Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01332

 

“Хас” банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1523 дугаар магадлалтай,

“Хас” Банкны нэхэмжлэлтэй

Д.Дамдинжав, Д.Оюун нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40.509 ам.доллар буюу 80.866.901 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хариуцагч Д.Дамдинжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Хас” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Дамдинжав нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1370002002 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, орон сууц санхүүжүүлэн бариулах зориулалтаар 36.310 ам.долларыг 360 хоногийн суурь хүү+1 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлсэн.  Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1370002002-01 дугаар гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204038682 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/ 8 дугаар байр, 5 тоот 58.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Д.Дамдинжав, Д.Оюун нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээл төлөхгүй зээлийн төлөлтийг 693 хоногоор хугацаа хэтрүүлэн, гэрээний хавсралтад заасан үүргээ ноцтой зөрчиж байгаа тул банкны зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 32.816 ам.доллар, зээлийн хүү 7.634 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 59 ам.доллар, нийт 40.509 ам.доллар буюу 80.866.901 төгрөгийг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дамдинжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би орон сууцны зориулалтаар, америк доллараар тооцож олгосон зээлийг төлөхөд долларын төгрөгтэй харьцах ханш огцом өссөнөөс болж хүндрэл үүссэн. Банкны зүгээс зээл төлүүлэх талаар уулзаж ярилцах бүрт зээлийг төгрөгийн 8 хувийн зээлд оруулах санал тавьж байсан боловч миний хүсэлтэд хариу өгөөгүй. Зээлийг ам.доллараар авсан ба үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээл авах үеийн төгрөгийн ханшаар буюу 1204.68 төгрөгөөр тооцож төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нараас үндсэн зээлийн төлбөр 32.816 ам.доллар, зээлийн хүү 7.634 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 59 ам.доллар, нийт 40.509 ам доллар буюу 80.878.401 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 2204038682 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот хаягт байрлах 58.3 кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан борлуулж үнийн дүнгээс 80.866.901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нараас 562.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1523 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Дамдинжавын төлсөн 318.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дамдинжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анх 36.310 ам.долларын зээл авсан бөгөөд тухайн үед ам.долларын ханш 1204,68 төгрөг байсан. Нийт 16.554,59 төгрөгийг зээлэндээ төлсөн. Нэхэмжлэл гаргах үед ам.долларын ханш 1996,27 төгрөг байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 80 сая төгрөг төлөх болсон. Ханшийн зөрүүний асуудлаар банк ханшийн эрсдэлийн 50 хувийг хүлээх боломжтой талаараа анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа бичсэн байдаг. Мөн Ургах Наран хорооллын зээлдэгчийн зээлийн гэрээг энэ оны эхээр Хас банк төгрөгт шилжүүлсэн, ханшийн эрсдэлийн тодорхой хувийг хүлээн ханшийг 1670 төгрөгөөр тооцон хөрвүүлсэн. Анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“Хас” банк нь Д.Дамдинжав, Д.Оюун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40.509 ам.доллар буюу 80.866.901 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Дамдинжав хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид харилцан тохиролцож, 1370002002 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 32.816 ам.долларыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс банкны эх үүсвэртэй төгрөгийн 8 хувийн зээлд шилжүүлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, гэрээ байгуулснаас хойш 9 сарын дотор МИК-ийн шаардлагыг хангасан холбогдох бичиг баримтыг банкинд ирүүлэх, энэ хугацаанд МИК-ийн шаардлага хангахгүй тохиолдолд зээлийн хүүг жилийн 16.5 хувийн хувьсах хүүнд шилжүүлэх, хариуцагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалуулсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой.

Нэхэмжлэгч “Хас” банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-399 дүгээр тушаалаар салбарын захиралд банкийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон, “Хас” банкны Ард салбарын захирал Д.Болдбаатар 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Х.Амараад хариуцагч Д.Дамдинжав нарт холбогдох хэрэгт банкийг төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1523 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нартай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 224.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ