Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/183

 

 

 

 

 

    2024           02            06                                         2024/ДШМ/183                                                         

Д.Н-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, Т.Балжинням,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/893 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Х овгийн Д-ийн Н-, 1998 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /  

             Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ... тоотод найз залуу Г.Ч-тай маргалдан цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

             Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Х овогт Дийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Н-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.Н-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Хортиця” гэсэн бичигтэй ажлын хэсгийн урт нь 14,5 см, бариул хэсгийн урт нь 12 см, нийт 26,5 см урттай шар бариултай хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 25 настай, олон улсын харилцааны менежер ажилтай, эх, 2 дүүгийн хамт амьдардаг. Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз охиноо дайлах зорилгоор гэртээ согтууруулах ундааны зүйл болох шар айраг хэрэглэж байх үедээ хайртай хүнээ амь насаа егүүтгэхэд нь таслан зогсоож хамгаалж чадахгүй, хүч мөхөсдсөнөөс болж энэ хэрэгт холбогдсондоо туйлын ихээр гэмшиж байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон энэ үед би өөрийн чадлаараа цаг алдахгүй эмнэлгийн тусламж үзүүлэхээр таксигаар авч очсон боловч амжиж очиж чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр шийтгэл хүлээсэн. Бид маш их зорилготой, мэргэжлээрээ улс эх орондоо ихийг бүтээх хүсэл зорилготой байсан. Яагаад ийм харамсалтай уй гашуу болсныг, мэдрэхэд ч айшигтай байна. Талийгаачийнхаа ар гэрээс нэхэмжилсэн, оршуулгын зардалд 11 сая төгрөгийг төлж барагдуулсан ба цаашид түүнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Би цаашид хуулийг дээдлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр ажиллаж, хөдөлмөрлөж, алдаагаа засч, хайртай хүнийхээ өмнөөс үлдсэн гэр бүлд нь тусалж дэмжиж явахад минь боломж олгож, надад оноосон ялыг багасгаж өгч, итгэл үзүүлээч гэж чин сэтгэлээсээ гуйж байна” гэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Би энэ хэрэгт шүүгдэгч Д.Н- болон түүний төрсөн эгч Д.Э нарын хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, дараах гомдлыг гаргаж байна. Д.Н-ий зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн хэргийнхээ учир холбогдол, хор уршгийг ухаарч, чин санаанаасаа гэмшиж байгаа юм. Хэдийгээр хүний амь насыг нөхөж, учирсан хор уршгийг бүрэн гүйцэт арилгах боломжгүй ч хавтас хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөнгөн дүнгээр нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй, болгоомжгүй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон учраас түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч Д.Н- нь 25 настай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Болгоомжгүй байдлын улмаас бусдын амь насанд хохирол учруулсан нөхцөл байдал байгаа учраас хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Т.Балжинням өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.Н-эс гаргасан хайртай хүнээ амь насыг егүүтгэхээс өмнө таслан зогсоож, хамгаалж чадахгүйгээс болж энэ хэрэгт холбогдсон гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Хүний амь нас хохирсон, нөхөж төлж баршгүй гарз учирсан учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Д.Н- маргаан болж хутга барьсан, тухайн үед харанхуй байсан” талаар мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахад амь насаа хохироох гэж байхад нь таслан зогсоосон гэж гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй байна. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг байна гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримт, сэргээн дүрслэгдсэн нөхцөл байдлуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж үзэж ял оногдуулсан. Үүн дээр улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гын “... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний үүрээр 06 цагийн үед миний охин Хүслэнгийн утас руу цагдаагаас залгаад “Ээжийгээ дагуулаад яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байсан... Тэгэхээр нь нөгөө цагдаагаас залгасан дугаар руу нь залгаад асуухад “таны хүү нас барсан байдалтай байна” гэж хэлсэн. Би Н- охины талаар нарийн сайн мэдэхгүй. Хүү маань үерхэж байгаа гээд 2020 оны шинэ жилээр гэртээ дагуулж ирээд бид нартай танилцуулж байсан. Тэр цагаас хойш дахин нэг удаа л уулзсан. Анх надад жаахан ааштай охин байна даа гэсэн бодол төрж байсан. Ихэнхдээ л хүү маань Н-ийн гэрт байна, Н-тэй хамт байна гэж хэлдэг байсан. Сүүлийн 20 гаран хоног Н-ийн гэрт амьдарч байсан. ...Надад гомдолтой гэдэг үг ч багадахаар тийм аймаар мэдрэмж төрж байна. Ганц тусалж дэмждэг хүү маань байсан...” /1-р хх 56-58/,

гэрч А.Нийн “...Очиход тал хашаатай хойд хэсгээрээ шороо урдуураа банзтай өгсүүр газар монгол гэрийн баруун урд хэсэгт дээшээ харсан байрлалтай цээж хэсгээрээ шалдан хувцасгүй, хар өнгийн биеийн тамирын өмд өмссөн эрэгтэй хэвтэж байсан, газар нь тэр чигтээ цус болчихсон, тэр эрэгтэйг эхнэр нь болов уу гэх эмэгтэй гараараа толгойг босгоод тэвэрчихсэн байдалтай туслаарай, авраарай өргөөд өгөөч, автомашин руу аваад яваач гэж сандарсан өнгөөр хэлээд газар сууж байсан. ...Би түргэн тусламж руу 02 цаг 07 минутад утсаар залгасан ...Энд шархадсан байдалтай ухаангүй хүн байна гэж хэлэхэд надад хаягаа хэл гэсний дагуу тэнд байсан эмэгтэйгээс хаяг асуухад хаягаа хэлж мэдэхгүй байсан, түргэн тусламж хаяг тодорхойгүй бол очих боломжгүй талаар хэлсэн. Тэгээд тэр залууг Х.Ууганбаяр, гар өргөсөн охин, талийгаач эрэгтэйн толгойг тэвэрч суусан эмэгтэй бид 5 өргөж автомашинд оруулаад тэр 4 хүн /талийгаачтай нийлээд/ автомашины арын суудал дээр сууж шууд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би эмнэлэг орж эмч дуудаж эмч гарч ирээд үзээд амьсгал хураасан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” /1-р хх 60-62/,

гэрч Х.Уын “...Тухайн охины орсон гэр дотроос эмэгтэй хүн орилоод “яасан юм бэ, яачих ваа” гээд уйлах чимээ гарсан. Энэ үед би юу болсон юм бол гэж бодоод гэр рүү нь орох гээд өгсөөд гадна нь очиход үл таних ухаангүй /цусандаа холилдсон байдалтай, хаанаас нь цус гарсан байсныг нь сайн харж чадаагүй, харанхуй байсан/ эрэгтэй хэвтсэн байдалтай, түүний эхнэр нь бололтой үл таних эмэгтэй хүн толгой хэсгээр нь тэврээд уйлаад “туслаач ээ, түргэн тусламж дуудаач ээ” гэж хэлээд сууж байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ дуудаад бид хоёр яаралтай 103 буюу түргэн тусламж дуудахад тухайн хаягийг тодорхой зааж өгч чадаагүй учраас түргэн тусламж ирэх боломжгүй гэдгийг хэлсэн. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү өөрийн машинаараа тухайн ухаангүй үл таних эрэгтэй хүнийг, түүний эхнэр, дүү нь гэх эмэгтэй, анх такси барьсан эмэгтэй нарын хамтаар явцгаагаад яаралтай тусламжийн эмч гарч ирээд тухайн эрэгтэй хүнийг үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн ...Талийгаач гэх эрэгтэй нь дээгүүрээ нүцгэн, нимгэн хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хөл нүцгэн, дээшээ харсан, цээж болон гэдэс хэсэг нь цус болчихсон ухаангүй байдалтай хэвтэж байсан. Эхнэр нь гэх эмэгтэй түүний толгой болон хүзүү хэсгээр нь тэврээд газар суусан байсан. Талийгаач ямар шалтгаанаар нас барсан талаар мэдэхгүй бөгөөд тэнд байсан талийгаачийн ар гэр нь юу болсон талаар ярьж хэлэлгүй, талийгаачийн эхнэр гэх эмэгтэй нь учир зүггүй орилоод уйлаад байсан...” /1-р хх 65-66/,

Гэрч Г.Уын “... Тухайн үед намайг Н-ийн гэрт байхад Н- нь талийгаач Ч-ы өмнөх амьдралд нь бий болсон нэгэн хүүхдийн талаар ярихад талийгаач түүнд нь уурлаж хэрүүл маргаан үндсэндээ эхэлсэн. Миний мэдэхээр бол талийгаач өмнө нэг хүүхэдтэй байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр өдөр Н-, Ч- нар пиво ууцгааж байгаад гэнэт хүүхдийн талаар яриад эхэлтэл Ч- тэрнээс болж уурлаад тэр хоёр хэрэлдэж муудалцаж эхэлсэн. Тэр үеэр хоймрын орны газраар унтаж эсхүл хэвтэж байсан Баясгалан нэг харсан чинь босож ирээд уйлаад байж байсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ гэрт байсан зүйлсийг шидэлж эхэлсэн байл уу, үгүй бил үү бас яг нарийн санахгүй байна. Тэгээд би тэр хоёрыг өшөө муудалцуулахгүй гээд “байж бай Номио” гэх мэт үгнүүдийг хэлсэн. Удалгүй тэр хоёр хэсэг тайвшраад талийгаач хойморын орон дээрээ хэвтээд, Б газраар хэвтээд Н- тэр хавьд нэг юман дээр суугаад гайгүй болчихоор нь би хэсэг байж байгаад гэрээс нь гараад яваад өгсөн чинь араас удалгүй Н- уйлж миний утас руу залгаад би эргэж очсон...” /2-р хх 181-182/,

насанд хүрээгүй гэрч Э.Бийн “...Гэрт Н-, Ч- нар үлдсэн ба би тэр үеэр нойр хүрээд хэсэг хугацаанд унтчихсан байсан. Гэтэл төд удалгүй Ч-, Н- тэр хоёр хоорондоо маргалдаад чанга дуугаар гэр дотор хэрэлдэж эхэлсэн бөгөөд тэгж байгаад гэрээс гараад явах шиг болсон ба дотор чимээгүй болчихсон. Гэтэл удалгүй Н- эгч намайг чанга дуугаар сандарч тэвдсэн байдалтай Б аниагийн дүү гараад ирээрэй гэж дуудсан. Тэгээд би орноосоо босоод гүйгээд гадагш гартал гэрийн хажуухан талд Ч- ах дээшээ харчихсан ухаангүй хэвтсэн, хажууд нь Н- эгч суучихсан байдалтай байж байсан. Тэгээд намайг “түргэн дуудаарай, түргэн дуудаад өгөөч ээ” гээд байхаар нь би бүүр айгаад уйлж эхэлсэн бөгөөд Н- эгчийн гар утсаар эхлээд 103 дугаарыг хийж залгаад тусламж дуудах гэтэл би айж сандарсандаа болоод хаягаа мартчихсан хэлж чадаагүй тасалсан. Тэгээд шууд Уянга эгч рүү залгаад таныг яаралтай хүрээд ир гэж байна, та хүрээд ирээч гэж хэлээд утсаа Н- эгчид шилжүүлтэл эгч аваад бас Уянга эгчийг хүрээд ирээрэй, яаралтай шүү гэж хэлсэн...” /1-р хх 81-83/,

“... Би “tescoma presto” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн бариултай хутгаар мах, ногоогоо хэрчиж бэлдчихээд буцааж гал тогооны тавилганы шургуулга руу хийсэн...  Тэр гурав пиво уугаад сууцгаахад би унтах гээд хэвтээд өгөхөд ил харагдах хутга ил байгаагүй. Намайг нүдээ аниад унтахад гэрэлтэй байсан ба Н- эгч дуудаж сэрээхэд гэр дотор гэрэлгүй байсан. Гадаа гарахад мөн харанхуй байсан. Болохоор ямар нэгэн хутга хараагүй. ...” /1-р хх 86/,

Шинжээч А.Амгаланболдын “... Би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 622 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийн хэсэгт тухайн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 10,5 см гүнтэй шарх, уг шархыг ноцолдох болон хутга булаацалдах үед үүсэх боломжтой шарх байгаа юм. Гол нь тухайн агшинд хутгыг хэн нь барьсан байсан бэ гэдгийг тогтоох боломжгүй...” /2-р хх 117/,

“...Үхэлд хүргэхээс бусад шархнаас баруун эрхийн хуруунд үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух, баруун чамархайн, баруун чих, цээжний зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Амь хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний зүүн хэсэгт байрласан шарх нь хүн өөрийн гараар өөртөө учруулж болохуйц байрлалд байна. Харин өөрөө өөртөө дээрх гэмтлийг учруулсан эсэхийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл байрлалын хувьд уг шархыг талийгаач өөртөө учруулж болохуйц байрлалд, мөн өөр хүн ч учруулж болохоор байрлалд байна гэж дүгнэсэн ...” /2-р хх 185-186/,

гэрч Б.Бгийн “...Үзлэгийг эхлүүлж хэрэг учрал болсон гэх Монгол гэрт ороход гэрэлгүй тас харанхуй байсан. Тэгэхээр нь гэрлийг нь асаах гээд унтраалган дээр нь дарахад асахгүй байсан учраас гар чийдэн болон камерын гэрэлтүүлэг ашиглан хэргийн газрын үзлэгийн зургийг бэхжүүлэн авсан. ...” /2-р хх 120-121/,

гэрч Ө.Зын “...Дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамтаар гэмтлийн эмнэлгийн гадаа очиход хүлээн авахынх нь үүдэнд ... УБД улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Toyota sai” загварын тээврийн хэрэгсэл зогсчихсон, зүүн хойд хаалганы орчим газарт дээшээ харсан байдалтай, эрэгтэй хүний цогцос хэвтэж байсан. Ингээд хэргийн газрын үзлэгийг тэндээс эхлүүлж цааш явсаар ... тоотод очсон. Уг тоот хашаа нь дотроо цагаан өнгийн монгол гэртэй, гэрийн хажууд цагаан өнгийн дунд гарын жийп машин зогссон байдалтай байсан. Ийнхүү үзлэгээ хийж явсаар цаашлаад монгол гэрт ороход гэр харанхуй, үзэгдэх орчин үгүй байхаар нь гар чийдэн болон шинжээчийн камерын гэрлийн тусламжтайгаар шаардлагатай гэрэл зураг болон ул мөрүүдээ бэхжүүлж авсан. Ийм л зүйл болсон ба гэрийн доторх гэрэл нь дарж үзэхэд асахгүй байсан бөгөөд гэрлийн бүрхүүл рүү харахад гэрэл нь хагарчихсан суурь нь үлдсэн байдалтай байсан. ...” /2-р хх 124-125/,

шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Гэрэлгүй болсны дараа тас харанхуй бол биш байсан. Сарны гэрэл тусаж байсан ба хэн, яаж хөдөлж байна гэдэг үйл, хөдлөл бол харагдаж байсан. Манай дүү Баясгалан унтаад бид гурав пиво уугаад сууж байхад ямар ч хутга ил байгаагүй. Бид хоёр муудалцаж маргалдахад би шүүгээнээс хутга гаргаагүй. Талийгаач харин шүүгээнээс юм түжигнүүлээд дотор нь байсан юмнуудыг гаргаж шидлээд байсан. Тэгэхэд энэ гурван хутга гарч ирсэн байх. Би тухайн үед аль, ямар хутга хаана нь байсныг хараагүй, одоо санахгүй байна. Манай гэрийн баруун хэсэгт зурагттай мөлхөө тавилга, хоймор хэсэгт ор, зүүн хэсэгт ширээ, сандал доор нь гал тогооны тавилга байдаг. Би гэрийнхээ хоймор хэсэгт байх орон дээр хэвтэж байхад над руу гэрийн баганы зүүн талаар чиглэн ор руу ирсэн гэж санагдаж байна. Намайг орон дээр хэвтэж байхад талийгаач орон дээр ирж сууж хэрүүл хийгээд суусан. Тэгэхэд би босож суугаад байж байхад талийгаач хэрэлдэнгээ миний нүүр рүү алгадаж, үсдэхээр нь би өөдөөс нь түлхээд тэгээд бид хоёр ноцолдсон. Яг яаж ноцолдсон хариу үйлдэл үзүүлсэн гэдгээ санахгүй байна. Би тэгэхэд яг гартаа юу бариад ирсэнийг нь сайн хараагүй, ноцолдсон энэ үйлдэл богино хугацаанд болж өнгөрсөн...” /2-р хх 12-13/,

Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1112 дугаар дүгнэлт “...Амь хохирогч Г.Ч-ы цогцост цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5, 6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун эрхий хуруунд шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух, баруун чамархай, баруун чих, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирган завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховлол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлээр үүссэн байна.

Баруун эрхий хурууны няцарсан шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух баруун чамархай, баруун чих, цээжинд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй.

Амь хохирогч Г.Ч-ы цусанд 1,4 промилли, ходоодны шингэнд 2,0 промилли, шээсэнд 6,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогчийн цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Амь хохирогч нь цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдын урд хана ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрх чихэлдэж нас баржээ. ...Амь хохирогчийн цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний зүүн дээд хэсгийн арьсанд 3 см өргөнтэй, зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй, 10,5 см гүнтэй байна. Амь хохирогчийн цус нь АВО системээр А/II/ -р бүлгийн харьяалалтай байна...” /1-р хх 102-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2265 дугаар дүгнэлт “... №3 дугаартай хүрэн судалтай шаргал өнгийн бариултай хутган дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Г.Ч-ы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /1-р хх 196-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар capын 27-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 622 дугаар дүгнэлт “...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1112 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн үүссэн 10,5 см гүнтэй хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ноцолдох үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5, 6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь өөрийнхөө гараар үүсэх боломжтой байрлалд байна. Криминалистикийн шинжилгээний 1462 дугаартай дүгнэлтэд дурдсан “Хортиця” гэсэн бичигтэй ажлын хэсгийн урт 14,5 см, бариул хэсгийн урт 12 см, нийт урт 26,5 см, ажлын хэсгийн дундаж өргөн 24 мм хэмжээтэй бор ховил бүхий шар бариултай хутгаар амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шархыг үүсгэсэн байх боломжтой...” /1-р хх 235-239/ гэсэн дүгнэлтүүд,

мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 242/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх 149-151/ зэргийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлахад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25 дугаар гудамжны 131а тоот гэртээ шүүгдэгч Д.Н- нь найз залуу болох амь хохирогч Г.Ч-, найз Г.У нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн үед шүүгдэгч Д.Н-, амь хохирогч Г.Ч- нар хардалт, талийгаачийн өмнөх амьдралд бий болсон хүүхдийн асуудлаас болж хоорондоо маргалдаж муудалцсан, тухайн нөхцөл байдлыг гэрч Г.У намдаан гэрээс гарч явсаны дараа бие бие рүүгээ эд зүйл шулуудах үед гэрлийн чийдэн онож, гэр доторх орчин харанхуй болсон байх бөгөөд хутга булаацалдах үед шүүгдэгч нь амь хохирогчийн цээжин тус газар нэг удаа хутгалж, амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдын урд хана ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрх чихэлдэж нас барсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасанд тус тус нийцэж байна. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах”, 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргүүдийг гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгоор нь ялган зүйлчлэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн зүгээс амь хохирогч руу чиглэсэн шууд болон шууд бус санаатай үйлдлийг ухамсарлаж хүсэж хийсэн, үр дагаварт зориуд хүргэсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин харанхуй орчинд хутга булаах үйлдэл хийх явцад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчийн амь насыг хохироосон болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч нарын зүгээс “...ял хөнгөрүүлж өгөхийг” хүссэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.      

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа учирсан хохирлыг харгалзан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулсан байна.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Н-ийн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, бодит хохирол төлж барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Н-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын “…5 жилийн хугацаагаар …” гэснийг “…3 жил 6 сарын хугацаагаар…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА