Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 87

 

                          

 

 

 

   2018        01           23                                           87

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Энх-Амлгалан,

хохирогч С.Г.яа, түүний өмгөөлөгч А.Баярмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2544),

шүүгдэгч З.М.ох, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 192) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.чин овогт З.гтын З.М.охыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0209 60314 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.чин овогт З.гтын М.ох, Монгол Улсын иргэн, ,

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч З.М.ох нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр СХД С.Г.яагийн бэлэн 800.000 төгрөг гар утас, түрийвч, автобусны карт хулгайлж бусдад 986.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;

1. Шүүгдэгч З.М.ох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө гээд Г.яагийн нөхөр нь миний шүдийг цохисон байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.яа манай хүүхдийн утас руу Г.яа залгаад “хохирлын мөнгө өгье, нотариатаар ороод баталгаажуулаад өгөөч” гэж ярьсан. Би “гэр эзгүй хоёр хүүхдээ аваад гарч болохгүй байна” гэж хэлсэн чинь Г.яа “хүүхдүүдээ хувцаслачих би танайд очоод хамт гаръя” гээд манайд найз хүүхэнтэйгээ ирээд хоёр хүүхдийг хувцаслаад бид хамт гараад Содон хорооллын Хаан банканд очсон. Надаас дансны дугаар авсан, тэгснээ дансны дугаар зөрчилтэй байна гээд дахиад ирсэн. Тухайн үед хүүхэд өмдөндөө шээчихээр нь  миний сууж байсан сандал дээр гар утас байхаар нь аваад гарсан. Г.яа нөхрөө дуудсан. Г.яагий гар утас гэж мэдээгүй. Гар утасны гэрт нь автобусны смарт карт байсан. Г.яа бид 3 тэгээд саппорогийн нотариатад ороод нотариат орсон. Би Г.яагийн 800.000 төгрөгийг аваагүй, цүнхийг нь ч байсныг хараагүй...” гэв.

2. Хохирогч С.Г.яа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-нд З.М.ох эгч рүү утсаар яриад 1,500,000 төгрөг хохирол төлөхөөр очсон. Том охин нь байсан. Наана нь 2 жаахан хүүхдийг нь хувцаслаад хамт гарсан. Надад “Хаан банк” байхгүй гээд надад Төрийн банкны данс өгсөн, банк хоорондын шилжүүлэг учраас маргааш мөнгө шилжигдэнэ гэхэд нь З.М.ох эгчээс танд Хаан банкны данс байна уу? банк хооронд учраас маргааш мөнгө нь шилжигдэх юм байна гэсэн чинь надад Хаан банкны данс өгсөн. Би баримт бичиж байхдаа гар утсаа хажуудаа тавиад Төрийн банкны дансыг бачиж байсан камерын бичлэг байсан. Мөнгөө шилжүүлээд Содон хорооллын урд байдаг нотариат орсон чинь хэрэгт холбогдож байгаа хоёр хүн ирэх ёстой гээд нөхрөө дуудах гээд утсаа хайсан гэсэн утас олдоогүй. Буцаж Хаан банкинд гар утсаа орхичихож гэж бодоод очоод гар утсаа хайсан, тухайн үед хаячихлаа гэж бодсон. Хаан банкнаас гараад ирсэн чинь М.ох замын цаана явж байсан. Хамт явж байсан хүнээсээ нөгөө эгч хаачсан юм бэ гэсэн чинь хүүхдээ өдөр өнжүүлэхээс авах цаг болчихлоо гээд яараад явчихлаа гэж хэлсэн. Би машинаа асаагаад М.охын гэрийн гадаа очоод 30, 40 минут хүлээсэн. М.ох ирэхээр нь эгчээ таныг хардаж байгаа юм биш, таны цүнхийг үзье гээд цүнхийг нь үзэхэд миний гар утас байгаагүй. Тэгээд Драгон дээр очоод нотариат ороход 18 цаг болсон гээд хаасан байсан. Саппорогийн нотариатад ороод мөнгө өгснөө нотариатаар баталгаажуулчихаад З.М.охоос салаад явсан. Тухайн үед 19 цаг болж байхад таныг хүргэж өгөх боломжгүй байна та эндээс явчих уу гэхэд М.ох “тэгье би эндээсээ явчихъя гээд явсан” би хүүхдээ  Офицерийн тэнд өдөр өнжүүлэхээс авах байсан, очоод өдөр өнжүүлэхийн мөнгийг төлөх гээд мөнгөө хайгаад олоогүй. Тухайн үед гээсэн байна гээд нөхөртэйгээ жаахан маргалдаад өнгөрсөн. Тэгээд 10 дугаар сарын 18-нд гадуур ажилтай байсан учраас Улаанбаатар смарт карт руу ороход 7 дугаар сарын 23-нд машин худалдаж авснаас хойш смарт картыг ашиглаагүй хаягдсан юм чинь гээд смарт картын хуулга өргөдөл бичээд авч болдог гээд хуулгаа авсан чинь  10 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 58 минутад миний картыг ашиглаад автобусаар зорчсон байсан. Автобус баазуудаар бичлэгийг нь гуйгаад бичлэг үзэхэд М.ох автобусны картыг ашигласан байсан. 7 дугаар сарын 20-ноос хойш амралтаа аваад тэр картыг ашиглаагүй, уг карт нь албаны нэртэй карт байгууллагаас өгдөг карт байдаг. Картыг ашиглахгүй байсан учраас түрийвчиндээ хийсэн байсан. Миний утсаны ард ямар нэг юм тогтоох боломжгүй гэртэй гар утас байсан. Автобусны карт түрийвчинд байсан учраас цүнхнээс түрийвчтэй мөнгийг авсан нь тодорхой гэж үзэж байна. Одоо 981,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлөгдөөгүй, өмгөөлөгч авсан өмгөөлөгчийн зардал 300,000 төгрөг гэрээ байгуулсан гэрээг нь ажил дээрээ орхисон байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.Г.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15-17 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ... “Содон” хороололд байрлах...”Хаан” банкны салбар тооцооны төвд З.М.охын “Хаан” банкны 57....6257 гэсэн тоот дансанд 1.500.000 төгрөгийн хохирлын мөнгө шилжүүлэхээр түүнтэй хамт дугаарлан зогссон. Тэр хооронд З.М.охын бага насны 2 хүүхэд болон манай ажлын газрын эмэгтэй болох Э.О.эл нар банкин доторх үүдний сандал дээр сууж байсан. Энэ үед миний гар утас болон түрийвчтэй бэлэн мөнгө зэрэг нь миний барьж явсан хар өнгийн гар цүнхэн дотор байсан. Би З.М.охын данс руу мөнгөө шилжүүлчихээд...банкны хажуу талд байрлах нотариатын газар ороод хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн талаар баримт бичиг үйлдэхээр ортол, нотариатын газраас хохирол өгсөн хүн болох манай нөхөр В.Б.гыг заавал байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө холбоо барихаар гар утсаа хайтал алга болчихсон байсан. Би гар утсаа банкин дотор хаячихсан юм байна гэж бодоод буцаад банк руу ороод гар утсаа хайтал олдоогүй ба энэ хооронд З.М.ох 2 хүүхдээ дагуулаад, сургуулийн хүүхэд авахгүй бол болохгүй байна гэж манай ажлын газрын эмэгтэй Э.О.элд хэлээд явсан байсан. Тэгэхээр нь би Э.О.элтэй хамт З.М.охын гэр рүү араас нь явж очсон бөгөөд бид хоёрыг гэрт нь очиход хаалга нь цоожтой байсан бөгөөд... бид хоёр...20-30 минут орчим...хүлээгээд байж байтал З.М.ох 2 хүүхдээ дагуулчихсан, бас нэг сургуулийн хүүхдийн хамт гэртээ ирсэн. Тэр үед бид нар хүүхдүүдийг гэрт нь үлдээгээд З.М.охыг дагуулаад Саппорогийн хажууд байрлах нотариатын газар орж хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, авсан талаарх баримт хийлгэж авсан...Тэгээд нөхөр бид хоёр Офицерын зүүн талд байрлалтай “Намуун гоё” нэртэй өдөр өнжүүлэх рүү...очиж хүүхдийнхээ багшид төлбөрийн мөнгө 250.000 төгрөг өгөх гээд цүнхэн дотроосоо түрийвчтэй мөнгөө хайтал олдоогүй...Би “Samsung” Note-3 загварын хар өнгийн гадаргуудтай, матрын товгор дүрслэлтэй хар өнгийн резинэн гэртэй гар утсыг “Теди” төвөөс худалдаж авч байсан ба одоо гэртэй нь 150.000 төгрөгөөр, улаан өнгийн арзгар гадаргуутай арьсан түрийвчийг 30.000-40.000 төгрөгөөр, бэлэн 800.000 төгрөг, “Худалдаа Хөгжлийн” банкны виза картыг 3.000 төгрөгөөр, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зориулалттай хязгааргүй хэрэглээтэй картын 3.000 төгрөгөөр, ломбардны бичиг баримтыг үнэлэхгүй, надаас дээрх эд зүйлс алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

“...Миний гар утас бол гадуур куртикны кармаанд байсан. Харин бичиг баримтууд, автобусны карт зэрэг нь миний түрийвчин дотор байсан. ...би нотиратын газар орохдоо би өөрөө машинаа бариад цүнхээ голын хайрцган дээр тавьсан байсан. З.М.ох гэдэг эмэгтэй миний машины хойд талд суугаад явсан. Хэзээ миний цүнхнээс түрийвч хулгайлж авсныг нь мэдэхгүй байна.

- Миний гар утас гадуураа гэртэй байдаг тул автобусны карт хийх боломжгүй. ...Автобусны картыг манай ажлаас өгсөн хязгааргүй эрхтэй карт юм. Дээрх картаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хаалгаад, шинээр сэргээлгэж авсан. Би шинээр сэргээлгэж авахдаа картыг хулгайд алдагдсан өдрөөс хойш уншигдсан эсэхийг шалгуулж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 6-ны өдрийн хооронд 11 удаа автобусанд сууж уншуулсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр З.М.ох Саппорогоос надаас салаад миний картаар автобусанд уншуулж суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны автобусны буудал дээр буусан нь Улаанбаатар смарт картаас гаргуулан авсан лавлагаан дээрээс харагддаг юм. Тухайн өдөр 19 цаг болж байхад З.М.ох Саппоро дээрээс надаас салаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

2. Гэрч Э.О.элийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхээр...11-12 цагийн орчимд надтай хамт ажилдаг...С.Г.яа надад хандаж нөхрийнхөө холбогдсон хэргийн хохирогчид хохирлын мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо чи надтай хамт яваад өгөөч гэж гуйгаад...бид хоёр хохирогч гэх айлын гэрт хамт орсон. Тухайн үед надтай хамт явж байхдаа С.Г.яа хохирлын мөнгө бэлнээр нь өгнө гэж ярьж байсан ба 800.000 төгрөг бэлдээд явж байгаагаа...хэлж байсан. Бид хоёр хохирогч айл руу ороод С.Г.яа хохирлын мөнгийг бэлнээр өгөх гэтэл хохирогч эмэгтэй нь би өмгөөлөгчийн мөнгө төлөх хэрэгтэй байгаа, би өмгөөлөгч авсан надад 800.000 төгрөг чинь бага байна 1.500.000 төгрөг болгоод өгчих гэж хэлсэн. Тэгтэл С.Г.яа банк орж данснаас данс руу 1.500.000 төгрөг шилжүүлэхээр болоод хохирогч, түүний хоёр хүүхдийг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын “ХААН” банк руу явсан. ...”ХААН” банкинд...гүйлгээ хийж дууссаны дараа банкнаас гараад...нотариатын газар орж бэлэн мөнгө өгч авсан талаар баримт үйлдэхээр орсон. Тэгтэл нөгөө нотариатын газрын хүн нь хэрэгт холбогдсон хүн буюу танай нөхөр чинь өөрийн биеэр байх хэрэгтэй гэж С.Г.яад хэлсэн. Тэр үед С.Г.яа утсаа гаргаад нөхөртэйгөө ярих гэтэл гар утас нь алга болчихсон байсан. Тэгээд С.Г.яа утсаа хайгаад олоогүй. Энэ үед хохирогч гэх эмэгтэй бага насны хоёр хүүхдийн хамт гэнэт алга болчихсон. ... С.Г.яагийн гар утас нь “Samsung” Note 3 загварын хар өнгийн гадаргуутай утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

3. Гэрч В.Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр...З.М.ох гэх эмэгтэйгийн дээд үүдэн шүдийг цохисон асуудлаар Төв аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа юм. Тэгээд шалгагдаж байх хугацаандаа З.М.охтой ярилцаж байгаад шүдний эмчилгээнд 1.500.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэр С.Г.яад 3.000.000 төгрөг өгөөд энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр С.Г.яа, З.М.оход өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны салбар тооцооны төвд уулзсан байсан. ...17 цаг өнгөрч байхад эхнэр С.Г.яа над руу залгаад би гар утсаа алдчихлаа ...иргэний үнэмлэхээ аваад Содон хорооллын ойролцоо хүрээд ир гэж дуудсан...Саппорогийн замын хойд талд байрлах нэг нотариатын газар...орж З.М.оход эмчилгээний мөнгөнд 1.500.000 төгрөг өгч авалцсан талаар баримт үйлдэн гарын үсэг зуралцсан. ...З.М.охоос эхнэр бид хоёр салаад Офицеруудын ордны зүүн хойд талд байрлах “Намуун гоё” гэсэн нэртэй цэцэрлэгийн өдөр өнжүүлэхээс хүүхдээ авахаар очсон. Тухайн үед хүүхдээ авчихаад 9-10 дугаар сарын өдөр өнжүүлэхийн мөнгийг ангийн багшид нь өгөх гээд эхнэр ...цүнхээ нээгээд түрийвчээ үзтэл түрийвчтэй 800.000 төгрөг нь алга болсон байсан. Манай эхнэрийн түрийвчинд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ээжээс авсан бэлэн 800.000 төгрөг байсан. Эхнэр өөрийн данснаас З.М.оход мөнгө шилжүүлсэн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...20171020_224306 дугаартай НЧБ нэртэй автобус баазын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 28 минутад бичигдсэн бичлэгт...дүрс бичлэгийн зургаа дээр орж ирээд автобусны карт уншуулж байгаа цагаан өнгийн нимгэн куртиктэй, цагаан цайвар царайтай 30 орчим насны эмэгтэй хүний бичлэг бичигдсэн байна...” гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 7),

- “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн...15 цаг 45 минутаас 15 цаг 50 минут: Гар утсаа гартаа барьсан чигээрээ З.М.охын хажуу талд очиж зогсож байгаад хэсэг хугацааны дараа З.М.охын хажуу талд сандал дээр суугаад гартаа барьсан гар утсаа сандал дээрээ хажуу талдаа тавиад цүнхнээсээ цаас гаргаж ирээд юм бичиж суув...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 9)

5. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зориулалттай хязгааргүй хэрэглээтэй 1610-0000-1066-4902 дугаарын картаар зорчсон талаарх баримт (хавтаст хэргийн 57),

6. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 32),

7. Шүүгдэгч З.М.охын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.Г.яа надад 1.500.000 төгрөг өгөхөөр найз эмэгтэйгийнхээ хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 1-3/8 тоот манай гэрт ирсэн юм. С.Г.яа болон түүний найз эмэгтэй бид 3 Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын Хаан банк руу хамт очиж С.Г.яа миний Хаан банкны 5727176257 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Энэ үед банкин дотор С.Г.яа сандал дээр сууж байгаад өөрийнхөө гар утсыг сандал дээр тавьчихаар нь би утсыг нь аваад кармаандаа хийгээ авчихсан юм. Утсыг нь авсны дараа банкин дотор байж байтал манай хүүхэд өмдөндөө шээчихээр нь С.Г.яад манай хүүхэд өмдөндөө шээчихсэн байна яах уу гэж хэлтэл гэртээ хүргэж өгчихөөд ирэхгүй юу даа гэж надад хэлэхээр нь би хүүхдээ гэр рүү хүргэж өгөхөөр гэр рүүгээ явсан. Гэртээ орж ирээд байж байтал С.Г.яа найз эмэгтэйгийнхээ хамт манай гэрт орж ирээд та мөнгө авчихаад бултах гэлээ 1.500.000 төгрөг танд өгсөн тухай нотариатын газраар оръё гээд хамтдаа гэрээс гарсан. Гэтэл С.Г.яа миний утас алга болсон байна та авсан уу гэж хэлээд миний цүнхийг ухаж үзсэн боловч цүнхэн дотор утас нь байгаагүй. ...С.Г.яагийн гар утасны гаднах гэрэн дотор нь автобусны карт байхаар нь тэр картаар би Саппоро дээрээс автобусанд сууж уншуулаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ орсон. Үүнээс хойш тухайн картаар нь хэд хэдэн удаа автобусанд сууж уншуулсан... Миний гадуур хувцасны кармаанд байсан юм. Тухайн үед гар утсаа хайгаад миний цүнхийг ухаж үзэх үед нь би ...гаргаж өгөөгүй. Гар утсыг чинь мэдэхгүй гэж хэлсэн. Би С.Г.яагийн түрийвчийг аваагүй. Гар утасных нь гэрэн дотор нь түүний автобусны карт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

8. Хохирогч, гэрчийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 67-72), зээл болон барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 73-78), мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 80),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 35), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 41, 43, 44, 47, 49-53, 55), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59-63), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 81, 82) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.М.оход холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч З.М.охыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчаас шүүгдэгч З.М.охыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нууц сэм аргаар авсан болох нь тогтоогдохгүй буюу С.Г.яагийн халааснаас нууц сэм аргаар З.М.ох нь хулгайлсан байгаа нь харагдахгүй байна. Хяналтын камерийн бичлэгт С.Г.яа утсаар ярьж явж байгаа З.М.охын хажууд ирээд утсаа тавьж байгаад юм бичиж сууж байгаад орхиод явж байгаа нь харагдаж байна. Мөн З.М.ох С.Г.яагийн гар утас гэж мэдээгүй хажууд сууж байсан хүний утас гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Түүнчлэн С.Г.яагийн түрийвчинд байсан 800.000 төгрөгийг З.М.ох ямар аргаар яаж авсан талаар хэрэгт цугларсан баримтаар тогтоогоогүй. 800.000 төгрөг байсан эсэх нь эргэлзээтэй буюу гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хоорондоо зөрүүтэй зэрэг нөхцөл байдлууд байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Хэрэгт цугларсан баримт буюу хяналтын камерийн бичлэгт З.М.ох нь С.Г.яагийн гар утсыг авч байгаа болох нь тодорхой дүрслэгдсэн байхын зэрэгцээ тэрээр хохирогчийн гар утсыг аваад халаасандаа хийж авсан талаар тодорхой мэдүүлсэн байна.  Нөгөөтэйгүүр хохирогчийн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картаар шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдөр хүртэл 11 удаа үйлчлүүлсэн болох нь мөн тогтоогдсон байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түрийвч, 800.000 төгрөгийг хэзээ хаана хэрхэн яаж авсан талаар хэрэгт цугларсан баримтгүй нь дээр 800.000 төгрөг байсан эсэх нь эргэлзээтэй гэж мэтгэлцэх боловч гэрч Э.О.эл, В.Б.г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээсэн буюу өөрөөр хэлбэл тус зүйлийн 4 дэх хэсэгт заасан хариуцлагыг ойлгож мэдүүлэг өгсөн байх ба тухайн мэдүүлэг нь хэргийн үйл баримт, эд зүйлийн талаар өөрийн сонссон мэдсэн талаар хангалттай гэрчилсэн байна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч З.М.ох нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хороололд байрлах “Хаан” банкинд, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн С.Г.яагийн  эд зүйлийг хулгайлж бусдад 986.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Г.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би нөхөртэйгөө холбоо барихаар гар утсаа хайтал алга болчихсон байсан. Би гар утсаа банкин дотор хаячихсан юм байна гэж бодоод буцаад банк руу ороод гар утсаа хайтал олдоогүй. ...нөхөр бид хоёр Офицерын зүүн талд байрлалтай “Намуун гоё” нэртэй өдөр өнжүүлэх рүү...очиж хүүхдийнхээ багшид төлбөрийн мөнгө 250.000 төгрөг өгөх гээд цүнхэн дотроосоо түрийвчтэй мөнгөө хайтал олдоогүй...Би “Samsung” Note-3 загварын хар өнгийн гадаргуудтай, матрын товгор дүрслэлтэй хар өнгийн резинэн гэртэй гар утсыг “Теди” төвөөс худалдаж авч байсан ба одоо гэртэй нь 150.000 төгрөгөөр, улаан өнгийн арзгар гадаргуутай арьсан түрийвчийг 30.000-40.000 төгрөгөөр, бэлэн 800.000 төгрөг, “Худалдаа хөгжлийн” банкны виза картыг 3.000 төгрөгөөр, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зориулалттай хязгааргүй хэрэглээтэй картын 3.000 төгрөгөөр, ломбардны бичиг баримтыг үнэлэхгүй, надаас дээрх эд зүйлс алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

“...би нотариатын газар орохдоо би өөрөө машинаа бариад цүнхээ голын хайрцган дээр тавьсан байсан. З.М.ох гэдэг эмэгтэй миний машины хойд талд суугаад явсан. Хэзээ миний цүнхнээс түрийвч хулгайлж авсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- Гэрч Э.О.элийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед надтай хамт явж байхдаа С.Г.яа хохирлын мөнгө бэлнээр нь өгнө гэж ярьж байсан ба 800.000 төгрөг бэлдээд явж байгаагаа...хэлж байсан. Бид хоёр хохирогч айл руу ороод С.Г.яа хохирлын мөнгийг бэлнээр өгөх гэтэл хохирогч эмэгтэй нь би өмгөөлөгчийн мөнгө төлөх хэрэгтэй байгаа, би өмгөөлөгч авсан надад 800.000 төгрөг чинь бага байна 1.500.000 төгрөг болгоод өгчих гэж хэлсэн. Тэгтэл С.Г.яа банк орж данснаас данс руу 1.500.000 төгрөг шилжүүлэхээр болоод хохирогч, түүний хоёр хүүхдийг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын “ХААН” банк руу явсан. ...Тэр үед С.Г.яа утсаа гаргаад нөхөртэйгөө ярих гэтэл гар утас нь алга болчихсон байсан. Тэгээд С.Г.яа утсаа хайгаад олоогүй. ...С.Г.яагийн гар утас нь “Samsung” Note 3 загварын хар өнгийн гадаргуутай утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Гэрч В.Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэр С.Г.яад 3.000.000 төгрөг өгөөд энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр С.Г.яа, З.М.оход өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны салбар тооцооны төвд уулзсан байсан. ...17 цаг өнгөрч байхад эхнэр С.Г.яа над руу залгаад би гар утсаа алдчихлаа ...иргэний үнэмлэхээ аваад Содон хорооллын ойролцоо хүрээд ир гэж дуудсан... Тухайн үед хүүхдээ авчихаад 9-10 дугаар сарын өдөр өнжүүлэхийн мөнгийг ангийн багшид нь өгөх гээд эхнэр ...цүнхээ нээгээд түрийвчээ үзтэл түрийвчтэй 800.000 төгрөг нь алга болсон байсан. Манай эхнэрийн түрийвчинд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ээжээс авсан бэлэн 800.000 төгрөг байсан. Эхнэр өөрийн данснаас З.М.оход мөнгө шилжүүлсэн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн...15 цаг 45 минутаас 15 цаг 50 минут: Гар утсаа гартаа барьсан чигээрээ З.М.охын хажуу талд очиж зогсож байгаад хэсэг хугацааны дараа З.М.охын хажуу талд сандал дээр суугаад гартаа барьсан гар утсаа сандал дээрээ хажуу талдаа тавиад цүнхнээсээ цаас гаргаж ирээд юм бичиж суув...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 9)

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 32),

-Шүүгдэгч З.М.охын мөрдөн байцаалтад өгсөн: “...банкин дотор С.Г.яа сандал дээр сууж байгаад өөрийнхөө гар утсыг сандал дээр тавьчихаар нь би утсыг нь аваад кармаандаа хийгээ авчихсан юм. ...С.Г.яа миний утас алга болсон байна та авсан уу гэж хэлээд миний цүнхийг ухаж үзсэн боловч цүнхэн дотор утас нь байгаагүй. ...С.Г.яагийн гар утасны гаднах гэрэн дотор нь автобусны карт байхаар нь тэр картаар би Саппоро дээрээс автобусанд сууж уншуулаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ орсон. Үүнээс хойш тухайн картаар нь хэд хэдэн удаа автобусанд сууж уншуулсан... Миний гадуур хувцасны кармаанд байсан юм. Тухайн үед гар утсаа хайгаад миний цүнхийг ухаж үзэх үед нь би ...гаргаж өгөөгүй. Гар утсыг чинь мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31) зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч З.М.охыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

-Улсын яллагчаас З.М.охыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З.М.ох нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.М.охыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.М.ох нь тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 8 буюу нөхөр ___ нарын хамт оршин суудаг онцгой нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас З.М.ох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 (зургаа) сарын хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

ll. Бусад асуудлаар

Хохирогч С.Г.яа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.286.000 төгрөг нэхэмжилсэнээс 986.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байх тул дээрх хохирлыг шүүгдэгч З.М.охоос 3 сарын хугацаанд гаргуулахаар шийдвэрлэж, хохирогчийн өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн 1708 0000 0285 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдахын зэрэгцээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг “СD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: