 000 төгрөг цалингийн хэмжээг төрөхөөс өмнөх цалингийн хэмжээгээр бодсон байгаа, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Перпект эмнэлгийн н.Оюу эмчээр дээд зовхины ясан дээр гарсан өөхийг авхуулах мэс заслын төлбөр 1 050 000 төгрөг, шинжилгээний төлбөр 77 000 төгрөг, Итгэлт эстимэйт ХХК-аар гаргуулсан үнэлгээний төлбөр 300 000 төгрөг, нийт 22 977 000 төгрөгийг П эмнэлгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн П эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай эмнэлэгт хагалгаанд орсон. Үзэж байхдаа эрсдэлийг тайлбарлаж хэлсэн, тухайн үед бичиж аваад, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би дураараа тариагүй гэдэг нь зургаас харагдана. Зурж тохиролцсон дагуу мэс засал хийсэн. Хагалгааг хийхдээ 2013 оны Ерөнхий сайдын 446-р тушаалын 3-р хавсралтад өөх тарихад овон товон болно, харилцан адилгүй шимэгдэнэ гэдгийг бүгдийн тайлбарлаж, бичээд гарын үсэг зуруулсан. Хагалгааг хийхэд овон товон шимэгдсэн. Гэхдээ шимэгдэлтийг дэлхий дахинд одоохондоо бүрэн шийдээгүй байгаа. Тиймээс 2,3 удаа байнга давтан хийлгэдэг. Би уг хагалгааг стандартын дагуу хийсэн ч гэсэн нэхэмжлэгчийн бие махбодын онцлог, цусны судас, арьсны нимгэн, өөхлөг багатай туранхай хүн учраас харилцан адилгүй шимэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Нандин гоо эмнэлэгт доод зовхины хагалгаанд орсон. Би Пүрэвдагва эмчтэй холбогдоод өөх байсан уу, та хэр их өөх авсан бэ гэхэд өөх гэж ялгагдах зүйл байгаагүй, би доод зовхийг нь татаж өгсөн гэж хэлсэн. Бью монде эмнэлэгт бичил долгионоор булчинг чангалаад, нүүрийг өргөх ажилбарыг хийлгэсэн. Энэ нь миний хийсэн мэс засалтай холбоо багатай. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр давтан мэс засал ямар ч үнэ төлбөргүй хийж өгсөн. Тэрнээс өмнө 2019 оны 4 дүгээр сарын 10-аар Солонгос улс руу явж, солонгос эмч нартай хуралд суугаад, зургийг нь үзүүлсэн. Р.Нд зориулж нарийхан өөх тарьдаг хошуу авснаа хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр давтан хагалгаанд орсон. Харамсалтай нь хөхрөлт хаван нь арилаагүй байхад би хайлуулах тариа хийлгэчихлээ гэж хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Гоо сайхны Хатан хаан эмнэлэгт хайлуулах тариа хийлгэсэн байсан. Магадгүй дахиад 1 удаа өөх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж болох байсан. Гэтэл өөх хайлуулах тариа хийлгэсэн байсан. Тус хагалгаа нь 800 000 төгрөгөөс буулгаад 700 000 төгрөгөөр хийж өгсөн. Миний хийсэн зүйлийг үгүйсгээд байсан учир 700 000 төгрөгийг шилжүүлчихье гэсэн мессеж нь надад байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хагалгаанд орсноосоо хойш нэг ч удаа боолтод ороогүй. Би нэг хүрээд ирээ, мөнгийг чинь өгье гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлсэн боловч ирэхгүй гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш 2 жил гаран болж байна. Сүүлд Оюун багш дээр өөх авахуулсан байна. Мөн ТСМ гэдэг нь тарьсан өөхөнд хамаагүй, үрчлээсийг арилгадаг энэ төлбөр нэхэмжлэлдээ орсон байна. Энэ хагалгааны онцлог нь хүний нүүр дээр зүсэлт хийдэггүй, арьсан доор зүүгээр 20 граммын шпризний зүүний нүхээр хийгддэг. Гол нь харилцан адилгүй шимэгддэг. Гоо сайхны хагалгаанд орсон хүнийг ажлаас халдаг эсэхийг мэдэхгүй байна. Сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж тогтоосон мэдэхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1.2-т зааснаар хариуцагч А ХХК-ийн П эмнэлэгт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 22 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 982 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа П эмнэлгийн эмч Т.Ж нь нүдний хоёр талын чамархай болон дээд зовхины хүнхэр засуулах өөх шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ тохирсноос өөр газар буюу нүдний доод талд өөх шилжүүлэн суулгасан байдаг улмаар энэ үйлдлээ Р.Нд тайлбарлахдаа чамд бонус болгож хийж өгсөн гэж тайлбарлаж мөн энэ тухайгаа мессежээр бичсэн байдаг. Хамгийн гол нь нүдний доод талд өөх шилжүүлэн суулгах талаар үйлчлүүлэгчдээ хэлж асууж зөвлөлгүйгээр өөрийн дураар тухайн мэс ажиллагааг хийснээс болж үйлчлүүлэгч Р.Нгийн нүүрний гоо сайханд хохирол учирч тухайн хохирлоос улбаалан сэтгэл санаа гоо сайхнаараа хохирсон. Энэ үйлдлийн улмаас ажилдаа цаг хугацаандаа орж чадаагүй олох байсан цалин хөлс орлогоо олж чадаагүй юм. Хүний нүүрний гоо сайхан гэдэг бол хүний маш чухал анхаарал татах мөн маш хариуцлагатайгаар мэс засал хийх ёстой бие эрхтний чухал хэсгийн нэг билээ. Гэтэл хариуцагч байгууллагын эмч нь нэхэмжлэгч Р.Нгийн нүүрэнд туршилт хийж байгаа мэтээр хандсан нь түүний өөрийнх нь бичсэн мессежээр илэрхийлэгдэнэ. Мөн тохиролцоогүй газраа өөх шилжүүлэн суулгасан гэдгээ ч мөн энэ үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Гэвч шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Хариуцагч байгууллагын гаргасан алдааг засварлуулахын тулд Р.Н нь дахин өөр эмнэлэгт үзүүлж дахин мөнгө болон бие эрхтнээрээ хохирсон энэ тухай нотлох баримтыг ч мөн шүүхэд гаргаж өгсөн байгаа юм. Энэ тухай нотлох баримт нь Нандин гоо эмнэлгийн Пүрэвдагва эмчээр хийлгэсэн эмчилгээний баримтаар нотлогдож байна. Хэрэв П эмнэлэг нь Р.Нтай тохирсон хэсэгтээ мэс засал хийсэн бол ийм хохирол дахин амсахгүй байсан юм. Хариуцагч байгууллагын зүгээс дахин дахин Р.Нтай холбогдож мөн Р.Нгийн үзүүлсэн эмнэлэгтэй холбогдож асууж тодруулсан зэрэг нь өөрийнх нь буруу байсныг бүрэн дүүрэн илтгэх юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч талын зүгээс гаргаж өгсөн баримт бөгөөд нүүрний хэсэгт мэс засал хийх хэсгийг зургаар баталгаажуулсан мөн өөх тарих хэсгийг Р.Н зөвшөөрсөн гэх хуудсыг мөн хариуцагч гаргаж өгсөн эдгээр баримтууд дээр зөвхөн эмчийн гарын үсэг эмчийн тэмдэглэсэн хэсэг байгаа бөгөөд дараа нь нөхөж хийсэн байх боломжтой нотлох баримт юм. Зөвхөн хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх нь учир дутагдалтай юм. Хариуцагчийн өөрийнх нь бичиж явуулсан би бонусанд хийж өгсөн гэх мессеж нь тохиролцоогүй газраа мэс засал хийснийг бүрэн дүүрэн нотолж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлсэн байх тул хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн дахин нягтлан шалгаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал болох П эмнэлэгт төлсөн төлбөр 800 000 төгрөг, дараа нь Нандин гоо эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөр 700 000 төгрөг, арьс өргөх аппаратад орсон 1 000 000 төгрөг, өөх хайлуулах тарианы төлбөр 250 000 төгрөг.арьс өргөж чангалах альтра аппаратад орсон төлбөр 1 000 000 төгрөг тухайн нүүрний зовуураас болоод ажилдаа явж чадаагүй үеийн цалин болох 7 300 000 төгрөг нийт 11 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Н хариуцагч А ХХК-ийн П эмнэлэгт холбогдуулан 22 977 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид хариуцагч А ХХК-ийн П эмнэлгийн буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгч Р.Нд өөх тариулах мэс засал хийхдээ хохирол учруулсан эсэх асуудлаар маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эмч тохиролцоогүй хэсэгт өөх тарих мэс ажилбар хийснээс мэс засал хийлгэсний дараа нүүрний хэсгүүдэд овон товон илт мэдэгдэж, нүүрний хэм тэгш бус, дээд доод зовхины эргэн тойрон, 2 талын чамархай, хацар хэсгүүдэд овон товон, гүвдрүүтэж, нүүрний гоо сайхан алдагдсан гэж, хариуцагч ...өөр тарих мэс заслын бүрэн эдгэрэлт 6 сараас 1 жил үргэлжлэх бөгөөд нэхэмжлэгч Р.Н эмчилгээний үр дүн гарах бодит хугацааг хүлээлгүй өөр мэс засал хийлгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Р.Н нь А ХХК-ийн П эмнэлэгт 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөх шилжүүлэн суулгах мэс засал, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Гялс төвийн Нандин гоо сайхны эмнэлгээр доод зовхины мэс ажилбар, 2018 оны 08 сарын 23-ны өдөр Бью монд скин клиник эмнэлэгт мэсийн бус аргаар булчин чангалж арьс өргөх аппаратын үйлчилгээ тус тус хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.12-13, 102-106/

Нэхэмжлэгч талаас Перпект эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, мөнгө төлсөн зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд П эмнэлгийн хагалгааны хуудас, Бью монд скин клиник ХХК-ийн албан бичиг, мөн Эрүүл мэндийн яамны Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтүүд авагджээ. /хх 8, 11-14, 72, 139, 161-162/

Түүнчлэн нэхэмжлэгч А ХХК-ийн П эмнэлгийн эмч Т.Ж эмчтэй мессежээр харилцаж байсан бичгийн баримт /мессеж/ болон өөрийнхөө зургуудыг нотлох баримтаар гаргажээ. /хх18-48/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй гэж заасан байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж авах үүрэгтэй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... Д.Нгийн нүүрэнд туршилт хийж байгаа мэтээр хандсан нь түүний өөрийнх нь мессежээр илэрхийлэгдэнэ, мөн тохиролцоогүй газраа өөх шилжүүлэн суулгасан гэдгээ энэ үйлдлээрээ зөвшөөрсөн гэсэн тайлбар гаргаж, хариуцагч ...миний хийсэн зүйлүүдийг үгүйсгээд байсан учир 700 000 төгрөг шилжүүлье гэсэн мессеж байгаа гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд харилцсан бичгийн баримтад /мессежэд/ үзлэг хийгээгүй, уг баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Талуудын хооронд үүссэн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд дээрх баримтад үзлэг хийх шаардлагатай байна.

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцээж, хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 191 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО