Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/235

 

 

 

 

 

    2024           02              22                                        2024/ДШМ/235

 

Ц.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.Э-ий өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-ий гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.У-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Ц-ын У-, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банканд зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:... /,

Ц.У- нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам Нарны гүүрэн доор Тоёота кровн загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Цын У-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Э- нь өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.У-аас 1.417.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...1. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ, 2.1.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэж заасны дагуу хохирогч Б.Э- би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах хүсэлтээ мөрдөгчид гаргасан.

Мөн журмын 2.3-д “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж, Тушаалын 2 дугаар хавсралтад “Хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгож болно.” гэж тус тус заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч, маягтад гарын үсэг зурсан. Хэрэв хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжилгээний байгууллагаар буюу шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар заасан, мөн хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байхад Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс заавал шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ёстой гэж үзэн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгч Ц.У-аас гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлд хамруулж тогтоосон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөвт заасны дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 3-р зэрэглэл 9-15% гэж тогтоон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор заасан.

2. Хохирогч би Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, хүлээж зогсож байгаад явган хүний гэрлэн дохио ногооноор асах үед гарцаар гарч яваад шүүгдэгч Ц.У-ын жолоодож явсан машинд мөргүүлж, түүний буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон тул маш их гомдолтой байна.

Уг гэмтлийн улмаас нурууны 2 үе хугарсан, эдгэрэлт бүрэн явагдаагүй байгаа гэж 2023 оны 12 дугаар сард эмчид үзүүлэхэд хэлсэн, мөн ахар сүүл хугарч дотогш чихэгдэж орсон, энэ нь цаашдаа хүүхэд төрүүлэх, тээх үед хүүхдийн толгойг хатгаж, тээхэд маш их хүндрэл өгдөг талаар эмч хэлсэн, иймээс ахар сүүлийг тайрах  хүртэл мэс хагалгаа хийгддэг гэж зөвлөсөн.

Улмаар одоо ч мөргүүлсэн үеийн дүр зураг санаанд бодогдож, цочиж сэрдэг, зүүдэлдэг ба сэтгэл санаагаар их унадаг, удаан алхах, суух үед нуруугаар өвддөг, машинаас их айдаг, замаар явган гарч явахад маш их айдастай, дандаа хүнтэй хамт явдаг болсон.

Мөн ээж Б.С-ын хамт зэрэгцэж явж байгаад мөргүүлсэн тул ээж маань сэтгэл санаа нь их хямарсан, даралт нь ихэсдэг, одоо ч тайван биш байдаг, намайг эмнэлэгт сахиж байсан. Надад санаа нь зовж “хайран залуу, эрүүл саруул хүүхдийг маань ийм болгож байхаар намайг мөргөчихгүй яав даа” гэж их уйлдаг байсан. Мөн ажлаа хийж чадалгүй 1 сарын чөлөө авч намайг асарсан. Энэ ослоос болж 11 дүгээр ангид сурдаг дүү маань хүртэл их хямарсан, 1 сар орчим сургуулийг нь шилжүүлж, өөр ангид суулгасан зэргээр ар гэрт, ах, эгч, дүү нарт минь хүртэл сэтгэл санааны их хохирол, хор уршиг учирсан. Эдгээр хор уршиг одоо ч арилаагүй, сэтгэл зүйд байнга бодогдож, их хэцүү байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргуулаагүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчээс гаргуулалгүй хохирогч миний байдлыг илт дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би тухайн үед мөрдөгчийн тайлбарласнаар хор уршгийн зэрэглэлээ зөвшөөрвөл шинжээчийн дүгнэлт гаргахгүй гэж хэлснийг зөвшөөрсөн. Тэгээгүй бол шинжээчийн дүгнэлтийг гаргуулж болох байсан. Гэтэл өдий хугацаа өнгөрсний дараа шүүх шинжээчийн дүгнэлт шаардаж байгаа нь надад их хохиролтой байна.

Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг дээд хэмжээгээр тооцон гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ц.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоосон баримтад гарын үсэг зурж, зөвшөөрсөн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.5-д “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.” гэж, 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Хулгайлах, Залилах, Мал хулгайлах, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчдод учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Миний үйлчлүүлэгч Б.Э-д учирсан хохирол нь нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа. Үүнд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь 9-15 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээний нөхөн төлбөр олгохоор заасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж, 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэгт заавал шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Мөн журмын 2 дугаар хавсралтаар баталсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байгаа. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Ц.У-аас гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Энэ талаар шийтгэх тогтоолд “...сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй” гэж дурдсан. Хохирогч Б.Э- нь төрийн албан хаагчийн шалгалт өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Хэрэгт авагдсан мөрдөгчийн танилцуулсан хүснэгтэд шүүгдэгч Ц.У- нь сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлж, гарын үсэг зурсан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс хохирогч Б.Э-ий сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох боломжгүй гэж дүгнэхдээ үүнийг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Э- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож, энэ талаар баримтаа цуглуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан. Хохирогч Б.Э- нь тухайн хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Харин тухайн хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар заасан. Хохирогчийн сэтгэцэд ямар хор уршиг учирсан болохыг мөрдөгч яаж мэдээд хүснэгтээр тогтоосон болохыг талууд харилцан адилгүй ойлгож байгаа нөхцөл байдал байна. Хохирогч ямар нэгэн сэтгэцийн эмгэг тусаад үүнийгээ тогтоолгох гэж байгаа асуудал биш юм. Харин тухайн үед гэмт хэргийн улмаас өвдөж, шаналсан зовуурь, сурч, боловсорч, хөдөлмөрлөхөд алдсан цаг хугацаа зэрэгт нөхөн төлбөр олгож, хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгох нь зүйтэй. Мөн бүх хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохын тулд шинжээч томилвол хэргийн ачаалал үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширна. Иймд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

2. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.У- нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам, Нарны гүүрэн доор Тоёота кровн загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.Э-ийг мөргөн эрүүл мэндэд нь ууцны 4, 5 дугаар нугалмын хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Б.Э-ий “... 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нарны гүүрэн дор ээж Сүрмандахын хамтаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүгт явган хүний гарцаар ...ногоон гэрэл асахаар нь нэг машин өнгөрөөгөөд замын зорчих хэсэг рүү ороод 2-3 алхам зайд ирэх үед нэг машиныг өнгөрөөгөөд цааш алхах гэхэд цагаан өнгийн машин миний зүүн талаас нэг машины хажуугаар хурдтай орж ирээд намайг мөргөсөн. Би газарт шидэгдэж унасан. Тэгээд ээж намайг татаад босгож ирсэн, тэгэхэд нэг цагдаа ирээд машиных нь ард талд нь ороод сууж бай гээд түргэн дуудсан. Түргэний машин ирж намайг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан...” /хх 13/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10607 дугаар “Б.Э-ий биед ууцны 4, 5 дугаар нугалмын хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 27-28/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1064 дугаартай “Жолооч Ц.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.2. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадлагаа /хх 42/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “... гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э- эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.417.000 төгрөгийн зардал гарсныг Ц.У-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 17/,

гэрч Б.С-ын “...2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би охин Б.Э-ий хамтаар Нарны гүүрний доод талын явган хүний гарцаар урдаас хойд зүг рүү явган хүний гарцаар гарахаар явж байсан. Тэгээд гарцан дээр ирээд 1, 2 минут болоод ногоон гэрэл асахаар нь урдуураа 1 машин өнгөрүүлээд зам руу алхаад бид 2 орсон. Тухайн үед манай охин миний зүүн талд явж байсан. Тэгээд 3-4 алхам ороод зүүн гар тал руугаа харахад нэг цагаан өнгийн машин хурдтай орж ирээд би машин гээд хэлэхийн завдалгүй тэр машин миний охины зүүн гар талаас мөргөсөн. Тэгэхэд манай охин жолооч талын урд их гэрэл орчмоор мөргөгдсөн. Тэгээд нэг мэдэхэд манай охин жолооч талын хаалганы хажууд газарт дээшээ хараад унасан...” /хх 19/,

яллагдагч Ц.У-ын “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyota crown” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 3 дугаар эмнэлгээс гэрлүүгээ явах замд Нарны гүүрний доор ирэхэд зам түгжирчихсэн байсан юм. Тэгээд би баруунаас зүүн чиглэлийн 2 дугаар эгнээгээр орох үед уулзварын голд түгжрээд зогсоход гэрэл солигдоод улаан өнгөөр ассан тэгээд би 2 дугаар эгнээнд явж байсан миний урд талын машин зүүн дохио өгөөд зогсчихсон юм. Тэгээд би 1 дүгээр эгнээ чөлөөтэй байхаар нь би 1 дүгээр эгнээ рүү шилжээд орсон. Тэгээд анх орох үед хүн харагдаагүй, машин тэгшрээд тэгшхэн болох үед миний урд талд явган хүн гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгэх үед машин дугтраад тэр хүүхдийг мөргөөд зогссон юм. Тэгээд би машинаасаа шууд буугаад тэр мөргөсөн хүн дээр очихдоо шууд явган хүний гэр дохио руу харахад ногоон өнгөөр асч байсан...” /хх 53/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55-57/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.У-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Э-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.У-т ял шийтгэл оногдуулахдаа талуудын гаргасан ялын санал, хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус нийцсэн байна.

4. Хохирогч Б.Э- “...Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүйд гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Шүүх шинжилгээний тухай” хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан.

Тус хуулийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд 40.1 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар заасан ба дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар байна.

Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан ба энэхүү нарийвчлан зохицуулсан журмын 1 дүгээр хавсралтын 2.2-д “энэ журмын 2.1-2.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”, 2.10 дугаар зүйлд “энэ журмын 2.1-2.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж, журмын 2 дугаар хавсралтад “хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох...” гэж,

Мөн тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана”, 2.4-д “шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллагаар бус, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шууд тогтоохоор зааж, шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжилгээний байгууллагаар зэрэглэлийг тогтоолгохоор нарийвчлан зохицуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ий сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг мөрдөгч хохирогчид танилцуулсан, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч гэж гарын үсэг зурсан (хавтаст хэргийн 90 дэх тал) болох нь тогтоогдсноос гадна заавал шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх шаардлага хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шаардах эрхтэй болно.

Иймд хохирогч Б.Э-ий давж заалдах гомдлыг хүлээн авч, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд заасны дагуу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, гэмтлийн улмаас хохирогчид учирсан сөрөг үр дагаврыг тус тус харгалзан, гэмт хэрэг гарсан цаг хугацааны үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгөөр тооцон шүүгдэгч Ц.У-аас гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.У-аас 8.567.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д 7.150.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.417.000 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА