Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01229

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01229

 

 

 

Г.О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01119 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.О-ын хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан гаргасан 14 464 183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2005 онд Хас банкинд анх теллерээр ажилд орж, улмаар зээлийн мэргэжилтэн, зээлийн ахлах мэргэжилтэн, салбарын захирлаар ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хүчит шонхор тооцооны төвийн захирлын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа тэтгэврийн нэрийн данс нээж хуримтлал үүсгэсэн ба хуримтлалаас үлдсэн 9 450 016 төгрөгийг, мөн Хас банк хувьцааны үнэд суурилсан хуримтлалын урамшуулал олгодгоос 3 047 443 төгрөгийг надад олгох байтал олгоогүй иргэн намайг хохироож байна.

Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахад банкны зүгээс нөхцөл тохирох гэрээг байгуулахыг тулгасан төдийгүй уг гэрээнд хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлал 3 047 443 төгрөг, Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9 450 016 төгрөг, нийт 12 497 016 төгрөгийг тус гэрээний хавсралт дахь нэр бүхий 16 харилцагч, зээлдэгч нарын зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар олгохгүй байх тухай заасан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хүсэлтээр чөлөөлөхгүй гэж шаардлага тавьсан тул арга буюу зөвшөөрсөн. Нөхцөл тохирох гэрээгээр миний ажиллаж байх хугацаандаа Хас банкны Хүчит шонхор тооцооны төвөөс зээл авсан иргэдийн зээлийг төлж дуусах, хэвийн горимд шилжих хүртэл хугацаагаар иргэн миний шударгаар хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг барьцаалан олгохгүй байгаа нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж байна. Ажиллаж байх хугацаанд харилцагч нарын хүсэлтийн дагуу зээлийн эдийн засагч зээл хүссэн иргэний холбогдох материалыг нь хүлээн авч, шалгаж судлаад зээл олгох эсэхийг шийдвэрлэж надад танилцуулан ажилладаг ба эдгээр иргэд, зээлдэгч нарыг таньж мэдэхгүй Хас банкны энгийн харилцагч нар байхад тэдний авсан зээлийн хугацаа дуусаагүй эргэн төлөлт хийгдэж байхад уг зээлдэгч нарын зээлийг ажлаас чөлөөлөгдсөн надад хамааруулж миний мөнгөн хуримтлалыг олгохгүй зүй бус үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Иймд ХБ ХХК-аас Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалын үлдэгдэл 9 450 016 төгрөг, хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлал 3 047 443 төгрөг, нийт 12 497 016 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 910 төгрөгийн хамтаар гаргуулан иргэн Г.О- надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч ХБ ХХК-аас эвлэрэх санал гаргаж 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 16/20-017 дугаартай Нөхцөл тохирох гэрээ-г цуцлах тухай гэрээг байгуулсан. Тус цуцлах тухай гэрээнд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Г.О-ын нэр дээрх хадгалагдаж байсан хуримтлалд хүүг нэмж тооцож хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлалд 4 571 164 төгрөг, тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалд 9 893 019.3 төгрөг, нийт 14 464 183.3 төгрөгийг Г.О-ын Хаан Банк дахь 5114386738 дугаартай дансанд энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжүүлэхээр заасан. Тэгтэл ХБ ХХК-аас нийт 14 464 183.3 төгрөг олгохоос 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 13 211 156 төгрөгийг олгоод үлдэх 1 253 027 төгрөгийг олгоогүй байна. Иймд дутуу олгосон 1 253 027 төгрөгийг ХБ ХХК-аас гаргуулан иргэн Г.О-од олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О- нь гэрээний нөхцөлтэй уншиж танилцан хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан тул гэрээнд заасан эрх, үүргийг бие дааж хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу ажилтан нь хэдийд ч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг бөгөөд зайлшгүй ажил олгогчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахад банкны зүгээс гэрээ байгуулахыг тулгаж, гэрээний нөхцөлийг аргагүйн эрхэнд зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Г.О- нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээг байгуулахаас татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа гэрээний нөхцөл нь гэрээний стандарт нөхцөл болохын тулд гэрээний нэг тал урьдчилан тогтоосон, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээнд байнга хэрэглэх, хуулиар тогтоогоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон байх гэсэн гурван шаардлагыг зэрэг хангасан байхаар хуульчилжээ.

ХБ ХХК болон Г.О- нарын хооронд байгуулагдсан 16/20-017 дугаартай нөхцөл тохирох гэрээний загварыг ХБ ХХК өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан ажилтан бүртэй байгуулах зорилгоор урьдчилан бэлдээгүй, Г.О-той гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцож байгуулсан тул Иргэний хуульд заасан гэрээний стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Уг гэрээ нь бие даасан гэрээ бус гагцхүү урьд байгуулагдсан гэрээг цуцлах талаар талуудын бичгэн тохиролцоо бөгөөд нөхцөл тохирох гэрээний нөхцөл нь уг гэрээнд мөн хамааралтай юм. Нөхцөл тохирох гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Байгууллага нь үүрэг хүлээгчтэй холбоотой төлбөр тооцоог хийхдээ хууль тогтоомжид заасны дагуу татвар, шимтгэлийг суутгаж авна гэж заасны дагуу холбогдох татвар, суутгалыг хийж нэхэмжлэгчийн нэр дээр зохих байгууллагад шилжүүлсэн. Хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшуулал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасны дагуу Хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшууллын дүн болон 4 571 164 төгрөгөөс Нийгмийн даатгалын шимтгэл 441 000 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 413 016 төгрөгийг тус тус суутган Нийгмийн даатгалын байгууллага болон Дүүргийн татварын хэлтэст шилжүүлж, үлдэх 3 717 148 төгрөгийг тооцож Г.О-ын дансанд олгосон. Тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл болох 9 893 019 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан Тэтгэврийн нэрийн дансны гэрээний 4.3-т энэхүү гэрээнд заасны дагуу тэтгэврийн нэрийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал, шийдвэр гарсан өдрөөс тасалбар болгон ажилтнаас суутган шилжүүлсэн хуримтлалыг хүүгийн хамт бүхэлд нь тооцож, банкнаас хуримтлуулсан хэсгийн хүүгийн хамт дор дурдсан хувь хэмжээгээр тооцон ажилласан хугацааг харгалзан олгоно гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хүүг тооцож, зөрүү болох 482 453 төгрөг болон данс хаасантай бусад суутгалыг хийж, Г.О-ын дансанд 9 494 008 төгрөгийг олгосон.

Иймд ХБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлж, Г.О-ын тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал, хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлал зэргийг Г.О-ын дансанд шилжүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тус тус заасан холбогдох татвар, шимтгэлийг суутган шилжүүлэх үүргээ хууль тогтоомжид заасны дагуу биелүүлэн нэхэмжлэгчийн нэр дээр суутган шилжүүлж, эрх бүхий байгууллагад тайлагнасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХБ ХХК-аас нийт 1 253 027 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 12 497 016 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн долоон мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч ХБ ХХК хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 249 533 төгрөгөөс 142 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 142 074 төгрөгийг, улсын орлогоос 107 459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-од олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд шийдвэрийн агуулгыг нэг мөр ойлгож биелүүлэх боломжгүй, хоёрдмол агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримталсан бөгөөд уг зохицуулалтын хувьд хэт ерөнхий агуулгатай тухайн хэрэг маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлага яагаад үндэслэлтэй, хариуцагч нь яагаад шийдвэрт дурдсан төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй болохыг хууль зүйн үндэслэлийн хувьд тодорхой дурдаж шүүхээс дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийг хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

ХБ ХХК-ийн хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд олгож байгаа орлогод ногдох татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутган шилжүүлж тайлагнасан байхад шүүхээс ямар үндэслэлээр хуульд заасан үүргээ биелүүлсэн хариуцагчийн буруу байсан гэж дүгнэж байгааг зөвтгөн тайлбарлах боломжгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрт Хариуцагч нь 1 253 027 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар суутгасан гэж тайлбарлаж байна гэсэн атлаа уг тайлбарыг Иргэний хууль болон бусад хуулийн ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар огт шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийлгүйгээр банкнаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшуулал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д тус тус заасны дагуу хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшууллын дүн болон 4 571 164 төгрөгөөс Нийгмийн даатгалын шимтгэл 441 000 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 413 016 төгрөгийг тус тус суутгаж 3 717 148 төгрөгийг тооцож олгосон. Тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл болох 9 893 019 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан Тэтгэврийн нэрийн дансны гэрээний 4.3-т Энэхүү гэрээнд заасны дагуу тэтгэврийн нэрийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал, шийдвэр гарсан өдрөөс тасалбар болгон ажилтнаас суутган шилжүүлсэн хуримтлалыг хүүгийн хамт бүхэлд нь тооцож, банкнаас хуримтлуулсан хэсгийн хүүгийн хамт дор дурдсан хувь хэмжээгээр тооцон ажилласан хугацааг харгалзан олгоно гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хүү болох 482 453 төгрөг болон холбогдох бусад суутгалыг хийж 9 494 008 төгрөг олгосон. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ХБ ХХК-аас 14 464 183.3 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлж байгаагүй бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХБ ХХК-аас тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9 450 016 төгрөг, хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлал 3 047 443 төгрөг, нийт 12 497 016 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ХБ ХХК-аас тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал болон хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлалаас олгогдоогүй үлдсэн 1 253 027 төгрөгийг гаргуулан авах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Г.О-ын шүүхэд хандаж ХБ ХХК-аас нэхэмжилсэн нийт дүн нь 13 750 043 төгрөг байхад анхан шатны шүүхээс 14 464 183.3 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж дур мэдэн, үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлон хэргийг шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг үндэслэсэн байх бөгөөд банкны хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт дүн болох 13 750 043 төгрөг, эсхүл шүүхийн шийдвэрт дурдсан 14 464 183.3 төгрөгийн аль дүнгээр шийдвэрийг биелүүлэх нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрт ХБ ХХК-аас 1 253 027 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлалд 4 571 164 төгрөг, тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9 893 019.3 төгрөг, нийт 14 464 183.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Г.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1528 тоот тушаалаар ХБ ХХК-ийн Хүчит шонхор тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № Б/980 дугаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээг ажил олгогч нь ажилтан Г.О-ын санаачилгаар цуцалжээ.

 

Талууд ажил хүлээлцсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16/20-017 дугаар Нөхцөл тохирох гэрээ-гээр Хавсралт 1-т заасан зээлүүдийг зээлдэгч бүрэн төлж дууссан, зээлүүдийн ангилал хэвийн байх шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан нөхцөлд хариуцагч ХБ ХХК нь хувьцааны үнэд суурилсан урамшууллын төлбөр болон тэтгэврийн нэрийн дансны байгууллагаас оруулсан хуримтлалын үлдэгдлийг олгохоор харилцан тохиролцсон, /хх8-9/ уг гэрээг талууд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020 оны 16/20-017 дугаартай нөхцөл тохирох гэрээг цуцлах тухай гэрээгээр дуусгавар болгож, хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшууллын төлбөр болох 4 571 164 төгрөг, тэтгэврийн нэрийн дансны банкнаас оруулсан дүн болох үлдэгдэл 9 893 019.3 төгрөг, нийт 14 464 183.3 төгрөгийг Г.О-ын Хаан банк дахь 5114386738 тоот дансанд ажлын 3 өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх80/

 

Хариуцагч ХБ ХХК нь дээрх 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд заасан 14 464 183.3 төгрөгөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3 717 148 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 9 494 008.85 төгрөг, нийт 13 211 156 төгрөгийг Г.О-од олгож, үлдэгдэл 1 253 027 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн татварт суутгасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. /хх-67/

 

Нэхэмжлэгч Г.О- нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тодруулсан дутуу олгосон 1 253 027 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаа 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020 оны 16/20-017 дугаартай нөхцөл тохирох гэрээг цуцлах тухай гэрээ-ний дагуу шаардсан байна.

 

Талууд өмнөх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцлахдаа гэрээний ерөнхий нөхцөл-д 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшууллын төлбөр нь 4 571 164 төгрөг, тэтгэврийн нэрийн дансны банкнаас оруулсан дүн болох үлдэгдэл 9 893 019.3 төгрөг, нийт 14 464 183.3 төгрөг гэж тодорхойлсон, уг мөнгийг 3 хоногт багтаан Г.О-ын дансанд шилжүүлэх үүргийг банк хүлээсэн, гэрээний 1.3-т цаашид гүйцэтгэвэл зохих нөхцөл тохирох гэрээгээр хүлээсэн эрх үүрэг байхгүй болохыг талууд харилцан зөвшөөрснөө заасан байна.

 

Дээрх гэрээнд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон өмнөх гэрээг дуусгавар болгох үед Г.О-од шилжүүлэх мөнгөн урамшуулал, тэтгэврийн дансны үлдэгдэл, мөнгийг шилжүүлэх хугацаа, данс, өмнөх гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг байхгүйг эргэлзээгүй илэрхийлэгдсэн байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээнд өмнөх гэрээний дагуу хүлээсэн үүрэг, эдлэх эрх байхгүйг тодорхой заасан байхад дуусгавар болсон гэрээний заалт буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16/20-017 тоот гэрээний 2.1 дэх заалтыг үндэслэн гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

Шүүх гэрээг үгийн шууд утгаар тайлбарлан, талуудад үүссэн гэрээний үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн заалтад нийцсэн байх бөгөөд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 1 253 027 төгрөгөөр хангаж, 13 211 156 төгрөгийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, талуудын тайлбар, бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ