| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/1027/З |
| Дугаар | 128/ШШ2025/0525 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0525
2025 07 28 128/ШШ2025/0525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.А /РД:ЙЮ/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б******* /РД:ЙР1171/
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нарын хоорондын худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах.
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтээр Х ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 521 дүгээр зүйлийн 521.1 дэх заалтыг тус тус үндэслэн Х ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлжээ.
2. Х ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/11-03 дугаар албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн хэлтэст хаяглан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг тус яамнаас хянаад Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтийг хэвээр үлдээж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/8535 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
3. Х ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******д холбогдуулан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2023/9873 дугаар шүүгчийн захирамжаар 128/2023/1027/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******д холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлагаа өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-д заасны дагуу тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан тохиолдолд хууль болон гэрээнд заасан үүргээ хариуцлагатай биелүүлж, чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлд харьцангүй хямд үнээр захиалагчдад нийлүүлсээр ирсэн. Манай компанийн нийлүүлсэн барааг бүтээгдэхүүнүүд захиалагчдын шаардлагад нийцдэг ба захиалагчдаас аливаа нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Харин хариуцагч улсын байцаагч Ч.Б******* нь 2021, 2022, 2023 онуудад нийтдээ 3 удаагийн тендерийн бичиг баримт дахь зөрчлүүдийг бүртгэн акт гаргаж Х ХХК-ийг тендерийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх дүгнэлт гаргаад байна. Бидний зүгээс уг дүгнэлтийг тайлбар болон бусад нотлох баримтуудыг сайтар нягталж үнэн зөвийг нягтлан тогтоогоогүй, бодит бус мэдээлэл баримтанд үндэслэсэн тул үндэслэлгүй, хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа юм.
- Х ХХК нь 2021 оны 6 дугаар сард ЭҮТӨҮГ/202101738 дугаартай Архивын нягтруулсан шүүгээ нийлүүлэх тендерт оролцсон ба уг тендерт хамтран оролцсон Г ХХК нь Х ХХК-ийг тендерийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэн 2 ч удаа шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Г ХХК-ийн мэдээлэлд тендерт санал болгосон H, А гэсэн 2 компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл албан ёсны бус, гэрээнүүд хуурамч, J ХХК-тай хамтран ажилладаг танилцуулгыг хуурамч гэж үзсэн байсан. Тухайн үед тендерийн бичиг баримтыг дээрх компаниудаас өөрсдөөс нь гаргуулж авсан бөгөөд цар тахлын карантинтай үе таарсан тул и-мэйлээр хүлээн авч байсан. Тендерт хавсарган өгсөн бүх бичиг баримтууд тэдгээр компаниудын өөрсдийнх нь манайд ирүүлсэн бичиг баримт болно. Түүнчлэн тус мэдэгдэлд дурьдсан H, J компаниудтай бид олон жилийн турш гэрээ хэлэлцээрийн дагуу хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ асуудал үүсмэгц бид манайд ирүүлсэн бичиг баримтын үнэн зөв болох, Х ХХК-тай харилцаатай ажилладаг талаар тодорхойлж өгөх хүсэлт явуулж хариу авсан байгаа бөгөөд эдгээр бичиг баримтуудад хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. Харин мэдэгдэлд дурдсан Anhui Sunshine Stationarу компанийн ирүүлсэн бичиг баримтын үнэн зөв эсэхийг тодруулалгүй орхисон ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тодруулах бүрэн боломжтой. Гэрээ хуурамч эсэх тухайд тайлбарлахад тухайн үед БНХАУ-ын бүх компаниуд руу гэрээ хийж өгөх хүсэлт гаргасан. Хоёр компани хоёулаа манай компанийг өөрсдөө гэрээ бэлдээд ирүүлсэн тохиолдолд өөрсдийн мэдээллээ оруулаад тамгалаад буцааж өгөх боломж байгааг хэлсэн. Бид өөрсдөө Англи хэл дэр гэрээ бэлдэж явуулсан бөгөөд дээрх хоёр компани хүлээн авч шаардлагатай мэдээллүүдээ /байгууллагын нэр, хаяг, гарын үсэг зурж баталгаажуулах хүний нэр г.м/ оруулаад тамгалаад буцаан явуулсан байсан. Эхлээд байнгын харилцаатай ажилладаг H ХХК-д явуулж буцаан хүлээн авсан, дараа нь тэдний баталгаажуулсан гэрээг A компани руу явуулсан юм. A ХХК баталгаажуулж явуулахдаа H ХХК-ийн менежерийн нэрийг анзааралгүй үлдээж зөвхөн хариуцах хүний нэр гарын үсгийг зурж, тамгалж явуулсан байсан. Гэрээг хариуцах эзэн нь гарын үсгээ зурж байгууллагын тамга дарагдсан байгаа тул уг гэрээг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн тухайн үед Ковидын хуулийн дагуу тендерийн бараа нийлүүлэх чадвартай цөөхөн ААН-г онцын шаардлагагүй тохиолдолд шалгаж хүндрэл учруулахгүй байх тухай шийдвэр гарсан байсан, тэгээд ч бид энэ тендерийг нийлүүлээгүй тул ямар нэгэн хохирол учруулсан зүйл гараагүй.
-Х ХХК нь 2022 оны 11 дүгээр сард БШУЯ/ дугаартай Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ нийлүүлэх тендерийн 4-р багц XIII.1.3.10.4 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах тендерт оролцохдоо уг тендерийг Хятад улсын Guangzhou J******* Manufacturing компаниас нийлүүлэхээр санал болгосон. Бид тендерийн бичиг баримтын бүрдүүлэлтийн шаардлагын дагуу тус компаниас чанарын гэрчилгээнүүдээ явуулж өгөх хүсэлт тавьсан ба Guangzhou J******* Manufacturing компаниас ирүүлсэн гэрчилгээг тендерийн материалд хавсарган өгсөн юм. Guangzhou J******* Manufacturing компани нь манай компанитай худалдах, худалдан авах гэрээгээр олон жилийн турш хамтран ажиллаж байгаа, бид тус компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны эрхтэй. Мэдэгдэлд дурьдсан гэрчилгээ тухайн компаниас манайд ирүүлсэн гэрчилгээ бөгөөд хуурамч эсэхийг бид тогтоох боломжгүй тул энэ талаар тодруулахыг хүссэн хүсэлт явуулж, хариу хүлээн авсан байгаа. Тиймээс уг гэрчилгээг хуурамч гэдгийг нарийвчлан тогтоолгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Х ХХК нь 2023 оны 5-р сард ТХААГ/202305102 дугаартай Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, төв/ нийлүүлэх тендерт оролцсон ба тендерийн бичиг баримтын бүрдүүлэлтийн шаардлагын дагуу өмнөх ажлын туршлагын тодорхойлолтууд хавсаргах шаардлагатай болсон. Уг тодорхойлолтуудыг хөдөө орон нутгаас авах шаардлагатай байсан ч хугацаа давчуу, тодорхойлолт авах хүн нь зуны амралттай таарч утсаар холбогдож чадахгүй байсан шалтгаанаар манай ажилтан Т.Б нь өмнө авсан байсан тодорхойлолтын сарыг засч оруулсан байсан. Уг тодорхойлолт нь бидний нийлүүлсэн тендер хугацаандаа нийлүүлж дууссан бөгөөд нийлүүлэгдсэн бараа нь чанарын шаардлага хангасан болохыг тодорхойлсон, тендер нийлүүлсэн газраас манай компанид ирүүлсэн тодорхойлолт байсан. Түүнд тодорхойлолтын агуулга, үг, үсгийг өөрчилсөн болон өөр бусдад ноцтой хохирол учруулахуйц асуудалгүйн дээр урьд өмнө ийм алдаа гаргаж байгаагүй тул компанийн зүгээс тус ажилтанд хатуу анхааруулж цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авсан болно. Энэ асуудал үүсмэгц бид дээрх газарт холбогдон өмнө авсан тодорхойлолтуудыг дахин ирүүлэхийг хүссэнээр манай компанид ирүүлсэн байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Үндэслэл нь нэгдүгээрт улсын байцаагч дүгнэлт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Зөвхөн гомдол гаргасан мэдээлэлд үндэслээд үндэслэлгүйгээр нэхэмжлэл байгууллагыг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэлт гаргасан. Х ХХК олон жил тендерт оролцож байсан. Төрийн Худалдан авах ажиллагааны газраас тавьсан шаардлагын дагуу чанартай бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын үйлдвэрийн газруудтай хамтран ажиллаж нийлүүлж ирсэн. Х ХХК-ийн нэр бүхий компаниудтай байгуулсан гэрээний дагуу ирүүлсэн баримтуудыг хуурамч гэрчилгээ ирүүлсэн гэдэг байдлаар дүгнэлт хийсэн байгаа. Тухайн тендер зарласан цаг үе нь ковид-19 цар тахал гарсан үе байсан учраас компаниудтай цахимаар харилцаж холбогдох баримтуудыг тендерийн баримт бичигт хавсаргаж явуулсан. Нэр бүхий компаниудтай хамтран ажилладаггүй, бараа бүтээгдэхүүний сертификатыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн гэдэг байдлаар дүгнэлт хийснийг Х ХХК зөвшөөрөхгүй. Шүүхээс хилийн чанадад нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсны хүрээнд цугларсан баримтад Х ХХК-тай хамтын ажиллагаатай, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зөвшөөрөл олгосон гэхдээ цаашид хамтран ажиллаагүй гэдгээ тодорхой мэдэгдсэн байдаг. Бусад компаниудын хувьд Бүгд найрамдах Хятад ард улсын ардын дээд шүүх шүүгчийн захирамжийг тодорхой ойлгоогүй юм шиг байна лээ, шаардсан баримтуудыг гаргуулан ирүүлээгүй. Гэхдээ Х ХХК-ийн зүгээс яг энэ тендерийн баримт бичигт дурдагдсан 4 компани руу албан ёсоор хандаж хариуг авсан бөгөөд баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Эдгээр компаниудтай Х ХХК нь хамтын ажиллагаатай, холбогдох зөвшөөрлийг авсан, тендерийн баримт бичигт өгсөн гэрчилгээ хуурамч байх үндэслэлгүй. Дараагийн асуудал нь боловсрол, соёлын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцсон. Тендер бол хугацаа давчуу хийсэн ажлын туршлагаа тодорхойлох хэрэгцээ шаардлага гарсан. Х ХХК нь өмнө нь Архангай, Өвөрхангайд байдаг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах тендер нийлүүлсэн туршлагатай. Энэ талаар чанартай тендер нийлүүлсэн гэдэг хариу ирсэн. Үүн дээр бид огт хийгээгүй ажлаа хийсэн мэт баримт бүрдүүлж өгөөгүй. Х ХХК-ийн ажилтан байгууллагын тодорхойлолт дээрх огноог засан оруулсан зөрчил гарсан. Бид сонсох ажиллагааны хүрээнд мэдсэн анх удаа, ноцтой алдаа биш, тухайн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн. Тухайн тендерт манайх ялаагүй улсад хохирол учруулаагүй. Улсын байцааг илт худал мэдээлэл ирүүлсэн гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт гаргаснаас хойш хугацаанд тендерт оролцож чадахгүй эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Зүй нь улсын байцаагч бусдын нөлөөлөлд авталгүй ашиг сонирхлын зөрчилгүйгээр асуудалд бодитой хандсан бол Х ХХК тендерт өгсөн баримт бичгүүдийг үнэн зөв гэдгийг нотлох боломжтой байсан. Илт худал мэдээлэл гэдэгт нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа дутуу хийсний улмаас зөвхөн Г гэдэг компанийн гомдлыг үндэслээд дүгнэлт гаргаж болохгүй. Өрсөлдөгч компанийн мэдээлэлд үндэслэн, мэдээллийг бүрэн дүүрэн шалгаж дүгнэлгүйгээр дүгнэлт гаргасан тул маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХХК-тай холбоотойгоор Г ХХК болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирсэн албан бичгийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* хяналт шалгалт хийсний үндсэн дээр 114 дүгээр дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлттэй холбоотойгоор Х ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/11-03 тоот албан бичиг ирүүлснийг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8535 тоот албан бичгээр хянан шийдвэрлэж, улмаар Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шийдвэр гаргасан байна. Сангийн сайдын тушаал гарсан тухай тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 тоот албан бичгээр Х ХХК-д мэдэгдсэн байна. Х ХХК-тай холбоотойгоор дараах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нөхцөл үүссэн болохыг хяналт шалгалтын хүрээнд цугларсан баримт бичигт үндэслэн үндэслэлтэй дүгнэлт гаргасан байна. Үүнд:
-Э ТӨҮГ-аас зарласан Архивын нягтаршуулсан шүүгээ тендер шалгаруулалтад H Co.Ltd болон А Co.Ltd компаниудын бараа худалдан авах 2 гэрээнд худалдан авагчийг төлөөлж В гэх нэг хүн төлөөлж, монгол хэл дээрх баталгаат орчуулгад H******* Co.,Ltd компанийг төлөөлж А, А Со.Ltd компанийг төлөөлж Х төлөөлсөн нь илт худал, А Со.Ltd компанитай байгуулсан гэх гэрээний тамга нь Г компанийн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн А Со.Ltd компанийн тамганы дардаснаас зөрүүтэй.
-Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/-нийлүүлэх тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерт хавсаргасан Guanzhou jieguan western kitchen equipment factory үйлдвэрийн JO дугаартай чанарын гэрчилгээний хүчинтэй хугацаа нь тус үйлдвэрийн албан ёсны цахим хуудасны http://www. хаягт байгаа чанарын гэрчилгээнээс зөрүүтэй.
-Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Төв/ нийлүүлэх тендер шалгаруулалтад ирүүлсэн Архангай аймгийн МУАЖ Д.И нэрэмжит Хөгжимт драмын теарт-ын албан бичгийн хаягласан этгээд, огноо зөрүүтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичгийн хаягласан этгээд зөрүүтэй болох нь үнэлгээний хорооны тодруулгаар авсан баримт бичгээс зөрүүтэй ба уг баримт бичгийг засварлаж хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.4. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 онд Сангийн яамны Улсын ерөнхий байцаагчийн удирдамж гарсны дагуу хяналт, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Хяналт, шалгалтын ажиллагааны явцад Төрийн худалдан авах ажиллагааны газар, Эийн тендерт оролцсон өрсөлдөгч компанийн зүгээс хуурамч материал бүрдүүлсэн гэсэн утгатай бичгүүд ирсэн. Үүнд ашиг сонирхлын зөрчил гараагүй. Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу. Баримт бичгийн огноог засварласан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд ч авагдсан байгаа. Захиалагч талаас зарлан зохион байгуулж байгаа тендерт онууд заагаад гүйцэтгэсэн ажил захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ гэсэн хугацаатай заалт байгаа учир хугацааг тааруулж засварласан байж болзошгүй. Эдгээр асуудал үүссэн учраас Төрийн худалдан авах ажиллагааны газраас манайд хандсан. Бид албан бичиг засварласныг хуурамч баримт бичиг үйлдсэн гэдэг дүгнэлт гаргасан. Эээс зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцсон өрсөлдөгч компаниас нь Бүгд найрамдах Хятад ард улсын компаниас нийлүүлэх гэж байгаа үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, гэрчилгээ хуурамч байх магадлалтай. Гарын үсэг, тамга тэмдэг зөрсөн байна гэдэг санал хүсэлт ирүүлсэн. Өмнө нь ийм маргаантай холбоотой гомдлыг байцаагч хянан үзэж байсан. Би Хятад улс дахь компаниудтай холбогдож тодруулга авах боломжгүй байсан. Гарын үсэг тамга тэмдэг зөрүүтэй байсан гэдэг агуулгаар дүгнэлт гаргасан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр маргаан бүхий Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хариуцагч захиргааны албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
1. Х ХХК-ийг Э ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202101738 дугаартай Архивын нягтаршуулсан шүүгээ нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг Г ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/312-АВ тоот, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/186 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/248 тоот албан бичгүүдээр тус тус Сангийн яаманд хүргүүлжээ.
2. Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/ дугаартай Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ нийлүүлэх тендер шалгаруулалтын Багц 4 XIII.1.3.10.4 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах багц, XI.3.2 Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Төв/ нийлүүлэх тендер шалгаруулалтуудад Х ХХК оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А-1/2468, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/2899 тоот албан бичгүүдийг Сангийн яаманд хүргүүлжээ.
3. Дээрх гомдол мэдээллүүдийн үндсэн дээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 03 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6548 тоот албан бичгээр Х ХХК-д Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхийг мэдэгдсэний дагуу Х ХХК-ийг төлөөлж захирал Д.А нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сонсох ажиллагаанд оролцож, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23/09-193, 23/09-194, 23/09-195 тоот албан бичгээр тайлбарууд өгсөн байна.
4. Э ТӨҮГ-аас зарласан Архивын нягтаршуулсан шүүгээ нийлүүлэх тендер шалгаруулалт болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Боловсролын салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт-ын бичиг баримтын тухайд:
4.1. Улсын байцаагчаас Х ХХК-г Э ТӨҮГ-аас зарласан Архивын нягтаршуулсан шүүгээ нийлүүлэх тендер шалгаруулалт-ын бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө H******* Co.Ltd, А******* stationarу Сo.Ltd компаниудын Бараа худалдан авах хоёр гэрээнд худалдан авагчийг В гэх хүн төлөөлж, Монгол хэл дээрх баталгаат орчуулгад H******* Co.Ltd компанийг төлөөлж А, A******* stationarу Сo.Ltd компанийг төлөөлж Х гэсэн зөрүүг үүсгэсэн, A******* stationarу Сo.Ltd компанитай байгуулсан гэх гэрээний тамга нь Г компанийн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн A******* stationarу Сo.Ltd компаний тамганы дардаснаас зөрүүтэй тухай мэдээллийг тус тус үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоожээ.
4.2. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Боловсролын салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт-ын бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө Guanzhou J******* Manufacturing Co.Ltd компанийн гэх албан бичигт JO чанарын гэрчилгээний хүчинтэй хугацааны талаар тайлбар ирүүлээгүй, гэрчилгээ хуурамч эсэхийг тогтоох боломжгүй гэх тайлбар нь тендерт ирүүлсэн баримт бичгийг үйлдвэрлэгчийн цахим мэдээллийн системээс зөрүүтэй байгааг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзээд Х ХХК-г илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын саналыг үндэслэн тогтоожээ.
5. Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахад:
5.1. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/942 дугаар H******* Co.Ltd даалгаврын хариу гэсэн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн е/К02/09 дугаартай албан бичигт 2024 оны эхээр Л******* О ХХК-ийн ажилтан Ж Х ХХК-ийн үйлчлүүлэгчийг манай компани дээр авчирч, үйлдвэрийн бодимт байдалтай танилцуулсан. Манай компани Х ХХК-иас гаргасан бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийн баримт бичиг дээр тамга дарж, Х ХХК-ийг манай компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг хийх зөвшөөрлийн бичиг учраас манай компани албан ёсны тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн баримт бичгийн эх хувь, хуулбарыг хадгалаагүй гэж, харин бусад компаниудаас шалгалтын агуулга манайд хамааралгүй, шалгалтын явцад гарсан маргааныг мэдэхгүй, гадаад худалдаа экспортын аж ахуйн нэгж бөгөөд үйлдвэрлэгч бус аж ахуйн нэгж тул үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх боломжгүй гэх хариу ирүүлсэн.
5.2. Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/1691 дугаар A******* Stationary Co.Ltd-н даалгаврын хариу гэх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Шаньдун мужийн Д хотын ардын дунд шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд В групп компанийн ажилтан нь хүсэлтийг ойлгоогүй, шалгалтын агуулгад нь компани хамааралгүй, компани нь шалгалтын явцад гарсан маргааныг мэдэхгүй байгаа зэрэг үндэслэлээр Д хотын Ардын дунд шатны шүүхэд бичгээр хариу өгөхгүй гэдгээ мэдэгдсэн гэжээ.
5.3 Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05/1819 дугаар J******* Со.Ltd -н даалгаварын хариу гэх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Аньхуй мужийн Ч ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн тайлбарт Манай Аньхуй мужийн Ч ХХК нь гадаад худалдаа, экспортын аж ахуйн нэгж бөгөөд үйлдвэрлэгч бус аж ахуйн нэгж тул үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх боломжгүй гэжээ.
5.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн H******* Co.Ltd-н 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичигт Х ХХК нь 2012 оноос хойш манай Х ХХК-тай хамтран ажиллаж байна. Х ХХК нь манай бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд борлуулах албан ёсны борлуулагчийн эрх бүхий компани юм. Холбогдох чанарын баталгаа буюу гэрчилгээ, батламж болон тайлангууд нь тогтмол шинэчлэгддэг болохыг үүгээр баталгаажуулж байна гэжээ.
5.5. Мөн Guangzhou J******* Manifacturing Co.,Ltd-н 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үйлдвэрлэгчийн баталгаа гэх албан бичигт Бид Г******* Барууны Гал тогооны тоног төхөөрөмжийн үйлдвэр нь 2017 оноос хойш Х ХХК-тай хамтран ажиллаж ирсэн. Энэхүү Х ХХК нь манай бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд албан ёсны эрх бүхий борлуулагч компани, манай бүтээгдэхүүнүүд нь жил бүр шинэчлэгддэг бөгөөд шинэ бүтээгдэхүүн гаргах бүрт холбогдох чанарын гэрчилгээ, тайланг шинэчилж баталгааждаг болохыг уг албан бичгээр баталгаажуулж байна гэжээ.
5.6. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл улсын байцаагчийн хяналт шалгалтын баримтууд нь маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон бичиг баримтуудыг хуурамч гэж дүгнэхдээ нотлох баримтыг бүрэн цуглуулж нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.
6. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Төв/ нийлүүлэх тендер шалгаруулалтын бичиг баримтын тухайд:
6.1. Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Төв/ нийлүүлэх тендер шалгаруулалтад Архангай аймгийн Хөгжимт драмын театрын Монгол Улсын Боловсролын Их Сургуульд гэж хаягласан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тодорхойлолтын хаягласан этгээдийг Эрүүл мэндийн яаманд гэж огноог нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэж өөрчлөн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрүүл мэндийн яаманд гэж хаягласан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2в/445 тоот албан бичгийн хаягласан этгээдийг Х ХХК-д гэж өөрчлөн хүргүүлжээ.
6.2. Х ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23/09-195 тоот албан бичигт ...Уг тодорхойлолт нь бидний нийлүүлсэн тендер хугацаандаа нийлүүлж дууссан бөгөөд нийлүүлэгдсэн бараа нь чанарын шаардлага хангасан болохыг тодорхойлсон, тендер нийлүүлсэн газраас манай компанид ирүүлсэн тодорхойлолт байсан. Түүнд тодорхойлолтын агуулга, үг, үсгийг өөрчилсөн болон өөр бусад ноцтой хохирол учруулахуйц асуудалгүйн дээр урьд өмнө нь ийм алдаа гаргаж байгаагүй тул компанийн зүгээс тус ажилтанд хатуу анхааруулж цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авсан болно...гэж тайлбар хүргүүлсэн байна.
6.3. Улсын байцаагчаас тендер бэлтгэсэн ажилтны буруутай гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба холбогдох эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендертэй холбоотой хариуцлагыг компани хүлээх үндэслэлтэй гэж үзээд хариуцагчаас Х ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын саналыг үндэслэн тогтоожээ.
7. Улсын байцаагчаас дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Х ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дах заалтад заасан буюу 14.1.6. илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нөхцөл үүссэн болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1. дэх заалтыг тус тус үндэслэн Х ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
8. Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг хавсралтаар баталжээ. Тус хавсралтын 55-т Х ХХК /РД:/-г илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан болохыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар албан бичгээр Х ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ.
9. Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйл 56.5-д Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана 56.5.2-т энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн гэж худал мэдээлэл бүхий тендерт хамаарах үндэслэлийг хуульчилсан байна.
10. Маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр дүгнэлт нь одоогийн мөрдөгдөж буй хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж зааснаар, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно гэж тус тус зааснаар илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна.
11. Учир нь улсын байцаагчийн зөрүүтэй гэж үзсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдүүдийн бичиг баримтын зөрүү нь шүүхийн ажиллагаагаар тогтоогдоогүй, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн үлдэх хэсгийг илт худал мэдээлэл гэж үзэх эсэх нь хариуцагчийн бүрэн эрх тул дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаанд маргаан бүхий дүгнэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.1-т заасныг тус тус баримтлан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 114 дүгээр дүгнэлт хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х" ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА