Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/305

 

    

 

 

Д.Ц, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

цагаатгадсан этгээд Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Б.Ц нарт холбогдох 2309000002007 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Ц, .....оршин суух хаягтай, урьд 7 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан: -1993 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 1995 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2001 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь заалт, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх заалтад тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан;

2. Б.Ц ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц, Д.Ц нар нь Н.Мтэй бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.С-ыг боож унагаан, гэдэс рүү нь өшиглөх, өвдөглөх зэргээр хүч хэрэглэж, хохирогч Л.С-ын хэтэвчийг нь аван 340,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ц, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сүхбаатар дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц-г цагаатгаж,

шүүгдэгч Д.Ц-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Д.Ц-д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ы энэ хэргийн учир цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Д.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Д.Ц, Б.Ц, Н.М нар нь бүлэглэн хохирогч Л.С-ын эзэмшлийн түрийвчийг авах зорилгоор түүний биед халдаж, хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх боломжийг хязгаарлах буюу эсэргүүцэх чадваргүй болгон довтолж, түүний эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлж авсан үйл баримт тогтоогдож байх тул яллагдагч Д.Ц, Б.Ц нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж дүгнэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Цгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо яллагдагч Д.Ц-ы мэдүүлэг болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэжээ. Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед болсон бөгөөд хохирогчоос мөн өдрийн 21 цаг 12 минутад мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт “..үл таних 3 эрэгтэй хүн тааралдаад ганц шил архи аваад өгчих гээд шаналгаад байсан. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгтэл тэр 3 хүн салахгүй байхаар нь сүүлдээ зугтаасан... М Ц нь намайг дарж унагаад гар мушгиж байгаад тэр гурав гурвуулаа миний халаасыг ухсан...” гэсэн ба тус мэдүүлэг болон улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн, яаж, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад заасныг зөрчсөн байна.

Б.Цгийн тухайд хохирогчийн биед шууд халдаагүй боловч хохирогчийн эд хөрөнгийг авахаар түүний араас хөөж гүйснээр хохирогчийн эсрэг довтолгооныг эхлүүлсэн гэж үзэх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Д.Ц, Б.Ц нартай бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Д.Ц, Б.Ц нартай гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн Н.Мгийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 2023/ШЦТ/1180 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Мг Д.Ц, Б.Ц нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүх хуралдаанд хохирогч Л.С- нь биечлэн орсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ 3 хүнтэй Соёмбо захын үүдэнд тааралдсан. Архи авч өг гэж шаардсан. Би чадахгүй гэдгээ хэлсэн. Би өөрөө халамцуу байсан. Би ганцаараа 3 хүнтэй зодолдож чадахгүй учраас зам хөндлөн гарч зугтаасан. 200 гаруй метр зугтаагаад баригдсан. Ц гэх хүн нь араас түрүүлж ирж намайг барьсан. Гүйгээд амьсгаадсан учраас хурдан ухаан алдсан байна. Нэг сэрээд харах үед Ц нь миний утсан дээр гишгээд байж байсан. Нөгөө 2 хүн нь араас гүйцээд ирсэн. Түрүүвчийг маань аваад энэ гурван хүн хурдан явсан. Тэгээд би араас нь дагаж явах замдаа олон удаа хэлсэн. Миний түрүүвчийг өгчих, наад мөнгөнөөсөө архиныхаа мөнгийг авчих гэж хэлсэн. Энэ гурван хүн тэр үед эрүүл байсан...” гэж мэдүүлснээс дүгнэхэд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан байхад нэг гэмт хэргийн үйлдлийг шүүхээс хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн нь тус хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.    

Цагаатгадсан этгээд Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ямар нэгэн довтолгоон хийгээгүй. Дагаж л гүйсэн. Дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй...” гэв.

Цагаатгадсан этгээд Б.Цгийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн Д.Цд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасан. Мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ;”-г тусгасан байвал зохино гэж заасан. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Цыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж ялын төрлийг тодорхой зааж өгсөн тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтад гаргасан техникийн шинжтэй алдаа нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Прокурорын зүгээс “шүүгдэгч нарыг хохирогчийн эд зүйлийг авахын тулд ардаас нь хөөж, гүйсэн үеийг довтолгоо эхэлсэн” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт маш тодорхой дурдсан. Мөн Б.Ц нь бусдын эд хөрөнгийг авахааар дайрсан, довтолсон үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.М, Д.Ц нар нь Б.Цгаас 6 насаар ах бөгөөд тэд танилцаад 3 сар болж байсан. Цагаатгагдсан этгээд Б.Ц нь “Н.М, Д.Ц нар урьд нь шоронд орж байсан гэж айлгаж, дарамталж байсан. Мөн тааралдах болгондоо архи уудаг байсан” гэж мэдүүлсэн. Н.Мгийн үйлдлийг энэ хэргээс тусгаарлаж 2023 оны 11 дүгээр сард хохирогчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Прокурорын зүгээс хохирогч Л.С-ыг 2 өөр байр суурь илэрхийлсэн гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Н.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогч Л.С- “намайг 3 хүн дээрэмдсэн” гэж мэдүүлсэн. Б.Ц, Б.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад хохирогч өөрийн байр сууринаас хандсан. Өмгөөлөгчийн зүгээс үйл баримтыг нэг бүрчлэн асууж, тодруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Мөн прокурор “Б.Ц нь шүүх хуралдаан дууссаны дараа хохирогчтой хамт гарч, харилцан яриа өрнүүлсэн тул хохирогчийн мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй” гэж байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч Л.С-т ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Ц, Д.Ц нарын Н.Мтэй бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.С-ыг боож унагаан, гэдэс рүү нь өшиглөх, өвдөглөх зэргээр хүч хэрэглэж, хохирогч Л.С-ын хэтэвчийг нь авч, 340,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Цгийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна хэмээн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Цг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба шийтгэх тогтоолоор Б.Цгийн үйлдэлд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцээгүй байна.

Хэрэгт Б.Ц, Н.М, Д.Ц нар нь хохирогч Л.С-тай таарч архи авч өгөхийг шаардахад хохирогч татгалзаж, тэднээс салахаар холдон гүйхэд гурвуулаа Л.С-ыг хөөж, Д.Ц эхлээд хохирогчийг гүйцэн ирж хүч хэрэглэн зогсоосон, улмаар араас нь ирсэн Н.М, Б.Ц нар нь Д.Цтай нийлж гурвуулаа Л.С-ын хувцасны халаасанд байсан мөнгө бүхий түрийвчийг нь авсан үйл баримтыг нотолж буй хохирогч  Л.С-ын хэрэгт анх мэдүүлсэн  “...үл таних 3 эрэгтэй хүн тааралдаад ганц шил архи аваад өгчих гээд архи шаналгаад байсан. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгтэл тэр 3 хүн салахгүй байхаар нь сүүлдээ зугтаасан. Тэгтэл нэг нь ардаас гүйцэж ирээд дарж унагаад, багалзуур шахаж боогоод, баруун шанаа хэсэгрүү 2 удаа, хоолой хувцасаар боосон, гэдэсрүү өвдөглөж, өшиглөсөн. Тэгээд нөгөө хоёр нь ардаас гүйцэж ирээд “яасан овоо пизда вэ” гээд куртиканы зүүн дотор халаасанд байсан түрүүвчийг авсан. ...гар утсыг нэг нь дээрээс нь гишгээд дэлгэцийг нь хагалсан. ...М Ц нь намайг дарж унагаад гар мушгиж байгаад тэр гурав гурвуулаа миний халаасыг ухсан...” /1-р хх-ийн 152-153/ гэх мэдүүлэг, хохирогч С.С нь Н.М, Б.Ц, Д.Ц нарыг гурвууланг нь таньж заасан 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” /1-р хх-ийн 144-147/ зэргийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...”, 2.5 дахь заалтад заасан “...хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга...”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасныг зөрчсөн байна. 

 Түүнчлэн, зөвхөн шүүгдэгч Д.Цы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Л.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагуудад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд шийтгэх тогтоолын Б.Цг цагаатгасан хэсэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1208 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Цд авсан цагдан хорих, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ