Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01321

 

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1569 дүгээр магадлалтай,

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Оюунчимэг, О.Солонго нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25.922.822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Оюунчимэг, О.Солонго нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2105005533 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Д.Оюунчимэг, О.Солонго нар зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй  байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл 22.965.038 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2.904.136 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 42.647 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 25.922.822 төгрөгийг гаргуулж, барьцаанд буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамжны 143 дугаар байрны 81 тоотод байрлалтай, Ү-2201024457 дугаартай, 34.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюунчимэг, О.Солонго нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ариг банктай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээнээс Ариг банк өөрөө татгалзаж байгаатай холбогдуулан 30.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн үндсэн зээл 7.349.061 төгрөг, хүү 11.769. 808 төгрөг нийт 18.869.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11.139.100 төгрөгийг төлнө. Ариг банкинд Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрөл хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар тухайн үед гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Оюунчимэг, О.Солонго нараас 25.911.822 төгрөгийг гаргуулан “Ариг банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, 143-81 тоот хаягт байрлах, 34.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар “Ариг банк” ХХК нь өөрийн барьцаанд байгаа хөдлөх хөрөнгө болох зурагт, хөргөгч, угаалгын машиныг шүүхийн бус журмаар худалдан борлуулж шаардлагаа хангуулах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287.509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунчимэг, О.Солонго нараас 287.509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1569 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Хариуцагч нь гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцоогүй, иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан байхад шүүх нэмэгдүүлсэн хүүнд 42.647 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184\ШШ2016\00410 дугаартай шийдвэр, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 1569 дүгээр магадлалыг хуульд заасан үндэслэл журмаар хянан, хэргийн бодит байдлыг тогтоон нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ариг” банк ХХК нь хариуцагч Д.Оюунчимэг, О.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл 22.965.038 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2.904.136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.647 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг нийт 25.922.822 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар гэрээ цуцлахыг зөвшөөрч, зээлээс төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 11.139.100 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч нар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 143 дугаар байрны 81 тоот орон сууцыг  барьцаалан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс 30.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 37.2 хувийн хүүтэйгээр зээлсэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогджээ / хавтаст хэргийн 5-15 дугаар тал/.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.

Зээлийн гэрээний 1.11-т “зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан тул  хариуцагчийн “...гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцоогүй” талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1569 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 5.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ