Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 129

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч А.Мөнхзул,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708014140330 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи авахуулахаар шаардаж, шалтгаангүйгээр иргэн Ө.Эын хөмсгөн тус газар нь цохиж, хувцсаар нь хоолойг нь боосны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5-шарын автобусны буудлын орчим иргэн Ө.Эаас архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний хөмсгөн тус газар нь цохиж, хувцсаар нь хоолойг нь боох зэргээр үйлдэл хийсний улмаас  Ө.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр зогсож байхад зүс таних Билэгт нь архи уусан байдалтайгаар ирээд “архи аваад өгчих” гэхээр нь “би чамд архи авч өгдөг нь биш шүү, мангар бацаан минь” гэхэд Билэгт намайг заамдаад бид 2 хоорондоо заамдалцаад байж байхад Билэгт нь баруун гараараа миний баруун талын хөмсөгний хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид 2 зууралдаад байж байхад манай эхнэр Туул машин дотроос бууж ирээд бид хоёрыг салгаад цагдаа дуудсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 16-17, 18-19х/

                 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11214 дүгнэлтэд: “...Ө.Эын биед баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Ө.Эын биед учирсан баруун хөмсөгт шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 26х/

 

    Гэрч А.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шарын автобусны буудал дээр нөхөр Эрдэнэбаатарын эзэмшлийн микроавтобусанд сууж байсан ба нөхөр машиныхаа хажууд тамхи татаад зогсож байхад зүс таних Билэгт гэдэг залуу ирээд манай нөхрийг мөрлөөд, заамдаж аваад буудлын хажуугийн төмөр хашаанд шахаад толгой руу нь гараараа цохиод байхаар нь би очоод голоор нь орж салгасан. Тэгтэл манай нөхрийн хөмсөг нь сэтэрсэн байдалтай цус гарч байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5-н шарын автобусны буудал орчим Эрдэнэбаатар бид хоёр хоорондоо юм ярьж хөөрөөд зогсож байсан. Тухайн үед цаг ойролцоогоор 9 цаг болж байсан. ...Тэгээд хоорондоо юм ярьж байгаад би Эрдэнэбаатараар наргиад “дэлгүүр онгойчихсон байна, та дэлгүүр орохгүй юм уу” гэтэл Эрдэнэбаатар надад хандаж “ална шүү чам шиг бацаанд архи авч өгнө гэж юу байсан юм” гээд яваад өгсөн. ...Тэгэхээр нь би өөрөө дотроо “ер нь би яахаараа Эрдэнэбаатарын мангар бацаан байдаг юм” гэж бодоод Эрдэнэбаатар луу дөхөж очоод түүний хувцаснаас зуураад авсан. Тэгтэл хажуунаас нь эхнэр нь орж ирээд салгах гэж оролдсон. Эрдэнэбаатартай зууралдаад зогсож байхдаа би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн Эрдэнэбаатарын баруун хөмсөгнөөс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.Б нь Ө.Эын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэр нарын мэдүүлэг, шинжээчийн №11214 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Б.Бийн хувийн байдлын талаар:

Гэрч Ю.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 23-24х/

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 39х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55х/

Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 359 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63х/ зэргээр тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ө.Э нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-иийн 16-17, 18-19, 56х/

 

Шүүгдэгч Ө.Эрдэнбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа орон нутаг болон Улаанбаатар хотод тээвэрт явж орлого олдог, торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Ю.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 23-24х/, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр давхар нотлогдсон тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ