| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04400/И |
| Дугаар | 192/ШШ2025/04514 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04514
2025 05 27 192/ШШ2025/04514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ******************тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
Гэрч:Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичсэн тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1986 онд ажилд ороход хөдөлмөрийн дэвтэр бичсэн хүн, иргэний үнэмлэх дээрх ******* овогтой ******* гэж бичих нэрийг ******* овогтой ******* гэж миний нэрийг буруу бичсэний улмаас 1986.08.19-2002.06.12-ыг хүртэл 7 жил 6 сар 01 хоног гэж ажилласан жилийг баталгаажуулсан. Ажилласан жил тэтгэвэр тогтоолгоход нэр зөрүүтэй бичсэний улмаас дээрх ажилласан жил орохгүй болоод байна. Намайг барилга угсралтын трестэд ажиллаж байхад манай бригадын хүмүүс ******* гэж дууддаг байсныг надтай хамт ажиллаж байсан ******* ******* гэрчилнэ. Миний аав ******* нь надад анх иргэний үнэмлэх авахад миний төрсний гэрчилгээг холбогдох газраар нь шүүлгээд олдохгүй болохоор нь намайг 1971 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр бичүүлээд иргэний үнэмлэх авч барилга угсралтын трестэд анх ажилд оруулсан гэж ярьдаг байсан. Үүнийг Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаа гэрчилнэ. Иймд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан 7 жил 6 сар 01 хоног ажилласан жилийг тооцуулснаар тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байх тул ******* ******* /РД:*********/-ыг 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/333 тоот лавлагаа, гэрч Д.*******ын тодорхойлолт, 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4 дэх хэсэгт эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж тус тус зааснаар Д.*******ыг бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тэрээр 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаарт бүртгэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүссэн байна.
Д.*******ын 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн овог нэрийг ******* ******* гэж иргэний үнэмлэхэд бүртгэгдсэн нэрээс зөрүүтэй бичсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.******* нь 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/333 тоот лавлагаа, гэрч Д.*******ын мэдүүлэг, 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 1987 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон №201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ