| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0108/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708018920433 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соргозон” эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 73 дугаар гудамжны 16 тоотод иргэн Ч.О “доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 73 дугаар гудамжны 16 тоотод иргэн Ч.Отой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар нь архины шилээр цохих, маажих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65-29 тоотод гэртээ байж байсан ...Ариунжаргал манай гэрт орж ирсэн. ...Оргил, Үүрийнтуяа, Ариунжаргал бид нар Сархад нэртэй архийг хувааж уусан. ...Манай гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтад Оргилын гэрт очихоор гарсан. Тэгээд Тахилт явах замд Ариунжаргал Тахилтын эцэст дээр танидаг хүнтэйгээ уулзаад үлдсэн ба Оргил, Үүрийнтуяа бид 3 гэрт очих гээд явсан. ...Гэрт орсон хойноо Оргил, Үүрийнтуяа бид 3 архинаас нэг нэг хундага уугаад сууж байтал Ариунжаргал Үүрийнтуяаг дуудсан ба Үүрийнтуяа нь Ариунжаргалыг гаднаас тосож ирсэн. Ариунжаргал гэрт орж ирсэн хойноо Оргилын гэрт байсан бөөгийн шашны эд зүйлийг хараад “харын талын бөөтэй юм байна” гэж хэлэхээр нь би Ариунжаргалд хандаж “чи айлд ирчихээд юу яриад байгаа юм, чиний бөө мэддэг гэж юу байсан” юм гэж хэлэхэд миний урдаас Ариунжаргал бөөгийн шашныг мэддэг гэж хэлсэн. Тэгээд бид 2 юм яриад сууж байсан тухайн үед би гэрийн зүүн талын багананы хажуу талд нь сууж байсан. Тэгсэн Ариунжаргал надад хандаж “та дүү нарыгаа хараад хүн доромжлоод зангаа хувиргалаа” гэж хэлээд урдаа байсан шилэн тавагтай чихрийг шидсэн ба тавагтай чихэр миний биед оноогүй. Тэгсэн дараа нь ууж байсан 0.75 литрийн Сархад нэртэй архийг над руу шидсэн. Архины шил миний дээд уруул дээр оносон ба миний дээд 1 дүгээр шүд булгарч унасан. Тэгээд би амаа дараад доошоо харсан, миний амнаас цус гарсан. ...Би Ариунжаргалаас нийт 3.100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 12-14, 16-17х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Оргилсайханы гэрт Үүрийнтуяа, Оргилсайхан, Ариунтуяа хүүхэдтэйгээ 5 лаа очсон. Очих болсон шалтгаан нь мах авах зорилготой байсан. Оргилсайханых бөөгийн эд хэрэгсэлтэй айл байсан ба Ариунжаргал тэрийг харчихаад харын тал нь давамгайлсан айл байна гэсэн. Тэгэхээр нь би түүнд чи айлд орж ирчихээд юу яриад байгаа юм гэж хэлсэн. Мөн Оргилсайхан, Ариунжаргал нар нь архи ууж байх үедээ ширээний цаагуур хөл гар, салтаа саамаа барилцаад байхаар нь би Ариунжаргалд хандаж “чи ямар янхан гичий байгаа биш” гэж хэл амаар дпоромжилсон юм. Тэгсэн Ариунжаргал уурлаад над руу чихрийн таваг авч шидсэн, оноогүй. мөн архины шил авч шидсэн чинь миний үүдэн шүдийг оноод гэмтээсэн. Тэр үед миий амнаас цус гарсан бөгөөд үүнийг Ариунжаргал харчихаад гараад зугтаах гэхээр нь гаргахгүй гээд зууралдахад миний хүзүү, цээж хэсэгт маажсан. Миний нэг шүд унасан, мөн 1 шүд суларсан байсныг бэхэлгээ хийсэн, зардал нь нийт 2.290.000 төгрөг болсон, түүнчлэн өмгөөлөгчийн хөлс болох 800.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөгийг шүүгдэгч Ариунжаргалаас нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12686 дүгнэлтэд: “...Очирболдын биед уруул, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 33х/
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1 дүгээр шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. ... дээрх гэмтэл нь архины шилээр цохиход үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/
Гэрч У.Оргилсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...Очирболд ах, манай эхнэр бид 3 хамтдаа манай гэрт очсон. Бид 3 манай гэрт очоод мөн нэг шил архи хуваагаад уусан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн гаднаас Ариунаа ирчихсэн хамт суугаад архи хувааж уугаад сууж байсан. Тэгсэн Ариунаа, Очирболд ах 2 маргалдаад сууж байгаа сонсогдсон. Тэгээд би согтоод тасарсан. Хэсэг хугацааны дараа сэргэхэд Очирболд ахын үүдэн шүд нь унасан байдалтай манай гэрт Очирболд, манай эхнэр бид 3 сууж байсан. ...Очирболд ахаас юу болсон талаар асуухад Ариунаа ууж байсан архины шилийг над руу аваад шидсэн. Тэгсэн архины шил нь шүд хугалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20х/
Гэрч Ч.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...Ариунжаргал гэрт орж ирээд манай гэрт байсан бөөгийн хэрэгслийг харчихаад “энэ харын бөөгийн газар, хараалтай газар байна” гэх мэт янз бүрийн юм яриад байсан. Тэгсэн манай ах уурлаад “чи айлд ирчихээд янз бүрийн юм ярьлаа” гээд хэрэлдээд байсан. Нөхөр бид 2 хэрүүлд нь оролцоогүй. Тэгсэн Ариунжаргал сууж байхдаа газарт байсан тавагтай идээг манай ах руу шидсэн. Тавагтай идээ нь манай ахыг оноогүй. Тэгсэн дараа нь ууж байсан архины шилээ Очирболд ах руу шидсэн ба шидсэн архины шил нь Очирболд ахын нүүр хэсэгт нь оносон. Очирболд ахын амнаас цус гараад байсан. Амнаас шүд нь унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23х/
Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үүрийнтуяагийн гэрт ороход Очирболд, Оргил нар байсан ба гэртээ архи задлаад уугаад сууж байсан. Би архинаас нь уугаагүй. Тэгсэн Оргилын гэрийн зүүн хойд талын хэсэгт бөөгийн шашны эд зүйл харагдахаар нь би тэнд байсан хүмүүст хандаж “энэ бөөгийн шашин нь хар тал илүү юм байна, хүчтэй юм байна” гэж хэлсэн. Гэрийн зүүн талд Оргил сууж байсан. Би гэрийн баруун хойд талд сууж байсан. Тэгсэн Очирболд намайг Оргилтой хардаад “чи муу банзал, гичий, янхан” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь ууж байсан архины шилийг аваад Очирболд руу шидсэн чинь миний шидсэн архины шил уруул хэсэгт нь оносон ба Очирболдын амнаас цус гарсан. ...Очирболдын биед үүссэн уруул няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал зэргийг архины шил шидэхэд үүссэн, өөр бусад зулгарлтууд нь Очирболдтой ноцолдож байхад үүссэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52х, шүүх хуралдааны тэмдэглэл/, уг мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /53-54х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.А нь Ч.Оын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн №12686 дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон, дээрх нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Б.Аын хувийн байдлын талаар:
Гэрч Г.Отгонбаатар, Б.Ариунзул нарын мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-31х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 59х/
Түүний 3 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60-62х/
“Соргозон” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 75х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ч.О нь гэмт хэргийн улаас учруулсан хохирол тухайлбал, шүд хийлгэсэн, бэхэлгээ хийлгэсэн, шүдний зураг авахуулсны төлбөр гэж 2.290.000 төгрөгийн баримт /хх-ийн 76-77, 79х/, гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул шүүгдэгчээс дээрх зардлыг гаргуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч Б.Ааас 2.290.000 төгрөгийг гаргуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, 1 нас 7 сартай хүүхдээс 15 насны 3 хүүхэдтэй, амжиргааны түвшин тогтоох судалгаагаар амьдралын баталгаажих түвшин дундаж бүлэг өрхийн жагсаалтанд бүртгэлтэй болох нь СХД-ийн хөдөлмөр, хангамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдсон /хх-ийн 72х/, тэрбээр Соргозон эмнэлэгт асрагчийн ажил хийдэг, сарын үндсэн цалин 350.000 төгрөг /хх-ийн 75х/ зэрэг баримтуудтай байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ч.Оод олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс өмгөөллийн хөлс болох 800.000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан тул шүүгдэгчээс энэ зардлыг гаргуулах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал:
Шүүгдэгч Б.Аринунжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүхээс шүүгдэгч Б.Ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь биелэгдэх боломжтой гэж дүгнэлээ. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Ад торгох ял оногдуулах талаар санал гаргасан боловч уг ялыг шүүгдэгч Б.А нь биелүүлэх боломгүй байна.
Учир нь, шүүгдэгч Б.Аын хувийн болон ар гэрийн байдал, бага насны 3 хүүхэдтэй, нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийнх нь сарын үндсэн цалин нь 350.000 төгрөг гэх, уг цалин нь хаанаа ч хүрдэггүй, хохирогчид учирсан хохирлыг бага багаар удаан хугацаанд төлж барагдуулах боломжтой талаар өөрийн санаа бодлоо илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, тус өрх нь амьдралын баталгаажих түвшин дунд бүлэгт хамаарагдсан байх тул Б.Ад торгох ял оногдуулах боломжгүй юм.
Иймээс шүүгдэгч Б.Аын дээр дурдсан хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ад 240.000 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 2.290.000 /хоёр сая, хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ч.Оод олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ