Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/173

 

 

 

 

 

 

 

   2024            02             01                                       2024/ДШМ/173                                  

 

      

Б.Б, Д.М- нарт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

                                                            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Чинзориг, А.Ариунаа,

            хохирогч О.Ц, түүний өмгөөлөгч С.Үлэмж, 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

            хохирогч Х.Б,

            хохирогч Х.Б, Б.Б нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Я.Энхжаргал,

            шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан,

            иргэний хариуцагч “Шунхлай” ХХК-ийн төлөөлөгч М.Ц-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Ц.Баяртогтох, У.Учрал,  

            нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

             Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогч О.Ц, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, С.Үлэмж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нарын хамтран гаргасан, хохирогч Х.Б, Б.Б нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Д.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Б-гийн Б, 1983 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, “-” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

            2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

 

            Б овгийн Д-ын М-, 1977 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

           

             Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн үед “...” ХХК-ийн эзэмшлийн “Донгфэнг” /Dongfeng BSX5310GYYD/ маркийн ...УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “-” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл /автоцистерн/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсаны улмаас “Донгфэнг" маркийн ...УБП, “Тоёота Аллион” маркийн ...УБВ, “Хьюндай Соката-7” маркийн ...УБӨ, “Субару” маркийн ...УАК, “Тоёота Альфард” маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл бүрэн шатаж, “Тоёота Аллион” маркийн ...УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.Ш-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Тийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Хьюндай Соната-7” маркийн ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б, зорчигч Б.Э/эмэгтэй, 7 настай/, Б.А, Б.Б /эрэгтэй, 10 настай/, Б.У /эмэгтэй, 5 настай/ нарын амь нас хохирсон, О.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Тын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару” маркийн ...УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О.Н, Л.Г, Б.Х /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,

            Д.М- нь Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөнөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед “...” ХХК-ийн эзэмшлийн Донгфэнг” /Dongfeng BSX5310GYYD7/ маркийн ...УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл /авто цистерн/ “Шунхлай трединг” ХХК-ийн 35,970 литр АИ92 шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас “Донгфэнг” маркийн 80 УБП, “Тоёота Аллион” маркийн ...УБВ, “Хьюндай Соната-7” маркийн ...УБӨ, “Субару” маркийн ...УАК, “Тоёота Альфард” маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл шатаж, “Тоёота Аллион” маркийн ...УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Шаргацэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Тийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Хьюндай Соната-7” маркийн ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б, зорчигч Б.Э /эмэгтэй, 7 настай/, Б.А, Б.Б /эрэгтэй, 10 настай/, Б.У /эмэгтэй, 5 настай/ амь нас хохирсон, О.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Тын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару” маркийн ...УАК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О.Н, Л.Г, Б.Х /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар, Д.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 8 хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 8 хүний амь нас хохирсон, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 5 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.Ц, Х.Б, Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нарын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг “-” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.Ц амь хохирогч нөхөр Ж.Б, хүү Б.Б, охин Б.Э, Б.У нарын эмчилгээ, оршуулгын зардал, өөрийн болон хүү Б.Тын сэтгэцэд учирсан хор уршиг, эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардлыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г амь хохирогч эх Б.Агийн оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б сэтгэцэд учирсан хор уршигт, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.М-гийн эзэмшлийн ... хаягт байршилтай 500м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ... /000379029/ газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Б, Д.М- нараас тус бүр 2,138,050 /хоёр сая нэг зуун гучин найман мянга тавь/ төгрөг, нийт 4,276,100 /дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан Тээврийн цагдаагийн албанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Даваа уруу машинтайгаа 9 км/цагийн хурдтай явж буй нь GPS-ээр нотлогдсон. Машин хэвийн ажиллагаатай уруудаж байх үед гэнэт тоормосгүй болж, энэ үед баяр амралтын өдрүүд тохиож машины хөдөлгөөн их байсан тул миний бие машинаа уруудуулж алдахгүйн тулд хажуу дарж эрэг болон өгсүүр мөргүүлэн унагаж чадсан үйлдэл маань зөв гэлээ ч дараа нь гарах үр дагавар нь буруугаар эргэж, бензин асгарсан. Хэсэг хугацааны дараа их хэмжээний гал гарч маш их хохирол дагуулсан хэрэг болсон. Энэ хэрэг дээр ажиллаж байсан шинжээч нар хаанаас гал гарсныг нотлоогүй боловч Багахангай дүүргийн анхан шатны шүүхээс надад 5 жилийн хорих ял болон жолоодох эрхийг маань 7 жилээр хассан. Жолоодох эрхийг ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тооцно гэсэн шийдвэр нь надад хүнд тусч байна. Би өөрөөс авч болох бүх арга хэмжээг авч чадсан боловч энэ хэргийн улмаас хохирсон ар гэрээс миний бие чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би эхнэр, охины хамт түрээсийн байранд амьдардаг бөгөөд эхнэр ажил хийдэггүй, хийх боломжгүй болсон хүн байдаг бөгөөд миний бие жолоодох эрхээрээ ажил хийж амьдралаа залгуулдаг хүн билээ. Би өөртөө тохирсон ялаас зугтах хүсэлгүй ч надад өгсөн ялын хэмжээг хувийн байдлыг минь харгалзан үзэж ялын хэмжээг боломжит  хэмжээгээр хасаж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсч байна...” гэв.

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд жолооч Б.Бийг “Жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, хөдөлгөөнд аюултай байдал бий болохгүй байх жолоочийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, улмаар тээврийн хэрэгсэл онхолдон зам тээврийн осол гаргасан байна” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар жолооч Б.Б нь тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаандаа тохируулан хамгийн боломжит бага хурд болох 9 км/цагийн хурдыг сонгож явсан нь GPS төхөөрөмжинд тухайн тээврийн хэрэгслийн хурд хадгалагдан үлдсэн нь тогтоогддог. Харин хөдөлгөөнд аюултай байдал бий болсон үед буюу тээврийн хэрэслийн тоормос ажиллахгүй болох үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжит бүх аргаа хэрэглээд хамгийн сүүлд уулын өгсүүр газар өгсүүлэх замаар тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж зогсоох арга хэмжээг хэрэглэж сүүлчийн мөчид өөрөө тээврийн хэрэгслийг орхисон байгаа нь жолооч зогсоох арга хэмжээ авах идэвхтэй үйлдэл өөрийн хэмжээнд авсан байна. Жолоочийг буруутгасан замын хөдөлгөөний дүрмийн заалтууд нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон гэх шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

             

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Я.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Бийг шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа жолооч бусад арга хэмжээнүүдийг уруудах үедээ 1, 2 дугаар араандаа залгаж уруудах хөдөлгүүрээр тоормослох аргуудыг хэрэглэх боломжтой байсан боловч жолооч тээврийн хэрэгслийг онхолдохын өмнө тээврийн хэрэгсэл дотор байгаагүй машинаас үсэрч буусан учир дээрх аргуудыг хэрэглэгдээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэсэн мэдүүлгээс үндэслэн “жолооч тээврийн хэрэгсэл болон тээвэрлэж байгаа ачааны онцлог хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн бол тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй бол зогс тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж шүүх дүгнэв” гэжээ. Хөдөлгөөнд оролцож байгаа уруудаж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгүүрээр тоормослох гэсэн аргыг хэрэглэнэ. Хөдөлгүүрээрээ тоормослоно гэдэг нь автомашины хөдөлгүүрээ асаагаад хаазан дээр гишгэхгүйгээр автомашиныг хөдөлгөж байгаа тахир голын хамгийн бага ажиллах эргэлтийг ашигладаг.  Хроп гэдэг нь хурдыг дэмжих үү, удаашруулах уу гэдгийг  нэрлээд байгаа хурдны хайрцаганд дамжуулж өгч байгааг хэлдэг. Хамгийн удаан эргэлтийг ашиглахын тулд 1 дүгээр араатайгаа давхар ашигладаг. Тэгэхээр хөдөлгүүрийн тоормосыг ашиглахгүйгээр уруудна гэж байхгүй. 1 дүгээр араандаа залгаад хөдөлгүүрээр өөрөөр нь тоормослоод хааз гишгэхгүйгээр явах юм бол аяндаа автомашин өөрөө өөрийгөө тоормослох үйлдэл хийгээд явдаг. Том оврын ачаатай тээврийн хэрэгсэл уулын уруу уруудаж байхад бүх физикийн хүч үйлчилж байдаг. Эдгээр бүх хүчнүүд үйлчилж байхад хөдөлгүүрт очиж байгаа саадыг багасгахын тулд тоормосоо гишгэх ёстой. Зөвхөн хөдөлгүүрийн тоормосоор яваад байх юм бол хөдөлгүүр цаашаа явахгүй. Тоормосоо гишгэж байх ёстой байтал тоормосны систем алдагдсан байна. Физикийн хүчнүүд аяндаа үйлчилхээр машин өөрөө бүх эд ангиа эвддэг. Хэрвээ замын хашилт байсан бол хашилт мөргүүлэх,  замын хаалт байсан бол дугуйгаараа хавирах, эгц өндөр байсан бол авирах байсан нөхцөлүүд нь байхгүй байсан байна гэсэн дүгнэлтийг гаргачихсан атлаа 45 градусын налуу руу машиныг замаас гаргаад 45 градусын налуу руу унаган онхолдуулчхаад байхад буруу гэсэн. Автомашиныг удирдлагагүй болвол уулын уруу өгсөж яваа бүх тээврийн хэрэгслүүдийн бүгдийг нь дайраад дээгүүр нь гарна, мөргөнө, өөрөө удирдлагагүй болоод хүнд ачаатай тээврийн хэрэгсэл онхолдоод хаана очиж дэлбэрэлт үүсэж ямар хэмжээний хохирол гарах байсан бэ гэх зэргээс урьдчилан сэргийлээд миний үйлчлүүлэгч самбаачлах хугацаа гаргаад тээврийн хэрэгслийг удирдлагагүй жолоодлогогүй болохоос өмнө замаас гаргаад 45 градусын налуу руу автомашины өөрийнх нь инэрцээр явж байгаа инерцийн хурдыг багасгах хойноос нь түлхэлт өгөөд байгаа шингэн ачааны түлхэлтийн хүчийг багасгах зорилгоор автомашиныг зогсоох арга хэмжээ авсан юм. Тоормосгүй тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхдаа миний үйлчлүүлэгч ямар ч хөдөлгөөний аюулгүй байдал үүсгээгүй. Ёмкос задраад унахад битүүмжлэл алдагдахыг миний үйлчлүүлэгч тооцох боломж байхгүй. Монгол улсаас өөр улсад ёмкосын битүүмжлэл ямар доргилтод тэсвэртэй байх вэ гэдгийг үйлдвэрлэгч компанитайгаа хариуцлага тооцоод явдаг.  1, 2 дугаар араагаараа яваагүй, дээшээ замын хөдөлгөөний дүрэмд өгсөх буюу уруудах үед авцалдах холбоог салгах буюу конус гишгээд 1 дүгээр арааг хүндрүүлээд явж байгаа. 1 дүгээр арааг мулталчих юм бол өнхөрнө.  1 дүгээр арааг хүндрүүлсний хүчээр явж байгаа. Хөдөлгүүрийн тоормос автомашиныг зогсоохгүй, ажлын тоормос автомашиныг зогсоодог. Физикийн хуулиар автомашин хөдлөөд А цэгээс Б цэгт шилжиж байвал ажиллаж байна гэсэн үг.  Ажлын тоормосны систем дугуйны накладыг бариад дугуйгаар түгжиж дугуй өөрөө газар дээр барьцалдаж зогсож байгаа болохоос хамгийн бага эргэлтээрээ явж байгаа хөдөлгүүрийнхээ тоормосыг ашиглаж зогсоодоггүй.  Автомашиныг яагаад замаас гаргасан юм гэхээр ээрээд, мотор орилоод байгаа нь жолоочид мэдэгдэж удирдлагагүй боллоо гээд замаас гаргаж чадсан. Автомашиныг зорчих хэсгээс гаргаад боломжтой байдлаар унагаагаад зогсоох арга хэмжээг авсан жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж байгаа. Зогсоолын зурвас гаргаагүй холбогдох байгууллагуудыг яагаад иргэний хариуцагчаар татаагүй. Архангай аймгийн гал түймрийн улсын хяналтын байцаагч болон 3 шинжээчийн дүгнэлт, онцгой байдлын ерөнхий газрын 5 шинжээчийн гаргасан дүгнэлтүүд байгаа. Аюултай ачаа болох шатахуун цилиндрээс гарах хоолой орчмын дулааны нөлөөгөөр шатах шингэн авалцан асаж гал түймэр гарсан байна гэж 5 шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл аюултай ачаа буулгах шатахуун гадагш асгараагүй бол гал гарахгүй байх боломжтой байсан гэсэн өгүүлбэр 5 шинжээчийн дүгнэлт дээр байхгүй. Шүүх Б.Б, Д.М- нарын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөний улмаас үүдэн гал гарсан байна гээд шинжээчийн дүгнэлт дээр байхгүй өгүүлбэрийг оруулсан. Үүнээс харахад шүүхээс зөвхөн Б.Бийг буруутгаад өндөр хэмжээний ял өгөөд хэргийг шийдсэн. Мөрдөгч магадлагаа гаргахдаа тусгай мэдлэгтэй бол магадалгаа гаргана. Гэтэл хэрэгт мөрдөгч тусгай мэдлэгтэйгээ нотолсон баримт байхгүй. Зөвхөн мөрдөгчийн магадалгаагаар миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас дахин мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэв.

            Хохирогч О.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч хайртай ээж, хань, 3 үрсээ харамсалтайгаар алдсан хохирогчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна. Би 2020 оны 07 дугаар сарынн 15-ны өдөр Архангай аймгийн Цагаан давааны ослын улмаас хайрт ээж Б.А, хань Ж.Бч, охин Б.Э, хүү Б.Б, охин Б.У нараа маш харамсалтайгаар хоног, өдөр ээлж дарааллан алдсан. Миний бие өөрөө хүнд зэргийн түлэгдэл, гэмтэлтэй. Миний хүү Б.Т /одоо нэр нь Б.Ч болж өөрчлөгдсөн/ хүндэвтэр түлэгдэлтэй, манай гэр бүлийн хувьд удмаараа амь үрэгдэх өндөр магадлалтай байсан, ийм л нөхөж баршгүй хохирол бидэнд учирсан. Миний хувьд уг ослын хэргийг шударга, хариуцлагатайгаар шийдэгдэхийг бүтэн 3 жил гаран буюу 1185 хоног хүлээсний эцэст өнгөрсөн 10 дугаар сард анхан шатны шүүх хурал болсон. Харамсалтай нь миний өнөөдрийг хүртэл хүлээсэн шударга ёс, хариуцлагыг нэхэж, тогтоож чадсангүй гэж үзэж байна. Учир нь: Таван хүний амь насыг үл тоомсорлосон. Монгол хүний ясыг бүү өндөлзүүл гэж үг байдаг. Би хайртай хүмүүсээ амгалан байлгамаар байна. Хариуцлагаа шударгаар хүлээхийг би энэ хүмүүсээс шаардмаар байна.

            “-” ХХК, “-” ХХК, жолооч гэсэн 3 хариуцагч нар байхад “-” ХХК-г хариуцагч биш гэж үзсэн. Анхнаасаа “-” ХХК нь яагаад “Аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл”-гүй компанитай гэрээ байгуулж, хамтран ажилласан юм бэ?, Жолоочийн хувьд “-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан. Миний хувьд “-” ХХК-ийн ХАБАЭ ажилтнууд эсвэл тухайн шатахуун ачихад хяналт тавих ажилтан хэн ч бай ер нь ажилтнууд бол ажилтнууд. Энэ хүмүүсийг “-” ХХК, “-” ХХК ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Таван хүний амь насаа алдсан надад энэ компаниуд ажилтантайгаа хэзээ, яаж, хэрхэн хариуцлага тооцох нь дараагийн асуудал буюу хоорондынх нь асуудал. Маш их гомдолтой байна. Яах гэж ер нь ажил олгогчийн хувьд хариуцлага хүлээхгүй бол компани байгуулаад, удирдаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Хариуцлага хүлээж, хяналттай ажиллах ёстой байсан. Үүнийгээ ухамсарласан шинж огт алга байна.

            Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тодорхойлуулсан, тодорхойлуулсан хэрнээ дахиад тусдаа иргэний шүүхээр яв гэсэн шийдвэрийг би огт ойлгохгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Яагаад би хэрэг шийдэгдэхийг 3 жил хүлээчихээд дахиад сэтгэл санаа, цаг хугацаа, бүх зүйлээ золиослон байж тусдаа шүүхээр явна гэж. Сэтгэлийн зовлон, шаналалтай байгаа хүнд ахин дахин ингээд явах тийм амар зүйл биш шүү дээ.

            Өнөөдөр тогтоогдсон нийт хохирлын хэмжээ нь миний хүү буюу миний ханиас үлдсэн ганц удмын минь үргэлжлэл хүүд минь, хүүгийн минь өсч том болох, сурч боловсрох, ирээдүйн амьдралд дэм болно гэж би үзсэн. Учир нь миний хүү хайртай аавыгаа, хуулийн хэллэгээр тэжээгчээ алдсан. Миний хань өнөөдөр амьд байсан бол хүүгээ яаж зөв сайхан өсгөх вэ гэдэг дээр би ганцаараа биш хань минь хамт байх байлаа. Гэтэл дэргэд минь алга байна. Өнөөдөр энэ нийгэм, эдийн засаг ямар байгаа билээ. Бүгд мэдэж байгаа.

            “-” ХХК, “-” ХХК эрүүгийн ч бай иргэний ч бай хүлээх ёстой хариуцлагаа хүлээх ёстой. Монгол улсын бүх шатны, байж болох бүх л боломжит байгууллагууд дүгнэлтээ гаргаж 3 жил боллоо. Энэ хариуцлагыг би эцсээ хүртэл нэхмээр байна.

            Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй, энэхүү гомдлоо та бүхэнд гаргаж байна. Ингэж шийдвэр гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй. Зүгээр явж байсан бид энэ хариуцлагагүй байдлаас үүдэлтэй ослоос хормын дотор л үнэхээр нэг нэгээрээ хорвоог орхиж буй дүр зургийг харсан би даанч дээ л гэж бодогдож байна. Зүгээр гэртээ сууж байсан хайртай ээжийгээ гэрээс нь авч гарчихаад, 10 cap тээж, зулай зулайгаа гишгэж мэндэлсэн үрсээ алдаж, насны хань, энэ амьдралын минь өмөг түшиг халамжит ханиа алдсан хүнд, аавгүй гэсэн мэдрэмжийг мэдэрч өсөх миний хүү. Яагаад ийм энгийн хэрнээ үнэ цэнэтэй зүйлийг боддоггүй юм бэ...” гэв.

            Хохирогч О.Цийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан байсан “-” ХХК-ийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш хэмээн дүгнэж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цийн гаргасан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Өөрөөр хэлбэл “-” ХХК-ийн жолооч Б.Б нь “-” ХХК-ийн ажилтан, албан тушаалтан биш байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу “-” ХХК нь хохирогч, хохирогч нарын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол, хор уршгийг төлөх ёстой хэмээн мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг. Миний зүгээс “-” ХХК-ийг жолооч Б.Бийн ажил олгогчийн хувиар тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан гэж үзэхгүй байх бөгөөд анхнаасаа тус компанийг иргэний хариуцагчаар татан оруулахдаа ажил олгогчийн хувиар буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар татагдаагүй. Харин шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа, шатахуун тээвэрлэх болон хадгалах үйл ажиллагааг “-“ ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг хуулийн этгээд болохын хувьд тээврийн болон хадгалалтын технологийн горим, норм, стандартыг хатуу мөрдөх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаж байх зэрэг өндөр шаардлагууд тавигддаг салбар юм.

            Гэтэл энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаагаа ямар ч стандарт болон гэрээний шаардлага хангахгүй хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн, өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг гарахыг үгүйсгэхгүй нөхцөл байдалд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаад харамсаж, нөгөөтэйгүүр болгоомжилж байна.

Учир нь “-” ХХК болон “-” ХХК-иуд нь Стандарт хэмжил зүйн газраас тогтоосон торхны багтаамжийн хэмжээгээр тооцож цагаан хил гэх зүйлийг өөрсдөө тээврийн хэрэгслийнхээ торхонд бэхлэн, гагнаж үйлдвэрлэгчээс тогтоосон даацын хэмжээг хэтрүүлэн ачиж, тухайн тээвэрт хоёр удаагийн давтамжтай эсхүл хоёр тээврийн хэрэгсэл зэрэг тээвэрлэх байсан шатахууныг нэг тээврийн хэрэгсэлд багтаан ачиж тээвэрлэн холбогдон гарах тээвэрлэлтийн зардалыг хэмнэж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо аюул учруулж болохуйц үйлдлийг гаргаж байгаа нь тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа “-” ХХК-ийн хувьд байж боломгүй үйлдэл юм.

            Зөвшөөрлийн тухай хуулийн 1, 4-р зүйлд “хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх”, 2.7-р зүйлд “үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байх бөгөөд “-” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаагаа бусдад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

            “-” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх гэрээг байгуулан газрын тосны бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт гэх мэт тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ шилжүүлж байгаа нь бага насны хүүхдийг хутга, шүдэнз зэрэг зүйлсээр тоглуулж байгаатай адил аюултай үйлдэл юм.

            Гэвч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад бүрэн дүүрэн дүгнэлт өгөлгүйгээр “-” ХХК нь Б.Бийн ажил олгогч биш гэдэг шүүхийн хэлэлцүүлэгт огт дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийн иргэний хариуцагч биш хэмээн хохирол, хор уршигтай холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай байна.

            Энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “-” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн тээврийн хэрэгсэлд даац хэтрүүлэн шатахуун ачсан, тухайн жолоочид аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, тусгай зөвшөөрлөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа бусдад гэрээний дагуу шилжүүлсэн гэх мэт маш олон хүчин зүйлүүд нөлөөлсөн байхад гэрч шинжээч С.Дарханбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүнд ачаа ачсан байгаа нөхцөлд тоормосны шланк гадны нөлөөтэй гэмтээгүй бол задарна гэсэн ойлголт байхгүй”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай дүгнэлтэд дурдагдсан “зөвшөөрөгдөх ачааны жинг хэтрүүлсэн нь тооцоогоор онолын хувьд тоормосны системд нөлөөлж болох ч хавтаст  хэрэгт авагдсан материалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг шинжилгээ хийж тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, мэдүүлэгт үндэслэн тээврийн хэрэгслийн бүх жинг хэтрүүлсэн нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн шалтгаан болон техникийн нөхцөлийн үзлэгээр ачаа хэтрүүлсэнтэй холбоотой эвдрэл бий болсон гэх нотлох баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

            Учир нь гэрч, шинжээч С.Дарханбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “хүнд ачаа ачсан байгаа нөхцөлд” гэсэн болохоос биш даац хэтрүүлж ачсан нөхцөлд гэсэн утгаар мэдүүлэг өгөөгүй, шинжээч Г.Цэндсүрэн нь өөрийн гаргасан дүгнэлтдээ “ачааны жинг хэтрүүлсэн нь тооцоогоор онолын хувьд тоормосны системд нөлөөлж болно” гэж дүгнэсэн баримтуудад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

            Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

            Хохирогч О.Цийн өмгөөлөгч С.Үлэмж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс “-” ХХК-г иргэний хариуцагч мөн гэж маргасан боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд бүрэн дүгнэлт хийлгүй буюу гэмт хэрэг юунаас буюу хэний буруугаас гарсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүх мөн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирол төлбөрийг барагдуулах эзэнгүй болгосон байна гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгслийн даац хэтрүүлсэн, даац хэтрүүлсэний улмаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдаж осол гарах шалтгаан болсон гэж мэтгэлцэж, шүүх дээрх үндэслэлийг шийдвэрийн үндэслэл болгосон хэрнээ, даац хэтрүүлсэн, даац хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй шийдвэрлэсэн. “-” ХХК болон “-”’ ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Т/388 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээг /6-р хавтаст хэрэг 53-57 дахь тал/-г байгуулсан бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг “-” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тээвэрлэж байгаа, тээвэрлүүлж байгаа бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх зааварчилгааны дагуу ажиллаагүй гэдэг дээр дүгнэлт хийгээгүй байна. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалахтай холбоотой дүрэм, стандартыг эрх бүхий байгууллагаас батлан гаргасан бөгөөд “-” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах хариуцсан инженер агуулахаас газрын тосон бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд ачихад хяналт тавьж, тээврийн хэрэгслийн тогтоосон даацад нийцүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллах үүрэг бүхий этгээд байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар заавал тогтоох нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Хохирол, хор уршгийн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хор, хохирлыг иргэний хариуцагч “-” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх иргэний хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулах бүрэн үндэслэлтэй байхад иргэний хариуцагч нь гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг барагдуулах үүрэггүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан этгээд биш байна гэж үзэн иргэний нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “-” ХХК-ийн буруутай буюу даац хэтрүүлсэн үйлдлээс болсон бөгөөд тухайн үйлдлийг тогтоолгүйгээр шууд иргэний хариуцагч биш байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцана гэсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхэлж буй харилцаанд хамаарахгүй бөгөөд ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх явцад буюу “-” ХХК-иас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулсан байгааг нягтлан үзэлгүйгээр яллагдагч Б.Б нь “-” ХХК-тай хөдөлмөрийн харилцаанд ороогүй, “-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй байсан гэдэг үндэслэлээр иргэний хариуцагч биш байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. “-” ХХК болон ”-” ХХК нарын хооронд байгуулсан Т/388 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн III дэд хэсэг “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүрэг”-т хамаарах гэрээ бөгөөд энэ нь өргөн утгаараа бусдын даалгавраар тодорхой ажил үүргийг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн гэрээний харилцааг зохицуулдаг. Энэ тохиолдолд яллагдагч Б.Б нь “-” ХХК-тай шууд хөдөлмөрийн харилцаанд орсноос үл хамааран “-” ХХК-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэж байна. Түүнчлэн “-” ХХК нь “-” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Т/388 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээг байгуулахдаа Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 119 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-д заасан тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягтлалгүйгээр гэрээ байгуулж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зохицуулалт нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ ажил олгогч хуулийн этгээд биелүүлээгүй гэж үзэн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж хууль тогтоочоос баталсан хуулийн үзэл баримтлал юм. Энэ нь хуулийн гэмт хэрэг гарах үйлдэл шууд идэвхтэй оролцдоггүй бөгөөд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй учраас гэмт хэрэгт үйлдэгдэхэд заавал оролцож гэм буруутай байхыг шаарддаггүй ба зөвхөн бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах замаар хариуцлага хүлээлгэх зохицуулалт болно.

            Яллагдагч Б.Б нь “-” ХХК-аас өгсөн үүрэг даалгаварын дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог ба шүүх хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШШТ/15 тоот шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөлөгчийн эрхийг сэргээж өгнө үү... ” гэв. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч нарын зүгээс “-” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татуулах тухай хяналтын прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлсэн боловч прокурор энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Ингээд шүүхийн хэлэлцүүлэг болж хэлэлцүүлгийн явцад “-” ХХК нь агуулахаасаа бензин ачиж гаргахдаа “даац хэтрүүлэн ачсан болох нь шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг, шинжээчийн дугнэлт, гэрчүүдийн мэдүүлэг” зэргээр маш тодорхой болж хөтөлбөргүй тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргахдаа “-” ХХК-ийн гэм буруугийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр хэргийг прокурорт буцаах бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхгүйгээр, “-” ХХК-ийн гэм буруугийн асуудлын талаар дүгнэлт хийхгүй, дарагдуулан үлдээж орхигдуулсан байдлаар шийдвэрлэж байгаа нь “-” ХХК-д үүгээрээ давуу байдал үүсгэсэн илэрхий алдаатай шийдвэрийг гаргасан. Үүнээс дүгнэхэд “-” ХХК нь мөнгөтэй, эрх мэдэлтэй том компани учир эрүүгийн хариуцлага хүлээхгүй үлдэж, шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх энэ байдлыг анхааралдаа авч, шударга ёсыг тогтоосон бодитой дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

            Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирлыг арилгах тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор шүүхийн шатанд гаргасан өмгөөлөгч нарын шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх өөрөө шинжээч томилж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр журам, аргачлалын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт, хариуг шүүхэд ирүүлсээр байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, хохирсон эрхийг сэргээх бус харин ч бүр дордуулж хохирсон дээр нь хохироосон шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Иймээс энэ асуудлыг зайлшгүй дахин хэлэлцэж хохирол, хор уршгийн асуудлыг тодорхой тогтоож шийдвэрлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, тайлбарыг бүрэн дэмжиж байна. Миний хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цахимаар хуралд оролцож байна. “-” ХХК анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор орж ирсэн. Удаа дараа хүсэлт гаргаад хангалттай шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Миний хувьд “-” ХХК хариуцлагаас мултрах байгаад нь санал нийлэхгүй байгаа. Иймд “-” ХХК-д хуулийн хариуцлага хүлээлгэж, хохирлын асуудлыг хуулийн дагуу шийдэж  өгнө үү” гэв.  

            Хохирогч Х.Б, Б.Б нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч “-” ХХК-ийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б. Б нь "Жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүй байх, жолоочийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, улмаар тээврийн хэрэгсэл онхолдон зам тээврийн осол гарсан байна.

            Тээврийн хэрэгслийн бүх жинг хэтрүүлсэн нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн шалтгаан болон техникийн нөхцлийн үзлэгээр ачаа хэтрүүлсэнтэй холбоотой эвдрэл бий болсон гэх баримт тогтоогдоогүй гэж үзсэнээр “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд биш гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

            Зам тээврийн осол гарсан нь илэрхий бөгөөд, харин уг зам тээврийн осол гарсан байдал болон учирсан хохирол хоорондын шалтгаант холбоонд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

            Жолооч зам тээврийн осол гаргахад Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйн талаарх дүгнэлт нь үндэслэлтэй боловч, гэмт хэрэг гарахад “-” ХХК-ийн үйлдэл оролцоог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; талаар прокуророос бүрэн тогтоож буруутай этгээдүүдийг эрүүгийн харицлага хүлээлгэхээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэлгүй, дутуу шалган, захиргааны хэм хэмжээгээр тогтоосон Монгол улсын стандартын шаардлага зөрчин, даац хэтрүүлэн тээвэрлүүлсэн “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шүүхэд шилжүүлснийг шүүхээс ял завшуулах нөхцлийг арилгаж зөвтгүүлээгүйд гомдолтой байна.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн ... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж зааснаар “-” ХХК-ийн буруутай албан тушаалтнуудыг Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд, хүндэвтэр хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 11.3, 11.5 дугаар зүйл хэсэг, 23.5 дугаар зүйлд заасан Хайнга хандах гэмт хэргийн аль тохирсон зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэлгүй, харин ч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй шалтгаант холбоотой шууд харилцаа хамааралтай “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд биш гэж дүгнэсэн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

            Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт, шинж, тус зүйл ангийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байхад Монгол улсын стандарт зөрчсөн “-” ХХК-ийн үйлдлийн үр дагавар нь хохирол хор уршигт шалтгаант холбоотой байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 11.3, 11.5, 23.5-т заасан гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр эрүүгийн хариуцлагад татагдахгүй, эрүүл мэнд, амь нас эд хөрөнгө хохирсон гэмт хэргийн хувьд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн “-” ХХК ял завшиж байгаад гомдолтой байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд Үүнд: Тээврийн хэрэгслийн жингийн хувьд 6 дугаар хавтасны 65-р хуудаст авагдсан “Тухайн үед үйлчилж байсан Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1-д автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 4 тэнхлэгтэй чиргүүлгүй ачааны автомашинд 38 тн байхаар стандарчлагдсан.

“Dongfeng” маркийн 93-80 УБП улсын дугаартай автомашины 02638583 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнд жин-14.970 кг, даац 16.030 кг, бүх жин 31.000 кг гэж тэмдэглэгдсэн.

- ХХК-иас ачсан Аи 92 бензин нь 26.366 кг тээврийн хэрэгслийн жин нь 14.970 кг нийт 41.336 кг байж Монгол улсад зөвшөөрөгдсөн стдандартаас 3.336 кг-аар, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтод зааснаас 10.336 кг-аар даац хэтэрсэн байсныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторын шинжээч Монгол улсын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэнгийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай дүгнэлт “Dongfeng BSX5310GYYD7” маркийн 93-80УБП улсын дугаартай автомашин 26.366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн, тодорхойлолт стандарт хэмжээнээс хэтэрсэн байжээ гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Гэрч Б.Байгалийн мэдүүлэг “... Стандарт хэмжил зүйн газраас MNS5310:2011 стандартыг баримтлан Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто цистерний торхны багтаамжийн хэмжээг тодорхойлон 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээ нь торхны бүрэн бүтэн байдал, эзлэхүүний хэмжээг тогтоож өгсөн баримт юм. Стандарт хэмжил зүйн газраас савных нь эзлэхүүний багтаамж хэмжээг тогтоож өгч байгаа болохоос биш тодорхойлсон хэмжээгээр түлш ачиж болно гэсэн тодорхойлолт биш юм. Тухайн байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийнхээ даацад тохируулж түлшээ ачих ёстой. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч С.Дарханбаатарын “... Тээврийн хэрэгсэл

онхолдсон болон шатахуун асгарсан хооронд шалтгаант холбоо байгаа, үгүй нь шатах материал ачиж явсан тээврийн хэрэгсэл онхолдсноос болоод түүнээс шатахуун асгарсан нь тодорхой байгаа. Машин өөрөө олон тн шингэн ачсан, мөн өөрөө 8-10 тн жинтэй, хажуу тийшээ унах үеийн доргилт, ачигдаж явсан шингэн зүйлийн цалгих, цохих хүч үйлчлэх тэр болгонд таганд үүсэх доргилтыг тэсвэрлэсэн тэсвэрлээгүй гэдэг өөр асуудал. Шатах материал зам дээр асгараагүй байсан бол түүн дээр гал гарах үндэслэл байхгүй гэсэн мэдүүлгүүд авагдсан байдаг. Дээрх нотлох баримтуудад шүүхээс бүрэн бодит дүгнэлт өгөөгүй, Монгол улсын стандарт зөрчсөн даац хэтрүүлсэн гэм буруугийн хууль бус байдал, уг даац хэтрүүлсэн аюултай ачаа болох шатахуун нь зам тээврийн ослын улмаас урсаж, гал гарч, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хохироосон байхад хамааралгүй мэтээр дүгнэжээ.

            Мөн шүүх аюултай ачаа болох шатахуун норм стандартад заасан хэмжээгээр ачсан тохиолдолд, эсхүл норм стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд ослын улмаас асгарсан шатахууны урсах урсац, хэр хэмжээтэй байх, хохирол, хор уршигт нөлөөлөх эсэх, хүний амь нас эрсдэхэд шалтгаант холбоотой эсэхийг дүгнээгүй. Шүүхээс дээрх нотлох баримтаар тогтоогдсон Монгол улсын стандартыг зөрчсөн буюу Аи-92 бензин нь даац хэтрүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байж, зөвхөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу тээврийн хэрэгсэл онхолдсноос шатахуун асгарч хохирол хор уршиг учруулсан гэмт хэрэг гарсан гэж хэт өрөөсгөл дутуу дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            “Dongfeng” маркийн ...УБП улсын дугаартай автомашин онхолдон үүний улмаас шатахуун асгарч хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгө хохирсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн боловч уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахаар аюултай ачааг даац хэтрүүлэн тээвэрлүүлсэн “-” ХХК, эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжид дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

            Анхан шатны шүүх тормосны үйл ажиллагаа доголдоход тээвэрлэж байсан ачааны хэмжээ нөлөөлсөн гэх баримт тогтоогдоогүй гэж дүгнэжээ.

            Жолоочийн хэлснээр тормосны хийн хоолой буудсан гэх үйл баримт ч тогтоогдоогүй ба харин тормос барихгүй байсан гэх үйл баримт тогтоогдсон байдаг. Ачааны жингээс шалтгаалж тормосны хийн хоолой задрана гэж байхгүй, харин тоормосны үйл ажиллагаанд нөлөөлж болно гэсэн, мөн ачааны жин хэтэрсэн байжээ гэх дүгнэлт шинжээч болон гэрчийн мэдүүлгээр захиргааны хэм хэмжээ стандартыг тээвэрлүүлэгч, тээвэрлэгч 2 тал адилхан зөрчсөн байсан нь тогтоогдсон байдаг.

            Тормосны үйл ажиллагаа яагаад доголдсон нь тээврийн хэрэгсэл бүрэн шатсан учир тогтоох боломжгүй. Гэвч тоормосны үйл ажиллагаанд тээврийн хэрэгслийн ачааны жин нөлөөлнө гэдгийг тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэлт мэдүүлэг гаргасаар байтал уг тусгай мэдлэг бүхий шинжээч нарын мэдүүлгийг хүлээн аваагүй үндэслэлээ шүүх үндэслэлтэй үгүйсгээгүй.

            Өөрөөр хэлбэл даац хэтрүүлсэн нь тухайн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн боловч, даац хэтэрсэн нь тормосны эд ангид мэдээж нөлөөлнө гэсэн шинжээч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэлээ заагаагүй юм.

            Нэгэнт бүрэн шатсан машинаас тормосны эд ангид гарсан гэмтлийг тогтоох боломжгүй болсон. Хэзээ ч тормосны эд анги юунаас болж доголдсонг тогтоох боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хэтрүүлсэн даац нь тээврийн хэрэгслийн хөдөлөгөөнд оролцох явцад тормосны үйл ажиллагаанд их бага хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой гэсэн шинжээчийн хариулт тайлбарыг шүүхээс яагаад хамааралгүй гэж үзсэн нь олйгомжгүй байна.

            Уг осол гарахад тормосгүй болсонд шатахууны даац хэтрүүлэн ачсан байдал нөлөөлсөн эсэх талаар нэгэнт тогтоох боломжгүй болсон ч, даац хэтрүүлэн ачуулсан захиргааны хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь тээврийн хэрэгслийн тормосонд нөлөөлнө гэсэн шинжээч нарын тусгай мэдлэг бүхий тайлбар хариулалт нь гэмт хэргийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг дүгнэх байтал ийнхүү дүгнээгүй нь хохирогч, хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нар гомдолтой байна.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх хэлбэрийг хуульчилсан. Уг зүйлийн 1-т “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан. Гэтэл хохирогч, хохирогч нарын төлөөлөгч О.Цийн бодит хохирол, мөн сэтгэцэд учирсан хохирол, хохирогч О.Г, Х.Б, Б.Б нарын өөрт болон хохирогчдын хууль ёсны төлөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг “-” ХХК-иас нэхэмжилсэн тул хэрэгсэхгүй болгож иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогч, хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгыг хангаагүй... Учир нь эрүүгийн хэрэг дэх хохирол хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны учир холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана.” гэж хуульчилсан. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо гэж шийдвэрлээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж тов тодорхой бичсэн, харин уг тогтоолын 8 дугаар заалтад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг тус тус дурьдаж гэжээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд Иргэний журмаар дахин нэхэмжлэх эрх алдагдана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байхад, Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй нээлттэй үлдээж байгаа мэт, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүйгээс гадна, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, дотны хүмүүсийн амь насыг алдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр болсон болно. Хохирогч, хохирогчийн төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэл О.Цийн хувьд баримтаар нотлогдсон бодит хохирлыг шаардсан мөн нийт хохирогч, хохирогчдын төлөөлөгч нарын хувьд баримт нотолгоо, тоо тооцоолол шаардлагагүй, хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг “аргуулахаар нэхэмжилсэн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас “-” ХХК-ийн хохирол Аи-92 бензины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь эрдэнэт хүний амь насны хохирлыг даатгалын байгууллагаас эрсдлийг арилган олгогдон төлөгдөх даатгагдсан бензины төлбөрөөс доогуур үнэлж, харин эрүүл мэнд, гэр бүлээ алдсан хүмүүсийг 2020 оноос хойш өнөөдрийг хүрсэн, одоо цаашаа иргэний журмаар явж шийдвэрлүүл, тамир чинь хүрэх нь үү, үгүй юу гэж байгаа мэт шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

            Энэ шүүх хурлаас гэр бүл, дотны хүмүүсээ алдсан, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон хохирогч нар хохирлоо гаргуулж чадсангүй.

            Харин “-” ХХК ачуулсан шатахууны хохирлоо гаргуулж шийдвэрлүүлсэн болно. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хүний амь нас, эрүүл мэндийг шүүх хамгаалж байгаа шийдвэр ийнхүү гарсанд гомдолтой байна. Хохирогч хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг авах хууль эрх зүйн үндэслэл бүрдсэн байхад, “-” ХХК-иас нэхлээ гэж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо прокурорын саналыг хэрхэн үгүйсгэснээ шийтгэх тогтоолд тусгаагүй.

            Хохирогч буруу шаардлаа гэхэд улсын яллагч гэм буруу болон хохирол гаргуулах талаар шүүхэд дүгнэлт гаргахдаа тэнцүү хэмжээгээр гаргуулах гэсэн санал гаргасан байхад шүүх уг саналын хувьд дүгнэлт хийгээгүй.

            Хохирогч нар хохирлын талаарх баримт байхгүй, тоо тооцоолол шаардсан баримтын улмаас эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нээлттэй орхин иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэж болох байтал, энэ хэргийн хувьд ямар ч хохирлын талаарх баримтын шаардлага байхгүй хуульд заасан хувь хэмжээгээр талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар эрх зүйн орчин бүрдсэн байхад, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь дахин иргэний хэрэг хянан шийдвэрлэх процесс явагдаж хохирогч, хохирогчдийн хууль ёсны төлөөлөгч нарт чирэгдэл үүсч, Иргэний хэргийн шүүхийн ачаалал нэмж, асар их цаг хугацаа шаардан, эрүүл мэнд гэр бүлээ алдсан хүмүүсийг дахин хохироход хүргэж байна.

            2020 оны зун гарсан уг хэрэг 2023 оныг дуустал 2024 онд үргэлжилж байгаа тул хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар цөхөрч, хуульд зааснаар шийдвэрлэж хохирлоо гаргуулж авбал заавал “-” ХХК-ийг эрүүгийн хариуцлагад татуулья, гомдолтой гэсэн байр суурь баримтлахгүй. Нэгэнт олон жил өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл эрүүгийн хариуцлагад татаагүй тул одоо зөвхөн хохирол төлбөрөө “-” ХХК-иас Иргэний хуулийн “502 дугаар зүйл. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах

502.1.Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, Галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. 502.2.Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна.” гэсэн үндэслэлээр аюултай ачааны өмчлөгчөөс тэргүүн ээлжинд хохирлоо гаргуулахаар шаардсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шаардсан байхад эрүүгийн гэмт хэргийн хохирогч, хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх үүрэг болох нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох, нотлох, нэхэмжлэгчээ сонгох зэрэг зохигчдын эрх үүрэгтэй адилтган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Шүүх гэм буруутай жолоочоос хохирол төлбөрийг гаргуулахгүй харин уг жолоочийг ажлуулж байсан ажил олгогч “-” ХХК, аюултай ачаа тээвэрлүүлэгч “-” ХХК-иас тэргүүн ээлжинд Иргэний хуулийн 499, 502 дугаар зүйлд зааснаар хохирлыг гаргуулж, харин “-” ХХК болон “-” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байхад жолооч Б.Б нараас хохирол төлбөрийг хуваан гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг гэмт хэргийн хохирлыг аюултай ачаа тээвэрлүүлэгч тээвэрлэгч нар хариуцан гаргуулж, тээвэрлүүлэгч тал гэм буруутай этгээдээс Иргэний хуульд зааснаар шаардах эрх нь нээлттэй юм.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн эдлэх эрх үүргийн хоорондын ялгаа заагыг харгалзалгүй хуулийг буруу хэрэглэж хуулиар олгогдох хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Аюултай ачааг тэзвэрлүүлэгч хуулийн этгээдээс хохирлыг гаргуулах эрх зүйн үндэслэлийг харгалзан шийдвэрлэвэл аюулт галд өртөж эрүүл мэнд, гэр бүл дотны хүмүүсээ алдсан хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчдийн хувьд зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй хэдий ч, учирсан болон шаардах эрхтэй материаллаг хохирлоо гаргуулах нь хууль шүүхээс хүсэх эцсийн хүсэлт нь гэдгийг харгалзан шийдвэрлэж өгнө үү....” гэв.  

            Хохирогч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “-” ХХК нь аюултай ачаа тээвэрлэх байгууллагатай гэрээ хийхдээ очиж үзээд бүх зүйлийг нь шалгаад аюултай ачаагаа тээвэрлүүлэх байсан байх гэж бодож байна. Гэтэл ганц хүний, нэг жолооч, нэг машинтай, механикч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж эсэхэд дүгнэлт хийх боломжгүй компанитай гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явууланг гайхаж байна. Энэ хэрэгт тээвэрлэгч байгууллагатай гэрээ хийсэн “-” ХХК буруутай нь ойлгомжтой байгаа. Гэтэл шүүхийн дүгнэлт дээр “-” ХХК энэ асуудал дээр хариуцагчаар татах боломжгүй байна гээд чөлөөлж байгааг нь ойлгохгүй байгаа. Саяхан болсон гал түймэрийн бичлэг үзээд дотор эвгүй болоход хүний сэтгэцэд хортой зүйл үлддэг юм байна гэдгийг ойлгосон. Ашгийн төлөө шатахууныг зарж борлуулж байгаа компани хариуцагч байх шаардлагатай гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсоод цочирдож гайхсан. Хугацаа удаашрах тусам хохирогч тал хэцүү байдалд орж байна. Иймд зөв шийдвэрийг богино хугацаанд гаргаж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх тайлбаргүй” гэв.

            Шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт Д.М-г яллагдагчаар татсан  нь үндэслэлгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь Д.М-гийн нэр дээр биш, “-” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3, 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд шүүхээс төлөхөөр тогтоосон ямар нэгэн мөнгөн дүнг “-” ХХК төлье гэсэн байр суурьтайгаар оролцсон. Д.М- нь “хохирогч нарт хохирлын төлбөрийг төл гэвэл би төлнө” гэдгээ илэрхийлдэг. Иймд бид нар гомдол гаргаагүй” гэв.

            Шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч “-” ХХК-ийг татаж оруулах байсан гэдэг агуулгаар гомдлын эхний хэсэг тодорхойлогдож байгаа. Машины өөрийн жин болон ачиж явах ачааны бүх жин 38 тонн байх ёстой гэж шинжээчийн дүгнэлт, Монгол улсын стандартад заасан. Гэтэл тухайн үед машины жин болон ачиж явсан ачааны жин нийлээд 41 тонн болоод 3 тонноор илүү ачсан байгаа юм. Шинжээч нар осол болох шалтгаан нөхцөлийг тодорхойлохдоо 3 тонн ачаа хэтрүүлснээс болоогүй, 45 градусын налуу руу огцом өгссөнөөс болж хүндийн жин шилжээд онхолдсон. Үүнээс болж торхны битүүмж алдагдаад шатахуун асгарсан учраас осол гарах нөхцөл нь бүрдсэн гэж дүгнэсэн. Хэрвээ 6 тонн ачаа ачих ёстой машин дээр 20 тонн ачаа илүү ачих юм бол тоормосны системд нөлөөлнө гэдэг нь илэрхий үйл баримт юм. Энэ хэрэг болсон шалтгаанд Д.М- гэдэг хүн ямар хэм хэмжээг зөрчсөнөөс болоод яллагдагчаар татаад байгаа нь ойлгомжгүй. Харин компанийн тухайд иргэний хариуцагчийнхаа хувьд үүрэг хүлээе гэдэг асуудлыг ярьсан. Тийм учраас анхан шатны шүүх хурал дээр Д.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө үү гэсэн байр суурт илэрхийлсэн. Тээврийн хэрэгсэл нь “-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй юм. Эрх зүйн харилцаанд оролцсон этгээд нь “-” ХХК оролцсон болохоос Д.М- оролцсон зүйл байхгүй.” гэв.

            Иргэний хариуцагч “-” ХХК-ийн төлөөлөгч М.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйл баримт руу чиглэсэн, үйл баримттай холбоотой асуудлуудаар тайлбар хийхгүй бол хүн болгон өөртөө ашигтай байдлаар нөхцөл байдлыг тайлбарлаж байна. Шатахуун ачуулснаараа “-” ХХК ганцаараа буруутай болоод хэн нэг нь заавал ял авах ёстой юм шиг яригдаж байна. Д.М-гийн зүгээс “-” ХХК-тай холбоотой асуудлуудтай холбогдоод байгаа учраас тайлбарлая. Д.М-гийн компани хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг компани биш. 2020 оны 4 сард манайхтай гэрээ байгуулахдаа 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлээ нэмүүлсэн байсан. Шатахууны аюултай ачааг тээвэрлэх зөвшөөрөл гэдэг асуудлыг ярьж байна. Шатахуун тээвэрлэх зөвшөөрөл гэсэн зүйл байхгүй. Шатахуун тээвэрлэх авто системийг жолоодох жолооч нь “аюултай ачаа, урт ачаа, овор ихтэй ачаа тээвэрлэх эрхээ авсан юм уу, ангиллаа даруулсан юм уу, сургалтдаа суусан юм уу” гэдэг шаардлага тавигддаг. Осол 2020 оны 7 дугаар сард болсон. Б.Бийн хувьд ангиллаа даруулаад, эрхээ авсан байсан. Тээвэрлэлтийн гэрээн дээр маршрут тогтоосон зүйл байхгүй. “-” ХХК болон “-” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 388 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээнд зөвхөн Энержи Ресурс явна гэсэн маршрут заасан нөхцөл байхгүй. Анхан шатны шүүхийн “-” ХХК-тай холбоотой шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж оролцуулахаас өмнө “-” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хуулийн этгээд нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байна уу гэдгийг тээврийн цагдаагийн алба, цагдаагийн байгууллагаас хангалттай шалгасан. 4, 5 дугаар хавтаст хэрэгт “-” ХХК-тай холбоотой баримт материалууд байж байдаг. Үүнд:  “-” ХХК болон эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй байна. Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтээр үндэслэх юм бол “Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журамтай холбоотой зөрчил гаргасан байж магадгүй юм байна” гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж оруулж ирсэн байдаг.  Прокурор болон мөрдөгчийн зүгээс “-” ХХК-ийг буруутгахдаа Зам тээврийн сайдын тушаалаар 2009 онд батлагдсан Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмын 3.6 дахь хэсэгт аюултай ачаа илгээгч компани нь тээвэрлэлт тээврийнхээ жолоочид аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өгөх ёстой хор аюулын лавлах мэдээллийг нь танилцуулах, ослын төлөвлөгөө танилцуулах ёстой гээд ачаа илгээгч компанийн үүрэг байдаг. Энэ үүргээ  биелүүлээгүй байна гэдгээр манайхыг буруутгадаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдааны явцад “-” ХХК  буюу ачаа илгээгч этгээдийн зүгээс Аюултай ачаа тээвэрлэх журмын 3.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэдэгтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. 2 дугаар хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас 12 дугаар хавтаст хэргийн 231-234 дүгээр хуудсанд Б.Бт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж авч байсан ээлжит бус давтан зааварчилгааны баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Энэ үндэслэлээр ачаа илгээгч нь аюултай ачаа тээвэрлэх журмын 3.6 дахь хэсэгт заасан үүргээ зөрчөөгүй биелүүлсэн байна гэдэг дүгнэлтийг шүүхээс хийсний үндсэн дээр иргэний хариуцагчаар оролцох ёсгүй, иргэний хариуцагч биш байна гэж үзэх үндэслэл нь болсон гэж ойлгож байгаа. “-” ХХК ачааны даац хэтрүүлсэн учраас хариуцлага хүлээх ёстой гэдэг асуудлыг ярьж байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1 дэх хэсэгт “...ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор зохицуулсан хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн үүргийг нь хуульчилж өгсөн. Энэ үүргийг мөрдөх үүрэг нь тээвэрлэгч буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч “-” ХХК хамаарна. Тухайн компани дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа жолоочид хамаарах үүрэг гэж үзэж байгаа. Тээвэрлэлтийн гэрээний харилцаанд нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг тогтоосон актын тухайд дээр дурддаг аюултай ачаа тээвэрлэх журмын 3.6 дахь зохицуулалт үүрэг болж байгаа.  Үүнийхээ дагуу бид нар зааварчилгаа өгсөн. Ослын төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдлыг танилцуулсан, бусдаар тээврийн хэрэгслийнхээ бэлэн байдал, техникийн аюулгүй байдлыг хангах аюултай ачаа тээвэрлэхдээ ямар дүрэм журмын хүрээнд явах уу гэх стандартын шаардлагуудаа хангуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажиллагаатай холбоотой дүрэм журмаа биелүүлэх нь тээвэрлэгч буюу “-” ХХК-ийн биелүүлэх ёстой үүрэг юм. Энэ талаар бид нар гэрээн дээрээ тохиролцож холбогдох дүрэм журам, стандартад нь тээвэрлэгч нь энэ талаарх асуудлаа хариуцах талаар тусгасан байдаг. Цагаан хилийг яаж тогтоодог юм бэ гэхээр “mns 5310” гэдэг стандарт байгаа. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто цистерийг шалгах арга хэрэгсэл гэсэн стандарт байгаа. Энэ стандартын дагуу газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун тээвэрлэх гэж байгаа авто цистерн дээр нь бэхлэгдэж байгаа торхны багтаамжийг нь шалгаж тогтоодог. Эзлэхүүний аргаар жинлэх аргаар тоолуурын аргуудаар гээд 5310 стандартын 7.5 дахь хэсэгт заасан. 5310 дугаартай стандарт нь 4598 дугаартай стандартыг үндэслэл болгосон байдаг. 4598 дугаартай стандарт нь авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд тавих ерөнхий шаардлага гэсэн “mns” стандарт юм. Стандартынх нь зорилго нь авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийг нь зөвшөөрөх дээд хэмжээг тогтоох энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино гэж заасан. Энэ нь ачааны даацтай холбоотой асуудал юм. Стандарт хэмжил зүйн газраас “-” ХХК-ийн тээврийн хэрэгслийн торхны хэмжээ 26 тонн буюу 35,000 литр багтана гээд тавьсан нь эзэлхүүн тогтоогоод байгаа тодорхойлолт биш. Ямар хэмжээтэйг ачих боломжтой ямар багтаамжтай гэдгийг тогтоож байгаа гэрчилгээ юм. Гэрчилгээ олгоод байгаа “mns 5310” дугаартай стандартын 8 дугаар заалт нь энэ стандартын шаардлага хангасан авто цистернийг ашиглахыг зөвшөөрч түүнд баталгааны гэрчилгээ олгоно гээд тодорхой заасан байдаг. Торхны гэрчилгээгээрээ үндэслээд 35,000 литр буюу 26 тонн байх юм байна. 26 тонн хүртэл цагаан хил нь байх юм байна  гээд түвшин хэмжигч төмөр гагнаж өгдөг. Түүнийг нь тулгаад ачдаг. Хөдөлгөөний аюулгүй байдалд зөрчиж, даац хэтэрч, машин унасан байна гэдэг асуудлыг яриад байгаа юм. Эсрэгээрээ цагаан хил гэдэг зүйлээс нь дундуур нь ачих юм бол хоосон зайнд нь халгилт цалгилт үүснэ. Үүнээс болж тээврийн хэрэгсэл нь өөрөө савладаг. Бид нарын яриад байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд эсрэгээрээ сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тийм учраас стандарт нь өөрөө цагаан хилээ тогтоож өгөөд гэрчилгээг нь олгоод түүнийх нь дагуу ачих техникийн стандарт зохицуулалттай. Ачааны даац хэтэрсэн нь тогтоогдсон гэж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн н.Дарханбаатар шинжээчийн дүгнэлтэд дээр “mns 4598” гэдэг стандартын 5.8.1 дэх хэсэгт зааснаар 4 тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 38 тонн байна гэж байгаа. Авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын 5.8.2 дахь хэсэгт нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал нь 11,5 хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал нь 10 тонноос тус тус ихгүй байна гээд заасан. “-” ХХК-ийн авто системиийн хувьд нийт 4 тэнхлэгтэй үүний хоёр нь хөтлөгч,  хоёр нь хөтлөгдөгч юм. Дээр дурдсан 11,5 болон 10 тонн гэдэг 2 үзүүлэлтээр нь аваад үзэх юм бол 43 тонн гэсэн дээд үзүүлэлт нь гарч байгаа юм. Тухайн осолд орох үед 41 тонн гэж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Осол гарсан нь даац хэтрүүлснээс болсон байна гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн лабораторийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 897 тоот шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэг “...Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслээд энэ зам тээврийн осолд ачааны даац нөлөөлсөн эсэхийг тогтоох нотлох боломжгүй байна” гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан. Осол гарсан нь ачааны даац хэтэрснээс болсон гэдгийг нотолж, тогтоож чадаагүй. Үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй учраас ачааны даацтай холбоотой асуудлыг шүүхээс хэрэгт цугларсан баримтынхаа хүрээнд зөв дүгнэсэн гэж үзэж байгаа. “-” ХХК болон “-” ХХК нарын хооронд Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан “-” ХХК болон Б.Б нарын хооронд Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Гэрээний эрх зүйн харилцаан дунд Б.Бийг “-” ХХК-ийн ажилтан мэтээр тайлбарлах хууль зүйн боломж байхгүй. Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээгээ байгуулаад нэг нь ачаагаа өгөөд нэг нь ачаагаа аваад гэрээгээр болон стандарт дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлээд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамт оролцсон. “-” ХХК шаардлагыг хангасан учраас гэрээ байгуулаад тээвэрлэлтийн ажилд гаргасан тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгүүлсэн харилцаа үүссэн байгаа юм.” гэв.

            Иргэний хариуцагч “-” ХХК-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой холбогдуулж тайлбараа хэлье.  Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хохирлын асуудлыг шийтгэх тогтоолд 2 янзаар дурдсан. Өмгөөлөгч П.Одонтунгалагийн хэлсэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Тогтоох хэсгийн 7 дахь заалтад  “-” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Яагаад гэвэл “-” ХХК-г иргэний нэхэмжлэгч биш гэж үзсэн учраас. Мөн 8 дахь заалтаар хохирогч нарын нэхэмжлэлийг нээлттэй үлдээсэн. Хохирогч нар иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх нь нээлттэй юм. “-” ХХК-ийг иргэний хариуцагч байсныг нь болиулаад анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан гэдэг байдлаар хандаад байдаг.  Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. “-” ХХК, “-” ХХК нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ байсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Тээврийн хэрэгслийн жолооч нь “-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний дагуу ажилдаг. “-” ХХК-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийг ярьж байгаа нь өөрсдөд ашигтай байдлаар яриад байна уу, эсхүл Иргэний хуулийн 499 дэх зүйл заалтыг ойлгохгүй мөн хуулийн 502 дугаар зүйлийг яриад байна уу, Иргэний хуулийн 502 дугаар зүйлд орчин тойрондоо аюултай ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлсээс учирсан гэм хорыг ойлгоно гэж зохицуулсан. Тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой гэм хорын асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тусад нь зохицуулсан. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гээд Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан байгаа юм. “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татахын тулд хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хохирол, гэм хорыг төлөх хуулийн этгээд нь “-” ХХК юм.” гэв.

            Иргэний хариуцагч “-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “-” ХХК болон - ХХК нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдал байдаг. Талууд бол гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлээд гэрээг чөлөөтэй байгуулж болдог. Гол маргаж байгаа зүйл нь манайхыг иргэний хариуцагчаар татаад байгаа прокурорын дүгнэлт, мөрдөгчийн тогтоол нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 380 болон 393 дугаар зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тээвэрлэлтийн гэрээн дээр хариуцлагын асуудлыг тодорхой дурдчихсан байдаг ба тээвэрлэлтийн үйл ажиллагаанд явсан бүх хариуцлагыг тээвэрлэгч тал хүлээнэ гээд заасан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Авто тээврийн салбарын мэргэшсэн инженер н.Хадбаатар шинжээч дүгнэлтдээ “...4 дүгээр асуултын хариулт дээр “-” ХХК тээвэрлэлтийн үеийн бүх хариуцлагыг хүлээнэ. Гэрээний 4 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт дурдсан байна” гэж дурдсан. Гэрээний эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 380, 393 дугаар зүйлд заасан зохицуулалтыг нь тодорхой зохицуулаад өгчихсөн байгаа. Хохирогч нарын өмгөөлөгч М.Цэнгүүн гаргасан гомдолдоо тусгай зөвшөөрөл гэдэг асуудлыг яриад байна. Гэтэл авто машинаар ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Улсын бүртгэлийн сайт руу ороод үзэх юм бол тусгай зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааны чиглэлүүд жишиг батлаад өгчихсөн байдаг. Автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна гээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан нийтэд илэрхий баримт байгаа. “-” ХХК-тай үүссэн гол  харилцаа Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн асуудал байгаа. Тээвэрлэлтийн асуудал хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Хариуцлагын асуудал дээр хуулийн нарийвчилсан зохицуулалт нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн явцад бүх үүссэн хариуцлагыг тээвэрлэгч тал хүлээнэ гээд хуулиар зохицуулчихсан байна гэдгийг тайлбарлаад байгаа юм. Аюултай ачааг тээвэрлэхдээ салбарын мэргэшсэн жолооч нь тусгай  үнэмлэх аваад түүнийхээ дагуу тээвэрлэдэг юм байна гэдэг асуудал ярьж байгаа юм. Манай тээвэрлэлтийн гэрээн дээр мэргэшсэн жолооч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна гэсэн шаардлага тавьчихсан байсан. Иргэний хуулийн 502  дугаар зүйлийн 502.2 дахь заалтад барилга буюу тэр тухайн үл хөдлөх дээр үүссэн аюултай орчинд үүссэн зохицуулалт болохоос тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарах хуулийн зохицуулалт биш гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд  авто тээврийн эзэмшигч өмчлөгч нь тухайн авто тээврийн үүссэн асуудлыг  хариуцна гэж байгаа болохоор үүн дээр “-” компанийн авто цистерн буюу машин байсан. Уг хэрэг бол Архангай аймгийн шүүхээс буцахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал болон даацын асуудлыг тодруулна уу гэдэг асуудал яригддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр 3 шинжээчийн дүгнэлт гардаг. Хамгийн анх 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр н.Гантөмөр гээд шинжээчийн дүгнэлт дээр маргаж нэмж 2 удаагийн дүгнэлт гаргуулсан байдаг. Даац хэтэрсэн байна гэсэн асуудлыг дүгнэлтдээ дурддаг. Хөдөлмөрийн улсын байцаагч байж яагаад даацын асуудал техникийн нарийн асуудал дээр дүгнэлт хийгээд байгаа талаар гомдол гаргадаг. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт дээр асуулт 8 дээр “...хөдөлмөрийн улсын байцаагч нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах буюу даацын асуудал дээр тусгайлан дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш” гэсэн дүгнэлт гаргаж өгдөг.” гэв.

            Иргэний хариуцагч “-” ХХК-ийн өмгөөлөгч У.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “өмгөөлөгч Я.Баярсайхан, Ц.Баяртогтох нарын тайлбартай давхцаж байгаа учраас нэмэлт тайлбар байхгүй” гэв.

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүх хуульд заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатын шүүхийн шийдвэрийн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл, Өршөөлийн хууль хэрэглэсэн зүйл заалт дээр прокуророос ямар нэгэн тайлбар байхгүй, үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай холбоотойгоор тайлбараа хэлье. Өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг бүрэн тогтоолгүйгээр шүүх шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Энэ нь үндэслэлгүй юм. Анхан шатын шүүх рүү хэргийг шилжихийн өмнө прокуророос хуулийн хүрээнд тогтоогдож болох шинжээчийн дүгнэлтэд авагдсан үйл баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Б.Б болон Д.М- нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж прокуророос үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж анхан шатны шүүх рүү дахин буцааж хэлэлцүүлэх боломж байхгүй. Шүүгдэгч Б.Бийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, өөрөө унагаах үйлдэл гаргасан, 9км цагийн хурдтай явж байсан гэдэг. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг, гарч байгаа хор уршгийг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцах хуулийн зохицуулалттай. Д.М- гэдэг хүнийг энэ хэрэг дээр яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүгдэгч өөрөө шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Машин өмнө нь үүнтэй адил хэмжээний ачаа тээвэрлэж байхад зүгээр байдаг байсан. Тухайн өдөр тээврийн хэрэгслийг барьж яваад Цагаан даваан дээр гарч зогсоод машины бүрэн бүтэн байдлыг шалгачихаад доошоо уруудаж байх үед машин гэнэт тоормосгүй болоод хурдаа аваад эхэлсэн. Хурдан яваад эхлэхээр нь зогсоох боломжгүй боллоо гэж ойлгоод өөрөө машинаасаа үсэрсэн. Машин онхолдохоос өмнө өөрөө машинаасаа үсэрсэн үйл баримтууд нь байгаа. Энэ нь ямар баримтуудаар тогтоогддог вэ гэхээр хэргийн газар тухайн орчинд осол болох үед явж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тээврийн хэрэгсэл доор байхад жолооч нь бололтой хүн цус гоожсон, шороо болсон байдалтай замын хажууд зам дээр зогсож байсан. Тухайн жолооч өөрөө зосоох арга хэмжээ авсан гэж байгаа боловч энэ нь өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр зосоох арга хэмжээ биш харин машин доошоо хурдаа аваад эхлэхээр нь зогсох боломжгүй гэж бодоод өөрөө үсэрчихсэн үйл баримт байдаг. Ийм учраас жолооч зогсоох арга хэмжээ аваагүй юм байна гэдэг үйл баримтыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж дүгнэлт хийсэн. Мөн тохирсон хурдыг сонгож аваагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 24.1 дүгээр зүйлд  заасан ачааны жин тэнхлэг давхарт нь ноогдох хэмжээнээс хэтэрсэн, хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам стандартыг баримтална гэсэн заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар тухайн осолд осолдсон тээврийн хэрэгсэл болох “dongfeng 9380” дугаартай тээврийн хэрэгсэл өөрийнх нь жин 14970 кг, даац нь 16,030 кг,  бүх жин нь 31,000 кг байна гэж тогтоосон байгаа. 16,000 тонн буюу нийт бүх жин нь 31,000 кг байна. Тухайн үед ачиж явсан бензиний килограмм 35,970 литр буюу 26 тонн 360кг байсан болох нь ачаа илгээгчийн баримт хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогддог. Энэ нь “-” ХХК-д 26,360кг ачааг тээвэрлэгчид өгч явуулсан. Үүнийг хувийн жинд нь тооцоод үзэх юм бол А92 бензин 0,733 гэдэг хувийн жинтэй байдаг. Үйлдвэрлэгчээс тухайн машин дээр ачиж болох хэмжээг 16030кг гэж хэлсэн бол ачаа илгээгч маань 26360кг-ыг ачаад явуулахаар 10 тонн, 330кг ачаа буюу техникийн тодорхойлолтоос давсан хэмжээнээс хэтрээд яваад байгаа. Үүнийг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартаар нэг тэнхлэгт ноогдох тээврийн хэрэгслийн даацыг тодорхойлж өгсөн байдаг. Үйлдвэрлэгч маань тухайн тээврийн хэрэгслийг тогтоож өгөхдөө 4 тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл дээр ачиж болох хэмжээ нь 16,000 тонн гэж тогтоож өгснийг Монгол улсад мөрдөгдөж байгаа бусад тээврийн хэрэгслийн стандарттай дүйцүүлж тайлбарлаад байгаа юм. Монгол улсын зам дээр явж болох машины стандарт болохоос тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг давуулан ачиж болно гэсэн зүйл биш.  Тээврийн хэрэгсэл дээр ачиж болох хэмжээг стандарт хэмжил зүйн газраас тогтоож өгсөн гэдэг зүйлийг ярьдаг. Энэ нь үндэслэлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл дээр ачигдсан байгаа ёомкосын хэмжээг стандарт хэмжил зүйн газраас тогтоож өгсөн байдаг. Цагаан хил гэдэг зүйлээр ачиж болно. Энэ тохиолдолд 35,970 литр байна гэдэг зүйлийг тогтоож өгдөг. Энэ тээврийн хэрэгсэлд ганцхан бензин, ус ачиж болно гэдгийг стандарт хэмжил зүйн газраас тогтоодог. Бодис болгон өөрийн гэсэн хувийн жинтэй байдаг. Үүн дээр хэрэгт авагдсан баримтаар дизель түлш бол 92 гэдэг бензинээс хүнд байдаг. Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдаан дээр хэлж байгаа асуудлууд дээр шүүгдэгч нарын мэдүүлэг урьд нь яг ийм хэмжээтэйгээр түлш тээвэрлэж явсан гэж ярьдаг. Үүн дээр буруутгаагүй. Осол гарах үед ямар жинтэй явж байсан нь замын хөдөлгөөний дүрэм болон стандарт дүрэм журмыг зөрчөөд байгаа гэдэг асуудал дээр дүгнэлт өгч Б.Б болон Д.М- нарыг буруутгаад байгаа. Энэ хэргийн зүйлчлэлийн хувьд хэрэгт авагдсан баримтаар энэ 2 шүүгдэгчид тохирсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгч Я.Энхжаргалын араа мултлаагүй, шүүгч дүгнэлт хийхдээ мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй зүйлүүдийг дурдаж шийтгэх тогтоолыг гаргаж байна гэсэн. Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолгохоор боломжтой бүх хэлбэрээр шинжээч томилсон байдаг. Аюул саад тулгарахыг мэдсэн үед жолооч аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Гэхдээ осол болох үед жолооч тээврийн хэрэгслийн жолооны ард байгаагүй учраас энэ бүх арга хэмжээг авч чадаагүй байна. Тийм учраас зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэлтдээ шинжээч нар хэлээд байгаа юм. Бид нар өөр өөрсдөдөө ашигтай байдлаар биш зөвхөн энэ хэрэгт авагдсан баримтад шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтуудаар яаж тогтоогдоод байгаа юм бэ гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. Шинжээчийн дүгнэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл машин хурд аваад эхлэхэд аюул саад болоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахаар уул руу чиглүүлээд байгаа нь буруу юм. Арааг хүндрүүлэх арга гэдэг нь том тээврийн хэрэгслийн жолооч нарт яригддаг. Машин уруу газар явахад тоормосгүй болоод хурд аваад эхлэх юм бол арааг шатлан хүндрүүлэх хэлбэрээр тээврийн хэрэгслийн хурдыг багасгадаг. Тухайн үед тээврийн хэрэгсэл 8-9 км/цагийн хурдтай явсан гэдэг нь бусад баримтаар тогтоогдоогүй. 8-9 км/цагийн хурдтай явж байгаа бол жолооч машиныг орхиж үсрэх ямар шалтгаан байсан юм. Тийм учраас жолооч уруудах үедээ өөрөө тээврийн хэрэгслийнхээ ачаа онцлогт тохируулаад арааг хүндрүүлэх хүнд араандаа хийгээд 1 дүгээр араан дээр явж байгаа машин дээд хурд нь байсан ч тэрийг нь жолооч тохируулан явах боломжтой. Эдгээр зүйлүүдийг сонгож аваагүй гэж дүгнээд байгааг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Л.Намнансүрэн өмгөөлөгчийн хувьд “-” ХХК-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн учраас үндэслэлгүй байна гэж байгаа.  Яагаад “-” ХХК-ийг татах болсон юм бэ гэхээр иргэний харилцаа байж байгаад эрүүгийн эрх зүйн харилцаа болсон гэдэг. Ачаа илгээгч буюу “-” ХХК тээвэрлэгч буюу “-” ХХК нарын асуудлуудыг ярьсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татдаг. Үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндэд хохирол учруулах зүйлчлэлийн хувьд хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй. Харин тухайн хуулийн этгээдүүд хөдөлмөрийн харилцаанд оролцох үедээ өөрсдийн үүргийг биелүүлээгүй учраас иргэний хариуцагчаар татагдах үндэслэл болоод байгаа юм. Тийм учраас “-” ХХК-ийг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй гэм хорыг хариуцах ёстой гэдэг Иргэний хуулийн зохицуулалтаар “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж байгаа. “-” ХХК илгээгчийн хувьд өөрийнхөө үүргийг биелүүлээгүй үйлдэлд иргэний  хариуцагч болох ёстой.  Ачаа хэтрүүлж ачаад байгаа асуудал дээр “-” ХХК-ийн ажилчид хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үедээ учруулаад байгаа асуудлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “-” ХХК хариуцах ёстой гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа.  Тийм учраас прокурор анхан шатын шүүх хуралдаан дээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч болох “-” ХХК, “-” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулъя гэдэг саналыг хэлсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “-” ХХК-ийн ажилчдын жин тонныг хэтрүүлж ачихад хяналтын үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа асуудал дээр ажил олгогч хариуцна гэдэг зохицуулалтаар “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Б.Ц өмгөөлөгч Д.М-г яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж маргадаг. Шүүгдэгч Д.М-гийн  хувьд захиргааны хэм хэмжээний акт, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэнд, амь нас хохирсон гэсэн зүйл заалтуудаар шүүгдэгчээр татсан. Жин тонн хэтэрсэн асуудлыг хэрэгт авагдсан баримтаар 15,330 кг-аар хэтэрсэн гэж тогтоогдсон учраас 3 тонн хэтэрсэн асуудал яригдахгүй. Б.Бийг “-” ХХК-ийн ажилтан гэдэг байдлаар буруутгасан зүйл байхгүй. “-” ХХК ачаа илгээгчийн хувьд аюултай ачаа тээвэрлэхдээ зам тээврийн сайдын Аюултай ачаа тээвэрлэх журмын 3.6 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт, дахин шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Илгээгчийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаа үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн.  Эзэлхүүн тогтоосон гэрчилгээ нь хэрэгт авагдсан учраас “-” ХХК жин, тонн хэтрүүлээгүй гэдэг асуудлыг удаа дараа ярьдаг. Гэрчилгээ нь торхны хэмжээг тогтоосон гэрчилгээ гэдэг нь хэрэгт авагдсан баримт, стандарт хэмжил зүйн газраас холбогдолтой хүмүүсээс мэдүүлэг авсан байдлаар тогтоогддог. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн хувьд үндэслэлтэй гарсан. Харин “-” ХХК-ийн жин тонн хэтрүүлсэн илгээгчийн үүргээ биелүүлээгүй гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаас буруу тогтоосон байна гэж чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч нараас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

            Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзсэн. Гэм хорын хохирлыг хэрхэн яаж тооцсон бэ гэхээр хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журам, Улсын дээд шүүхийн гаргасан журмуудад заасны дагуу хохирогчид ашигтай байдлаар буюу дундаж наслалтын зөрүү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 дахин нэмэгдүүлж хохирлуудыг тус тус тооцож шүүхэд саналаа гаргасан. Шүүхээс хохирогч О.Ц, О.Г, Х.Б, Б.Б нарын хохирлыг гаргуулаагүй. Бусад хохирогч нарын хохирлууд бүрэн төлөгдөөд дууссан байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч Б.Б, Д.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            2. Прокуророос шүүгдэгч Б.Бийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн үед “-” ХХК-ийн эзэмшлийн “Донгфенг” /Dongfeng BSX5310GYYD/ маркийн ...УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “-” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээгээр тохируулан сонгож явна”, 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 24.1 дэх заалтад заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, 24.5 дахь заалтад заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэсэн заалтуудыг зөрчиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас нэр бүхий 6 тээврийн хэрэгсэл шатаж, 8 хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар,  

             Шүүгдэгч Д.М-г Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг.13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “...хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээс замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, .../..., мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс  2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн үед “-” ХХК-ийн эзэмшлийн “Донгфенг” /Dongfeng BSX5310GYYD/ маркийн ...УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “-” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас нэр бүхий 6 тээврийн хэрэгсэл шатаж, 8 хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

            3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 8 хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 8 хүний амь нас хохирсон, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 5 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд /16 хх-ийн 102-153 тал/ тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэх, бусад нотлох баримттай харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд хянаж дүгнээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. Учир нь:  

          - “-” ХХК нь “-” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх” тухай Т/388 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд “Гэрээ байгуулах нөхцөл, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага”-д тээвэрлэгч нь тээврийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, НӨАТ төлдөг хуулийн этгээд байх, 5 доошгүй тооны автоцистернтэй, 5 автоцистерн тутмын нэг нь 8-25мбагтаамжтай, 3-с дээш төрлийн ГТБ-ийг зэрэг тээвэрлэх боломжтой, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгах хангах, торхны засвар цэвэрлэгээг хариуцах, жолооч нарыг ажлын болон аюулгүй ажиллагааны заавраар хангах, тээвэрлэх үед үүсч болзошгүй асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажилтантай, мөн жолооч нь аюултай ачаагаар мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлага тавьж, гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тээвэрлэгч талын тээврийн хэрэгслийг тээвэрлүүлэгч тал ачаанд гаргахгүй, гэрээнд заасан шалгуурыг хангасан эсэхэд хяналтыг хэрэгжүүлж байхаар заажээ.  /6 хх-ийн 53-56 тал/

 

          Гэтэл “-” ХХК нь дээрх гэрээний болон Аюултай ачаа тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага: MNS4978:2017 стандарт, Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журамд заасан шаардлагыг хангаагүй буюу тухайн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй, холбогдох эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй, нэг гишүүнтэй, нэг автоцистернтэй, аюултай ачаа тээвэрлэх мэргэшсэн жолоочгүй /6 хх-ийн 157 тал/ хуулийн этгээд болох - ХХК-тай аюултай ачаа болох газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлүүлэх гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан байна.  

          Улмаар уг гэрээний дагуу - ХХК-ийн жолооч Б.Б “-” ХХК-ийн эзэмшлийн “Донгфенг” /Dongfeng BSX5310GYYD/ маркийн ...УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “-” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул, ТосонЦ сумдад хүргэхээр тээвэрлэж яваад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт зам тээврийн осол болж, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 6 тээврийн хэрэгсэл шатаж, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 8 хүний амь нас хохирсон, мөн байгаль орчин бохирдож, ой мод шатаж эд хөрөнгийн бусад хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.

  • Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар жолооч Б.Бийн жолоодон явсан “-” ХХК-ийн эзэмшлийн “Донгфенг” /Dongfeng BSX5310GYYD/ маркийн ...УБП улсын дугаартай автомашинд “-” ХХК-ийн өмчлөлийн 35.970 литр А92 шатахуун буюу 26366 кг жинтэй ачаатай явж байсан нь тогтоогдсон. Энэ нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг авагдсан байхад уг үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-г гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэж заасан шаардлагад нийцэхгүй.

 

          Мөн Аюултай ачаа тээвэрлэх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үүрэг нь мэргэжлийн хяналтын байгууллагад хамаарахаар заасан атал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-06/22 дугаар шинжээчийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан 05-092/16 дугаартай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан нэмэлт 05-092/29 дугаартай дүгнэлтүүдийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоосон тухайн хэргийн нөхцөл байдлыг тогтооход хамааралгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” үндэслэлд хамаарах төдийгүй энэ талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн байна.

 

          Өөрөөр хэлбэл, дээрх тусгай мэдлэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй, ямар учраас үнэлээгүй, үгүйсгэж буй тухайгаа тодорхой тайлбарлалгүй, үнэлэхгүй гэсэн байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдал”-ыг тогтоох зарчимд нийцэхгүйн дээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй, шүүх тэрхүү нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэх үүрэгтэй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс “-” ХХК болон “-” ХХК, “-” ХХК болон “-” ХХК-ийн жолооч Б.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байхгүй, тэдгээр нь - ХХК-ийн ажилтан, албан тушаалтан биш гэж талуудын мэтгэлцсэн тайлбар дүгнэлтэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй, тэдгээрийн маргаагүй үндэслэлээр “-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж, хохирогч О.Ц, Х.Б, Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нарын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэн атлаа иргэний журмаар гэм буруутай болон хууль ёсоор хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”, мөн зүйлйн 3 дах хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж тус тус заасанд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан бодит хохирол болох эмчилгээний болон оршуулгын зардал, түүнчлэн нотлох баримтаар зтогтоогдсон хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.  

- Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэж дүгнэж гэм буруутайд тооцохдоо ямар хууль тогтоомжийг хэрхэн яаж зөрчсөн, энэ нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдож буйд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэт ерөнхий байдлаар бичсэн байхаас гадна шүүгдэгч Б.Бийг 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Д.М-г 5 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. 

4. Дээрх нөхцөл байдлуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийснээр гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгааныг зөв тодорхойлох, хэргийн үйл баримтыг бүрэн эргэлзээгүй тогтоох, мөн Аюултай ачааны тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага, Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам болох нарийвчилсан хэм хэмжээ болон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг “-” ХХК, “-” ХХК, Б.Б нарын хэн нь ямар хэм хэмжээг яаж зөрчсөн, энэ нь автотээврийн хэрэгслийн гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөх эсэх, хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой эсэх, хэн ямар хариуцлага хүлээх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

 Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт, хэм хэмжээний актыг шинээр тогтоон дүгнэх эрх хэмжээ байхгүй тул шийтгэх тогтоолыг зөвтгөн дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Бийн “...ял хөнгөрүүлэх...”, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн “...жолооч Б нь тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаандаа тохируулан хамгийн бага боломжит хурд болох 9км цагийн хурдыг сонгож явсан нь JPS төхөөрөмжинд хадгалагдан үлдсэн, хөдөлгөөнд аюултай байдал бий болсон үед тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй болох үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжит бүх арга хэмжээ авах идэвхтэй үйлдэл өөрийн хэмжээнд авсан харагдаж байна. Жолоочийг буруутгасан замын хөдөлгөөний дүрмийн заалтууд нь зам тээврийн осол гарах шууд шалтгаант холбоо байхгүй...” гэх давж заалдах гомдлыг бүхэлд нь, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим “...хохирол төлбөр гаргуулах...” хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын бусад хэсэг үндэслэлтэй байх тул хүлээн авав.

Мөн шүүгдэгч Д.М-гийн урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН

               ШҮҮГЧ                                                                     С.БОЛОРТУЯА