Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 119

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Х.Нарангуа,

            шүүгдэгч З.О, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708024390394 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.О нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 34
тоотод байрлах “А” эмийн сангийн байранд хохирогч М.Гыг
“өөрийнх нь эмийн санг мэргэжлийн хяналтын газарт хэлж хаалгалаа” гэж
маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, гэдэс хэвлий хөлөн тус газарт нь өшиглөж, даралтын аппарат, чагнуурыг гартаа ороож байгаад мөр, цээж, гаран тус газарт нь цохиж, лангуу түлхэж хөл дээр нь унагаж биед
хэвлийн цус хуралт, баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт
бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар З.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, З.О нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 34 тоотод байрлах “Арвин тан” эмийн сангийн байранд хохирогч М.Гтой маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би уг эмийн санд үйлчлэгч Уртнасангийн хамт ажлаа хийж байтал 13 цагийн орчимд манай эмгийн сангаас зүүн урд талд байдаг эмийн сан байрладаг байрны эзэн эмэгтэй нэг залуугийн хамт орж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд “100 төгрөгийн тариур авъя” гэхээр нь би “хэрүүл өдөх гэж орж ирж байна даа” гэж бодсон учир “байна” гэж хэлсэн чинь “чамд л тийм хямд тариур байдаг юм байлгүй, чи яахаараа манай эмийн санг ажиллуулдаггүй хулгайч вэ, чи ганцаараа идэх ёстой юм уу” гээд тэр эмэгтэй намайг эхлээд шууд алгадаад авсан. Тэр эмэгтэй нилээн хэдэн удаа цохиж зодсон. Тэр эмэгтэй эхлээд лангууны цаанаас миний нүүр, хэвлий орчимд нилээн хэдэн удаа цохиж авсан. Тэгээд миний гэдэс, бөгс, хөл орчимд өшиглөөд дараа нь даралтын аппарат, чагнуурыг гартаа ороож байгаад миний мөр, цээж, гар луу цохьсон. Тэгээд лангуу түлхээд намайг нилээн хэдэн удаа өшиглөөд дараа нь намайг лангууны ард зогсож байхад лангуу түлхэж унагаагаад миний хөл дээр лангуу унагаасан, эм тариа хагалсан. Тэр эм тарианы мөнгийг болон өөрийн эмчилгээний зардал мөнгө болох 500,000 төгрөгийг  нэхэмжилж байна .” гэсэн мэдүүлэг /хх-иийн 17-18х/

                             

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14150 дүгнэлтэд: “...М.Гын биед хэвлийн цус хуралт, баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 24х/

 

Гэрч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би уг эмийн санд жор баригч Ганболдын хамт байж байтал гаднаас эрэггэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн Тэр эмэгтэй нь “тарианы зүү авъя” гэхэд Ганболд “хэдийг авах юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй нь “би тарианы зүү авчихмаар харагдаж байна уу” гээд Ганболдыг цохиод авсан. Тэгээд Ганболд тэр хоёр хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Тэр эмэгтэй Ганболдын нүүр, толгой орчимд нь гараараа цохиж аваад тэгээд маргалдаж байгаад нилээн хэдэн удаа цохиж авсан. Дараа нь Ганболдыг чагнуурын аппаратаар гартаа ороож байгаад цохих, сандлаар цохих зэргээр зодсон. Тэгэхээр нь “би хөөе болиоч ээ” гэхэд тэр эмэгтэй миний толгой руу гараараа цохиод авсан юм. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс “чи одоо юун хүн юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг элдвээр хэлээд байхаар нь би хажууд байгаа залууг нь “наад хүнээ аваач ээ” гэхэд тэр залуу нь хараад зогсоод байсан. Тэгээд тэр эмэгтэй лангууны араар ороод Ганболдыг нилээн хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь лангуу түлхээд Ганболдын хөл дээр нь унагаасан.Тэгэхэд лангууны цаад талд байсан шингэн тарианууд нилээд их хэмжээгээр хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

 

                  Гэрч Б.Бадарчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад “Ачит-10”-аас “Арвин тан” нэртэй эмийн сан дотор согтуу эмэгтэй орж ирээд агсан тавиад зодоод байна гэсэн дуудлагыг ирүүлсэн. Үүний дагуу очиж шалгахад Оюунсүрэн гэдэг эмэгтэй дээрх эмийн санг ажиллуулдаг эрэгтэй Ганболд нар нь хоорондоо маргалдаад зогсож байсан. “Юу болсон, яагаад маргалдсан” талаар нь асуухад эмийн сангийн асуудлаас болж хоорондоо маргалдаж зодолдсон зүйл ярьж байсан. Намайг дуудлагаар очих үед зодоон нь болоод дууссан байсан юм. Ингээд Оюунсүрэн гэдэг эмэгтэйг “Ачит-10” дээр авчран хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/

 

                  Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оюунсүрэн эгч “хоёулаа хамт эмийн сан оръё” гэж хэлэхээр нь “за тэгье” гэж хэлээд Оюунсүрэн эгчийн хамт хоёулаа гэрийн ойролцоо байх “Арвин тан” нэртэй эмийн сан орсон юм. Эмийн санд ороод “би хүүхдийн шарлалтанд өгдөг эм байна уу” гэж асуусан. Гэтэл гэнэт л Оюунсүрэн эгч тухайн эмийн сангийн худалдагч эрэгтэй хүнтэй маргалдаад хэрэлдээд унасан. Энэ үед Оюунсүрэн эгч эмийн сангийн худалдагч ахын нүүр лүү нь хэд хэдэн удаа гараараа цохиод хөл болон хэвлийн хэсэгт нь өшиглөсөн. Мөн энэ үедээ лангууг нь түлхсэн гэтэл лангуу нь тухайн эрэгтэй хүний хөл дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/

 

Шүүгдэгч З.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би хүргэн Батмөнхийн хамт эм авахаар “Арвин тан” эмийн сан орсон юм. Тухайн эмийн санд ороод би “танайд 100 төгрөгийн тариур байгаа бол би авъя” гэж Ганболдод хэлэхэд Ганболд намайг “согтуу балай авгай, яанхан, гичий” гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь хоорондоо Ганболд бид маргалдсан. Энэ үед Ганболд надад хандаж “чи намайг цохьчихооч” гээд байн байн хэлээд хэл амаар доромжлоод л байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гараараа толгой болон мөрний хэсэгт нь хэд хэдэн удаа цохьсон. Үүний дараагаар би лангууг нь цааш нь түлхтэл лангуу нь газар унасан. Энэ үед Ганболдын хөлөн дээр нь унасан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би хүргэн Батмөнхийн хамт эм авахаар “Арвин тан” эмийн сан орсон юм. Тухайн эмийн санд ороход Ганболд нь намайг “янхан, балай авгай, согтуу авгай” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа түүний мөр болон толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон, өөр зүйлээр цохиогүй. Мөн лангууг түлхсэн чинь Ганболдын хөл дээр унасан юм. Би замын эсрэг талд нь байрлах байраа эмийн санд хөлслүүлдэг болохоор намайг өөрийнхөө өрсөлдөгч гэж боддог юм шиг байсан. Би Ганболдын биед учирсан гэмтлийг бол зөвшөөрч, гэхдээ би хэвлийд нь цохиогүй. Мөн эм тариа тухайн үед хагараагүй байх гэж бодож байна, тэр лангуунд ямар ч эм тариа байхгүй сул, хоосон байсан. Хэрэв эм тариа байгаад хагарсан бол би мэдэх боломжтой байсан, аргаа ядахдаа хагархай ч болтугай байх байсан байх. Энэ талаар ямар ч баримтгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Дээрх хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, хохирогч, шүүгдэгч нарын хооронд эрхэлж буй үйл ажиллагаанаас болон бусад нөхцөл байдлыг буруугаар ойлголцож бие бие рүүгээ дайралт хийх, хэл амаар доромжлох,  маргалдах  зэрэг нөхцөл байдал урьд нь гарч байсан талаар аль альных нь тайлбар, мэдүүлэгт байх бөгөөд  нь улмаар эцэстээ хэн нэгэндээ гэмтэл учруулах хэмжээнд хүргэсэн байна.

Шүүгдэгч З.О нь би гэм буруу дээр маргахгүй гэсэн атлаа “би  хохирогчийн зөвхөн мөр болон толгой руу 2-3 удаа цохьсон, өөрөөр цохиж зодоогүй” гэж мэдүүлснээс гадна “эм тариаг хагалаагүй” гэж мэдүүлсэн нь  бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

Тухайлбал, хохирогч М.Гын “...тэр эмэгтэй намайг эхлээд шууд алгадаад авсан. Тэр эмэгтэй эхлээд лангууны цаанаас миний нүүр, хэвлий орчимд нилээн хэдэн удаа цохиж авсан. Тэгээд миний гэдэс, бөгс, хөл орчимд өшиглөөд дараа нь даралтын аппарат, чагнуурыг гартаа ороож байгаад миний мөр, цээж, гар луу цохьсон. Тэгээд лангуу түлхээд намайг нилээн хэдэн удаа өшиглөөд дараа нь намайг лангууны ард зогсож байхад лангуу түлхэж унагаагаад миний хөл дээр лангуу унагаасан, эм тариа хагалсан” гэж, /хх-иийн 17-18х/,         

            шинжээчийн №14150 дүгнэлтэд: “...М.Гын биед хэвлийн цус хуралт, баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж. /хх-ийн 24х/

Гэрч Б.Уртнасангийн “...нөгөө эмэгтэй нь “би тарианы зүү авчихмаар харагдаж байна уу” гээд Ганболдыг цохиод авсан. Тэгээд Ганболд тэр хоёр хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Тэр эмэгтэй Ганболдын нүүр, толгой орчимд нь гараараа цохиж аваад тэгээд маргалдаж байгаад нилээн хэдэн удаа цохиж авсан. Дараа нь Ганболдыг чагнуурын аппаратаар гартаа ороож байгаад цохих, сандлаар цохих зэргээр зодсон. Тэгээд тэр эмэгтэй лангууны араар ороод Ганболдыг нилээн хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь лангуу түлхээд Ганболдын хөл дээр нь унагаасан. Тэгэхэд лангууны цаад талд байсан шингэн тарианууд нилээд их хэмжээгээр хагарсан байсан” гэж /хх-ийн 19-20х/

                  гэрч Б.Бадарчингийн “...үүрэг гүйцэтгэж явахад “Ачит-10”-аас “Арвин тан” нэртэй эмийн сан дотор согтуу эмэгтэй орж ирээд агсам тавиад зодоод байна гэсэн дуудлагын  дагуу очиж шалгахад Оюунсүрэн гэдэг эмэгтэй дээрх эмийн санг ажиллуулдаг эрэгтэй Ганболд нар нь хоорондоо маргалдаад зогсож байсан. “Юу болсон, яагаад маргалдсан” талаар нь асуухад эмийн сангийн асуудлаас болж хоорондоо маргалдаж зодолдсон зүйл ярьж байсан” гэж /хх-ийн 21х/

 

            Гэрч Б.Батмөнхийн “...Оюунсүрэн эгчийн хамт хоёулаа гэрийн ойролцоо байх “Арвин тан” нэртэй эмийн сан орсон юм.Гэнэт л Оюунсүрэн эгч тухайн эмийн сангийн худалдагч эрэгтэй хүнтэй маргалдаад хэрэлдээд унасан. Энэ үед Оюунсүрэн эгч эмийн сангийн худалдагч ахын нүүр лүү нь хэд хэдэн удаа гараараа цохиод хөл болон хэвлийн хэсэгт нь өшиглөсөн. Мөн энэ үедээ лангууг нь түлхсэн гэтэл лангуу нь тухайн эрэгтэй хүний хөл дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.О нь хохирогч М.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн энэ үйлдлийг хийх явцаа лангууны ард байсан хохирогчийн эд зүйлийг хагалж гэмтээсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдсэн болно.

Иймд шүүгдэгч З.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

З.Огийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 42х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч М.Г нь эрүүл мэндийн хохиролд 220.000 төгрөг, хагарсан эм тарианы үнэ болох 368.600 төгрөг, нийт 588.600 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргуулж /хх-ийн 54-55х/, нэхэмжилснийг шүүгдэгч З.Огээс гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй. Харин дээрх хохирлыг шүүгдэгч З.Огээс гаргуулахдаа түүний хувийн байдал болон ар гэрийн байдал /сургуулийн насны 3 хүүхэдтэй/, өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч З.Огээс 588.600 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч М.Год олгохоор шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:

Шүүгдэгч З.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

Шүүгдэгч З.О нь хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Гын мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч Б.Уртнаснгийн мэдүүлэг /хх-ийн 19-20х/, гэрч Б.Бадарчингийн мэдүүлэг /хх-ийн 21х/, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 36х/, шинжээчийн №14150 дүгнэлтэд “ хохирогчийн эрүүл мэндэд учирсан  гэмтэл нь хөнгөн гэмтэл”  гэж дурдагдсан /хх-ийн  24х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул З.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч З.Огийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу бичиг хэргийн худалдаа эрхэлдэг гэх, мөн өөрийн өмчлөлийн байраа бусдад хөлслүүлэн орлого олдог тухай мэдүүлсэн тул З.Од торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзэж улмаар үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан З.Од 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч З.Огийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ог 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Од оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан З.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Огээс 588.600  /таван зуун наян найман мянга зургаан зуу/ төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч М.Год олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ