Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 217/ма2024/0004

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч С.Ц, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                        Ж.Б

 Шүүгдэгч                                                         Д.А

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.О, Г.О

 Нарийн бичгийн дарга                                  Б.З нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О даргалж, шүүгч Ц.А, Б.Н нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Г.О нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ад холбогдох 23250000..... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-ийн А, Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид оператороор ажиллаж байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт О аймгийн Б сумын Г багийн ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФД033......

 

Д.А нь У хотоос О аймаг руу үнэ төлбөргүй, хурдан түргэн явах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим Ч дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын гэр хорооллын гудамжинд ..... УЕК улсын дугаартай Тоёота ... загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан Б.З-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хэвлийн зүүн хэсэгт хутгалж, зүүн гарын шууны дотор тал, зүүн талын хоолойг хутгаар зүсэж, зодож илээр, хууль бусаар, хүч хэрэглэн түүний жолоодож явсан 20.739.750 төгрөгийн үнэ бүхий Тоёота ... загварын тээврийн хэрэгслийг болон

 У хотоос О аймаг руу явах замдаа Б.З-ыг эрхшээлдээ байлган түүний Х банкны 592013.... тоот данснаас нь 60.000 төгрөг, 516767.... тоот данснаас нь 90.000 төгрөгийг өөрийн Х банкны 509475.... тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 20.889.750 төгрөгийн эд зүйлсийг дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн,

 

мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим Ч дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын гэр хорооллын гудамжинд ..... УЕК улсын дугаартай Тоёота ... загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан хохирогч Б.З-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хэвлийн зүүн хэсэгт хутгалж, зүүн гарын шууны дотор тал, зүүн талын хоолойг хутгаар зүсэж, хэвийн зүүн хэсэгт хутгалж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэлгүй машины багажинд хийж онц харгис хэрцгийгээр, бие махбодын шаналал зовиур үүсгэж, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бие махбодын шаналал зовиур үүсгэж зэвсэг хэрэглэж үйлдсэн,

 

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим Ч дүүргийн 14 дүгээр хороо, 5 буудлын гэр хорооллын гудамжинд хохирогч Б.З-т хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид хүч хэрэглэж, мөн түүнийг өөрийнх нь учруулсан хүнд гэмтлийн улмаас буюу өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж, ..... УЕК улсын дугаартай Тоёота ... загварын тээврийн хэрэгслийн багажинд хийж, замдаа жолоочийн хажуугийн суудалд суулган У хотоос О аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төв хүртэл эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Ч дүүргийн Прокурорын газраас:

Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Ч дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б овогт Д-ийн Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор бие махбодын шаналал зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 293 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь хохирогч Б.З-т 5.910.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Д.О нар давж заалдах гомдолдоо:

 

...Миний үйлчлүүлэгч Д овогтой Аыг тус шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,-т заасан “өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор бие махбодын шаналал зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “зэвсэг хэрэглэн будсын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоосон байдаг.

Миний үйлчлүүлэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны үед өөрийн үйлдсэн гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж буйгаа илэрхийлсэн байдаг. Түүнчлэн “...би дөнгөж 19 настай, надад ирээдүй байгаа. Би цаашид айл гэрийг авч явна. Энэ алдаа гаргасны улмаас бүх зүйлийг ойлгож 11 сар цагдан хоригдож байх хугацаандаа бүх зүйлийг ойлгосон. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. З ахыг хохироосондоо маш их гэмшиж байна. Би цаашид өөрийнхөө механикч мэргэжлээр ажиллаж амьдарна. Монгол улсын тодорхой нэг гэр бүлийн эзэн болно. Тийм учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..." гэж мэдүүлсэн байдаг. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 30 дугаар тал/.

 

Мөн өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгч Д.Аын гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд хуульд нийцсэн гэж тайлбарласан боловч прокурорын зүгээс тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлаар хэрэглэх зохицуулалт байдаг. Ганцхан хохирол төлж барагдуулсан гэдэг байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна гэх"... тайлбарыг шүүхэд гаргасан. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 28 дугаар тал/.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх зохицуулалтыг хэрэглэхэд нэн чухал анхаарах зүйл нь нэгдүгээрт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн шаардлагыг хангасан байх ёстой байдаг.

 

Миний үйлчүүлэгч Д.Аын тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогч Б.З- нь цаашид нэхэмжлэх хохиролгүй, 5.910.000 төгрөг төлөгдсөн шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болох тухайгаа мэдүүлсэн. Гэтэл О аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.Аын өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.А тайлбартаа: ... Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч ахыг эмнэлгийн байгуулагад хүргэж өгөхдөө гэм буруугаа хүлээнэ гэж бодож хүргэж өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний ялыг хөнгөвчилж өгнө үү гэж эрхэм шүүгч нараас гуйж байна ... гэв.

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Д.О нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Ад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим У хотоос О аймаг руу үнэ төлбөргүй, хурдан явах зорилгоор У хотын Ч дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын гэр хорооллын гудамжинд такси үйлчилгээнд явж байсан ..... УЕК улсын дугаартай “Тоёота ...-К10” маркийн автомашины жолооч Б.З-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хэвлийн зүүн хэсэгт нь хутгалж, зүүн гарын шууны дотор тал, хоолойн зүүн талд нь тус тус хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, бие махбодын шаналал зовиур үүсгэсэн,

 

улмаар түүний жолоодож явсан 20.739.750 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ...” маркийн автомашин болон хохирогч Б.З-ыг дээрх хүнд гэмтлийн улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан   түүний Х банкин дахь 592013.... тоот харилцах данснаас нь 60.000 төгрөг, 516767.... тоот харилцах данснаас нь 90.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийг Х банкин дахь өөрийн 509475.... тоот харилцах данс руу шилжүүлэн авч, нийт 20.889.750 төгрөгийн эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд болох

 

..... УЕК улсын дугаартай “Тоёота ...” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 4-12/,

 

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 17-18/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 27-36/,

 

хохирогч Б.З-ын “ ... миний толгой руу 3 удаа хатуу юмаар цохисон. Би хурууг нь хазсан. Миний хурууг хөшиж нүүр лүү нь цохисон, хутгаар зүүн гар луу хатгасан. Хэвлий хүзүү зүүн чихний дээр хутгалсан ... машиныг минь жолоодоод намайг багаж руу хийсэн ... данснаас мөнгө шилжүүлүүлсэн ...” гэсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх 52-55, 2 дугаар хх 138-141/,

 

гэрч Б.А-ийн “ ... О аймгийн Б сум Зэст багт байрлаха БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 03 цаг 50 минутанд 20 орчим насны 160 см өндөртэй жижиг биетэй, нүүр, цээж, гар, хэвлийн хэсгээр нэлэнхүйдээ цус болж хатсан, хар өнгийн хувцастай эрэгтэй ирсэн. Тэр эрэгтэйг 20 орчим насны , өндөр туранхай залуу дагуулж орж ирсэн. Дагуулж орж ирсэн эрэгтэйн гадуур өмсөж явсан урт куртик цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 57-59/,

 

гэрч Б.М-н “... тэрээр 2023 оны 01 сарын 31-ний 20 цагийн үед надтай утсаар ярихдаа “би наана чинь удахгүй очно” гэж хэлж байсан. тэгээд 2023 оны 01 сарын 31-ний 23 цаг өнгөрч байхад залгахдаа “би танайх руу очлоо” гэж хэлж байсан ... 2023 оны 02 сарын 01-ний үүрийн 04 цаг 15 минутанд над руу өөрийн А А гэсэн фэйсбүүк хаягнаасаа миний фэйсбүүк хаяг руу чатаар войс явуулсан байхаар нь сонссон чинь “би хүн хутгалчихлаа, алаад хаячихлаа, чамаас болж байгаа юм” гэсэн яриа байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 64-65/,

 

гэрч Э.О-ийн “... гаднаас 20 орчим насны эрэгтэйг мөн адил 20 орчим насны эрэгтэй мөрөн дээгүүрээ гарыг нь давуулаад түшсэн байдалтай хурдан алхаад орж ирсэн. Түшүүлээд алхаж байгаа залуугийн нүүр царай болон хувцас нь нэлэнхүйдээ цус болоод хатчихсан байсан ... түшээд алхаж байсан залуу нь надад болон миний хажууд байсан сувилагч Б бид хоёрт хандан энэ хүнээс цус гараад байна гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 67-68/,

 

гэрч Б.У...ханы “ ... дуудлагын дагуу эмнэлэг дээр шөнийн 04 цагийн орчимд очиж З гэдэг хутгалуулсан залуутай уулзаж юу болсон талаар тодруулахад “2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орой У хотод таксинд явж байхад танихгүй эрэгтэй хүн суулган таван буудал орчимд очиход толгой руу цохиж, хэвлий, хоолой, гар хэсгийг минь хутгаар зүсэн хутгалж намайг тээврийн хэрэгслийн минь багажинд хийгээд Э хотод авч ирэн эмнэлэгт хүргэж ирлээ, хутгалсан залуу гадаа миний тээврийн хэрэгслийн хамт байгаа байх” гэхээр нь О.Мөнх...хан бид 2 эмнэлгээс гарч, эмнэлгийн үүдэнд байсан машин дээр очиход хар урт өвлийн куртиктэй залуу жолооны хүрдний ард машиныг асаасан байдалтай сууж байхаар нь машинаас буулгаж байгаад жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан ... Э хотод ирэх унааны зардлын мөнгө байхгүй байсан болохоор уг үйлдлийг гаргасан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 70/,

 

хохирогч Б.З-ын эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтлийг  тогтоосон шинжээчийн ... дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 92-95/,

 

Х банкин дахь 592013...., 516767...., 509475.... тоот харилцах дансны хуулгууд /1 дүгээр хх 134, 141, 146/,

 

шүүгдэгч Д.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хх 189-192/,  түүний сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх 101-102, 114-115, 189, 217-219, 2 дугаар хх 169-171/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Аын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний гэм буруутай үйлдлүүдийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бие махбодын шаналал зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх үйлдэл болон “хүн хулгайлах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Д.О нар нь “ ... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.З-т үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1.450.000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн, хохирогч Б.З-т 3.000.000 төгрөг /2 хх 178/-ийг дансаар болон бэлнээр нийт 4.460.000 төгрөгийг тус тус төлсөн, автомашиныг нь буцаан өгсөн байх боловч

 

шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээс гадна тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

 

Шүүгдэгч Д.А нь У хотоос О аймаг руу үнэ төлбөргүйгээр, хурдан хугацаанд явах зорилгоор буюу өөртөө эдийн болон эдийн бус ямар давуу тал, өөрт ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолж, ... хохирогчийг гэмтээхэд чиглэсэн субъектив санаатай, шууд идэвхтэй үйлдлээр хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж,

... улмаар зэвсэг хэрэглэн хэвлийн зүүн хэсэгт нь хутгалж, зүүн гарын шууны дотор тал, хоолойн зүүн талд нь тус тус хутгаар зүсэх зэргээр бие махбодын шаналал зовиур үүсгэсэн ..., түүнийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчээр дансанд нь байсан мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан ...,

... эмнэлгийн тусламж үзүүлэлгүйгээр автомашины арын багажинд хүчээр хийсэн ... , мөн түүнийг “... үхэх гэж байж ... ”, “ ... чи ямар үхдэггүй юм бэ ...” гэх зэргээр хэлж, ... машин дотор суулгаж явахдаа түүнд хүчээр архи уулгасан..., мөн өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тухайн автомашиныг жолоодон О аймагт ирсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэж түүний нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоосныг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон /императив/ хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол харин эрх олгосон /диспозитив/ хэм хэмжээг хэрэглэх эсэхийг Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аыг өөрийн үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Д.О нарын гаргасан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Д.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.Х

                                                                   ШҮҮГЧ                               С.Ц

 

       ШҮҮГЧ                               С.У