Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 695

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Харнууд овогт Тын А /РД: /, 

Нэхэмжлэгч: Ж овогт Бийн Ж /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл, 

Хариуцагч: Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгох Зам, тээврийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А, Б.Ж нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажил зохион байгуулах комисс байгуулсан. Энэхүү сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулах тухай зарыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн яамны www.mrt.gov.mn болон Иргэний нисэхийн ерөнхий газрын www.mcaa.gov.mn цахим сайтуудад тус тус байршуулсан. 

Дээрх зарын дагуу тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй нийт 10 иргэний баримт бичгийг хүлээн авч бүртгэсэн байсан. 

Урьдчилан мэдэгдсэн товын дагуу шалгаруулалт зохион байгуулах комисс нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 50 минутад Зам, тээврийн яамны 301 дүгээр хурлын өрөөнд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. 

Эрх зүйн болон удирдахуйн ухааны онол, арга зүйн мэдлэгийн шалгалтыг сорил авах хэлбэрээр шалгаруулсан. Ийнхүү сорилын шалгалт эхлэхээс өмнө комиссын дарга шалгалтын зорилго, журмын талаар танилцуулж дээрх зааврын 3.1.1 дэх хэсэгт “сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх, хугацаа 40 минутаас хэтрэхгүй” гэсэн заасныг мөрдлөг болгож шалгалт авах тухай шалгалтад оролцогчдод мэдэгдэж, шалгалтыг эхлүүлэн зохих журмын дагуу авсан. Шалгалтын явцад ямар нэг будлиан, маргаан гараагүй ба шударга, ил тод байдалд нээлттэй явагдаж оролцогчид сорилын нийт асуултын 60-аас дээш хувийг зөв хариулж бүгд тэнцсэн. 

Зааврын 3.1.5-д заасны дагуу ижил шалтгаанаар мэдээллийн технологийн шалгалтыг сорилын хуудас бөглүүлэх зарчмаар нийт 20 асуултыг 15 минутын хугацаанд авсан бөгөөд бүгд тэнцсэн. 

Сорилын шалгалтад тэнцсэн иргэдээс бичгийн ур чадварын шалгалтыг иргэний нисэхийн өнөө ба ирээдүй гэсэн сэдвээр 15 минутын хугацаанд эссэ бичүүлж авсан. 

Мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтыг сорил авах хэлбэрээр тус тус зохион байгуулж үнэлгээ өгсөн. Комисс нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 30 минутад дээрх шалгалтад тэнцсэн иргэдээс ярилцлагын шалгалтыг тус яамны 308 дугаар өрөөнд зохион байгуулсан. “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ярилцлагын шалгалтыг зохион байгуулж, төрийн албаны стандартын тухай, төсөв санхүүгийн тухай, тухайн ажлын байрны талаарх мэдлэгийн тухай, агаарын тээврийн салбарын бодлого, чиглэлийн тухай, төрийн албан хаагчийн ёс зүй, багаар ажиллах чадавхийг тодорхойлох чиглэлээр асуулт асууж 25 хүртэлх огноо өгсөн. Ярилцлага 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад дууссан. 

Шалгалтын нэгдсэн дүнг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутад сонгон шалгаруулалтад оролцсон нийт 10 иргэнд танилцуулсан. 

Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан тухай Зам, тээврийн яам нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлд мөн нэр дэвшигчдийн нэрс, тайлангаа эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байдаг.

Гэтэл дээрх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 4.1, 4.2.4, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1.1-д заасныг тус тус зөрчсөн байна гэж Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа дүгнэн, сонгон шалгаруулалтыг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор сонгон шалгаруулалтаа цахимаар зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Үүнээс харахад Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон гэж үзэж байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлөөс Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар албан бичгээр дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар үүрэг өгсөн. 

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Тус сонгон шалгаруулалт нь холбогдох хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-тай бүрэн нийцсэн. 

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар тэмдэглэлд цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтыг аваагүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.2-д “ил тод байх” зарчмыг тус тус зөрчсөн гэж дурдсан байна. 

Энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг хооронд нь ялгаварлахгүйгээр бүгдэд тэгш хандаж, ил тод нээлттэйгээр зохион байгуулсан бөгөөд шалгалт авах хэлбэр, хугацаа зэрэг сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүгдэд ижил тавин авсан бөгөөд төрийн албаны дээрх зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 06 дугаар тэмдэглэлд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан зааврын 3.1.1-д “Сорилгын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас бөглөх” гэснийг зөрчсөн гэж дурдсан байна. 

Энэ хэсгийг авч үзвэл сонгон шалгаруулалтыг цахим сүлжээ ашиглаж зохион байгуулах нь эхний шаардлага боловч боломжгүй тохиолдолд сорил болон сорилын хуудас бөглүүлэх зохион байгуулах боломжийг тодорхой олгосон байна. 

Зам, тээврийн яам техник төхөөрөмжийн хувьд хүрэлцээ хомс байдаг нь бүртгэгдсэн 10 хүний сонгон шалгаруулалтыг цахимаар хийх боломжгүй байгаа нь зохион байгуулах комиссын хурлын тэмдэглэлээр нотлогддог. Үүнтэй холбогду******* дээр дурдсан зааврын 3.1.1-д заасан 2 дахь сонголт буюу сорил, сорилын хуудас бөглүүлж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байна. 

Иймд  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгох Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Т.А, Б.Ж нар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“...2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Зам, тээврийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 09 дүгээр тогтоолоор 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. 

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Зам, тээврийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 09 дүгээр тогтоолыг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэв. 

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“... Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг нэгдсэн байдлаар Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг www.csc.gov.mn-аар олон нийтэд зарлах зарчмыг нийт салбар зөвлөлүүдэд мэдээлж, ийнхүү зарлах байдал хэвшил болсон болно. 

Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг нь төрийн албаны талаар мэдээллийг нэг доороос бодитой авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд уг цахим хаягт хандах хандалт ч их байдаг болно. 

Төрийн албаны зөвлөлийн Зам, тээврийн яамны дэргэдэх салбар зөвлөл нь өөрийн яам агентлагийн цахим хуудсаар зарласан нь зөвхөн тухайн салбар, яам гэсэн явцуу хүрээнд зохион байгуулжээ. 

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан тус зөвлөлийн 23 дугаар хуралдаанаар хэлэлцсэний дагуу “Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын талаар” Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар албан бичгээр Төрийн албаны нийт салбар зөвлөлүүдэд сонгон шалгаруулалтыг зөвхөн цахим /онлайн/ хэлбэрээр зохион байгуулахыг урьдчилан мэдэгдсэн. 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1.1 дэх хэсэгт “сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас карт бөглөх ...” гэсэн нь сорилын шалгалтын цахим хэлбэрээр авахыг чухалчлан заасан бөгөөд “цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас карт бөглөх” гэдэгт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах, цахим тоноглолын сүлжээ гэмтсэн, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, цахилгааны эх үүсвэр тасалдсан тохиолдол байхыг үгүйсгэлгүйгээр ийм тохиолдолд сорилын хуудсаар /Prepaid/ хариултыг бөглөж тусгай хэрэгсэл /scantron/-ээр уншу******* дүгнэх агуулгыг тусгасан болно. 

Төрийн албаны зөвлөлөөс мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх 2010 оноос өмнө дээрх аргаар шалгалтыг зохион байгуулж байсан түүх байгаа. 2010 оноос эхлэн улсын хэмжээнд төрийн албаны мэргэшлийн шалгалт, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын сорил, мэдээллийн технологийн мэдлэгийг сорих шалгалтыг цахимаар авч хэвшүүлсэн бөгөөд ганц Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг бодит бус шалтгаанаар нийтийн жишиг болсон зохион байгуулалтыг эсэргүүцэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Төрийн албаны зөвлөлийн ХАХНХЯ, ШЕЗ, ХЯ, АҮЗ, БСШУЯ-ны дэргэдэх салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимыг ашиглан 2010 оноос хойш удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсаар ирсэн. Нийслэл дэх салбар зөвлөл өөр бусад байгууллагын байр танхимыг түрээслэн ашиглаж шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж ирсэн туршлага нь цахим  хэлбэрээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хэвшсэнийг илтгэж байгаа юм. 

Тэрчлэн Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай Төрийн албаны зөвлөлийн Зам, тээврийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцсон байна. Энэ нь Төрийн албаны зөвлөл буюу удирдах дээд байгууллагын үүрэг даалгавар, зөвлөмжийг хэрэгжүүлсэн бөгөөд Салбар зөвлөлийн зүгээс стандарт бус үйл ажиллагаа хийснээ ойлгосон алхам болсон. 

Тиймээс цахим хэлбэрээр сорилыг дүгнэхийг эсэргүүцсэн Т.А, Б.Ж нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. 

Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг цахимаар бус гар аргаар зохион байгуулж, дүнг гараар өгсөн болон сонгон шалгаруулалтыг сул компьютер гаргах боломжгүй байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын болон мөн зүйлийн 4.2.2, 4.2.4-т заасан зарчмыг зөрсөн үйлдэл болно. 

Иймд Төрийн албаны зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг бодитой бус хэмээн шийдвэрлэсэн тул иргэн Т.А, Б.Ж нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тус яамны Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар албан бичиг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчил арилгуулах” тухай 288 дугаар албан бичгийн дагуу өмнөх шийдвэрийг хүчингүйд тооцсоныг яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн.

Уг хуралдаанаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөн боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг хзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10.39-т “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 10.40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй” гэж тус тус заасныг баримтлан тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг дахин зарлах шаардлагагүйгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг үндэслэж С.Мг шалгаруулсан болно. 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.2-т “Төрийн албаны тухай хууль тогтоомж болон төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг зохион байгуулах” үүрэгтэй байхаар тус тус заасны дагуу яамны Төрийн албаны салбар зөвлөлийн гаргасан шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт нийцсэн байна. 

Иймд Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг дээр дурдсан хууль, тогтоомжийн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Т.А, Б.Ж нарын тус шүүхэд “2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгох Зам, тээврийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Зам, тээврийн яамны хэлтсийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссыг дарга П.Б, нарийн бичгийн дарга Д.А, гишүүн Д.Ц******* нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, комиссын хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах зарыг бэлтгэж яамны болон Иргэний нисэхийн ерөнхий газрын цахим хуудсан дээр байршуулах арга хэмжээ авахыг комиссын гишүүн Д.Аринутуяад даалгажээ. 

Мөн уг комисс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 1-д баримт, бичгийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлсэн иргэдийн боловсрол, туршлага, мэргэшсэн байдалд үнэлгээ өгөх, 2-т эрх зүйн болон удирдахуй ухааны онол, арга зүйн мэдлэгийн шалгалтыг журамд заасан дагуу сорил хэлбэрээр авах, 3-т сорилын шалгалтанд тэнцсэн иргэдээс бичгийн ур чадварын шалгалтыг эссэ бичүүлж авах, 4-т мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтыг сорил хэлбэрээр авах, 5-т ярилцлагын шалгалт авах хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулсан комисс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, уг сонгон шалгаруулалтад оролцсон Б.Ж нийт 91,0, С.М******* нийт 86,8, Ж.Ч******* нийт 73,3, Т.Х******* нийт 69,8, Б.С******* нийт 69,7, Т.А нийт 69,2, Ч.Б******* нийт 60,8, Б.Т******* нийт 60,6, Т.С******* нийт 60,2, Б.О******* нийт 60,0 оноог тус тус авсан бөгөөд, мөн өдрийн 01 дүгээр комиссын тайлангаар шалгалтын дүн мэдээг нэгтгэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. 

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтыг хянан шалгах комисс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр МХШКД.01 дугаар дүгнэлтийг гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хянан шалгасан тухай хэлэлцээд “...Тайлбар гаргах тухай 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/481 дугаар албан бичиг, холбогдох бичиг баримтаас үзэхэд сонгон шалгаруулалтыг сул компьютер гаргах боломжгүй байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулаагүй гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын болон мөн зүйлийн 4.2.2-т заасан илт тод байх зарчим, 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчим, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1.1-д “сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас /карт/ бөглөх ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтаа цахимаар зохион байгуулах арга хэмжээг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв” хэмээн шийдвэр гаргасан байна. 

Төрийн албаны зөвлөл Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргад “...Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тайлангийн хамт Төрийн албаны зөвлөлд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан ирүүлэхийг үүрэг болгож байна” хэмээн зөрчил арилгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар албан бичгийг хүргүүлжээ. 

Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 09 дүгээр тогтоолоор Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. 

“Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг нэгдсэн байдлаар Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг www.csc.gov.mn-аар олон нийтэд зарлах ёстой байтал явцуу хүрээнд олон нийтэд мэдээлсэн, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр аваагүй” хэмээн хариуцагч маргажээ. 

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9-д Төрийн албаны зөвлөл нь дор дурдсан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна: б/ дор дурдсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон энэ журмын 9-ийн “а”-д зааснаас бусад удирдах албан тушаалтан: 7/ яам /хэлтэс, алба тасгийн дарга хамаарахгүй/ гэж заасан бөгөөд  Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаал төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хамаарахгүй байна. 

Төрийн албаны зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1068 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлүүдэд  “...Төсвийн шууд захирагч /төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох/-ийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд зарлагдсан байхаар зарыг [email protected] хаягаар ирүүлэх, сонгон шалгаруулалтыг зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг” анхаару*******, мэдэгдсээр байхад цахим хуудсаар нийтэд зарлаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Түүнчлэн “Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1.1 дэх хэсэгт “сорилын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас /карт/ бөглөх..” заасныг зөрчиж, жишиг болсон зохион байгуулалтыг эсэргүүцэж буйг хүлээн зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн тайлбар нь мөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалттай холбоотой байна.  

Хэдийгээр тухайн сонгон шалгаруулалтыг комисс зохион байгуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан зааврыг мөрдлөг болгон ажилласан байх боловч зааврын 3.1.1-д заасан цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорилын хуудас бөглүүлэх аргаар зөвшөөрөгдсөн хүрээнд шалгалтыг авсан байх тул зайлшгүй цахим сүлжээ ашиглахыг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэв. 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан.

Энэхүү зохицуулалтаас үзвэл дээрх сул орон тоо гарсныг нийтэд мэдээлэх бус тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдад мэдээлэх буюу Зам, тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын цахим хуудсанд сонгон шалгаруулалтын талаар мэдээллэж, эдгээр байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг сул орон тоог нөхөх зорилготой томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд томилуулахаар нэр дэвшүүлсэн ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байна.   

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлээр Төрийн албаны зөвлөлийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулж өгсөн бөгөөд 35 дугаар зүйлийн 35.1.3-т “хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж заасныг зөрчиж, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, шинээр зохион байгуулахыг үүрэг болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын зөвхөн маргасан үндэслэлд шүүхээс дүгнэлт хийж, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг хэрэгжүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл арга зүйн удирдлагаар хангах эрх хэмжээтэй бөгөөд нэгэнт зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хууль бус үндэслэл зааж шийдвэрлэсэн, энэхүү хууль бус шийдвэрийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл мөн 09 дүгээр шийдвэрийг гаргасан нь сонгон шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.         

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-т тус тус заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Т.А, Б.Ж нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгох Зам, тээврийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.А, Б.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.САЙХАНТУЯА