| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0092/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 89
2018 01 23 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч А.Б.г.л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.галын Б.г.лд холбогдох эрүүгийн 1708024860452 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт А.галын Б.г.л,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч А.Б.г.л нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .. хамтран амьдрагч Б.Б.иртой хардалтын улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч А.Б.г.лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б.ирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эрхээр хамт амьдраад удаагүй байхдаа тэрээр...согтуу орж ирсэн. ...А.Б.г.лд архи уулаа болиоч гэх шалтгаанаар бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл А.Б.г.л уурлаад миний баруун хацар руу гараараа 1 удаа цохисон. ...Тэр үед миний баруун хацар 20 хоног хөхөрсөн явсан. ...Тэгээд дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой 22 цагийн үед А.Б.г.л гаднаас нилээн согтуу орж ирсэн. Тэр үед А.Б.г.л бид 2-оос өөр хүн байгаагүй намайг хараад хэрүүл хийгээд байсан. Тэгээд цохисон чинээ бодоогүй байтал А.Б.г.л миний хамар руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэгтэл миний хамраас цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийн...утаснаас 102 дугаарын утас руу “согтуу хүн орж ирээд агсам тавиад байна гэсэн дуудлага өгсөн. ...2 цагдаа орж ирээд юу болсныг асуусан. Тэгэхээр нь би хамтран амьдрагч А.Б.г.л хамар руу цохиод цус гаргачихлаа гэж хэлсэн. ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Б.г.л надад эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг өгсөн. ...Тухайн өдөр би ажлаасаа ламаар ном уншуулах гээд эрт гарсан юм. Тэр өдөр би 2 охинтойгоо Баянхошууны хийд орж ном уншуулсан. Би ажлаас эрт гарсан гэдгээ А.Б.г.лд хэлсэн. Тэгтэл А.Б.г.л битгий худлаа яриад бай, чи намайг хуурлаа гээд уурлаад байсан. Тэгээд орой согтуу орж ирчихээд намайг шалтгаангүйгээр хамар руу цохисон. ...хардсан уурандаа л намайг цохисон гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),
2. Гэрч Б.Б.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...аав А.Б.г.л нь...Б.Б.ир гэх эмэгтэйтэй сүүлийн 6 сар хамт амьдарсан. ...Тэгтэл аав намайг эрүүлжүүлэх байрнаас ирээд аваатах гэсэн юм. Тэгээд би эрүүлжүүлэх байранд очиход хамтран амьдрагч Б.Б.ир гэх эмэгтэйг зодсоныг нь мэдсэн. ...өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, ...2015 онд Эрчим хүний тэргүүний ажилтан болж байсан. ...Манай аав байнга архи уугаад байдаггүй, хааяа л уудаг юм. Би аавтай 2 жил уг хүнтэй суухаас өмнө нь хамт амьдарч байсан. Аав архи уусан үедээ агсам согтуу тавьдаггүй. ...орилж ...өөртэйгөө ярьж байгаад унтаад өгдөг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
3. Гэрч Г.Б.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр А.Б.г.л гэх хүнд зодуулчихлаа гэж ярьсан. Өмнө нь зодуулж байсан талаар нь би мэдэхгүй байна. Тэр үед ээж Б.Б.ирын нүд нь хөхрөөд нүүр нь хавдчихсан байсан. Ээж надад хэлэхдээ нүүр рүү нь 1 удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15273 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний доод зовхи ижил хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу хаван хавдартай, 3х5см хөх ягаан өнгийн цус хуралттай,
2017.11.03-ны өдөр ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Хамар ясны хугарал гэжээ.
2017.11.03-ны рентген зургийг дахин уншуулахад: хамар ясанд уг хэсэгт сэлтэрсэн хугаралтай, таславч зүүн тийш муруйсан, дүрс оношилгооны их эмч С.Чулуунсүх 2017.11.15-ны өдөр гэжээ ДҮГНЭЛТ:
1. Б.Б.ирын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),
5. Шүүгдэгч А.Б.г.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Б.ир гэх эмэгтэйг багаас нь зүс танина. Тэрээр манай 35 дугаар сургуульд суралцаж байсан. Тэгээд бид хоёр 2017 оны 6 дугаар сараас хойш дотно танилцаж уулзаж эхэлсэн. ...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр хамт амьдрах болсон. ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой би ажлаа тараад 20 цагийн үед ажлын газрын хүн Баярсайхан, Оюундалай нартай хамт 1 шил 0.75 граммын Чингис архи хувааж уусан. ...Би Б.Б.ирын гэрт орсноо санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө би эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...Би цохисоноо бол санахгүй байна. ...Б.Б.ир зодуулсан гэж өргөдөл өгсөн байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61),
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22, 23), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 21), аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 18-21), ажлын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 25, 28), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 27), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 29), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 39, 41, 68), хохирол төлбөр төлж барагдуулсан тухай баримт (хавтаст хэргийн 47) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч А.Б.г.лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.Б.г.л нь .......СХД 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Б.Б.иртой хардалтын улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шууд санаатай үйлдлээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
-Хохирогч Б..чимын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эрхээр ...А.Б.г.лд архи уулаа болиоч гэх шалтгаанаар бид 2 маргалдаж ...миний баруун хацар руу гараараа 1 удаа цохисон. ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой 22 цагийн үед А.Б.г.л гаднаас нилээн согтуу орж ирсэн. ...миний хамар руу гараараа 1 удаа цохиод авсан. ...намайг шалтгаангүйгээр хамар руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),
-Гэрч Б.Б.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...би эрүүлжүүлэх байранд очиход хамтран амьдрагч Б.Б.ир гэх эмэгтэйг зодсоныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
-Гэрч Г.Б.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр А.Б.г.л гэх хүнд зодуулчихлаа гэж ярьсан. ...Тэр үед ээж Б.Б.ирын нүд нь хөхрөөд нүүр нь хавдчихсан байсан. Ээж надад хэлэхдээ нүүр рүү нь 1 удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15273 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний доод зовхи ижил хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу хаван хавдартай, 3х5см хөх ягаан өнгийн цус хуралттай,
2017.11.03-ны өдөр ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Хамар ясны хугарал гэжээ.
2017.11.03-ны рентген зургийг дахин уншуулахад: хамар ясанд уг хэсэгт сэлтэрсэн хугаралтай, таславч зүүн тийш муруйсан, дүрс оношилгооны их эмч С.Чулуунсүх 2017.11.15-ны өдөр гэжээ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),
- Шүүгдэгч А.Б.г.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой би ажлаа тараад 20 цагийн үед ажлын газрын хүн Баярсайхан, Оюундалай нартай хамт 1 шил 0.75 граммын Чингис архи хувааж уусан. ...Би Б.Б.ирын гэрт орсноо санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө би эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...Би цохисоноос бол санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б.г.л нь хохирогч Б.Б.ирын нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчийн нүүр рүү цохисоноос болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн А.Б.г.л нь Б.Б.иртой 2017 оны 6 дугаар сард танилцан улмаар мөн оны 10 дугаар сараас тухайн хэрэг болох хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон буюу “...гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч” байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Б.г.лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас А.Б.г.лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 (мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б.г.л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б.г.л нь “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ХХК-нд Өндөр даралтын зуухан цехэд зуухны машинчаар ажиллаж хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан 1500 нэгжийн торгуулийн ялыг 750 нэгж болгон хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.
Харин улсын яллагчаас торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой тул шүүхээс торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0248 60452 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.