| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2306035552551 |
| Дугаар | 2024/ДШМ/112 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/112
2024 1 18 2024/ДШМ/112
Ш.Д-ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сумъяа,
шүүгдэгч Ш.Д-, түүний өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ш-ийн Д-, 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2337 дугаар шүүгчийн захирамжаар 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаас биелүүлээгүй үлдсэн 6 сар 4 хоногийн ялыг хорих ялаар сольсон.
Шүүгдэгч Ш.Д- нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сагсан бөмбөгийн талбайд бөмбөг шидүүлж, орсон тохиолдолд мөнгө өгдөг тоглоомоос болж, таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар насанд хүрээгүй иргэн С.Б-ыг зодож, биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ш-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 840 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 840,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 840 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 840,000 төгрөгөөр торгох ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2337 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан дүйцүүлэн сольсон 6 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.Д-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 56 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн түүнийг торгох ялыг эдэлсэнд тооцож, Ш.Д-ийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2337 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан дүйцүүлэн сольсон 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Д- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Санхүү, Эдийн засгийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутнаар суралцаж, чөлөөт цагаараа ээжтэйгээ “Нарантуул” зах дээр торгоны наймаа эрхэлж амьдардаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял авсан боловч зөрчил гаргасанд тооцож 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 6 сар 04 хоног хорих ялаар дүйцүүлэн сольж хоригдож байна. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр болсон 2 залуутай муудалцаж гар зөрүүлсэн гэх хэргээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 56 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1523 дугаартай шийтгэх тогтоолоор 840,000 төгрөгөөр торгох ял буюу мөрдөнд хоригдсон хугацаатай дүйцүүлэн ялласан. Энэхүү хэрэгт хэн нэгний биед халдсан, буруугаар биеэ хамгаалсан нь миний үнэхээр буруу боловч хэрэгт холбогдогч хоёр залуу дээр дурдсан ялын хэрэгжиж байх хугацаанд ялын бугуйн цагийн зөөврийн цэнэглэгчийг эвдснээс болж миний анхны хэргийн ялын зөрчилд маш том нөлөө үзүүлсэн. Үүнд би маш их гомдолтой бас харамсалтай байдаг.
Хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд маш их зүйлийг бодож тунгаан дахин асуудал хэргээс хол байх ёстой, эрх чөлөөгөө хориулах ямар хэцүү байдгыг яс махандаа ойлгож авсан. Миний бие нь эмээ, өвөө, эхийнхээ ачийг л хариулахыг зорьж амьдардаг. Мөн архи, тамхи хэрэглэдэггүй, хүнтэй зодоон хийж явдаггүй, хулгай дээрэм хийж үзээгүй боловч мөнгө олсноос болж ял авч, биеэ хамгаалах гэсэндээ хүнийг гэмтээсэн. Одооноос би алхам тутамдаа бодолтой зөв амьдрахыг хичээж явах болно. Би оюутан учраас хичээл сургуулиа дүүргэж, гэр бүл, эмээ өвөөгийнхөө сэтгэл санааг амрааж, тайван байлгахыг маш их хүсэж байна. Иймд мөрдөнд хоригдсон 56 хоногийг минь дүйцүүлэн 840,000 төгрөгөөр торгох ял болгосныг харгалзан үзэж хоригдсон 56 хоногийг минь өмнө ялд оруулж тусад нь мөнгөн торгууль эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү ...” гэв.
Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Эрүүгийн хуульд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох зохицуулалт байдаг. Шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэл хуулиар зохицуулагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2. Шүүгдэгч Ш.Д- нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сагсан бөмбөгийн талбайд бөмбөг шидүүлж, орсон тохиолдолд мөнгө өгдөг тоглоомын үеэр С.Б-ыг бусад хүмүүсээс илүү хол зайнаас шидүүлнэ, эсхүл огт шидүүлэхгүй гэж тэгш бус шаардлага тавин маргаан үүсгэж, улмаар насанд хүрээгүй иргэн С.Б-ыг зодож, биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.Б-ы “...Би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ... Сагсан бөмбөгийн талбайн хажууд байрлах бөмбөг шидүүлж орсон тохиолдолд мөнгө авдаг тоглоом тоглуулж байгаа үл таних хүмүүс байхаар нь 5000 төгрөгийн төлбөр төлөөд нэг тоглож 10.000 төгрөг болгож авсан учир тэр дахиж чамаар шидүүлэхгүй гэхээр нь хажуу талд байрлах адил тоглоомон дээр очоод шидэх гэтэл бусад хүмүүсийн бөмбөг шиддэг зайнаас илүү холоос шидүүлэх гэсэн тул “за болилдоо” гээд эргэж хараад явтал энэ ямар том п... вэ гээд миний араас сагсан бөмбөг шидэхээр нь би бултсан. ...Миний хойноос бөмбөг шидсэн залуу зангидсан гараараа миний хамар руу нэг удаа цохиод би хамраа дараад газар суугаад хамт явсан найз Мөнгөншагайд цагдаа дууд гэж хэлсэн...” /хх 8/,
“...тухайн үед хажуу талын шийдэн дээр бөмбөг шидэж мөнгө хожсон чинь дахиж шидүүлэхгүй гээд байхаар нь Ш.Д-ийн шийдэн дээр шидэх гэсэн чинь хол зайнаас бөмбөг шидүүлнэ гэснээс болж бид хоёр маргалдаж байгаад барьцалдаж аваад газар унахад би дээр нь гарсан байсан. Бид хоёр харилцан зодолдох үед ганц хоёр удаа Ш.Д-ийг цохисон нь үнэн, гэхдээ түүний биед гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Тэгээд бид хоёрыг газар унаж босоод маргалдаж байхад Ш.Д- миний хамар руу цохиж гэмтэл учруулсан...” /хх 9/,
Гэрч А.М-н “...2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнд Б- бид хоёр мөнгөөр бөмбөг шиддэг тоглоом тоглож байхдаа бөмбөг оруулж мөнгө хожсон чинь шийдний хүн дургүйцсэн. Тэгэхээр нь хажуу талын сагсны шийдэн дээр шидэх гэхэд бөмбөг шидүүлэх зайгаа холдуулснаас болж Б-, Д- хоёр маргалдаж байгаад барьцалдаж газар унасан, газар унахдаа Б- дээр нь гарсан байсан тул би татаж салгасан. Ингээд тэр хоёрыг салгаад байж байсан чинь тэр хоёр дахин маргалдаж Б-ы хамар руу тэр залуу нэг удаа цохиж хавдаж шалбарсан...” /хх 17-18/,
Насанд хүрээгүй гэрч А.Ө-ын 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... дардас тоглоом тоглуулдаг газарт ажиллаж байхад хажуу талд сагс тоглуулдаг зүс таних Д- ах бутан дунд унасан үл таних эрэгтэй хүн дээр нь гарсан цохиж байсан, нэг хүн хажууд нь хараад зогсож байсныг гүйж очоод дээр нь байсан хүнийг татаж салгачихаад байж байсан чинь нөгөө дээр нь гарсан байсан хамраа цохиулдаг хүн хоёулаа нэг нэгээрээ зодолдоё гэж хэлээд ойртоод ирэхээр нь Д- ах тэр залуугийн хамар руу нэг удаа цохисон чинь зодуулчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан...” /хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8978 дугаартай “...С.Б-ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд эдгээр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 12-13/,
Шүүгдэгч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би зорчих эрх хязгаарлах ял эдэлж байгаад бугуйн цагаа унтраасан гэх шалтгаанаар хоригдсон байна. Би хүний хамар хугалж хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба хохирол мөнгөө төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх 41/ гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Ш.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, түүний гэм буруутай үйлдэлд оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
5. Шүүгдэгч Ш.Д-оос: “...цагдан хоригдсон хоногийг минь өмнөх ялд оруулан тооцож, 11.6 дугаар зүйл хэсэгт заасан хэрэгт өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Д-ид хуульд заасан хамгийн хөнгөн төрлийн ялыг сонгон, 840 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн сольж, түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн эрх зүйн онол, практикт тогтсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасанд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ш.Д- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ нь түүний эдлэх ялаас хасагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдпага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА