Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0527

 

2025 07 28 128/ШШ2025/0527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А ХХК /РД:/

Гомдол гаргагчийн төлөөлөгч: Б.Б /РД:/

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Ж.С /ӨНБД:/

Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С******* нарын хоорондын Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Ц.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******гийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

1.1 Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С******* нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХХК-йг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

1.2. Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч А ХХК-д Монгол шуудан ХК-иар хүргүүлснийг гардан авч шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргажээ.

1.3. Шүүхээс гомдлын бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/3452 дугаар захирамжаар А ХХК-иас Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******д холбогдуулан гаргасан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар 128/2025/0470/з индекстэй хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Гомдол гаргагч хуулийн этгээдээс шүүхэд ирүүлсэн гомдол болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2004 онд байгуулагдсан ресторан, лоунж, түргэн хоол, зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг 2008 онд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан. 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран А ХХК-ийн ******* нэртэй зоогийн газарт шалгалт явуулахад бид ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөн. Тухайн үед лангууны доод талын шүүгээг ухаад акцгүй 2 ширхэг S******* нарийн архи гарч ирснийг хураан авсан. Нийт 3 ширхэг S******* архи байснаас 1 ширхэг нь акцтай, нөгөө 2 ширхэг нь акцгүй байсан. Нэлээд хугацаа өнгөрсний дараа торгуулийн хуудас ирсэн би ийм өндөр үнийн дүн бүхий торгууль тавигдана гэж бодоогүй, хууль бус зүйл хийгээгүй учраас айх асуудал байгаагүй. Багануур дүүрэг жижиг зах зээлтэй, ковид-19 цар тахлын үед үүссэн эдийн засгийн хямралаас гараагүй байгаа. Манайх 300 гаруй сая төгрөгийн татварын өртэй бөгөөд сар сарынхаа татварыг төлөхөөс илүү өрөө төлөөд татварын хэлтэстэй ойлголцоод явдаг. Ийм өндөр торгууль төлөхөөр бол бидний үйл ажиллагаанд маш их сөргөөр нөлөөлнө, сэтгэл зүйн хувьд ч хүнд байна. Бид хууль бусаар гадаад улсаас архи оруулж ирээд баригдсан бол маргахгүй, хамаагүй. Манай байгууллага бараа материал татан авахдаа албан ёсны борлуулагчаас худалдан авдаг. Акцгүй 2 шил архийг лоунжид зориулан бусад архитай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Барс худалдааны төвийн Ж ХХК-ийн нэрийн дэлгүүрээс НӨАТ-ын баримттай худалдан авсан ба тухайн үед бүгд акцтай байсан. Тухайн архийг ихэвчлэн коктейль найруулахад ашигладаг 2024 оны 3 сард лоунж ажиллахаа больж үлдсэн барааг ресторанд хүлээлгэн өгсөн. Сүүлийн үед импортын архины акц наалдац нь муу, зарим үед хайрцаг дотроо уначихсан ирдэг байсан. 2023 оны 11 сараас 2025 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн архины акц унасан байсныг анзаараагүй. Энэ хугацаанд лоунж, ресторанд олон бармен, бартендер солигдож ажилласан. Яалт ч үгүй бид Ж ХХК-ас худалдаж аваад зараад, үлдэгдэл нь тооллогоор баталгаажсан байхад ийм асуудалд орсон. Иймд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гомдол гаргагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн архийг өмнө нь лоунж ажиллуулж байхдаа коктейль найруулж үйлчлэх зорилгоор хэрэглэдэг байснаа тайлбарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Барс захад байрладаг Ж ХХК-йн Жавхлант толгой нэртэй дэлгүүрээс архи, согтууруулах ундаа худалдан авсны дотор 6 ширхэг S******* нэртэй архи худалдан авсан гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан орлого, зарлагын баримт, холбогдогчоос гаргасан мэдүүлгийг нарийвчлан шалгаж, нэмэлт ажиллагаа хийгээгүй. Тухайн үед Цагдаагийн хэлтсийн н.О******* гэдэг хүнээс мэдүүлэг авахад архи хаана байсан байршлыг дурдаагүй зөвхөн 2 ширхэг S******* олдсон гэдэг. Гэтэл хариуцагч өөрөө энэ чинь лангуун дээр байсан гэж хариу тайлбарт бичдэг. А ХХК-ийн захирал тухайн ажиллагаанд биечлэн оролцсон лангуун дээр байгаагүй лоунжид ашиглаж байсан үлдэгдэл 3 ширхэг байснаас 2 ширхэгийг нь хураан авсан гэдэг. Зөрчлийг нотлох үүрэг эрх бүхий албан тушаалтанд өөрт нь байгаа. Гэтэд дээрх зөрүүтэй байдлыг арилгаагүй, мухарлаагүй зүйлсийг шалгахгүйгээр зөрчил үйлдсэн гэж тогтоогоод торгууль ногдуулсан нь үндэслэлгүй. Хэргийн материалд групп ХХК-ас ирүүлсэн албан бичигт хэрэв групп ХХК оруулж ирсэн бол тухайн архины шилэн дээр тусгай наалт байдаг, энэ наалт хуурахгүй, наалт дээрх кодоор хэзээ хэрхэн оруулж ирсэн гарал үүслийг тогтоох боломжтой гэжээ. А ХХК буруутгагдаад байгаа үндэслэл нь импортоор оруулж ирсэн архины шилэн дээр наадаг хяналтын наалт хуураад унасанд байгаа. Тэр наалт нь үнэхээр бат, бөх наалт мөн үү, үргэлж байдаг уу, тухайн бүтээгдэхүүн дэлбэгэр тагтай 3 ширхэг архи байснаас нэг нь наалттай нөгөө хоёрынх нь наалт хуураад унаснаар зөрчил гэж шууд торгох боломжгүй. Зөрчлийн хуулийн 11.24 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих 1.1-д тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэж зааснаар худалдан борлуулсан гэдэг нь дотооддоо гэсэн үг жишээлбэл АПУ компани архи үйлдвэрлээд онцгой албан татвар төлсөн тэмдэг наагаад худалдаалж байгаа. Импортолсон гэдэг нь Монгол Улсад үйлдвэрлээгүй хилээр орж ирэх явцад онцгой албан татвар төлөгдөж байгаа. Тухайн бараа нь олон шат дамжлагаар дамжиж эцсийн хэрэглэгчдээ хүрэх явцад барааны тэмдэг хуурах, унах эрсдэл байдаг. А ХХК нь импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн худалдаж авсан байхад бараа А ХХК-д ирсний дараа Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаар хөдөлшгүй, бүрэн нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй. Манайхаас өгсөн тайлбар, нотлох баримтуудыг хүлээн авч нарийвчлан шалгаагүй учир гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтарч шалгалт явуулахад А ХХК-ийн захирал нь өөрөө биечлэн байсан. Акцгүй хоёр ширхэг архины нэг нь лангуун дээр, нөгөө нь лангууны доод талын шүүгээнд байсан. 2 шил архийг цагдаа тэмдэглэл үйлдэн хурааж аваад 4 хоногийн дараа Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс 383 дугаартай гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг зөрчлийн 2 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд А ХХК-ийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр нягтлан бодогч албан тушаалтай Н.*******чимэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Н.*******чимэг нь S******* нэрийн 1 литрийн 2 шил архийг Жавхлант толгой дэлгүүрээс худалдан авсан гэх боловч онцгой албан татварын тэмдэгтэй байсан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй. Тухайн архийг коктейль найруулахад ашигладаг гэх боловч тагийг нь задлаагүй, таг нь бүрэн бүтэн хэр нь онцгой албан татварын тэмдэггүйгээр рестораны лангуун дээр худалдан борлуулж байсан. Бармен, бартендер солигдож ажилласан нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Онцгой албан татварын тэмдэг унасан байх гэж таамаглаж байгаа боловч хэзээ унасан гэдэг нь нотлогдохгүй таамаг төдий байна. Шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргаж ирүүлсэн НӨАТ баримт, лоунж, рестораны тооллогын баримтуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй тул үнэлж дүгнэх боломж байгаагүй. Тухайн архинуудыг багажаар шалгахад групп ХХК-ийн мөнгөлөг өнгөтэй наалт байсан, акц байгаагүй. Онцгой албан татварын тэмдэгтгүй архи худалдан борлуулахыг хориглосон учраас шийтгэл ногдуулсан. Ж ХХК болон групп ХХК-г бид шалгах ямар ч боломжгүй иймд гомдлын шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд,гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтуудыг судлаад дараах үндэслэлээр маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

  1. Багануур дүүргийн Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран Цахим-

архи худалдаа тусгай арга хэмжээний хүрээнд А ХХК-ийн ******* зоогийн газарт хийсэн хяналт шалгалтаар S******* нэртэй 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи акцгүй байсныг хураан авч А ХХК-ийн захирал Б.Быг байлцуулан эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

  1. Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 383 дугаар тогтоолоор Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* ресторан нь акцгүй архи худалдан борлуулсан зөрчил цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэгдсэн боловч тус зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгах үндэслэлгүй тул гомдлыг шалгуулахаар Багануур дүүргийн Татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн ба мөн хураан авсан 2 шил S******* нэртэй архийг шилжүүлэн өгсөн байна.

  1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор А ХХК-ийн Багануур дүүрэг, 1-р хороо, Д.Н******* гудамд 5 тоотод үйл ажиллагаа явуулах ******* ресторан нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн 2 дугаар зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

  1. Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн

Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсыг Монгол шуудан ХК-иар хүргүүлжээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д тэмдэггүй, согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тухайн харилцааг тусгай зохицуулсан Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Онцгой албан татварын тэмдгийг Монгол улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно, 5 дугаар зүйлийн 5.1.4-т импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах гэж зааснаар онцгой албан татварын тэмдэг наах нь согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг байна.

6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******чимэг нь ...акцгүй байгаа архи нь 2023 оны 11 дүгээр сарын үед татан авалт хийсэн архи байна. Согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүнийг Барс худалдааны төвийн гэрээт борлуулагчаас худалдан авдаг. Тухайн үед акцыг шалгасан бөгөөд архи авсан газраас акцгүй архи ирж байгаагүй... гэж тайлбар мэдүүлэг өгөөд байгууллагын нэр Ж толгой гэх 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № дугаартай 6,170,400 төгрөгийн зарлагын баримт гаргаж өгсөн ба тухайн баримтын материалын үнэт зүйлийн нэр, зураг, дугаар гэх хэсгийн 8 дугаарт Серра/с буюу Sierra silver гэж тэмдэглэжээ.

7. Гомдол гаргагч А ХХК-ийн захирал Б.Баас шүүхэд

гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Барс худалдааны төвд байрлах Ж ХХК-ийн нэрийн Жавхлант толгой дэлгүүрээс худалдаж авсан архины үлдэгдэл гэж, байгууллагын нэр Ж толгой гэх 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № дугаартай 6,170,400 төгрөгийн зарлагын баримтын эх хувийг, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн борлуулагч Ж худалдан авагч А гэх ebarimt, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байгууллагад очих баримт Жавхлант толгой худалдан авагч А гэх 6,170,400 төгрөг төлсөн төлбөрийн баримт зэргийг гомдолдоо хавсарган ирүүлсэн. Холбогдогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № дугаартай 6,170,400 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн хирнээ шүүхэд ирүүлсэн гомдолдоо ebarimt, төлбөрийн баримт зэргийг хавсарган өгсөн .

  1. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаа бүрэн гаргаж өгөөгүй байх бөгөөд энэ нь эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
  2. Ж ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд

ирүүлсэн албан бичигт А ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6,170,400 төгрөгийн бараа борлуулсан нь үнэн болно. Манай компаниас бүрэн акцтай, MSМ гэсэн давхар шошго тэмдэглэгээтэй гарсан болно гэж, байгууллагын нэр Ж толгой гэх 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № дугаартай 6,170,400 төгрөгийн зарлагын баримт, групп ХХК-иас 2023 онд бараа худалдан авсан баримтын хуулбарыг хавсарган ирүүлсэн ба групп ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1676 дугаар албан бичигт Жавхлант толгой дэлгүүрт S******* нэртэй архийг 2023 онд худалдан борлуулж байсан. групп ХХК-ийн MSM гэх шошго буюу холограмм нь хууларч алга болох боломжгүй бөгөөд тухайн барааны акцыг тэмдэглэн авдаг бөгөөд акцын дугаар байгаа тохиолдолд тухайн барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой гэжээ.

  1. Гомдол гаргагч болон Ж ХХК-иас ирүүлсэн 2023 оны 11 дүгээрсарын 11-ний өдрийн № дугаартай 6,170,400 төгрөгийн зарлагын баримтын материалын үнэт зүйлийн нэр, зураг, дугаар гэх хэсгийн 8 дугаарт Серра/с буюу Sierra silver гэж бичсэн, Ж ХХК-нь групп ХХК-иас 2023 онд худалдан авсан баримтад Sierra tequila silver гэж бичсэн байна. Харин үүссэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд акцгүй байсан S******* гэдэг нэртэй архийг хураан авсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд тухайн хоёр архины шилийг багажаар шалгахад ******* групп ХХК-ийн тэмдэг байсан гэж тайлбарласан. Тэгэхээр S******* нэртэй архийг хэн хэзээ хэрхэн импортоор оруулж ирсэн нь тодорхойгүй байна.
  2. Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн

эд зүйл хүлээлгэн өгсөн жагсаалтаар S******* нэртэй 1 литрийн хэмжээтэй нийт 2 шил согтууруулах ундааг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд тус орон тооны бус зөвлөл нь тухайн архийг устгалд оруулсан гэж тайлбарласан. Иймд хураан авсан эд зүйлийг устгасан учир аливаа шинж тэмдгээр эх сурвалжийг тогтоох боломжгүй байдал үүсэж байна.

  1. Түүнчлэн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 04/546 дугаар албан бичгээр гомдол гаргагч А ХХК-ийн ******* ресторан нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/203 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгасан болохыг тодорхойлжээ. Энэ тохиолдолд Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд заасан үйлдвэрлэгч болон импортлогчоос бусад бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч нар тухайн харилцааны субъект болох эсэх, А ХХК-г анхнаасаа акцгүй архи худалдан авсан гэж, эсхүл акцыг унагаасан гэж буруутгаж байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.
  2. Иймд гомдол гаргагч А ХХК нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийг тал бүрээс нь шалган тогтоох шаардлагатай ба үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 гурван/ сарын хугацаанд маргаан шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******гийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С******* нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас

-Зөрчилд холбогдогчийн худалдан борлуулж байсан 2 ширхэг S******* нэрийн архийг хэн хэзээ Монгол улсын хилээр импортлон оруулж ирсэн болох, уг барааны онцгой алба татвар төлөгдсөн эсэхийг тогтоох,

үний дагуу Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар хариуцлага хүлээх субъект хэн болохыг шалган тогтоож дахин шинэ акт гаргасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******гийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан гомдол гаргагч А" ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА