Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 100

 

“ЭНКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхтамир, хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга У.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уламсайхан нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, “ЭНКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “ЭНКБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхтамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭНКБ” ХХК нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар захирамжийн дагуу тус сумын нутагт үр тариа, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 500 га газар эзэмших эрхтэй болж, 0201816, 0201817 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон боловч Баянхангай сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 болон 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/88 тоот захирамжаар энэхүү 83 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч “ЭНКБ” ХХК эдгээр захирамжуудыг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндсэн дээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний 17 дугаартай шийдвэрээр маргаан бүхий А/49 захирамжийг хүчингүйд тооцож, А/88 захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон. Хариуцагчийн тайлбарлаж байгаа үйл баримтууд өмнө нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж тогтоогдсон, шүүхийн шийдвэр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон. Урьд нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг шүүх дахин нотлох шаардлагагүй.

“ЭНКБ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохгүй, гэрээг байгуулахгүй байгаа сумын Засаг дарга У.Цолмон газрын даамал нарын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээ байгуулах үүргийг газрын даамалд хүлээлгэсэн захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгаж, газрын даамалд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээг байгуулах үүрэг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч сумын Засаг дарга У.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаар дуудсан боловч ирээгүй, би өөрөө утсаар ярьж байсан. Ер нь “ЭНКБ” ХХК-д анх газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагаагүй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон, энэ газар нь тариалангийн талбайгаас актлагдсан, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс сумын төвд ойр учир тоос шороо босож иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөтэй гэж иргэдээс эсэргүүцэж байгаа, тус компаний газар эзэмших эрхийг сэргээхгүй, ашиглуулахгүй байх тухай албан бичгийг надад ирүүлсэн. Шүүхийн 2014 оны 17 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол шүүхэд хүргүүлэхэд хугацаа хоцорсон гээд хүлээж аваагүй, үүнийг шалгуулах хүсэлтэй байгаа. Сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлж, ажлаа тайлагнах ёстой, мөн хурлын шийдвэрийг биелүүлж байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Баянхангай сумын газрын даамал Г.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би газрын даамлаар томилогдоод удаагүй байгаа. ЭНКБ” ХХК-д анх газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагаагүй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон, газрын байршлыг сумын төвийн баруун талд олгосон байхад сумын зүүн талд 500 га газрыг хашаажуулсан гэх боловч одоо хашаа байхгүй, гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй, тариалсан өнжөөсөн, ургац хураасан мэдээг жил бүр гаргаж өгөөгүй, тухайн газар нь 1981 онд тариалангийн талбайгаас актлагдсан, газрын гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, хувийн хэрэгт хуулбар нь байхгүй.

Энэ газар сумын төвд 2 км ойр учир тоос шороо босож иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үүсгэхээр байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга У.Цолмон, газрын даамал нарын ЭНКБ” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохгүй, гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээ байгуулах үүргийг газрын даамалд хүлээлгэсэн захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээг байгуулах үүргийг газрын даамалд даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан...” гэснийг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан...” гэж өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга У.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар захирамжаар сумын төвийн баруун гадд '"ЭНКБ" нь үр тариа тэжээлийн ургамал тарих зориулалтаар 500 га газар эзэмшихээр олгоход тухайн үед ЗДТГ-ын албан хаагчид, Газрын даамал амралтанд явсан хойгуур хууль бусаар шийдвэр гаргаж олгосон байдаг. 2013 оны 5 дугаар сарын 10-ны едөр А/49, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны А/88 дугаар захирамжаар газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй, Газрын тухай хуулийн 40.1.5, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 40.1.6 жил бүр гэрээг шинэчлэн байгуулж дүгнүүлэхээр заасан 40.1.1, 40.1.3 дахь заалтуудыг зөрчсөн тул газар эзэмших эрхийг цуцалсан.

"ЭНКБ" ХХК нь 2014 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 17 дугаартай шийвэрээр А/49, А/88 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон.

Шүүхийн 17 дугаартай шийдвэр ирүүлээгүй байж давж заалдах гомдол 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хүргэхэд шүүхээс шийдвэрийг шууданд хийсэн өдрөөр хугацааг тоолж, хугацаа хоцорсон гэсэн үндэслэлээр буцаасан нь гардан авсан, эсвэл хүргүүлснээс хойш гомдол гаргах хугацааг тоолохоор заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

"ЭНКБ" ХХК-ны 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад газрын даамлаар ажиллаж байсан Б.Сарантуяад үүрэг даалгавар өгч тухайн компанитай холбогдож асуудлыг шийдвэрлэ гэж байсан боловч үүрэг даалгавар биелүүлдэггүй, давж заалдах гомдол гаргах хугацааг хожимдуулсан, ажлаа удаа дараа хангалтгүй хийж байсан тул 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Газрын даамалын орон тоо 2 сар эзгүй байсан.

Засаг дарга У.Цолмон миний бие 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс жирэмсний амралтаа эдэлсэн учир шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд цаг хугацаа болон хүний нөөцийн хувьд боломжгүй байсан. Мөн “ЭНКБ” ХХК руу 2 удаа утсаар дуудуулсан боловч ирээгүй бөгөөд гэрээг шинэчлэн байгуулж Газрын тухай хуулийн дагуу өргөдөл бусад материалыг бүрдүүлэх үүргийг газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн байдаг. Гэтэл тус компани гэрээгээ байгуулья гэж нэг ч удаа ирээгүй.

Мөн Төв аймгийн Аудитын газраас хяналт, шалгалт явуулах явцад “ЭНКБ” ХХК ашиг сонирхлын зөрчилдөөнтэй, Газрыг хууль бусаар олгогдсон байна гэдийг тогтоосон. Сумын ИТХ-ын 2014 оны өдрийн хурлын тэмдэглэлээр анхнаасаа тус компанид хууль бусаар олгосон ИТХ-аар 2010 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахад тариалангийн зориулалтаар 1000 га газрыг давуу эрхээр баталсан тул Газрын тухай хуулийн 21.4.3 -ыг зөрчиж олгосон гэж үзэж “ЭНКБ” ХХК-д шийдвэр гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 "з"-д Засаг дарга ИТХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлаа хариуцан тайлагнадаг субьект учир ИТХ-аас гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллана.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг хариуцагч сэргээхээр байсан гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд шинээр нотлох баримт гаргасан бол хянан үзэж шийдвэрлэхээр заасан байдаг учир хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Төв аймгийн Засаг дарга болон газрын даамал нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрчилгээг шинэчлэн олгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үүрэг хүлээлгэхийг даалгуулах тухай “ЭНКБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг алдааг зөвтгөн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр “ЭНКБ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2013 оны А/49, 2014 оны А/88 дугаар захирамжуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус сумын Засаг даргын 2010 оны 83 дугаар захирамжын дагуу газар эзэмших эрхтэй гэж үзнэ.

Иймд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээ байгуулах нь хэргийн оролцогчдоос шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргийг тодорхойлсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасантай нийцнэ.

Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...тус компанид анхнаасаа газар олгохдоо хууль зөрчсөн ...” гэх асуудлыг өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нэгэнт дүгнэсэн, үүнийг шүүх дахин дүгнэх шаардлагагүйг магадлалд тодорхой заажээ.

Мөн хяналтын гомдолд заасан “... Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 17 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж гомдлыг буцаасан ...” гэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаас үзвэл “... аль ч шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргасан бол хянан үзэж, шийдвэрлэхээр заасан байхад давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн ...” гэх хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй юм.

Дээр дурдсаны дагуу хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга У.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ              

ШҮҮГЧ                                                                      Л.АТАРЦЭЦЭГ