Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 183/2021/00105/И |
Дугаар | 210/МА2021/01230 |
Огноо | 2021-08-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/01230
2021 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2021/01230 |
НКФК ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01090 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК-ийн хариуцагч С.Ш-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116 258 262 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Ш- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 77 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй зээлсэн. Мөн баталгаат ипотекийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 521 дүгээр байр, 86 тоотод байрлах 1 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг гудамж, 00 тоотод байршилтай, 112 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1129 УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашин, 9333 УНК улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашин, 8145 УНЗ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашин, 9976 УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашин, 7606 УБЭ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа мэдэгдсэн боловч төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 77 000 000 төгрөг, зээлийн хүүд 33 029 635 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 228 627 төгрөг, нийт 116 258 262 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээ цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 77 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн зээлийг авахдаа бизнесийн зориулалтаар авсан бөгөөд Корона вирусийн улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах, эсхүл багасгаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 282 дугаар зүйлийн 282.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Ш-ас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 629 131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК-д олгож, үлдэх 19 629 131 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ш- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Шинэтулгын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 521 дүгээр байр, 86 тоот хаягт байршилтай, 30.48 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг гудамж, 00 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч С.Ш- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох 9333 УНК улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, 9976 УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, 8145 УНЗ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашин, 1129 УНӨ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашин, 7606 УБЭ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 739 241 төгрөгийг, 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Ш-ас улсын тэмдэгтийн хураамжид 711 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх хуралдааны үед зээлийн гэрээ нь хуульд нийцэн байгуулагдсан болох нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч НКФК ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 77 000 000 төгрөг маргаагүй хүлээн зөвшөөрсөн, зээлийн хүүд 33 029 635 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 228 627 төгрөг, нийт 116 258 262 төгрөгийг хариуцагч С.Ш-ас шаардах эрхтэй талаар үндэслэл хэсэгтээ дурдсан боловч Коронавирус /ковид-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50 хувиар багасгасан нь хуульд нийцээгүй хэмээн үзэж байна. Хэрэгт хариуцагч цар тахал түүний улмаас зээлээ төлж чадаагүй талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн шүүгч бүх үйл ажиллагааг цар тахалын үед зогссон мэтээр ойлгож дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Энэ цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн байсан аж ахуй нэгж болон иргэд байгаа. Гэтэл хариуцагч ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг тэдгээр нь цар тахлын улмаас зогссон бол түүний талаар баримтаа шүүхэд гаргаж өгөх байсан боловч түүнийг гаргаж өгөөгүй хугацаа хангалттай байсан шүүх хурал 2-3 удаа хойшлогдсон байдаг. Манай байгууллагын хувьд зээлийн үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэн явуулж байгаа бөгөөд бусад банк болон банк бусын нэгэн адил жишиг хүү бодсон ба хариуцагчийг хохироосон өндөр буюу илүү бодсон зүйл байхгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байна. Хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч уг төлбөрийн хэмжээг бууруулахад гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болж болно. Түүнчлэн, зээлийн хүүг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргасан байхын зэрэгцээ талууд энэ талаар мэтгэлцсэн байх, зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь хэргийн баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 629 131 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
НКФК ББСБ ХХК нь С.Ш-ас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 77 000 000 төгрөг, хүү 33 029 635 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 228 627 төгрөг, нийт 116 258 262 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаны үндсэн зээлийг төлөх, барьцааны зүйлээр үүргийг хангах асуудлаар хариуцагч татгалзал гаргаагүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэхээр маргажээ.
НКФК ББСБ ХХК, С.Ш- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1062069955 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 77 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хүүгийн хамт хугацаанд нь төлж дуусгах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүх зөв дүгнэсэн байна.
Зээлдүүлэгч ББСБ-аас 77 000 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан, зээлийг ашигласан хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 200 000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байна.
Иймд зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, гэрээний 5.5-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг тооцож шаардах эрхтэй.
Зээлдэгч буюу хариуцагч С.Ш- нь зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, харин Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж татгалзсан ч энэ талаар зээлдүүлэгчид хандаж гэрээний нөхцлийг үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлүүлэх талаар санал хүсэлт тавьж байсан баримтгүй байна.
Иймээс нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж зээлдүүлэгчийг буруутгах боломжгүй, хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн хүүг хэт өндөр талаар шүүхэд мэтгэлцэж, холбогдох нотлох баримтыг гаргаагүй, зээлийн хүүг төлөхгүй үндэслэлээ бизнесийн үйл ажиллагаа доголдсон үндэслэлээр тайлбарласан байхад шүүх хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр хүүг багасгаж болно гэж заасан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг үндэслэн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50 хувиар багасгасан нь талуудын мэтгэлцээнд үндэслээгүйгээс гадна хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
Харин цар тахлын хөл хорио бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсны улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар татгалзал нь нийтэд илэрхий бодит нөхцөл байдал тул гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх нөхцөл гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн 110 029 635 /77 000 000+33 029 635/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 6 228 627 /нэмэгдүүлсэн хүү/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Талууд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 106 206 955 дугаар Баталгаат ипотекийн гэрээ-ээр барьцаалуулагч С.Ш- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 521 дүгээр байр, 86 тоот хаягт байршилтай, 30.48 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг, 00 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч НКФК ББСБ ХХК-д барьцаалсан, гэрээ бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул барьцаалагч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Шүүх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 106206955 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-гээр үүрэг гүйцэтгүүлэгчийн НКФК ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 9333 УНК улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, 9976 УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, 8145 УНЗ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашин, 1129 УНӨ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашин, 7606 УБЭ улсын дугаартай, Хьюндай портер маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 282 дугаар зүйлийн 282.2 гэснийг хасч, 96 629 131 төгрөгийг гэснийг 110 029 635 төгрөгийг гэж, үлдэх 19 629 131 төгрөгийг гэснийг үлдэх 6 228 627 төгрөгийг гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын 711 295 төгрөг гэснийг 708 098 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 095 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.ОТГОНЦЭЦЭГ