Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

    2018          02           01                                        132

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Уу.яр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас А.ас овогт Б.н-Ө-ийн Уу.ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0000 10027 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Авгас овогт Б.н-Ө-ийн Уу.яр,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Уу.яр нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим Схд зүүн замд “Mazda Titan” маркийн 96-45 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем , ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол гарааш буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явснаас замын хажууд байрлах дугуй засварын газрыг мөргөж Т.Б.лдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уу.яр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Схд-г уруудаж явахад машины тормос гэнэт ажиллахаа больсон. Урд талд гэрлэн дохион дээр машин зогсож байсан учраас зогсох арга хэмжээ авч чадахгүй машинаа хүч алдуулж унтрааж үзсэн. Ачаатай байсан болохоор урагшаа яваад байсан. Эсрэг урсгал руу орох гэтэл ногоон гэрэл ассан хөдөлгөөн их байсан болохоор шонгийн мод руу дартал боржуранд дугуй цохигдоод явган хүний зам руу орсон. Автобусны буудлаас 10 метрийн орчим зайтай хүн их байсан болохоор хүн дайрахгүй гээд хажууд байсан дугуй засварын хажуул төмөр яам байхаар нь яамыг мөргөж зогсох гээд рулээ дартал төмөр яам руу хүрч амжилгүй дугуй засварыг мөргөөд тоос шороо бужигнаад машинаасаа буух гэтэл миний хөл хавчигдчихсан бууж чадахгүй байсан. Гэрч н.Х.л.б.р нурсан блокны завсараас гарч ирээд юу болов чи хүн дайраад алчихлаа гэж хэлэнгүүт машинаасаа буугаад дугуй засвар руу очиход хохирогч н.Б.лд ах блоконд даруулчихсан төмөр хаалганд шахагдсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөд эхлээд түргэний машин ирээд н.Б.лд ахыг аваад явсан. Би тэр үед зүгээр алхаж байсан хэрнээ цагдаа ирэх үед хөл хавдаад явж чадхаа больсон. Тэгээд н.Б.лд ахын араас гэмтлийн эмнэлэг орсон...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Б.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойргийн зүүн талд байрлах дугуй засвар дотор дугуй янзалж байтал хаалгаар нэг автомашин явган хүний замаар чиглээд ороод ирэхээр нь гарах гэтэл амжилгүй өөдөөс ороод ирсэн. Тэгээд дугуй засварыг мөргөөд блок нураад машин блок хоёрт шахагдаж унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй утаа униар болсон. Тэгээд хүмүүс намайг татаж гаргаад байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад явсан... Ослын улмаас баруун хөлний түнх мултарч аарцаг цуурсан гэж байсан. ...Ойролцоогоор 4-5 метрийн зайнаас харсан юу юугүй ороод ирсэн...”

“...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд 13 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Миний хувьд Б.Уу.яраас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх хугацаанд 730.000 төгрөг, 1.600.000 төгрөг тус тус авсан. Ингээд би Б.Уу.яраас нийт 2.330.000 төгрөгийг аваад байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...Миний хувьд хэд хоногийн дараа Өвөрхангай аймаг руу явах гэж байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36, 38-39),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12216 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн хуйханд 4.0х2.0см, баруун хацарт 4.5х4.0см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун өвдөгнөөс татлагатай. Зүүн ташаанд 30х15см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралттай.

...ГССҮТ-ийн №11411 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2017.09.23-ны өдөр хэвтэх үеийн зориур: Баруун түнхээр өвдөнө... Хэсэг газрын үзлэгт: Толгойн дух орчим арьс халцарсан шархтай. Баруун түнхээр өвдөнө, эмзэглэлтэй. Цээжээр өвчин эмзэглэлтэй...2017.09.26-ны Цээж гэрэлд харахад...Цээжний баруун талд LS-p 3, LAP-p 4-р хавирга зөрөө багатай хугаралтай. Онош:...аарцаг ясны төвийн хэсгийн хугарал, олон хавирганы хугарал... ДҮГНЭЛТ:

1. Т.Б.лдын биед баруун талын аарцаг ясны далд хугарал, цээжний баруун талд 3,4-р хавирганы далд хугарал, баруун чамархай, хацарт зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59),

3. Гэрч Д.Х.л.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн зүүн талд байрлах дугуй засвар дээрээ дугуй угсарч байтал хажуу талаас пид, пад гээд л юм ороод ирсэн. Тэгээд бөөн шороо, утаа болоод явчихсан. Тэгээд шороо намдахад Т.Б.лд үүдний тэнд дугуй засварын блокон хананд дарагдчихлаа гэчихсэн автобусны буудал дээр байсан үл таних хүмүүс татаад гаргачихсан хаалганы хажууд хэвтүүлчихсэн байж байсан. Тэгээд дугуй засвараас гараад ирэхэд цагаан өнгийн ачааны паркетин шал аччихсан машин дугуй засварын зүүн талын булан хэсгийг урт талаараа мөргөчихсан байдалтай зогсож байсан. ...Т.Б.лд  нь дугуй засвар дотор үүдэн хэсэгт зогсож байсан...Т.Б.лдыг машин мөргөөгүй, машины мөргөсөн хана нурахдаа дээрээс дарсан байсан...Т.Б.лд бид 2 байсан өөр хүн бол байгаагүй...Т.Б.лдоос өөр гэмтсэн хүн байхгүй...Жолоочтой нийлээд 3 залуу явж байсан...Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...би дугуй засвар дотор байсан болохоор ирж явааг нь хараагүй гэнэт л пир, пар, гээд ороод ирсэн. Тэгээд шороо намдаад харахад машины толгой хэсэг дугуй засвар дотор ороод ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51),

4. Гэрч Д.Б.алын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр 23-ны 17 цаг өнгөрч байхад дугуй засварын хажуу талын хүнсний дэлгүүрийн худалдагч утсаар залгаад танай дугуй засварыг машин мөргөчихлөө гэсэн тэгээд намайг ирэхэд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн хэмжилт үзлэг хийж байсан ...мөн түргэн ирчихсэн ...дугуй засвар дотор байсан гэмтсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...Тэгээд...21 цагийн үед манай дугуй засварыг мөргөсөн автомашины жолооч ахтайгаа хамт ирээд хохирлыг барагдуулж өгнө гээд дугуй засварын засварын ажлыг 3 хоногийн дотор хийж буцааж бүрэн бүтэн болгож өгсөн...Дугуй засварын зүүн талын хөнгөн блокон хана урд талын хана 2 нурсан, хаалга нь гажсан дээвэр нь унажчихсан байсан...3 хоногийн дотор засаж янзлаад дууссан. Одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний 6474 дугаар дүгнэлт

“...ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ...3. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсан эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ үүссэн эсэхийг тогтоох зорилгоор хэмжих хэрэгсэл, өсгөгч шил, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд:...

-Зураг №25-д үзүүлсэн зүүн ухрахын гэрлийн цагаан бүрхүүл хагарч унасан гэмтэл нь хойноос урагш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчилэхэд үүсэх үндэслэлтэй. Уг гэмтлийн зах ирмэг болон чийдэнгийн шил шороо мэт зүйлээр бохирлогдсон нь уг гэмтэл үүсээд удсан буюу ослын өмнө үүссэн байх үндэслэлтэй....

- Зүүн хойд дугуйн хээний хэлбэр тодорхой биш, элэгдэлтийн хязгаарт хүрсэн, зүүн урд дугуйн хээ таллаж элэгдэж халзарсан зэрэг шинж тэмдэг нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд MNS4598-2011 стандартын 5.14.3-д заасан “дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ...дугуйн элэгдэлийн хязгаарт хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.” гэсэн заалтыг хангахгүй байна....

-Хойд тэнхлэгийн баруун, зүүн барбан, дугуйг салгахад тоормосны накалад, колодка, тэлэгч, эд ангиуд, барбаны толь бүгд тос мэт зүйлээр бохирлогдсон (зураг №73-76, 81-82)

- Хойд тэнхлэгний тоормосны тэлэгчийн ажиллагааг шалгах зорилгоор тоормосны дөрөөн дээр гишгэхэд тэлэгчүүд ажиллахгүй байв. ...Дээрх байдлаас дүгнэхэд хойд тэнхлэгний тоормосны накладка, барбаны толь тос мэт зүйлээр бохирлогдсон гэмтэл нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд накладка, барбаны хооронд идэвхтэй хуурай үрэлт, тоормослолт явагдахгүй, тоормосны бүрэн зогсолтын зам уртсаж зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлтэй...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн Mаzda Titan маркийн 96-45 ОРА улсын дугаартай дээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Урд нүүр хонхойж, зурагдаж, хар өнгийн болон шороон мөр үүссэн, салхины шил хагарсан, жолооч талын хаалга хойш шилжих хаагдахгүй гажсан, баруун урд дохионы улбар шар гэрлийн бүрхүүл хагарч унасан, шороо мэт зүйлээр бохирлогдсон, урд самбар жолооч талд хойш шахагдсан, дээвэр доош чиглэлд хонхойж нугарсан гэмтэлтэй, зүүн ухрахын гэрлийн цагаан бүрхүүл хагарч унасан, чийдэнгийн шил болон зах ирмэгээр шороо мэт зүйлээр бохирлогдсон, хойд тэнхлэгний тоормосны накладка, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хойд дугуйнуудын хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн, зүүн урд дугуй таллаж элэгдэж халзарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй.

3. Зүүн урд, хойд дугуйн хээ элэгдсэн, хойд тэнхлэгний тоормос ажиллахгүй зэрэг гэмтэл нь ослын үед тоормосны бүрэн зогсолтын зам уртсах нөлөө үзүүлнэ. Дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Зүүн хойд ухрахын гэрлийн бүрхүүл хагарсан гэмтэл ослын өмнө үүссэн. Бусад эвдрэл гэмтэл ослын үед үүссэн байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Mazda Titan” маркийн автомашины тоормос шингэн дамжуулагатай, энгийн тоормосны системтэй. Хойд тэнхлэгний тоормосны тэлэгчүүд ажиллахгүй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-73),

5. Шинжээч Г.Ц.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөл тоормос гэдэг нь тээврийн хэрэгслийн ажлын тоормос гэж ойлгоно. Ажлын тоормос нь хөдөлгөөний явцад тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах, зогсоох гэсэн үндсэн үүрэгтэй. ...Шинжилгээний явцад хойд тэнхлэгийн тоормосны тэлэгчүүд ажиллахгүй байсан. Мөн накладка, барбан нь тос мэт зүйлээр бохирлогдсон гэмтэлтэй. Эдгээр гэмтэл нь ашиглалтын явцад үүсэх ба барбан накладка тосоор бохирлогдсон учир тоормослолт бүрэн явагдахгүй....мөн гар тоормос буюу зогсоолын тоормосыг ажилуулахад тээврийн хэрэгслийг зогсоох ямар ч боломж байхгүй. Учир нь хойд тэнхлэгийн барбан накладканы гадаргуу хуурай үрэлт явагдахгүй тосон дээр гулгасан учраас тоормослолт явагдахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57),

6. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 694 дугаар дүгнэлтэд

“...1. “Mazda Titan” маркын 96-45 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Уу.яр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлттэй.

2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэлээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77),

7. Шүүгдэгч Б.Уу.ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 17-18 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойрог руу би Мөнхбаатар гэх хүнээс худалдаж авсан цагаан өнгийн Мазда Титан маркийн 96-45 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, нэгдүгээр эгнээгээр 40 орчим километр цагийн хурдтай явж байтал гэрлэн дохиотой уулзвар ойртож улаан гэрэл асаад машинууд зогссон байсан ба би нилээн зайтай явж байсан учраас тоормосоо гишгэсэн боловч тоормос барихгүй байсан. Тэгэхээр нь би араагаа 2 дээр нь хийгээд хүч алдуулж машинаа унтраагаад тоормосоо дахин гишгэсэн боловч тоормос барихгүй, зогсохгүй яваад байсан. Улмаар би эсрэг урсгал руу орох гэсэн боловч өөдөөс машинууд ирж байхаар нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд чигээрээ явсан. Тэгээд замаас гарч зогсох гэсэн боловч үерийн усны далантай байсан учир шон мөргөж зогсоохоос өөр арга байгаагүй. Ингээд шон мөргөхөөр замаас баруун гар тал руу дарж гарсан чинь шондоо хүрэлгүй явган хүний зам руу орсон тэгээд автобусны буудал дээр хүмүүс автобус хүлээгээд зогсож байсан учраас дахиад баруун гар талд төмөр яам харагдсан. Тэгээд яам руу жолооны хүрдээ дарсан боловч яамандаа хүрэлгүй зэрэгцээ байсан дугуй засварыг мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад ирсэн чинь дугуй засварын өрлөгийн блоконд нэг ах даруулчихсан хүмүүс татаад гаргаж байсан. Тэгэхээр нь би өөрийн барьж байсан ...дугаараасаа 102-т дуудлага өгсөн...дугуй засварыг би нэг найзынхаа хамт очиж янзалж өгсөн байгаа....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 81-83),

8. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-12), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14), өвчний түүх (хавтаст хэргийн 20-27),

9. Хохирогч Т.Б.лдын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19), Өвчний түүх (хавтаст хэргийн 20-27), хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 41-47), Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 28),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 84, 85), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 86), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 87) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Уу.ярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уу.ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Уу.яр нь Схд зүүн замд “Мазда Титан” маркийн 96-45 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим явахдаа болгоомжгүйгээр, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем , ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол гарааш буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явснаас замын хажууд байрлах дугуй засварын газрыг мөргөж Т.Б.лдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Т.Б.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Схд Баянхошууны тойргийн зүүн талд байрлах дугуй засвар дотор дугуй янзалж байтал хаалгаар нэг автомашин явган хүний замаар чиглээд ороод ирэхээр нь гарах гэтэл амжилгүй өөдөөс ороод ирсэн. Тэгээд дугуй засварыг мөргөөд блок нураад машин блок хоёрт шахагдаж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36, 38-39),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12216 дугаар дүгнэлт ”...1. Т.Б.лдын биед баруун талын аарцаг ясны далд хугарал, цээжний баруун талд 3,4-р хавирганы далд хугарал, баруун чамархай, хацарт зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59),

- Гэрч Д.Х.л.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн зүүн талд байрлах дугуй засвар дээрээ дугуй угсарч байтал хажуу талаас пид, пад гээд л юм ороод ирсэн. Тэгээд бөөн шороо, утаа болоод явчихсан. Тэгээд шороо намдахад Т.Б.лд үүдний тэнд дугуй засварын блокон хананд дарагдчихлаа гэчихсэн автобусны буудал дээр байсан үл таних хүмүүс татаад гаргачихсан хаалганы хажууд хэвтүүлчихсэн байж байсан. Тэгээд дугуй засвараас гараад ирэхэд цагаан өнгийн ачааны паркетин шал аччихсан машин дугуй засварын зүүн талын булан хэсгийг урт талаараа мөргөчихсан байдалтай зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний 6474 дугаар дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн Mаzda Titan маркийн 96-45 ОРА улсын дугаартай дээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. ...зүүн ухрахын гэрлийн цагаан бүрхүүл хагарч унасан, чийдэнгийн шил болон зах ирмэгээр шороо мэт зүйлээр бохирлогдсон, хойд тэнхлэгний тоормосны накладка, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хойд дугуйнуудын хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн, зүүн урд дугуй таллаж элэгдэж халзарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй. 3. Зүүн урд, хойд дугуйн хээ элэгдсэн, хойд тэнхлэгний тоормос ажиллахгүй зэрэг гэмтэл нь ослын үед тоормосны бүрэн зогсолтын зам уртсах нөлөө үзүүлнэ. Дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Зүүн хойд ухрахын гэрлийн бүрхүүл хагарсан гэмтэл ослын өмнө үүссэн....4. ...“Mazda Titan” маркийн автомашины Хойд тэнхлэгний тоормосны тэлэгчүүд ажиллахгүй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-73),

- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 694 дугаар дүгнэлтэд

“...1. “Mazda Titan” маркын 96-45 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Уу.яр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлттэй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-12) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Уу.ярыг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уу.ярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба тэрээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс ослын улмаас Т.Б.лдод хүндэвтэр төрлийн хохирол учирсан байгаа. Иймд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй ба хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Уу.яр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлж, учруулсан хохирол, гэм хорыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уу.ярыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хуульд заасны дагуу торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 2.330.000 төгрөгийн хохирол учирсан болох нь (хавтаст хэргийн 38-39, 48) хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Т.Б.лд нь баруун талын аарцаг ясны далд хугарлын улмаас цаашид сувилгаа хийлгэх шаардлагатай талаар түүний өмгөөлөгчөөс тайлбарлаж эрүүл мэндэд учирсан хор уршгийн хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1803 0000 10027 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч Б.Уу.ярыг В ангилалын 615664 дугаартай жолоочийн түр үнэмлэх, тээврийн хэрэгслийн №0134090 гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.