Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01347

 

2021.09.01 №01347 Магадлал

 

Б.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/00917 дугаар шийдвэртэй

Б.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Н.Цогт, Б.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О Ж ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн төслийн 6В төсөлд Зардлын ахлах хянагчаар ажилд орсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус компанийн Гүнийн уурхайн материалыг гарган нийлүүлэх системийн угсралтын ЗА төсөлд мөн зардлын ахлах хянагчаар шилжин ажиллаж байсан. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр компанийн хүний нөөцийн мэргэжилтнээс "....компани сул зогсолт зарлаж байгаа учраас та одоогоор гэртээ харьж бай.. гэж хэлсэн. Үүний дараа миний цахим шуудангийн хаягаар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлын Сул зогсолт зарлах тухай албан мэдэгдлийг ирүүлсэн. Ажил олгогч 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг надад өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа ажилчдыг хүлээн авч уулзсан уулзалтад би оролцоогүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр надад өгсөн. Ажил олгогч миний ажлын байрны орон тоо хасагдсан гэж намайг ажлаас халсан боловч миний ажлын байр хасагдаагүй. Миний ажлыг Батаа гэх хүн хийж байгаа. Нөгөөтээгүүр 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн GCR-0-20-B/737 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.18, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан гэж мэдэгдэлдээ дурдсан боловч тушаалдаа зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсон гэж дурдсан байх бөгөөд орон тоо хассан, цөөрүүлсэн аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн Б.О миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд дурдагдсан Босоо ам 3 болон босоо ам 4-ийн нэвтрэлт төслийн зохион байгуулалт, бүтцэд орж ажиллаагүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Гүнийн уурхайн материалыг гарган нийлүүлэх системийн угсралтын төсөлд ЗА төсөлд шилжин ажиллаж байсан ба тухайн төсөл өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байгаа, миний ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр хууль зүйн үндэсгүй тул Зардлын ахлах хянагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчимэг, Б.Мөнхзолбоо нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани нь Оюун толгой компанийн далд уурхайн бүтцийн батлалтын төслийн ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажилдаг. Б.О нь хариуцагч компанид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зардлын ахлагч хянагчаар ажилласан. Энэ хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сараас ажлаас халагдах хүртэл ажлын байранд тодорхойлолт чиг үүрэгт огт өөрчлөлт ороогүй, ахлах хянагч гэдэг нь тухайн төслийн төсөв зардал, зарцуулалтыг удирдаж төсөв зардалд дүн шинжилгээ хийж, хяналт тавьдаг. Манай компани үйл ажиллагаа явуулж, барилгын ажлыг хийгээд явж байх үед дэлхийг хамарсан ковид-19 цар тахал гарсан. Хэдийгээр манай улсад орж ирээгүй байсан боловч үүнтэй холбоотой хөл хорио, арга хэмжээнүүдийг засгийн газар авч хэрэгжүүлсэнтэй холбоотой манай ажил удааширч, цаашид үргэлжлүүлж гэрээнийхээ үүргийг биелүүлэх боломжгүй болсон. Манайх гүйцэтгэлээрээ гэрээний дагуу ажлын хөлсөө авдаг, мөнгө нь орж ирэхгүй хүндрэл үүсч, төсөл зогссон улмаас ажилчдаа эхний ээлжид сул зогсолтод оруулж хүлээж байсан боловч нөхцөл байдал дээрдээгүй. Бүтээн байгуулалтын төсөл өндөр цалинтай учир цалингийн зардал өндөр болж компани өөрөө дампуурахад хүрэх гэж байсан учраас эхний ээлжид 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цөөхөн ажилчдыг халсан. Нөхцөл байдал хэвээр байсан учир мөн оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэмж ажилчдаа халсан нийт 500 гаруй ажилчдыг ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр компанид санхүүгийн асуудал хүндрэлтэй байсан ч бүх ажилчдаа 45 хоногийн өмнө мэдэгдэж, тэтгэмжийг зохих ёсоор өгсөн. Б.О төсөв гаргадаг, хэрэгжсэн төслийнхөө зардлыг хянаж тайлангаа тайлагнадаг учир тэр асуудал нь багасаж ирсэн. Анх 2019 оны 12 дугаар сарын байдлаар зардлын ахлах хянагчаар 3 ажилтантай явж байгаад ажил зогсоод эхлэхээр 3 сард зардлын ахлах хянагч ажилтнаа 2 болгож, 4 сард ахиж багасгаад зардлын ахлах хянагчийг 1 болгосон. Нэхэмжлэгчийн хувьд өөрийнхөн оронд өөр хүн авсан гэж ярьж байгаа боловч ийм зүйл байхгүй. Манайх 1140 гаруй ажилчинтай байж байгаад 600 гаруй ажилтантай болсон. Төсөл хэрэгжихгүй, хэрэгжүүлж байгаа төсөл байхгүй учраас олон зардлын ахлах хянагч байх шаардлагагүй болсон. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох мэдэгдлийг хүлээн авсан, уг мэдэгдлийг компани мэдэгдсэн. Мөн гэрээ дуусгавар болох мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад явсан. Одоо үндэслэлгүй халагдсан гэж ярьж байна. Нөхцөл байдал нь тодорхой бодит шалтгааны улмаас хийгдсэн арга хэмжээ. Тушаал тогтоолыг эрх бүхий этгээдээс гаргасан, ТУЗ-аас бүтцийг баталдаг гэвч тухайн үед ойр ойрхон шийдвэрлэх шаардлагатай учир хариуцаж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Сайханых овогт Бадамгаравын Оийг Ж ХХК-ийн зардлын ахлах хянагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж ХХК-иас Б.Огийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 83 913 291 /наян гурван сая есөн зуун арван гурав хоёр зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ж ХХК-нд даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж ХХК Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 577 516 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Ж ХХК нь Өмнөговь аймагт байрлах Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд гэрээт туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Нэхэмжлэгч Б.О нь тус компанид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Зардлын ахлах хянагч-ийн ажлыг эрхэлж байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улс болон гадаадын бусад улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлсэн нь дээрх төслийн үйл ажиллагаанд болон манай компанийн санхүү, бизнесийн нөхцөл байдалд хүндрэл учруулах болсон. Иймд, үүссэн нөхцөл байдалд тааруулан манай компани хийх боломжтой бага хэмжээний ажилдаа төвлөрч, нэн шаардлагатайгаас бусад бүх ажилтнуудыг уурхайн талбайгаас буцааж, сул зогсолтод хамруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг ажлыг үе шаттайгаар авахаас өөр аргагүй болсон байдаг. Улмаар компанийн ТУЗ-аас эрх олгосны дагуу гүйцэтгэх захирлаас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр GCR-0-20-A/004 тоот шийдвэрээр өмнө нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан сул орон тоог хасах, цөөн тооны ажлын байрыг төслийн бүтцээс цөөрүүлэх, хасахаар шийдвэрлэсэн. Үүний дунд нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан Зардлын ахлах хянагч ажлын байрны гүйцэтгэдэг төслийн төсөв, зардлын зарцуулалтыг удирдах, төслийн төсөв, зардалд хяналт тавих, дүн шинжилгээ хийх зэрэг ажил огцом багасаж өмнөх бүрэлдэхүүнээр ажиллуулах, ижил хэмжээний цалингийн зардал гаргах боломжгүй болсныг харгалзан тус ажлын байрны орон тоо 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн байдаг. Ийнхүү компаниас орон тооны цомхтголоор халагдах болсон ажилчин нэг бүртэй биечлэн уулзаж, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг 2020 оны 3 дугаар сард багтаан хүргүүлсэн. Б.Отэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүнд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 9 цагийн үед хүний нөөцийн менежер Б.Баасансүрэн биечлэн уулзаж танилцуулсан байдаг. Тухайн үед Б.О мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан боловч өөрт нь ажлаас халагдсаны тэтгэмжид хэдэн төгрөг олгогдох талаар тооцооллыг и-мэйлээр ирүүлэхийг хүссэн байдаг. Улмаар уулзалтын дараа компанийн нягтлан бодогч Ц.Алтангэрэл болон хүний нөөцийн менежер Б.Баасансүрэн нартай ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээ, тооцооллын талаар хэд хэдэн и-мэйл солилцсон байдаг. Үүнээс хойш Б.О, Б.Баасансүрэн нар хоёр ч удаа биечлэн уулзсаны эцэст нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдлийг хүлээн авсан тухай гарын үсэг зурснаас гадна ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээ, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацаа зэргийг зохицуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай GCR-HR-TPL-G-019 тоот гэрээг компанитай байгуулсан. Уг гэрээний 2.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн тухай үйл баримтыг тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Компанийн зүгээс Б.Од 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш 45 хоногийн дараа буюу мөн оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 45 хоногийн цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгон Хөдөлмөрийн хууль тогтоомжид үндэслэл, журмыг баримтлан түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Б.О нь түүнийг ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй гэж маргаж, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчийг бодит үндэслэл, шалтгааны улмаас хуульд заасан журмыг баримтлан 45 хоногийн өмнө мэдэгдэж, зохих тэтгэмжийг олгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар удаа дараа амаар болон бичгээр тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч нь харин энэ талаар бүтэн 10 сар орчим үргэлжилсэн шүүхийн ажиллагааны явцад огт маргаж үгүйсгэж байгаагүй атлаа шүүх хуралдаан завсарлахын өмнө шүүгчийн асуултад мэдэгдлийг ердөө 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан гэж бодит үнэнийг гуйвуулж хариулсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэржаргал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол улс болон Оюутолгой ХХК-аас авч хэрэгжүүлсэн хориг, хязгаарлалтын арга хэмжээ Компанийн төслийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснийг нотлох зорилгоор Компанийн гэрээ хариуцсан менежер Майкл Райны и-мэйлд, түүнчлэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлсэн тухай үйл баримтыг нотлох зорилгоор нягтлан бодогч Ц.Алтангэрэл, хүний нөөцийн менежер Б.Баасансүрэн нарын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэхэмжлэгчтэй харилцсан и-мэйлүүдэд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хангаагүй. Тодруулбал, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, уг хүсэлтийг хавтаст хэрэгт авч үлдэхгүйгээр өөрт нь буцааж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаа гаргасан байдаг. Ийнхүү шүүх нь хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ч тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаа гарган нэхэмжлэгчийн оргүй худал тайлбарт үндэслэн хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийг надад өгөөгүй, энэ талаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нийт ажилчидтай уулзсан уулзалтад би оролцоогүй, орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн аль нь болох нь тодорхойгүй, миний ажлын байр хадгалагдаж, одоо өөр хүн ажиллаж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй... гэж тайлбарласан байна /хх5, 117/

 

Хариуцагч талаас ...нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 3 ажилтан гүйцэтгэж байсан бол одоо 1 ажилтан гүйцэтгэж байгаа, ажил олгогч орон тоо хасаагүй, орон тоог цөөрүүлсэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нийт ажилчидтай уулзсан уулзалтад нэхэмжлэгч Б.О ирээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурж, хүлээж авсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ажил олгогч хуульд заасан хугацаанд мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай GCR-0-20-Б/737 тоот тушаалаар Оюутолгойн далд уурхайн Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлт төслийн зохион байгуулалт орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор зардлын ахлах хянагч албан тушаалтай Бадамгарав овогтой Отэй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн GCR-19-А/010, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-20-А/004 тоот Компанийн зохион байгуулалт бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалууд, мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн GCR-0-20-А/005 Компанийн зохион байгуулалт, бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалууд гарч, Оюу толгойн далд уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, ажлын цар хүрээ багассантай холбогдуулан зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсон, ...GCR-0-20-А/004 тоот тушаалын хавсралтаар зардлын ахлах хянагч 2, /экспат(гадаадаас ажиллах)-1/ орон тоотой байхаар баталсан үйл баримт тогтоогджээ. /хх.93,108,117/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийг хүлээдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас ...ажил олгогч намайг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч орон тоо хасагдсан, эсхүл цөөрсөний аль нь болох нь тодорхойгүй байна гэж, хариуцагч байгууллага ...нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 3 ажилтан гүйцэтгэж байсан бол одоо 1 ажилтан гүйцэтгэж байгаа, орон тоо хасаагүй, орон тоог цөөрүүлсэн гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан боловч орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг тус тус ойлгох юм.

Харин ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлж байгаа тохиолдолд ямар шалгуур үзүүлэлтээр ажилтаныг ажлын байранд нь үлдээж байгаа, нэхэмжлэгч Б.Ог ямар үндэслэлээр ажлаас халсан болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ог тухайн ажил, албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн түүнчлэн, хэргийн 30 дугаар талд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ авагдсан, уг гэрээнд ...Б.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 45 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгоно, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдөр хүртэлх ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ба ажилтан нь гэрээний 2.1-т заасан хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаа орхих эрхтэй, ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг ажил олгогч зохих журмын дагуу тооцож олгох зэрэг асуудлыг тусгажээ. Уг гэрээнд Б.О 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, ажил олгогчийг төлөөлж хариуцагч компанийн хүний нөөцийн менежер 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус, тус гарын үсэг зурсан байна. /хх.30/ Уг бичгийн баримтыг агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг зөвшөөрсөн гэхээс илүүтэйгээр ажил олгогчоос гэрээ цуцлахыг мэдэгдсэн агуулгатай гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт хариуцагч Ж ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн GCRM-L-20-262 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг авагдсан. Уг мэдэгдлийг баримт гэж үзэхээргүй, гарын үсгээр баталгаажаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдлийг авсан талаар дурдсан боловч шүүх хуралдааны явцад ажил олгогч мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу ажилтанд хүргээгүй гэсэн агуулгаар мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Ог Ж ХХК-ийн Зардлын ахлах хянагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 577 516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО