Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 774

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дамаа овгийн Аийн Га /РД:/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Га шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Миний бие Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны сонгуульд Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшихээр Сонгуулийн тухай хуулийн дагуу холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. 

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хавсралт нэрсийн жагсаалтын 27 дугаарт намайг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж авсан билээ.

Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 61 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн Мын хорооны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16/106 дугаар албан бичигт хариу хүргүүлж, хувийг миний бие 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан. 

Энэхүү Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны албан бичгээр тус хорооны дарга Ж.И******* нь Сонгуулийн тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд заасны дагуу тус дүүргийн Сонгуулийн хороо нь хуралдаж шийдвэр гаргаагүй байгаа асуудлаар хувийн дүгнэлт хийж, А.Га намайг Сонгуулийн холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн Хан-Уул дүүргийн Мд мэдэгдсэн байгаа нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны дарга Ж.И******* нь Сонгуулийн хуулинд заасан сонгуулийн хорооны гишүүний хараат бус, шударгаар ажиллах үүргээ зөрчсөн хууль бус үйлдэл болсон. 

Гэтэл Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь хуралдаад 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 тоот тогтоолоор А.Га намайг ямар нэгэн үндэслэлгүйгээр буюу “...А овогтой Гыг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж үзэж...” хэмээн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэж миний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Иймд миний бие тус шийдвэрийг хууль бус хэмээн эс зөвшөөрч гомдолтой байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд Хан-Уул дүүргийн Маас нэрсийн жагсаалтаас хасуулах тухай 16/104 дүгээр албан бичиг ирснийг гишүүн У.С******* судалж танилцуулахаар цохсон. 

Дээрх бичгийг У.С******* гишүүн судалж үзээд тус дүүргийн Ардчилсан намаас  12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Га нарын материалд дараах хариуг хүргүүлсэн. 

А.Га нь ТОСК-ын ерөнхий захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргахдаа 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр “нийслэлийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тул” хэмээн бичсэн байсан. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 19 минутад 99 дугаар утсанд холбогдож учрыг лавласан. Гэтэл А.Га нь миний ажиллаж байсан ажил татан буугдсан. Би дахин ямар ч бичиг баримт өгч чадахгүй гэсэн. 

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин А.Гатай холбогдон ирж уулзахыг хүсэхэд би сайд дээр хуралтай байна гээд утсаа тасалсан. Өдөр 12 цаг 00 минутад дүүргийн Сонгуулийн хороонд ирж уулзана уу гэж мессэж бичсэн. Үдээс хойш 14 цаг 15 минутад намын ажилтан Ө.Т гэж хүн ирж уулзсан. Энэ хүнд Маас ирсэн бичгийг хуулбарлан өгч холбогдох тайлбарыг ирүүлнэ үү гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариу өгөх хугацаа болсон тул 10 цаг 56 минутад А.Гатай ярихад би Ө.Ттэй уулзаагүй байна гэсэн. 

2016 оны 9 дүгээр сарын 14 цагт 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр бичсэн гэх өргөдлийг дахин авчирч өгсөн. Уг өргөдөлд “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших болсон тул” гэж засаж бичсэн байсан. 

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 6.2.4, 154.4 дэх хэсгийг зөрчсөн тул дүүргийн сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэж хариуг хүргүүлэх гэсэн утгатай бичгийг Мд хүргүүлсэн болно” гэв. 

Гэрч В.Д шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: 

“...Би тухайн үед Сангийн яаманд Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газрын Төрийн өмчийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Б.Ш******* дарга Сангийн яамны Төрийн өмчийн удирллага, бүртгэл, тооллого хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Би А.Гын тухайн хүсэлтийг хүлээн аваагүй. Тухайн үед над дээр ирээд Б.Ш******* даргатай уулзуулахыг хүссэн. Би Б.Ш******* даргатай уулзуулсан. Түүнээс хойш надтай огт уулзаагүй. Сайдтай уулзана гэж байсан. Сүүлд коридорт таараад та яав гэж асуухад би болчлоо гэж хэлсэн. Ерөнхийдөө би наад өргөдлийг чинь харж байгаагүй. Би Б.Ш******* даргатай уулзаж байхыг харсан гэхдээ уг өргөдлийг өгч байхыг бол хараагүй...” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч А.Гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Гыг тус дүүргийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн байна.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мын хорооноос Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны даргад 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16/104 дүгээр албан бичгээр “...Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч Аийн Га нь 2016 оны 3 дугаар сард Ition.mn болон бусад сайтад ярилцлага өгөхдөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших учир ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг холбогдох албан тушаалтанд гаргасан тухай байна. Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгууль, түүний хэлбэрийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн, аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэж 4 ангилсан байх ба А.Га нь зөвхөн Нийслэлийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлээгүй байна, ...чөлөөлөгдөх хүсэлтийг удирдах дээд байгууллагад гаргасан эсэхийг шалгах” хэмээн А.Гын талаар өргөдөл гаргасныг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо хүлээн авчээ. 

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо тус дүүргийн Мын хороонд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр “...Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Га нь Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдөх хүсэлтдээ нийслэлийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тул гэж дурдсан мөн уг хүсэлтийг холбогдох байгууллага нь хүлээн авч бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь ... дүүргийн Сонгуулийн хорооны хурлаар шийдвэрлэж мэдээлэх болно” хэмээн мэдэгджээ. 

Улмаар Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус сонгуулийн хорооны дарга Ж.И*******, нарийн бичгийн дарга Ч.О, гишүүн Б.А*******, П.Э*******, Т.О*******, Ч.М*******, У.С*******, Ц.Цэнд-А, Ж.Б******* нарыг оролцуулан Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч Аийн Гад холбогдох Маас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16/104 дүгээр албан бичгээр ирсэн “Нэрийн жагсаалтаас хасуулах” тухай асуудлыг хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч А овогтой Гыг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж үзэж, уг нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Аийн Гыг Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо “нэхэмжлэгч тус дүүргийн сонгуулийн хороонд Нийслэлийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тухай ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн. Энэ нь дүүргийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон гэсэн үг биш, мөн чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд өгөөгүй” хэмээн маргаж байна. 

Нэхэмжлэгч А.Га нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон “...Миний бие Нийслэлийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тул ...чөлөөлөгдөх хүсэлтэй байна”, гомдол ирсэнтэй холбогдуулан хариуцагч Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооноос А.Гатай утсаар холбогдоход 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Миний бие Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тул” хэмээх 2 өөр өргөдлийг тус тус хариуцагчид хүргүүлснийг Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо “Нийслэлийн орон нутгийн сонгуульд” гэж хүсэлт гаргахдаа буруу илэрхийлсэн, энэ нь тухайн дүүргийн сонгуульд өрсөлдөх болсонтой холбоотой гаргасан өргөдөл биш тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болгожээ.

Сонгуулийн тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан. 

Энэхүү орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн байх Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид аль алинд нь хамаарах зохицуулалт тул хүсэлтдээ “нийслэлийн орон нутгийн сонгуульд” хэмээн бичсэнийг буруутган, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.    

Харин Хуулийн энэхүү зохицуулалт нь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байгаа этгээд орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч А.Га нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамны төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх боловч энэ нь дараах баримтуудаар нотлогдохгүй байна. 

Сангийн яамнаас Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн “Төрийн орон сууцны корпорацийн дарга А.Га тус яаманд хандаж өргөдөл, хүсэлт ирээгүй байна.” гэх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10-2/6139 дугаар албан бичгийг хариуцагч шүүхэд ирүүлсэн бөгөөд Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын санхүү, зохион байгуулалтын хэлтэст шүүхээс бичиг баримтад үзлэг хийхэд “2016 оны бичиг хэргийн программ 2.0, өргөдөл хэсэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх өргөдөл өгсөн нэрсийн жагсаалтад А.Гын өргөдөл бүртгэгдээгүй байсан. 

Хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргахдаа өргөдлөө өгөөгүй болохыг Сангийн яамнаас утсаар тодруулсан гэх бөгөөд цаг хугацааны хувьд дээрх албан бичиг нь уг тогтоол гарснаас хойш Сонгуулийн хороонд хүргэгдсэн байх боловч шүүхээс хийсэн үзлэгээр А.Га нь өргөдлөө өгөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч мэтгэлцээний явцад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, өөрийн үйл ажиллагааны үндэслэлийг ийнхүү нотолж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А “...Сангийн яамны төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хариуцсан дарга Ш*******т өөрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг түүний албан тасалгаанд өгсөн, ...тус хүсэлтийг гаргасны дараа Ш*******тай холбогдон дээрх хүсэлтийг хэрхсэн талаар лавлахад “тухайн үед өөрийн туслах байсан Дт тус өргөдлийг цохсон талаар хэлсэн иймд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүднээс гэрч Ш*******, Д нарыг гэрчээр асуулгах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, гэрчийн мэдүүлэг авсан.  

Гэрч Б.Ш*******ын “...би хүлээж аваагүй, ...хүсэлт гаргана гэж байсан, гэхдээ надад бол өргөдөл гаргаж өгөөгүй, би 2016 оны 6 дугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн, тэгэхэд ямар нэг хүсэлт над дээр орж ирээгүй.”, гэрч В.Дын “Би А.Гын тухайн хүсэлтийг хүлээн аваагүй. Тухайн үед над дээр ирээд Б.Ш******* даргатай уулзуулахыг хүссэн. Би Б.Ш******* даргатай уулзуулсан. Түүнээс хойш надтай огт уулзаагүй. Сайдтай уулзана гэж байсан. Сүүлд коридорт таараад та яав гэж асуухад уулзчихлаа, болчлоо гэж хэлсэн. Ерөнхийдөө би наад өргөдлийг чинь харж байгаагүй. Би Б.Ш******* даргатай уулзаж байхыг харсан гэхдээ уг өргөдлийг өгч байхыг бол хараагүй” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч А.Гын эрх бүхий албан тушаалтанд өргөдлөө өгсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх зөрүүтэй тайлбар нь нэхэмжлэлээ нотлох үндэслэлтэй баримт гэж дүгнэх боломжгүй юм.        

Иймд хариуцагч Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 158 дугаар зүйлийн 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэр дэвшигчид тавигдах “ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх” шаардлагыг хангаагүй А.Гыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гын гаргасан “...Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.САЙХАНТУЯА