| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0025/З |
| Дугаар | 111/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 111/ШШ2025/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс
Хариуцагч: Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “2009-2021 онд төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тооцуулан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг бодож олгох шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Жинст сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Жинст сумын Засаг дарга ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргад холбогдуулан “2009-2021 онд төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тооцуулан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг бодож олгох шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Жинст сумын Засаг даргад даалгах” -аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу 5 жилд нэг удаа олгогдох тэтгэмжийг авахаар хүсэлт гаргажээ. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ******* 2025 оны 04 дүгээр 04-ний өдрийн 7/473 дугаар албан бичгээр дээрх тэтгэмжийг олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.
3. Нэхэмжлэгч тус албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Миний бие ******* овогтой ******* нь 1990 оноос Баянхонгор аймгийн Жинст сумын Мал эмнэлгийн үржлийн албанд ерөнхий мал зүйч, 1994-2003 онуудад Жинст сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, 2003-2004 онд Тамгын газрын дарга, 2004-2008 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2009 оноос одоог хүртэл Жинст сумын Засаг даргын Тамгын газарт Тамгын газрын даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1, 2.3 дахь заалтын дагуу 5 жилд 1 удаа олгогдох мөнгөн урамшууллыг авахаар аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүсэлт гаргасан боловч аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн 7/479 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн.
Миний бие тус албан бичигт заасан сүүлийн 5 жилд ажилласан жил тасарсан гэх үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа ба 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч 2022 оны 1 сараас 8 сар хүртэл эмчлүүлж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс албан тушаалдаа эргэн томилогдож одоог хүртэл ажиллаж байна.
2009-2021 онд төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тооцуулан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг бодож олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******, захирамж гаргаж албажуулахыг сумын Засаг дарга ******* нарт даалгуулах хүсэлтэй байна.” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ын ******* нь 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн дагуу 46.1 эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч эмчлүүлж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс албан тушаалдаа эргэн томилогдож одоог хүртэл Тамгын газрын даргаар ажиллаж байгаа нь үнэн болно.” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа ******* нь 2022 оны 1-ээс 8 сард төрийн захиргааны албанд ажилласан жил тасарсан бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэхээр чөлөөлөгдсөн гэх тайлбар өгсөн нь Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох Засгийн газын 2024 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 3.1.1 дэх заалтад эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж үзнэ гэснээс хугацаа хэтэрсэн тул төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тасарсан гэж үзээд урамшууллыг олгох боломжгүй гэж үзсэн мөн уг журам нь төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгож байгаа тул олгох мөнгөн урамшууллыг хянан үзэхдээ журмын 3 дугаар хэсэгт зааснаас бусад үндэслэлээр сүүлийн 5 жилд тасарсан тохиолдолд мөнгөн урамшууллыг олгох боломжгүй гэж үзэж байна. *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
3. Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар 5 жилийн урамшуулал олгохоор заасны дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс 2025 оны 7/473 дугаар албан бичгээр …Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан журам нь төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгож байгаа тул манай хэлтсээс олгох мөнгөн урамшууллыг хянан үедээ журмын 3 дугаар хэсэгт зааснаас бусад үндэслэлээр сүүлийн 5 жилд тасарсан тохиолдолд олгохгүй байгаа тул мөнгөн урамшууллыг олгох боломжгүй… гэсэн татгалзсан хариу өгчээ./хх-н 6, 7-р тал/
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…миний бие 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч 2022 оны 1 сараас 8 сар хүртэл эмчлүүлж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс албан тушаалдаа эргэн томилогдож одоог хүртэл ажиллаж байна, Төрийн албаны тухай хуульд зааснаар ажилласан жил тасраагүй...” гэж тайлбарладаг.
5. Хариуцагч тал “…Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа ******* нь 2022 оны 1-ээс 8 сард төрийн захиргааны албанд ажилласан жил тасарсан, Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 3.1.1 дэх заалтад эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж үзнэ гэснээс хугацаа хэтэрсэн тул төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тасарсан гэж үзээд урамшууллыг олгох боломжгүй…” гэж маргадаг.
6. Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар *******ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилжээ./хх-н 8-р тал/
7. Жинст сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/187 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга *******ийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 49.1.1-д зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлж /хх-н 32-р тал/, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар *******ийг 2022 оны 09 дүгэр сарын 12-ны өдрөөс үндсэн ажилд нь томилсон байна./хх-н 33-р тал/
8. Нэхэмжлэгч ******* нь Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нийт 13 жил тасралтгүй ажилласан, мөн 2022 оны 09 сарын 12-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, холбогдох захирамжууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-н 8-15, 32, 33-р тал/
9. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д төрийн захиргааны албан тушаалд хамаарах албан тушаалыг дурдсан бөгөөд 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаас харахад нэхэмжлэгч *******ийн ажиллаж байгаа Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь үүнд хамаарна.
9. Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлтээр уг хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж нэмж, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ыг баталсан.
10. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна”, 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад бичиг баримт байна”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана”, 4.3-д “байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-д заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана”, 5 дугаар зүйлийн 5.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэж заасан байна.
7. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг болон мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэсэн заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж үзлээ.
8. Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд төрийн албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дундажийг 6 дахин нэмэгдүүлж тооцно гэж заасан болохоос төрийн захиргааны албан тушаалтныг тухайн албан тушаалд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байхыг шаардаагүй байна.
9. Иймд, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ид “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу мөнгөн урамшууллыг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчид төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласны урамшуулал олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 51 дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн гаргасан Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ид Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, түүнд төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг хууль, журамд заасны дагуу олгох шийдвэр гаргахыг хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст, мөн Жинст сумын Засаг даргад тус тус даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА