| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0117/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Мөнхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 120
2018 01 30 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч О.Мөнхцэцэг,
шүүгдэгч Н.А.с.лан, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц- Уул овогт Н.мэгийн А.с.ланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0246 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагаан уул овогт Н.мэгийн А.с.лан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Н.А.с.лан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө схд зочид буудалд Ч.О.яр нь Н.Б.р-Э.этэй маргалдах үед тэдгээрийг салгаж, маргааныг таслан зогсоохдоо хохирогч Ч.О.ярыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун зулай, чамархай, доош суурь яс, чихний суваг хөхлөг, сэртэн дайрсан шугаман хугарал, хатуу хальс дээрх цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А.с.лан мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.О.ярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би ... “Фүүчир холдинг” ХХК-с цалингаа бодуулж нийт 290.000 төгрөгний цалин авсан. ...манай ажлынх нь бүгд цалингаа авчихаад хоолонд ороод 12 цагийн үед тарсан. ...Би Эрд.ватай “Драгон”-ны гар утасны худалдаан дээр ирээд утас сонирхоод явж байтал манай ажлын залуу Н.А.с.лан 13 цаг үеийн залгаад 5 шарын хажууд байдаг “Их баян” пабад сууж байна хүрээд ир гэхээр нь би яваад очиход...манай ажлын газрынх нь бөөнөөрөө архи уусан байдалтай байсан. Би пабад ороод 100 грамм архи, 1 шил пиво уусан. Тэндээсээ гараад Н.А.с.лан, Ок-рь, М.ч.г бид дөрөв...21 дүгээр хороололд караокед орж...нэг шил 0.75 литрийн “Сархад” архи, хүний нэг нэг шил пиво аваад...дуулсан. Караокеноос бид дөрөв гараад...дахин нэг пабад орж суусан. Тухайн үед би маш их согтолттой байсан учир хаана орсныг нь санахгүй байна. Пабаас гараад Депогийн буудлын зүүн талд байх “W” нэртэй буудалд нэг өрөө аваад сууж байсан чинь Н.А.с.лан “манай найз ирж байгаа, би гараад аваад ороод ирье” гээд гараад орж ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авч ирсэн. Бид нар найз Н.Б.р-Э.этэй нь танилцаад, авсан архиа тойргоор ууж байсан. Тэгэхээр нь би “Хараа” архи уухгүй гэсэн чинь Н.А.с.лан “Хараа архи уудаггүй ямар том юм бэ” гэх мэт зүйл яриад бид хоёр маргалдсан. Би Н.Б.р-Э.э, Н.А.с.лан нартай түлхэлцээд, маргалдаж байснаа санаж байна. Тэгтэл Н.А.с.лан намайг нэг удаа хүчтэй түлхсэн чинь би хана мөргөөд ухаан алдчихсан байх. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон байсан. Өглөө сэрхэд М.ч.г, Н.А.с.лан, Н.Б.р-Э.э, Н.А.с.лангийн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй найз ирчихсэн. Ок-рь явчихсан байсан. Тэгээд сэрэхэд миний толгой маш их хатгаж өвдөж байсан. ...Би буудлаас гараад шууд 1 дүгээр хороолол орж найз Х.өөгийнд очоод нэг толгой барьдаг хүнээр толгойгоо бариулаад тэндээ хоносон. Маргааш нь гэртээ хоноод нөгөөдөр нь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд найз охин төрчихсөн болохоор хүүхэд дээрээ очсон. Тэндээ 3-4 хоносон ба тэр өдрүүдэд миний толгой маш их өвдсөн. Бүүр болохгүй байхаар нь хот ороод ГССҮТ-д ирж үзүүлтэл миний толгойны зураг аваад яаралтай хагалгаанд ор гээд тэр дороо хагалгаанд орсон. Миний толгойд маш их цус хурсан байна гэж эмч хэлсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
“...Буудалд ороход Н.А.с.лан би нэг найзыгаа дуудчихлаа гэсэн бөгөөд удалгүй түүний найз Н.Б.р-Э.э ирсэн. Н.Б.р-Э.э гаднаас ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа” архитай ирсэн ба архийг нь Н.А.с.лан тойруулаад аягалж байгаад надад өгөхөөр нь би “Хараа архи уудаггүй юм” гэсэн чинь Н.Б.р-Э.э “чи миний авч өгсөн архийг голлоо, ямар том юм бэ” гэж хэлэхээр нь би “нилээд муудчихлаа архи уумааргүй байна” гэж хэлсэн. Тэгээд түүнээс болж бид хоёр маргалдсан бөгөөд тэр үед орон дээр унтаж байсан М.ч.г босч ирээд “намайг чимээгүй бай” гэхээр нь би уурлаад “чамд ямар хамаатай юм чи өөрөө дуугүй бай” гэж хэлтэл хажуунаас Н.Б.р-Э.э босч ирээд намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Б.р-Э.нийг заамдтал Н.А.с.лан босч ирээд бид хоёрын дундуур ороод бид хоёрыг хоёр тийш нь түлхсэн. Н.А.с.лан миний цээж рүү хоёр гараараа нэг удаа хүчтэй түлхсэн. Би тухайн үед халамцуу байсан учраас хөл дээрээ сайн тогтож чадалгүй арагшаа савж орон дээр унахдаа толгойн орой хэсгээрээ хана мөргөөд уначихсан юм...би буудалд орохоосоо өмнө ямар нэг хүнтэй маргалдаж муудалцаагүй. Миний биед учирсан гэмтлийг Н.Б.р-Э.э бид хоёрыг маргалдаад нэгнийгээ заамдах үед Н.А.с.лан хажуунаас салгаад миний цээж рүү түлхэхэд нь би хана мөргөөд унасан. Тэр үед миний толгой их өвдсөн бөгөөд миний толгойд учирсан гэмтлийн Н.А.с.лан учруулсан....миний эмчилгээнд 1.871.914 төгрөгний зардал гарсан бөгөөд уг зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 19),
2. Насанд хүрээгүй гэрч Н.Б.р-Э.нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед манай найз Н.А.с.лан над руу утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хорооллын автобусны буудал дээр хүрээд ирээч гэхээр яваад очиход Н.А.с.лан ажлынхаа хоёр залуу нэг эмэгтэйтэй хүний хамт согтуу байцгааж байсан. Бид нар хамтдаа Депогийн автобусны буудлын хажууд байх “W” нэртэй зочид буудлын нэг давхарт хоёр өрөө авсан. Тэгээд Н.А.с.лангийн ажлын газрын залуу гэх Ч.О.яр бүгдээрээ ганц юм ууя гэж хэлээд Борхүү бид хоёрыг дэлгүүр явуулсан. Дэлгүүрээс Н.А.с.лан бид хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад бид нар хамт ууцгаасан. Тэгээд архиа тойруулаад ууж байтал Ч.О.яр гэх залуу хамт явсан эмэгтэйрүүгээ “янхан, гичий, архичин” гэх мэтээр доромжлоод ёвроод түлхээд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь босч ирээд Ч.О.яртай хэрэлдээд байсан. Би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ” гэж хэлтэл Ч.О.яр над руу дайраад “хоёулаа гарч нэглье” гээд байсан. Тэгэхээр нь би чи ингэж байвал тэгье гэж хэлээд гарах гэтэл Н.А.с.лан босч ирээд намайг “чи яагаад манай ажлын газрын хүнтэй маргах гээд байгаа юм бэ” гэж хэлээд сандал руу түлхсэн. Тэгтэл Ч.О.яр нь Н.А.с.лан руу томроод “хоёулаа гарах юм уу” гээд давшлаад байсан. Тэгтэл Н.А.с.лан “хоорондоо маргалдаж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Ч.О.ярыг түлхэхэд тэрээр орон дээр унахдаа хана мөргөчихсөн юм. ...өглөө босоход Ч.О.яр толгой өвдөөд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
3. Гэрч Б.М.ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Буудалд орохын өмнө Н.А.с.лан найз Н.Б.р-Э.нийг дуудаж авчирсан бөгөөд Н.Б.р-Э.э дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авсан байсан. ...Би архинаас нь амсалгүйгээр буудлын баруун талын орон дээр нь хэвтсэн. Тэгтэл удалгүй тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь би сэрээд “юундаа маргалдаад байгаа юм бэ? би унтмаар байна” гэсэн чинь Ч.О.яр “чи муу дуугүй бай, гичий, янхан минь” гэж хэлэхэд Н.Б.р-Э.э намайг өмөөрөөд “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд Ч.О.яртай маргалдаж тэр хоёр заамдалцаад авсан. Тэр үед Н.А.с.лан дундуур нь орж салгаад хоёуланг нь хоёр тийш түлхсэн бөгөөд Ч.О.яр орон дээр хана мөргөөд унах шиг болсон. Харин Н.Б.р-Э.э сандал дээрээ буцаад суусан. Би тэр үед нилээн согтчихсон байсан болохоор буцаад унтсан....Ч.О.яр өглөө сэрээд буудалд байхдаа “миний толгой өвдөөд байна яачихсан юм бол” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 29),
4. Гэрч А.Ок-рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Депогийн хажууд байдаг “W” нэртэй буудал руу явж байхад Н.А.с.лан найз Н.Б.р-Э.нийг дуудсан бөгөөд Н.Б.р-Э.э дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авсан. Тэгээд бид нар буудалд орж архиа ууцгаасан бөгөөд баруун талын орон дээр М.ч.г хэвтсэн, би тэр орны хөлд суугаад Н.Б.р-Э.э, Ч.О.яр хоёр зүүн талынх нь орон дээр суусан. Харин Н.А.с.лан ширээний урд сандал дээр суугаад архи аягалж байсан бөгөөд Н.А.с.лан бид хоёрыг хоорондоо юм яриад сууж байхад Н.Б.р-Э.э, Ч.О.яр хоорондоо маргалдсан. Би тэр үедээ яг юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Сүүлд тэр хоёрыг архинаас болж маргалдсаныг мэдсэн. Тэр хоёрыг маргалдаж байхад М.ч.г босч ирээд “та нар болиоч хүн унтуулахгүй” гэж хэлтэл Ч.О.яр “гичий минь чи дуугүй бай, чи янхан биз дээ” гэж хэлэхэд Н.Б.р-Э.э уурлаад “чи эмэгтэй хүнийг ингэж хэлээд байхдаа яадаг юм” гэж М.ч.гийг өмөөрөөд Ч.О.яртай муудалцсан. Тэгээд тэр хоёр заамдалцаад гарах гэж байхад Н.А.с.лан “та хоёр одоо боль” гэж хэлээд салгангуутаа хоёуланг нь нэг нэгээр нь хоёр тийш түлхсэн чинь Ч.О.яр орон дээр толгойгоороо хана мөргөөд унасан. ...Түүнээс хойш дахиж ямар нэг маргаан болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),
5. Гэрч О.Х.өөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08-09 цагийн үед Ч.О.яр над руу залгаад “чи гэртээ байна уу, би яваад очъё ажлынхаа 3 хүнтэй хамт архи ууж хоноод зодуулсан юм шиг байна, хөл доголоод толгойн зүүн талаар хүчтэй өвдөж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.О.ярыг манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд нэг их удалгүй ирсэн. ...Тэр өдрөө Ч.О.яр манай гэрт толгой өвдөөд байна, би унтлаа гээд унтсан. Манайд нэг хоночихоод 1 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Болормаа, Ч.О.яр бид гурав 25 дугаар эмийн сангийн хойно бариачид очиж бариулаад манайд ирж хоносон. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ч.О.яр гэртээ харьж хувцсаа солиод Сүхбаатар аймаг явна гээд манайхаас гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),
“...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр...Ч.О.яр манайд ирснээ “би өчигдөр ажлынхаа газрын хүмүүстэй архи ууж хоносон юм, тэгсэн чинь манай ажлын Н.Б.р-Э.э гэдэг залуу над руу дайраад хажуунаас Н.А.с.лан нь намайг түлхэж унагаагаад хана мөргүүлснийг санаж байна, тэрнээс хойш юм санахгүй байна, одоо толгой аймаар өвдөж байна” гэхээр нь би “чи тэгвэл шартчихсан юм байгаа биз” гэж хэлээд бантан хийж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 36),
6. Гэрч Г.Б.агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр манай ажил дээр танихгүй хоёр залуу ирээд Ч.О.яр гэх залуу нь эгчээ би өчигдөр цалин буугаад ажлынхантайгаа шоудсан юм. Тэгээд би толгойгоороо хана мөргөж унаснаа санаж байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тархи хөдөлсөн байна уу, та үзээд өгөөч гэхэд нь би толгойг нь барьж үзэхэд тархи нь нилээн доргисон байхаар нь чи гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлчихээд гайгүй бол маргааш эгч дээрээ хүрээд ир гэж хэлээд явуулсан. Тэр үед Ч.О.ярын биеийн байдал хүнд буюу хөл дээрээ тогтох чадвар муутай байсан бөгөөд өөрөө хэлэхдээ юм харахаар хол ойр харагдаад, толгой дайвалзаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
7. Гэрч П.Ц.эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “W” нэртэй зочид буудалд 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед үл таних 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Ч.О.яр, Н.А.с.лан, Ок-рь, Н.Б.р-Э.э, М.ч.г нар орсон. Тэд нар орж ирэхдээ архи ууцгаасан нилээн согтуу байцгаасан. Харин Н.Б.р-Э.э нь бол эрүүл байсан. Буудалд Ч.О.яр нь өөрийнхөө бичиг баримтыг бүртгүүлж орсон бөгөөд тооцоогоо бүгдээрээ нийлж хийсэн. Тэд нар манай буудлын 06 дугаарын өрөөнд орсон бөгөөд нэг их удалгүй 20 цагийн орчим Ок-рь гэдэг залуу нь гарч яваад эргэж ирээгүй. ...Тэдний авсан өрөө манай текний хажууд байдаг бөгөөд тэд нар өрөөнд орсныхоо дараа хоорондоо зодолдох ямар нэгэн чимээ гараагүй. Зодоон болсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 38),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1820 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Толгойд цэвэр боолттой, баруун зовхи зүүнтэй харьцуулахад завсар бага зэрэг нарийссан. ГССҮТ-н №00161 тоот өвчний түүхээс:...түүх нээсэн 2017.01.13...хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө, эргэнэ. Үзлэгт биеийн байдал хүндэвтэр ...Хэсэг газрын үзлэгт: Хүүхэн хараа баруун талд өргөссөн, гэрлийн урвалтай....2017.01.13-ны ГССҮТ-н толгойн КТГ-д: баруун чамархайгаас доош суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан шугаман хугаралтай...баруун чамархайд зулайд 3.2см зузаан, 8.3см урт 8.1см өндөртэй +64 эпидураль цус хуралттай. Тархины эд дарагдалтай, хавантай, ...гол бүрдэл зүүн тийш 1см шилжсэн. 2017.01.13-ны мэс заслын тэмдэглэлд: Баруун чамархайн булчинд хөхрөлт няцралтай, зулайгаас чамархай руу үргэлжилсэн хугаралтай, ....хатуу хальсны дээрх зайд өтгөн хөр хүрэн өнгийн нөж байсныг авав...ДҮГНЭЛТ
1. Ч.О.ярын биед баруун зулай, чамархай, доош сууриас, чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугам хугарал, хатуу хальс дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоо журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),
- Шинжээч Б.Га.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.О.ярын биед учирсан гэмтэл хамгийн багадаа нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Толгойн баруун талд хүч үйлчилснээр дээрх гэмтэл үүсэх боломжтой. Хана мөргөх, цохигдох аль алинд үүсч болно. Дээрх гэмтлийн авсан хүн цус алдаж байгаа эх үүсвэр болох тараагуур судасны хэмжээнээс хамаарч тархи дарагдах хүртэл саруул ухаантай байх боломжтой. Хатуу хальсан дээрх цусан хураа нь нэмэгдсэнээр тархийг дарж улмаар биеийн байдал муудаж тархины эмгэгийн ерөнхий шинж үүсч толгой өвдөх, эргэх бөөлжих, даралт ихсэх, цаашдаа унаж татах, ухаан алдах хүртэл илрэх ба энэ нь хэдэн цаг ба хэдэн хоног хүртэл үргэлжилж болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 47),
9. Шүүгдэгч Н.А.с.лангийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай компани цалин буугаад 5 шард байдаг ресторанд орсон. Тэгээд тэндээсээ гараад манай ажлын М.ч.г, Ок-рь, Ч.О.яр бид дөрөв 21 дүгээр хороололд байдаг караокед орж 1 шил 0.75 литрийн архи, хүний 2 пиво уусан. Тэндээсээ гараад дахин нийтийн караокед орох хүн байхгүй болохоор нь буудалд орж уухаар болсон. Буудалд орохоосоо өмнө би өөрийн найз Б.р-Э.нийг дуудсан бөгөөд Н.Б.р-Э.э удалгүй ирсэн. Тэгээд Н.Б.р-Э.э дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад “W” нэртэй буудалд орсон бөгөөд буудлын өрөөнд архиа хувааж ууж байхад М.ч.г орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл Н.Б.р-Э.э, Ч.О.яр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Би тэр үед Ок-рьтай юм яриад сууж байсан болохоор юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Тэгээд Н.Б.р-Э.э, Ч.О.яр нар босч ирээд нэгийгээ заамдахаар нь би салгаад хоёуланг нь хоёр тийшээ түлхэхэд Н.Б.р-Э.э газар унаад, Ч.О.яр орон дээр унахдаа толгойгоороо хана мөргөчихсөн бөгөөд “яая толгой, толгой” гээд байсан. Тэгээд Ч.О.яр босч ирээд хэсэг сууж байснаа орон дээр хэвтээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103, 104),
- Нас тоолсон тухай тэмдэглэл “Н.мэгийн Н.А.с.лан нь...2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 17 нас 4 хоногтой байсан байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 52)
10. Хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 00161 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 61-70), хохирол, гэм хорын баримт (хавтаст хэргийн 72-99),
- Шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 183, 53, 116), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 178, 180, 186-193), өсвөр насны хүүхдийн зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 184)
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А.с.ланд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А.с.ланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, бусдад 1.871.914 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.А.с.лан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө СХД байрлах “W” нэртэй зочид буудалд Ч.О.ярыг Н.Б.р-Э.этэй маргалдах үед тэднийг салгаж, маргааныг таслан зогсоохдоо хохирогч Ч.О.ярыг түлхэж унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь
- Хохирогч Ч.О.ярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.Б.р-Э.э, Н.А.с.лан нартай түлхэлцээд, маргалдаж байснаа санаж байна. Тэгтэл Н.А.с.лан намайг нэг удаа хүчтэй түлхсэн чинь би хана мөргөөд ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
“...хажуунаас Н.Б.р-Э.э босч ирээд намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Б.р-Э.нийг заамдтал Н.А.с.лан босч ирээд бид хоёрын дундуур ороод бид хоёрыг хоёр тийш нь түлхсэн. Н.А.с.лан миний цээж рүү хоёр гараараа нэг удаа хүчтэй түлхсэн. Би тухайн үед халамцуу байсан учраас хөл дээрээ сайн тогтож чадалгүй арагшаа савж орон дээр унахдаа толгойн орой хэсгээрээ хана мөргөөд уначихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 19),
- Насанд хүрээгүй гэрч Н.Б.р-Э.нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...Бид нар хамтдаа Депогийн автобусны буудлын хажууд байх “W” нэртэй зочид буудлын нэг давхарт хоёр өрөө авсан. ...архиа тойруулаад ууж байтал Ч.О.яр гэх залуу хамт явсан эмэгтэйрүүгээ “янхан, гичий, архичин” гэх мэтээр доромжлоод ёвроод түлхээд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь босч ирээд Ч.О.яртай хэрэлдээд байсан. Би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ” гэж хэлтэл Ч.О.яр над руу дайраад “хоёулаа гарч нэглье” гээд байсан. Тэгэхээр нь би чи ингэж байвал тэгье гэж хэлээд гарах гэтэл Н.А.с.лан босч ирээд намайг “чи яагаад манай ажлын газрын хүнтэй маргах гээд байгаа юм бэ” гэж хэлээд сандал руу түлхсэн. Тэгтэл Ч.О.яр нь Н.А.с.лан руу томроод “хоёулаа гарах юм уу” гээд давшлаад байсан. Тэгтэл Н.А.с.лан “хоорондоо маргалдаж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Ч.О.ярыг түлхэхэд тэрээр орон дээр унахдаа хана мөргөчихсөн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
- Гэрч Б.М.ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...удалгүй тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь би сэрээд “юундаа маргалдаад байгаа юм бэ? би унтмаар байна” гэсэн чинь Ч.О.яр “чи муу дуугүй бай, гичий, янхан минь” гэж хэлэхэд Н.Б.р-Э.э намайг өмөөрөөд “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд Ч.О.яртай маргалдаж тэр хоёр заамдалцаад авсан. Тэр үед Н.А.с.лан дундуур нь орж салгаад хоёуланг нь хоёр тийш түлхсэн бөгөөд Ч.О.яр орон дээр хана мөргөөд унах шиг болсон. Харин Н.Б.р-Э.э сандал дээрээ буцаад суусан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 29),
- Гэрч А.Ок-рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М.ч.г босч ирээд “та нар болиоч хүн унтуулахгүй” гэж хэлтэл Ч.О.яр “гичий минь чи дуугүй бай, чи янхан биз дээ” гэж хэлэхэд Н.Б.р-Э.э уурлаад “чи эмэгтэй хүнийг ингэж хэлээд байхдаа яадаг юм” гэж М.ч.гийг өмөөрөөд Ч.О.яртай муудалцсан. Тэгээд тэр хоёр заамдалцаад гарах гэж байхад Н.А.с.лан “та хоёр одоо боль” гэж хэлээд салгангуутаа хоёуланг нь нэг нэгээр нь хоёр тийш түлхсэн чинь Ч.О.яр орон дээр толгойгоороо хана мөргөөд унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),
- Гэрч О.Х.өөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр...Ч.О.яр манайд ирснээ “би өчигдөр ажлынхаа газрын хүмүүстэй архи ууж хоносон юм, тэгсэн чинь манай ажлын Н.Б.р-Э.э гэдэг залуу над руу дайраад хажуунаас Н.А.с.лан нь намайг түлхэж унагаагаад хана мөргүүлснийг санаж байна, тэрнээс хойш юм санахгүй байна, одоо толгой аймаар өвдөж байна” гэсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 36),
- Гэрч П.Цэцэнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “W” нэртэй зочид буудалд 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед...Ч.О.яр, Н.А.с.лан, Ок-рь, Н.Б.р-Э.э, М.ч.г нар орсон. Тэд нар орж ирэхдээ архи ууцгаасан нилээн согтуу байцгаасан. Харин Н.Б.р-Э.э нь бол эрүүл байсан. ...Тэдний авсан өрөө манай текний хажууд байдаг бөгөөд тэд нар өрөөнд орсныхоо дараа хоорондоо зодолдох ямар нэгэн чимээ гаргаагүй. Зодоон болсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 38),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1820 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Ч.О.ярын биед баруун зулай, чамархай, доош сууриас, чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугам хугарал, хатуу хальс дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоо журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Хэргийн тухайн үйл баримтыг сэргээн тогтоосон оролцогч нарын мэдүүлэг нотлох баримтаас үзэхэд хохирогч Ч.О.яр нь гэрч Н.Б.р-Э.этэй маргалдаж улмаар уг маргааныг таслан зогсоох зорилгоор шүүгдэгч Н.А.с.лан нь хохирогч, гэрч нарыг салгасан байх ба маргааныг таслан зогсоохдоо хохирогч Ч.О.ярыг түлхэж, уг түлхэлтийн улмаас хохирогчид ямар нэг байдлаар хохирол учрах боломжтойг шүүгдэгч мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогчид шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.А.с.лан нь хохирогч Ч.О.ярт гэмтэл учруулах санаа зорилгогүй, тухайн хохирол хор уршгийг хүсч үйлдсэн шинжгүй, хохирол хор уршгийг зориуд бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчаас шүүгдэгч Н.А.с.ланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А.с.ланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.А.с.лан нь Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 17 нас 4 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хойшлуулж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж өгнө үү гэж дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А.с.лан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Н.А.с.ланд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасны дагуу нэг жилийн хорих ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг 6 сарын хорих ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг... хойшлуулж болно” гэж заасан ба шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь тус зүйлд зааснаар хөнгөн хэрэгт хамаарч байх тул эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 хоногтой байсан шүүгдэгч Н.А.с.ланд оногдуулсан 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин шүүгдэгч Н.А.с.лан нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хохирогчид хохирол, гэм хорыг барагдуулаагүй, гэмт хэрэгт холбогдох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тус тус үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа...хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар
Хохирогч Ч.О.яр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.871.914 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилснийг шүүгдэгч Н.А.с.лан нь төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Н.А.с.лангаас Иргэний хуульд заасны дагуу 1.871.914 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 12 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2017 2601 0246 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.