| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/1001/З |
| Дугаар | 128/ШШ2025/0368 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж,
шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х*******
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Маргааны төрөл: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Х******* миний эзэмшиж, ашиглаж буй сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах-ыг хүссэн хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ц******* овогтой Х******* /РД: УК*******/ миний бие сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг гэрээний дагуу газрын төлбөрөө төлж, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд гэрчилгээ сунгуулах өргөдлийг холбогдох бичиг баримт /газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, кадастрын зураг, төлбөр тушаасан баримт зэргийг/-ыг хавсаргаж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд 2020 онд бичгээр гаргасан боловч тус захиргаанаас хуулийн хугацаанд хариу ирүүлэхгүй, хариуцсан мэргэжилтнээс утсаар лавлахад одоо удахгүй гарах гэж байгаа, Сайд болон Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан, бага багаар сунгалт хийж байгаа гэсэн тайлбарыг удаа дараалан өгч байсан.
Миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тодорхой хариу өгөхгүй байсан учир 2021, 2022 онд цахим хэлбэрээр гэрчилгээ сунгуулах хүсэлтээ явуул гэсний дагуу дахин хүсэлтээ цахимаар явуулсан боловч дээд шатны байгууллага, албан тушаалтан нарт иргэн миний хүсэлтийг уламжилж шийдвэрлүүлэхгүй, өнөөдрийг хүртэл албан ёсны хариуг цахимаар болон амаар, бичгээр ирүүлээгүй бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд хандаж бичгээр болон цахимаар өгсөн хүсэлтийг авах саналыг удаа дараалан тавьсан боловч тодорхойгүй шалтаг, шалтгаанаар гаргаж өгөхгүй, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлт буюу шүүхийн санаачлагчаар шүүхийн журмаар хувийн хэрэгт үзлэг хийлгүүлж гаргуулахаас өөр арга байхгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
Дээрх Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд 2023, 2024 онуудад бичгээр өргөдөл, гомдлыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй дарагдуулж, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, хуулийн хугацаанд амаар, цахимаар, бичгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд яаж шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөхгүй, иргэн миний хуульд заасан газар,эзэмших, ашиглах эрхэнд бүдүүлгээр халдаж, төрийн байгууллагын хүнд суртал гаргаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа түргэн шуурхай, тасралтгүй явагдах үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, албан тушаалтан өөрчлөгдсөн гэх шалтаг, шалтгаанаар гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хууль, дүрэм, журамд заасны дагуу холбогдох дээд шатны байгууллагад уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэхгүй, газар эзэмшигч, ашиглагч миний газар эзэмших, ашиглах эрхэнд ноцтой халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Миний бие өөрийн эзэмшиж, ашиглаж буй газарт хууль журамд заасны дагуу цахилгааны эх үүсвэрээ нэмэгдүүлж авах зорилгоор *******-ийн хүсэлтийг гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Техникийн нөхцөл гарсан бөгөөд гэрээнд заасны дагуу Техникийн нөхцөл-ийг сунгуулах хүсэлтийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид гаргасан боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар нь И-Монголиа цахим мэдээллийн сангаас Ц.Х******* миний газар эзэмших, ашиглах гэрчилгээг хугацаа дууссан гэх шалтгаанаар хасалт хийссэний улмаас Техникийн нөхцөл-ийн хугацаа сунгагдахгүй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /сайд С.О*******/-ны буруутай хууль бус үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөж байгаад гомдолтой байна.
Иймд Монгол Улсын иргэн Ц******* овогтой Х******* /РД:УК*******/ миний эзэмшиж, ашиглаж буй сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /сайд С.О*******/-д даалгуулах; Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /сайд С.О*******/-ны өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, бүхэлд нь хангаж, иргэн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тухайн үеийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 метр квадрат бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрыг эзэмшигч ашиглах эрхээ нээлгэж авсан. Нэхэмжлэгч уг газар дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтын дагуу эргэлтийн цэгээ тогтоолгоод хашаагаа барьж зундаа хүүхдүүдийн хамт амьдардаг нөхцөл байдал бол тогтоогдсон. Ц.Х******* нь 2020 оноос хойш уг гэрчилгээг сунгуулах асуудлыг холбогдох байгууллага буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын зохицуулах газарт удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Хүсэлтийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагууд болон албан тушаалтан шийдвэрлээгүй өдий хүрсэн. 2020 онд гомдлоо гэрчилгээний хугацаа нь дуусмагц 2020 онд анх гэрчилгээ олгогдсон байгууллагаар дамжуулж өгсөн. Тэр байгууллага нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр янз бүрийн шалтгаанаар сайд өөрчлөгдсөн, төрийн нарийн бичгийн дарга өөрчлөгдсөн, хугацаа сунгах асуудлыг бага багаар оруулахгүй нэг мөр оруулахаар гэрчилгээ нь хүчингүй болох гээд байна гэдэг тайлбарыг фэйсбүүк хаяг болон вайбер групп чатаар бүгдэд нь тухай бүрд нь мэдээлээд яваад байсан. 2023 онд наад жагсаалтаараа наадах чинь орж байгаа эхний хоёр хүн нь тастаад орж байгаа. Таных орно гэсэн хариу нь хүртэл мессежээр ирсэн тохиолдлууд байдаг. Энэ асуудал даамжирсаар байгаад хамгийн сүүлд Ц.Х******* үндэслэн шийдвэрлүүлье гээд Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын нэр дээр хаяглаж гомдол, хүсэлтүүдээ холбогдох материалуудын хамт хүргүүлсэн. Энэ хугацаанд Монгол улсын үндсэн хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу ирүүлнэ иймээс нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлоор хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэж байна.
Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хариуцагч талаас тайлбар ирүүлсэн байдаг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гомдлоо эрх бүхий албан тушаалтанд гаргасан. Учир нь шат дамжлага, процесс нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд тушаал гаргаснаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраар дамжуулан Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа бас гэрчилгээг олгодог. Тушаал гаргаагүй тохиолдолд бусад доод шатны байгууллага нь бие дааж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Сайдын тушаал гаргахгүй болохоор зэрэг холбогдох мэргэжилтнүүд нь бие дааж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг юм байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яагаад зөрчигдөж байна гэхээр байгууллагууд нь хуульд заасан үндсэн үүргээ биелүүлж, хүсэлтүүдийг нь дээд шатны байгууллагад одоог хүртэл уламжилж өгөөгүй. Энэ нь шүүхэд ирсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Ц.Х******* нь хүсэлтүүдээ 2020, 2022, 2024,2025 онуудад гаргасан байна. Бодлогын зохицуулалтын газар нь яаманд ерөөсөө хариуг нь өгөхгүй. Яам нь буцаагаад доод шатныхаа байгууллагууд руу өгсөн өргөдлийг нь шийдвэрлүүлэхээр явуулдаггүй учраас шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцсан мэргэжилтэн н.О гээд хүнтэй би өөрөө биечилж уулзаж байсан юм тэгэх бид нар саналаа явуулаад асуудлыг чинь шийдвэрлэж өгнө гэж амаар надаа хариу өгч байсан. Төрийн байгууллага өөрөө хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдлээс болж бид нар мөнгө тушааж гэрчилгээгээ сунгуулах хууль, эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Энэ үйлдэл нь сая ирсэн нотлох баримтаар нотлогдож байна. Мөнгөө тушаасан хүмүүсийнх нь гэрчилгээний сунгалт нь сайдын тушаалаар гарсан байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Х******* нь газрын гэрчилгээ сунгахыг хариуцагчид даалгах, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ 2020, 2021, 2022, 2023, 2024 онд гаргаж байсан, хариуцагч хариу өгөөгүй нь хууль бус гэж гаргаж байгаа талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Х******* анх сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар газар эзэмших, ашиглах эрхтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор анх олгосон тушаал нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байдаг. Газрын тухай хуулийн 39.1 дүгээр хэсгийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмшигч хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байдаг. Цаг хугацааны хувьд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гомдлыг өгсөн байх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч тус хугацаанд хүсэлтээ өгөөгүй учир газар ашиглах эрх нь дуусгавар болж байна гэсэн ойлголт яригдана. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1 дүгээр хэсгийн 54.1.1, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна. Хугацаа нь дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гомдлоо гаргах, сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан. Үүнийг өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х******* нь нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Х******* миний эзэмшиж, ашиглаж буй сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай ******* дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч Ц.Х*******д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн 106 дугаар гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна.
Дээрх 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар гэрчилгээнд зуслангийн зориулалттай 1050 м.кв талбай бүхий газар гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь тухайн газар дээр хашаа барьсан болон техникийн нөхцөл авсан болох нь маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэгээр, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар техникийн нөхцөлөөр тус тус тогтоогдож байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар:
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдэд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс хариу өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрх сунгуулах талаарх нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтүүдэд хариу өгснийг нотлох баримтуудыг хариуцагчаас гаргаж өгөхгүй байх ба үүнээс үзэхэд, нэхэмжлэгчид хариуцагч хариу өгөөгүй байна.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг гаргасан байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ц.Х******* миний эзэмшиж, ашиглаж буй сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах шаардлагын тухайд:
Шүүх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий Ц.Х******* миний эзэмшиж, ашиглаж буй сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1050 м.кв талбай бүхий *** дугаартай зуслангийн зориулалттай газрын гэрчилгээг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байхаар, мөн тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, газар ашиглах эрхийг сунгах эсэх нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул шүүх газар ашиглах эрхийг сунгахыг даалгах шаардлагыг шууд сунгахыг даалгах байдлаар шийдвэрлэх боломжгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн даалгах шаардлагыг газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэсэн байдлаар тогтоох хэсэгт томьёолон хангаж шийдвэрлэлээ.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Х*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Х*******ы газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Х*******ы Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 1050 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ