| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0101/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 110
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч А.А,
шүүгдэгч Д.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708001050375 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Тесо” ХХК-нд машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Гнь 2017 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 05 цагийн үед байрлах хашааны гадна иргэн А.Аыг “эхнэр Г.Э хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, зодон эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Д.Гнь 2017 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайд байрлах хашааны гадна иргэн А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-66х/
Хохирогч А.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 19-ний шөнө... Ганзоригынх манай хашаатай залгаа байдаг хашаа байгаа юм. Тэднийх манай хоёрын голын хамар хашааг Ганзориг бөглөх ёстой юм. Түүнийг урьд нь бөглөөрэй гэсэн шаардлагыг 2-3 удаа урьд нь хэлж байсан. Тэгээд тэр хашаагаа бөглөөгүй улмаас нохой алга болчихлоо гээд Ганзоригин эхнэрт нь хэлж уурласан юм. Тэгээд би Ганзоригийнхоос гараад гэрлүүгээ орсон. Тэгээд хэсэг байж байгаад гэрээс өглөө /06 цагийн болж байсан байх/ гарч ирсэн чинь манай хойд талын Ганзориг над руу ирж байгаа харагдсан ирээд уурлаж байсан. Тэгээд би түүнээс хойш юу болсоныг мэдээгүй ээ. Гэмтэлийн эмнэлэг дээр ухаан орсон. ...Миний биед гэмтлийг Ганзориг учруулсан. Өөртэй нь сүүлд утсаар ярихад тэрийгээ хүлээн зөвшөөрсөн. ...Хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгсөн байгаа тус хохиролыг нэхэмжилнэ, мөн 1 сарын хугацаанд ажилгүй байсантай тэнцэх хэмжээний орлогыг шүүгдэгчээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 36-37, 95х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8426 дүгнэлтэд: “...А.Аын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод хана ханын хугарал, тархины доргилт, 2 нүдний зовхины шарх, цус хуралт, зөөлөн
эдийн няцрал, зулгаралт, зүүн чамархай, баруун хацар, шанаа, уруул,
хүзүүний зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт зэрэгтхамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 46х/
Гэрч Г.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өглөө гэртээ ганцаараа унтаж байсан чинь манай гэрийн хаалгыг хүн нүдсэн. Тэгэхээр нь Ганзоригийг байна гэж бодоод хаалгаа тайлтал хажуу айлын залуу согтуу зогсож байхаар нь “Ганзориг байхгүй байна” гэж хэлээд хаалгаа хаагаад цоожлоод унттал хэсэг хугацааны дараа буцаж ирээд гэрийн хаалга ахиад цохиод байсан. Тэгээд би чимээгүй хэвтээд байсан чинь хаалга цохиж байгаад “хаалгаа онгойлго, би гэрт чинь оръё, ирсэн цагаасаа хойш би чамайг харж явсан, би чамд хайртай, манай нохойнууд намайг хүслээ гүйцээхийг хүлээгээд байна, хаалгаа онгойлгооч” гэх мэт зүйлүүд яриад байсан. Тэгээд хэдэн минутын дараа байж байгаад хаалга хүчтэй өшиглөөд “хаалгаа онгойлго” гээд чанга угзарч байсан чинь гэрийн хаалга эвдрээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи яв, ямар сонин залуу вэ, цагдаа дуудна шүү” гэж хэлсэн чинь “тэр цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Ганзориг руу ахиж залгасан чинь нөхөр “одоо очиж явна” гэж хэлсэн чинь нөгөө залуу гараад гүйсэн. Тэгээд нөхөр орж ирээд юу болсон талаар асуухаар нь би болсон асуудлын талаар хэлсэн чинь гараад яваад өгсөн. Тэгсэн удалгүй Ганзориг түргэн дуудчихаад гэртээ орж ирээд намайг ажил руугаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94х/
Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн үед манай эхнэр Энхзул над руу залгаад хажуу айлын залуу согтуу хаалга нүдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо очлоо гээд ажлаасаа гараад гэр лүүгээ яваад очтол манай гэрийн хаалга эвдээд гэр дотор ороод эхнэр Энхзулыг хэл амаар доромжилсон байсан. ...Эхнэрээс юу болсон талаар асуухад эхнэр Энхзул “намайг янз бүрээр хэлж хайртай, дуртай, харж явдаг, унтья” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би уур хүрээд хажуу айлын залуу Анхбаярын гэр лүү ороход хүн байхгүй байхаар нь хашааны гадаа гараад иртэл Анхбаяр зогсож байсан. Тэгээд би Анхбаяр дээр очтол өөдөөс “яасан хөгшөөн" гэж хэлэхээр нь “би чамайг арай ингэнэ гэж бодсонгүй” гэж хэлээд цохиж унагаад, унахаар нь буцаж татаж босгож ирээд нүүр толгой хэсэг рүү нилээн хэд цохисон. Барагцаагаар 5-6 удаа цохисон. Миний өөдөөс ямар нэг хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд би босож ирэхгүй болохоор нь айгаад зодсон газраа орхиод Хилчин хотхоны урд зам дээр түргэн дуудаж ирэхээр нь өөрөө очиж түргэний машинийг дагуулж ирсэн. Тэгээд Анхбаяртай түргэний машинтай ирсэн чинь зодуулсан газраа байхгүй байсан ба гэрт нь ороход гэрийнхээ орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмч нарыг Анхбаярын гэр лүү оруулаад эхнэрээ аваад ажил руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Гнь А.Аын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №8426 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, уг хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо айл хөршийн харилцаатай ба хоорондын таагүй харилцаа, хохирогчийн зүй бус авир зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Д.Гийн хувийн байдлын талаар:
“Милко” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 101х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 96х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч А.А нь эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж 188.850 төгрөгийн баримт /хх-ийн 55-57х/ хавтаст хэрэгт хавсаргуулж, нэхэмжилснийг шүүгдэгч Д.Гоос 2 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч А.Ат олгуулах нь зүйтэй.
Харин хохирогч А.А нь ажилгүй байсан хугацааны орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, “Милко” ХХК-д гэрээгээр ажилладаг болох нь “Милко” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 101х/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, шүүгдэгч Д.Гийн хувийн байдал, мөн ар гэрийн байдал /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь хүүхдүүдээ хардаг, өөрөөс нь өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 /дөрвөн зуу/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Гнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 188.850 /нэг зуун наян найман мянга найман зуун тавь/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч А.Ат олгож, хохирогч А.А нь ажилгүй байсан хугацааны орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ