Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 199

 

Д.М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, О.Зандраа, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1141 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 920 дугаар магадлалтай, Д.М-, М.Е- нарт холбогдох 1813000060055 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн эсэргүүцэл, хохирогч Б.Б- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер, офсет хэвлэлийн техник, сантехникийн мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Д-н М-,

2. Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологи хайгуулын техникч мэргэжилтэй, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж овогт М-н Е-.

Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим Б.Б-ийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн М.Е- нь *** Д.М-ын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим Д.М- нь Б.Б-ийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М-ыг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Е-ийг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-, М.Е- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж гэм буруутай этгээдүүдэд ял завших боломжийг зориуд бий болгосон байна. Тухайлбал:

Магадлалын тодорхойлох хэсэгт “...Давж заалдах шатны шүүх Д.М-, М.Е- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ...” гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал өөрөө хуулийн шаардлага хангаж чадаагүй ба энэ нь прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг бүрэн хянаагүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэснийг ноцтой зөрчсөн. Магадлалын тодорхойлох хэсэгт зөвхөн хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянаж, прокурорын эсэргүүцлийг хянаагүй болохоо илэрхийлсэн гэж шууд ойлгогдохоор байна.

Мөн давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа гэсэн атлаа “анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Д.М-, М.Е- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах талаар тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн байхад дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөн зориуд санаатай зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг илтэд үндэслэлгүйгээр хуулийн үндэслэлтэй байна гэж хамгаалж шийдвэрлэсэн.

Дээрх ноцтой зөрчлөөс үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэсэн заалт хэрэгжих үндэслэл үгүйсгэгдэж байна. Учир нь шүүхээс шүүгдэгч Д.М- нь хохирогч Б.Б-ийг зодсон болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн бол Б.Б-ийн биед гэмтэл учруулсан асуудлыг дахин шалгуулахаар, эсхүл Д.М- намайг зодож гэмтэл учруулсан гэж удаа дараа худал мэдүүлэг өгсөн Б.Б-ийн үйлдлийг шалгуулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүх давтан гаргаж дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.М- учруулсан гэж үзэх цаг хугацааны хувьд зөрүүгүй, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын бусад нотолгооны эх сурвалжийг үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй.

Энэ нь хохирогч Б.Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 6 удаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн тогтвортой байдалд дүгнэлт хийгээгүй төдийгүй хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар нотолсон түүний мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн Б.Б-ийн эзэмшдэг Хаан банкны 5180313577 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч А.Б-, А.Ж- нарын шууд эх сурвалжаас сонссон, харсан зүйлээ хэлж мэдүүлсэн мэдүүлгүүдийн нотолгооны үндэслэлийг яагаад үнэлээгүй болох, нотлох баримтаар тооцох боломжгүй бол ямар үндэслэлээр үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн шүүгдэгч нарт ашигтай байдлыг харгалзсан, эргэлзээтэй байж болох үндэслэлүүдэд дүгнэлт хийж нотлох баримтыг бүхэлд нь үнэлж, дүгнэх хуулийн шаардлагад нийцээгүй хэт өрөөсгөл, нэг талыг барьж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Б.Б- гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Д.М-, М.Е- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримт мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны бэхжүүлж авсан кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсоор байтал анхан болон давж заалдах шатны шүүх илт нэг талыг барьж, төрийн өндөр албан тушаалтныг илт хамгаалж, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа асуудалд туйлын их гомдолтой байна.

1. Хохирогч Б.Б- би Монгол Улсын Их хурлын дэргэдэх ёс зүйн хороонд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангарт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус гаргасан гомдолдоо Улсын Их Хурлын гишүүн Д.М- нь намайг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зодсон асуудлыг тодорхой дурдан хариуцлага тооцуулахыг хүсэж байсныг анхаарч үзээгүй байна.

2. Эрүүгийн 1813000060055 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Д.М-ыг яллагдагчаар татсанаас хойш хохирогч Б.Б- би нийт 6 удаа /1 хх-ийн 12-14, 2 хх-ийн 87-89/, түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.М- нь Б.Б- намайг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Хан-уул дүүргийн Маршалын гудамжинд зодсон тухай тогтвортой мэдүүлсэн байгааг анхаарч үзээгүй байна.

3. Шүүгдэгч Д.М-ад зодуулснаас болж хохирогч Б.Б- миний биед хөнгөн хохирол учирсан бодит үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Т.Мэндбаярын /1 хх-ийн 18/, Х.Хусаяны /1 хх-ийн 204/, А.Ж-гийн /1 хх-ийн 203, 2 хх-ийн 92-93/, А.Б-ын /1 хх-ийн 19-20/, А.Анипагийн /1 хх-ийн 21-22/ мэдүүлгүүд, Чингэлтэй Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нээлгэсэн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1 хх-ийн 43-46/, “Хүрээ” эмийн сангаас худалдаж авсан эмийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг анхаараагүй.

4. Хохирогч Б.Б- миний хууль ёсоор эзэмшдэг ХААН Банкны 5180313577 дугаарын дансны 2017оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 210-211/, мөн миний мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 196-198/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 98-100, 101-110/, хохирогч би болон хэрэгтэн М.Е- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл гэх мэдүүлэг /1 хх-ийн 200-201/, гэрч Б.А-ийн мэдүүлэг /1 хх-ийн 80/-ээр тус тус тухайн өдөр зодоон болсныг нотолсон байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  43 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 24-25/, шинжээч эмч Е.Бауыржаны мэдүүлэг /1 хх-ийн 100/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн 472 дугаар дүгнэлт /2 хх-ийн 22-23/, шинжээч эмч М.Долгормаагийн мэдүүлэг /2 хх-ийн 47, 101-102/-ээр миний биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 2 дахь хэсэгт заасан дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ: 2.2-д “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” гэсэнтэй нийцэж байгааг анхаарч үзээгүй байна.

6. Миний өмгөөлөгч Я.Сьезд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 49 тоотоор Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлтийн 3 дахь заалтад “Яллагдагч Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 06 цагаас эхлэн 99116398, 89202255, 94112020 дугаарын утсаар олон удаа Б.Б-тэй уулзах талаар мессеж бичсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг тодорхойлох 12 хуудас нотлох баримтыг латин хэлнээс эрх бүхий мэргэжлийн орчуулагчаар монгол хэл дээр орчуулан хүргүүлж байна. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгөхийг хүсэж байна” гэж дурдсан юм. Хяналтын прокурор Н.Мөнхцэцэг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн № 5/453 албан бичгээр өмгөөлөгч Я.Сьездийн ...хүсэлтийг ханган шийдвэрлэсэн юм.

Хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар Д.М- болон Б.Б- бид нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын дундуур Д.М- нь гар утсаа алга болгосонтой холбогдуулан шинээр Б.Б- надад утас авч өгөх зорилготой байсан, Д.М- нь ямар нэгэн аргаар хохирогч миний гар утсыг өөртөө авах талаар маргаан гарч, хоорондоо тааламжгүй харьцаатай байсан, түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зодоон болсныг нотлон харуулж байгаа юм.

Д.М- болон Б.Б- бид хоёрын хооронд гар утаснаас бичигдсэн мессежүүдийг “Көркем аударма” ХХК-ны орчуулагч Х.Салтанат орчуулж, орчуулгын хувийн тэмдэг дарж баталгаажуулсан байгааг анхаарч үзээгүй байна. /2 хх-ийн 99/

Б.Б- би болон Д.М- нарын хооронд харилцаж байсан гэх гар утасны эзэмшигчийн лавлагаа, мэдээлэл бүхий “Мобиком” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18/1232 дугаартай тоот албан бичиг, хавсралтын хамт /1 хх-ийн 141-142, 2 хх-ийн 41-42/

7. Д.М- нь хэрэгт холбогдсон цаг үеэс эхлэн Улсын Мөрдөн байцаах газарт олон удаа албан ёсоор дуудахад очихгүй байх, мөрдөгч, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, хууль зүйн үндэслэлгүй олон удаа хүсэлт гаргах, анхан шатны шүүх хуралдаан болохоос хэдхэн хоногийн өмнө хохирогч Б.Б- надад “Надад холбогдох хэрэг шүүх рүү очвол би ялна, Шүүгчдийн ихэнх Ардчилсан намын үед томилогдсон хүмүүс” гэж мессеж бичих, анхан шатны шүүх хуралдааны үед тэрээр “Миний Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрх хэвээр байгаа учраас би шүүхэд ирэхгүй байсан ч болно, би зөвхөн шүүхийг хүндэтгэж ирж байгаа” гэж хэлж байсан, шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.М- нь хохирогч над руу салаавч гаргаж байсан зэрэг нөхцөл байдал нь тэрээр ямар хүмүүжилтэй, ёс суртахуунтай болохыг харуулж байгаа бодит жишээ мөн бөгөөд тэрээр санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн болохыг баталж байна.

Дээр дурдсан хяналтын гомдолд дэлгэрэнгүй дурдсан нөхцөл байдал, үйл баримтууд, хууль зүйн фактууд шүүгдэгч Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Маршалын гудамжинд Б.Б- намайг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг бүрэн нотолж байгаа юм.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Е-ыг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хохирогч Б.Б- миний хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно” гэж заасан юм. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр явагдсан давж заалдах шатны шүүх хуралдааны үед дээрх заалтыг огт хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны эхэнд хуралдаан даргалагч нь хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэргээс шинжлүүлэн судлах ямар нэгэн нотлох баримт байна уу гэхэд хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд би ...шүүгдэгч Д. М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 207, 208, 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218 дугаар талд авагдсан 13 хуудас бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлахыг хүссэн юм. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг огт шинжлээгүй, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлтийг сонсолгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоод шууд давж заалдах шатны шүүх хуралдааныг түр завсарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь хохирогчийн өмгөөлөгчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хэргийн үнэн зөвийг тогтоохыг хүсээгүй, Улсын Их Хурлын гишүүний эрх ашгийг хамгаалж, тухайн хэргийг илт нэг талыг барьж хянасан болохыг харуулж байна.

Мөн шүүх нь хуулийн дээрх зүйл, хэсгийг ноцтой зөрчсөн нь 3 дугаар хавтаст хэргийн 181-188 дугаар талд авагдсан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа юм. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэхүү маргаантай асуудалд хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд эргэлзээтэй гэж үзвэл давж заалдах шатны шүүх хуралдааны дүрс бичлэгийг шалгуулахыг хүсэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Батсүх хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Хавтас хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, цагаатгаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг бүрэн хянаагүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн 6 удаагийн хохирогчийн мэдүүлэг, мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гар утсанд хийсэн тэмдэглэл, банкны  дэлгэрэнгүй хуулга бусад бичгийн нотлох баримтууд, хэрэгт авагдсан яллах талын нотолгооны эх сурвалжуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан талаар дүгнэлт хийж чадаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” зааснаар шүүхийн дээрх шийдвэрүүд нь хуулийн шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт зөвхөн хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянахдаа прокурорын эсэргүүцлийг  үгүйсгэсэн, няцаасан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоол болон магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан хяналтын гомдол, прокурор Н.Мөнхцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн Д.М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн   хянаж үзэв.

Прокуророос Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Е-д мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгт авагдсан, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэднийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Д.М-, Б.Б- нарын хувийн дотно харилцааны талаар цөөнгүй баримт эрүүгийн хэрэгт авагдсан байх бөгөөд хувь хүний нууцад хамаарах шинж бүхий мэдээлэл харилцан солилцож, хамтдаа хооллож, цуг саунд орж, уулздаг байсан төдийгүй, Д.М- нь Б.Б-ийг ажилд оруулах зорилгоор төрийн байгууллагын эрх бүхий удирдах албан тушаалтнуудтай уулзуулж, мөн өөрийн барьж байсан орон сууцнаас Б.Б-д худалдах тохиролцоо хийж, мөнгө төгрөг өгч авалцаж, хувийн болон эд хөрөнгийн шинжтэй асуудлаар санал зөрөлдөж, харилцан маргалдах зэргээр байнгын харилцаатай байжээ.

Харин 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Д.М- нь Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн энэ талаар М.Е- зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хүлээн зөвшөөрөхүйц байдал болон нотолгооны цогц шинжийг агуулаагүйн дээр тухайн үйл явдлыг өөр өөр цаг хугацаанд болсон мэтээр тусгагдсан, түүнчлэн мөрдөн байцаалтыг явуулахдаа оролцогчдын хэн алиных нь мэдүүлэг үнэн байж болохыг мөрдөн шалгаж, магадлан тогтоох арга техникийг зөв тодорхойлж, холбогдох ажиллагааг бүрэн гүйцэт, оновчтой хийгээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт, учир шалтгаан, гэм буруутай байдал, гэм буруугийн сэдэл, санаа зорилгыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитойгоор хянах үүргээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-, М.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэж, эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлсний үндсэн дээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүйн гадна, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан шүүх шийдвэрээ гаргасныг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ийн “цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү”, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьездийн “давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлууд болон прокурор Н.Мөнхцэцэгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1141 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 920 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Б- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                О.ЗАНДРАА

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН