| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0142/З |
| Дугаар | 128/ШШ2025/0414 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ард даатгал ХК, Амар даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК нар
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд
Маргааны төрөл: Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дугаартай Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай албан бичгийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтулга, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын даатгалын холбоо НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, Ж.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Б.Жавзанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ард даатгал ХК, Амар даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 1/114 дугаартай Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хянаж, Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоход хэрэглэх итгэлцүүр-т жолоочийн даатгалын хураамжийг 700,000 төгрөг хүртэл тооцох, даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй хэмээн, уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлээс хассан билээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын үндсэн хуулийн хүнийг нас, хүйс, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй байх тухай заалтыг зөрчсөн учир Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэр энэ шийдвэр хэрэгжих бололцоогүй боллоо. Тиймээс даатгалын компаниас төлсөн хураамжаа буцаан авч болно" гэсэн агуулга бүхий мэдэгдлийг гаргасан.
Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)-д Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор баталсан Журам, загвар, маягтыг шинэчлэн батлах тухай журам-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай 1/114 дугаартай албан бичгээр захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлээс хассан хэмээн тэмдэглэсэн байна.
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд .... Жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дээрх шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 01-09-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно гэсэн агуулга бүхий мэдээлэл тавигдсан.
Жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгч даатгалын компаниуд нь Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-д заасны дагуу тогтоосон хураамжид үндэслэн жолоочийн даатгалын гэрээ байгуулдаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/114 дугаартай Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай, албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хороонд хаяглагдсан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу захиргааны актыг шинжийг бүрэн хангаж буй юм.
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассанаар даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дугаартай тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам (хүчингүй болж бүртгэлээс хасагдсан)-ыг хэрэглэж, жолоочийн даатгалын хураамжийг тооцох шаардлагатай болсон.
Энэхүү эрх зүйн нөлөөлөл нь захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг үүсгэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ыг 2018 оны 211 дугаар тогтоолоор баталсан журамтай харьцуулахад даатгалын эрсдэлийг буруулах, жолоочийг хариуцлагатай болгох, хохирлын хэмжээг буруулахад чиглэсэн зэрэг олон давуу талтай байсан.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай 1/114 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.
Нэг: Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлээ жолоочийн даатгалын хураамжийг 700,000 төгрөг хүртэл тооцох, мөн даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйс-ээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй хэмээн тайлбарласан.
Гэтэл Монгол Улсын Их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ний өдөр баталсан Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно" гээд 11.1.3-т даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага гэж хуульчилсан байдаг.
Мөн хуулийн 11.2-д Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална гэж тус тус заасан байдгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо журмыг уг хуулийн хүрээнд боловсруулан 2018 онд шинэчлэн баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох, итгэлцүүр хэрэглэх журмын 2 дугаар зүйлийн 2.4.1-т даатгуулагч нь 25 хүртэлх настай, эсхүл 25 буюу түүнээс дээш настай эсэхээс хамаарч итгэлцүүрийг 1-1.2 функтээр нэмэгдүүлэн даатгалын хураамжийг тооцохоор заасан байдаг.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтад жолоочийн насыг 25-40 насны, 41-60 насны, 61 болон түүнээс дээш насны хэмээн ангилж, итгэлцүүрийг 1-1.4 функтээр нэмэгдүүлэн даатгалын хураамжийг тооцохоор заасан байдаг.
Дээрхээс дүгнэвэл жолоочийн наснаас хамаарч даатгалын хураамжийн итгэлцүүрийг нэмж эсхүл хорогдуулж" тооцсон зохицуулалт нь уг хуулийн дагуу өнгөрсөн, одоо, ирээдүй-ч байсаар ирсэн байна.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор жолоочийн наснаас хамаарсан итгэлцүүр-ийг анх удаа журамлаж, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас-аар нь ялгаварлахгүй байх зарчимд нийцээгүй гэж тайлбарлах нь хэт өрөөсгөл болно.
Нөгөө талаас жолоочийн насыг хуучин журмаар 25 хүртэл эсхүл 25 болон түүнээс дээш настай гэж ангилах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж, харин шинэ журмаар "25-40 насны, 41-60 насны, 61 болон түүнээс дээш насны гэж ангилах нь Үндсэн хууль зөрчсөн болж таарахгүй.
Хоёр: Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан.
Насаар нь хүнийг ялгаварлах" гэдгийг насыг нь тодорхой шинж болгон авч үзэж, хүний үндсэн эрх-ийг эдлүүлэхгүй байх, хязгаарлах гэсэн утга, агуулгаар тайлбарлажээ.
Хариуцлагын даатгал нь бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдийн өмнөөс даатгал компани хохирлыг барагдуулах харилцаа болох учир эрсдэлийг багасгах, хохирол учрахаас сэргийлэх зорилгоор хүний нас (туршлага)-д үндэслэн тодорхой шалгуур тогтоох нь хүний үндсэн эрх"-ийг хязгаарлаж буй явдал биш юм.
Өөрөөр хэлбэл хариуцлагын даатгалын үндсэн зорилго нь тухайн даатгуулагч бус харин даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохиролд өртсөн иргэн болон хуулийн этгээдэд учирсан гэм хорыг барагдуулах үйл ажиллагаа юм.
Гурав: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй" гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассанаар даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дугаартай тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ыг хэрэглэж, жолоочийн даатгалын хураамжийг тооцох шаардлагатай болсон.
Энэ нь хуульд тусгайлан заагаагүй байхад захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхээс өөр аргагүй байдалд оруулснаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх тухай захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж буй юм.
Дөрөв: Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлнэ, мөн зүйлийн 68.2-д Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэйн улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ тухай албан бичгийг хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ" гэж заасан.
Дээрхээс үзвэл нэгэнт бүртгэгдсэн хэм хэмжээний актыг бүртгэлээс хасах харилцааг хуулиар зохицуулаагүй, харин эрх олгосон байгууллага нь хэм хэмжээний актыг хүчингүй болгосноо төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулахаар байна.
Гэтэл хариуцагч нь нэгэнт бүртгэгдсэн хэм хэмжээний актыг бүртгэлээс үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх тухай захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж буй юм.
Тав: Төр нь иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгааг хангах Үндсэн хуульд заасан үүргийн дагуу Жолоочийн даатгалын тухай хуулийг баталсан буюу уг хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын даатгалд хамруулж улмаар зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн ба хуулийг 2011 онд баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Мөн хуулийн 5.1-д Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж заасан байна. Даатгалын байгууллага нь энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаа гэж үзэж болох юм.
Тодруулбал, Даатгалын байгууллага нь уг хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн бусдад учруулж болзошгүй хариуцлагыг өөртөө шилжүүлэн авч зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх, хохирогчийн эрхийг хамгаалах үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байна.
Даатгалын байгууллага нь ашгийн төлөө байгууллага боловч төрөөс өгсөн үүргийн дагуу эрхэлж буй албан журмын даатгалын үйл ажиллагаа нь улс орны эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн уналтаас шалтгаалан жил ирэх бүр алдагдалд орж байгааг Даатгалын зохицуулах байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр 2024 оны 493 тоот тушаалын хавсралтаар Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ыг шинэчлэн баталсан ба даатгалын байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тоон мэдээлэл, нэгдсэн тайлан, судалгаанд үндэслэсэн, жолоочийн даатгалын тухай хуулийн зорилгыг хангахуйц хэмжээний ач холбогдолтой, хууль тогтоомжид нийцсэн журам болсон гэж үзэн дэмжиж байсан.
Өнөөдрийн байдлаар 2018 онд батлагдсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмын дагуу тооцоолол хийхэд жолоочийн төлөх хураамжийн хэмжээ дунджаар 56,000 мянган төгрөг байгаа ба нэгж нөхөн төлбөрийн хэмжээ 2018 онд дунджаар 602,800 (зургаан зуун хоёр мянга найман зуу) төгрөг байсан бол 2024 онд 1,185,381.17 (нэг сая наян таван мянга гурван зуун нэг ) төгрөг болж өссөн байна.
Албан журмын даатгалын хувьд хураамж, нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардлаар хосолсон харьцааг гарган үзэхэд 2022 онд 148 хувь, 2023 онд 108 хувь буюу энэхүү даатгалын нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардал нь хураамжийн орлогоос өндөр байгаа нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн барагдуулахад даатгалын компаниудад эдийн засгийн бодит хүндрэл тулгарч улмаар хохирогчийн эрхийг хамгаалах дээрх хуулийн зорилтыг биелүүлж чадахгүйд хүрэх бодит нөхцөл байдал үүсээд байна.
Төр нь иргэний эдийн засаг, нийгмийн баталгааг хангах үүргийн дагуу даатгалын байгууллагад Албан журмын даатгалын тухай хуулиар үүрэг болгож чиглэл өгсөн байгаа атлаа даатгалын компаниудын үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагааны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна.
Дүгнэвэл: Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолын холбогдох зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчөөгүй, нэхэмжлэгч даатгалын байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийг дэмжиж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайлах юм бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын 01/114 дугаартай маргаан бүхий акт нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаартай тогтоолыг хянаж, жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрт жолоочийн даатгалын хураамжийг долоон зуун мянган төгрөг хүртэл тооцох мөн даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нас, хүйсээр ялгаран гадуурхахгүй байх гэсэн зарчимд нийцээгүй тул хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассугай гэсэн агуулгаар шийдвэр гаргасан. Энэ агуулгын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн хүнийг нас, хүйс, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй байх тухай заалтыг зөрчсөн учир жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл шийдвэр хэрэгжих боломжгүй, бололцоогүй боллоо. Иймээс даатгалын компаниас төлсөн хураамжаа буцаан авч болно гэсэн мэдэгдэл гаргасан. Үүний дараагаар эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем легал инфод Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг баталсан журамд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаартай албан бичгээр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассан гэж тэмдэглэгээ хийгдсэн.
Ингэснээр маргаан бүхий захиргааны акт буюу албан бичиг гарснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэм хэмжээний актыг эрх зүйн мэдээллийн сангаас хасагдсан гэдэг тэмдэглэгээ хийгдсэнээр эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож байна гэж үзэж байгаа. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд жолоочийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг 2018 оноос 2024 оны хооронд даатгалын хураамжийн суурийн хэмжээг зохицуулж байсан тухайн журмыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүү зохицуулах хорооноос гаргалаа иймд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийсэн иргэд, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэй тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно оо гэсэн мэдэгдлийг Санхүүгийн зохицуулах хороо өөрөө веб хуудсандаа байршуулсан байдаг. Тэгэхлээр энэ албан бичиг мэт боловч эрх зүйн үр дагавар үүсгээд тухайн харилцааг зохицуулах боломжгүй, чадамжгүй болгоод энийг нь төрийн эрх бүхий байгууллагууд хүлээн зөвшөөрч албан бичигт үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь шууд эрх зүйн үр дагавар бий болгож байна.
Нөгөө талаар жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгч даатгалын компаниуд нь жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүлэх хэрэглэх журамд үндэслээд жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцож түүний дагуу даатгалын гэрээ байгуулдаг. Хууль зүйн сайдын маргаан бүхий албан бичиг гарснаар санхүүгийн зохицуулах хороонд хаягласан эсэх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Нөгөө талаар Хууль зүй дотоод хэргийн сайд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 493 дугаар тогтоолыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассанаар даатгалын компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор баталсан журмыг хэрэглэж өөрөөр хэлэх юм бол хүчингүй болсон хуучин журмыг хэрэглэж даатгалын гэрээ байгуулахаас өөр аргагүй байдалд орсон.
2018 оны 211 дугаартай тогтоолоор баталсан жолоочийн даатгалын хураамж, хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам. Энэхүү журам нь тухайн 01 дүгээр сарын Хууль зүйн сайдын энэ бичиг гаргах үед хүчингүй болоод бүртгэлээс хасагдчихсан байсан. Ийм эрх зүйн үр дагавартай акт байгаа. Энэхүү захиргааны акт нь мэдээж гадагш чиглэсэн шууд үр дагаврыг үүсгэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор баталсан энэхүү журам нь 2018 оны 211 дүгээр тогтоолоор хоёр журмыг харьцуулж үзэхэд даатгалын эрсдэлийг бууруулах, жолоочийг хариуцлагатай болгох, хохирлын хэмжээг бууруулахад чиглэсэн олон улсын шаардлага хангасан сайн туршлагад үндэслэсэн илүү олон давуу талтай байсан. Гэтэл энэхүү журмыг хүчингүй болгож бүртгэлээс хассанаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа. Хэд хэдэн тодорхой үндэслэл хэлье. Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэл гаргахдаа нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхах ийм зарчимд нийцээгүй ээ гэж үзэж байгаа юм. Тэгэхлээр Монгол улсын их хурлаас 2011 онд баталсан Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурийн хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэн болон хорогдуулж тооцно гэж байгаа. Тэгэхлээр нөгөө итгэлцүүрээр нэмэгдүүлж, хорогдуулах үндэслэл нь өөрөө даатгуулагчийн нас авто тээврийн хэрэгслийн жолоодох туршлага байна аа гэж байгаа юм. Тэгэхлээр хуульд итгэлцүүрээр даатгалын хураамжийн хэм хэмжээг нэмж, хасаж болно гэдэг хуулиар боломж олгочихсон байсан гэж үзэж байгаа. гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Журам яагаад нэмэгдээд эсвэл хааяа хасагдаад байдаг юм бэ гэдэг туршлага байгаа. Европын холбоо онгоцтой дэлхий нийтээр ашиглана гэдэг систем хэн хариуцлагатай замын хөдөлгөөнд орж, үүргээ биелүүлсэн нь дараа жил буурдаг зарчимтай. Хэн зам тээврийн ноцтой осол, зөрчил гаргах магадлалтай тэр давтамжийг ихэсгээд байгаа хүн нөгөө талдаа нэмэгддэг. Энэ систем европын холбоотой юм уу, дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа. Өчнөөн тэрбумыг нь бас хэдэн саяыг авах торгуультай хэр нь замын хөдөлгөөнд ороод байгаа. Дээрээс нь гэрэл зөрчих, хэвтээ шугам давж эргэж осол гаргах, хурд хэтрүүлэх, чигээрээ орж зам тээврийн осол үүсгэх байдал гаарчихсан байгаа. Үүнийг олон улсад яаж хязгаарладаг вэ гэхээр хариуцлагатай байх, хариуцлагагүй үйлдэл дээр нь хязгаарладаг энэ дээр нь санхүүгийн механизмыг ашигладаг. Яг иймэрхүү зарчмаар бол манай хууль батлагдсан журмаар ч гэсэн ажиллаж байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Б.Жавзанжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дүгээр Шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлээс хасах тухай" албан бичгийг хүчингүй болгох" тухайд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Журам, загвар, маягтыг батлах тухай 1 дүгээр тогтоолыг баталж, ирүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учир 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 7063 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-ийн 2025 оны №3-т нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 01 дүгээр тогтоолын 2-д ..бүртгэлээс хассантай холбогдуулан уг тогтоолыг хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн хугацаанд байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгуулагч өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тогтоолын 1-т заасан журамд нийцүүлэн шинэчлэн байгуулахыг даатгагч нарт үүрэг болгосугай гэсэн байна.
2. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоход хэрэглэх итгэлцүүр-т жолоочийн даатгалын хураамжийг 700 000 төгрөг хүртэл тооцох, мөн даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байна гэж үзсэн үндэслэлийн тухайд: Иргэд, байгууллагаас Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд гомдол хүсэлт ирсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг хянаж, хавсралтаар баталсан жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлж, хорогдуулж тооцохдоо удаа дараа замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэргээс хамаарч хураамжийн хэмжээ өндөр тооцсон нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан итгэлцүүрээс өөрөөр буюу хуульд заагаагүй итгэлцүүр ашиглаж тооцсон, түүнчлэн даатгуулагчийн насыг хэд, хэдэн насны бүлгээр ангилан тооцож, даатгалын нийт хураамжийн хэмжээг харилцан адилгүй тооцож тогтоосон ялгавартай байдал үүсгэсэн гэж үзсэн.
Нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, судлан үзсэний дагуу тус тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд уг асуудал нь захиргааны хэм
хэмжээний актын хяналт, бүртгэлийн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоол нь 2025 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 1/114 дүгээр албан бичгийг хүчингүй болгох, хүчингүй болсон 2024 оны 493 дугаар тогтоолыг сэргээн хүчин төгөлдөр болох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны ерөнхий хурлын 64 дүгээр зүйлийн 64.1-д захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллага батална гэж заасан байна. Мөн 68 дугаар зүйлийн 68.1-д захиргааны хэм хэмжээний актыг нэмэлт өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд хөдөлгөөн хийнэ гэж заасан. Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл нийтэлнэ. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллага энэ тухай албан бичиг хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ гэж заасныг тус тус хэрэгжүүлэх хүрээнд, захиргааны байгууллагын барагдуулсан захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд бүртгэлийн ажиллагаа хийдэг байгууллага. Тэгээд энэ журмынхаа дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/105 дугаар албан бичгийн дагуу ирсэн. Баталж ирүүлснийг бүртгэсэн байгаа.
Хууль тогтоомжийнх нь дагуу явуулсан бүртгэлийн хэм хэмжээ буюу хүчин төгөлдөр болж байгаа. Үүнд юу гэж заасан байдаг вэ гэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын бүрэн эрхийнх нь дагуу 6.1.2-д бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж хэрэгжилтэд хяналт тавьж санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт бус хэм хэмжээг тогтоох гэж байгаа юм. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээ мөн үү гэвэл мөн. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д даатгалын мэдүүлгийн маягт гэрээний стандарт загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж мөн 11 дүгээр зүйлийн 11.2-д даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална гэсэн журамтай. Тэгэхээр бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолоо батлаад манай баталснаас гурав хоногийн дотор буюу хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу бол манайд бүртгүүлэхээр ирүүлснийг бид нар Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62-д заасан шалгуурыг хангаж байна гэж үзсэн учраас бүртгэсэн байгаа.
Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр 1/105 дугаартай албан бичгийн дагуу бүрдүүлж хүргүүллээ гэсэн албан бичгийг хүргүүлсэн байгаа. Санхүүгийн зохицуулах хооронд шинжлүүлэх баримт дээрээ дурдаад хэлчихнэ ээ. Захиргааны ерөнхий хуулийн 71 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулах ёсгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно оо гэсэн заалт байгаа. Санхүүгийн зохицуулах хороо 2025 оныхоо 01 дугаар тогтоолд тодорхой дурдсан байдаг. Мөн нэмээд хэлэхэд нэхэмжлэгч нарын эрх хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчилдөөгүй. Тэгэхээр яагаад зөрчигдөөгүй гэж үзэж байна вэ гэхээр 01 дугаартай тогтоолын хоёр дахь хэсэгт заасан байгаа. Энэ хүмүүсийн байгуулсан гэрээний дагуу хуучин мөрдөгдөж байсан буюу одоо өөрсдийнх нь хүсээд байгаа хүчин төгөлдөр болгохыг хүсэж байгаа тогтоолын дагуу төлбөр, даатгалын гэрээнд бол хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа гэсэн үг.
Сайдын 114 дугаартай албан бичгийг хүчингүй болгох гэж байна. Энэ хүчингүй болгосноороо нэхэмжлэгч нарын хүсэж байгаа хуучин Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол мөрдөгдөх эрх зүйн боломжгүй яагаад гэвэл сайд албан бичгээрээ хасахыг мэдэгдье ээ гэж мэдэгдсэн боловч дараа нь гээд байна л даа Санхүүгийн зохицуулах хороо өөрийнхөө сайт дээрээ буюу бүх нийтэд нийт нээлттэй байгаа сайтаараа мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д хүчин төгөлдөр үйлчлээд эхэлчихсэн гэсэн үг. Хүчин төгөлдөр болсноо зарласан гэсэн үг. Тэгэхээр бол одоо тавьж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард даатгал ХК, Амар даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК-иудаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дугаартай Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай албан бичгийг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай №1/114 тоот албан бичгээр ...Тус тогтоолын хавсралтаар баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоход хэрэглэх итгэлцүүр-т жолоочийн даатгалын хураамжийг 700,000 төгрөг хүртэл тооцох, мөн даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Журам, загвар, маягтыг шинэчлэн батлах тухай Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлээс хассан болохыг үүгээр мэдэгдье гэж шийдвэрлэсэн байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно, 11.1.1-д тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил, 11.1.2-т өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, 11.1.3-т даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага, 11.1.4-т даатгалын гэрээний хугацаа, 11.1.5-д даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх, 11.1.6-д тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, 11.1.7-д тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, 11.1.8-д тээврийн хэрэгслийн зориулалт, 11.1.9-т чиргүүлтэй эсэх гэж тус тус заасан байна.
Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хамаарсан тусгай нөхцөлийн утга нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он, жолооны хүрдний байрлал, өмнөх жилд туулсан замын уртад харгалзах утгуудын арифметик дундажтай тэнцүү байх ба дараах томьёогоор тооцно гэж заасан ба уг хэсгийн хүснэгтэд тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн оноос шалтгаалан 10 дээш жилийн өмнө үйлдвэрлэгдсэн бол 1.3 гэх мэтээр үйлдвэрлэгдсэн хугацаанаас хамааран 4 хэсэгт ангилан ялгаатай байдлаар итгэлцүүр хэрэглэхээр журамласан байна.
Дээрх хууль, журмын зохицуулалтуудыг харьцуулан авч үзвэл, тус Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын 2 дугаар хавсралтын 3-т заасан үйлдвэрлэсэн он гэсэн итгэлцүүр нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.9-д тоочиж заасан итгэлцүүрүүдэд байхгүй, хамаарахгүй байна.
Үүнээс үзэхэд, Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын 2 дугаар хавсралтаар жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрийг батлахдаа үйлдвэрлэсэн он гэсэн шалгуур буюу итгэлцүүрийг тогтоосон нь хууль нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 60 дугаар зүйлийн 60.1-д Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна, 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх гэж тус тус заасантай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн дээрх Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын 9 дүгээр хавсралтад даатгуулагчийг наснаас нь шалтгаалан 25 хүртэлх, 25-40 хүртэлх, 41-60 хүртэлх, 61 болон түүнээс дээш гэж 4 ангилсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор батлагдсан журмын 9 дүгээр хавсралтад датгуулагчийн наснаас шалтгаалан 4 ангилж итгэлцүүр тогтоосон нь цаашлаад тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн онтой уялдаад жолоочийн даатгалын хураамжийн хэмжээ 700,000 төгрөг хүртэл байхаар нэмэгдсэн нь иргэдийн эрх, ашигт нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь дээрх журмын 9 дүгээр хавсралтаас үзэхэд даатгуулагчийг наснаас нь шалтгаалж 4 ангилсан итгэлцүүр нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он гэсэн итгэлцүүртэй уялдаад жолоочийн даатгалын хураамжийн хэжээ нэмэгдэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дээрх тайлбар үндэслэлтэй.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай №1/114 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь нэгэнт хуульд нийцсэн гэж үзэж уг журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, ийнхүү нэгэнт бүртгэсэн бүртгэлээ эргэж хүчингүй болгох эрх хэмжээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад байхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно, 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно, 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ, 65.2-т Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох буюу улсын нэгдсэн бүртгэлээс хасах эрх хэмжээ олгогдсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1/114 тоот албан бичгийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1/114 тоот албан бичигт ...тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж бичсэн байх хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-д ялгаварлан гадуурхсан шинжтэй зохицуулалт байхгүй байна.
Хэдийгээр маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны №1/114 тоот албан бичигт хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байна гэж бичсэн нь үндэслэлгүй, алдаатай байх боловч хариуцагчийн энэ алдаа нь тус №1/114 тоот албан бичгийг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ард даатгал ХК, Амар даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК-иудын Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай 1/114 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ