Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/236

 

                                                                                                                                  

 

       2024           2           22                                           2024/ДШМ/236                                          

 

Д.Х-, Д.Б-, К.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Д.Б-,

шүүгдэгч К.Б-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Болормаа, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Х-, Д.Б-, К.Б- нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Дын Х-, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД: .../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

2. Ө овгийн Д-гийн Б-, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД:.../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

3. А овгийн К-ийн Б-, 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД: :.../,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

К.Б-, Д.Б-, Д.Х- нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээл төвийн гадна 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ж.Эд: “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ж.Эгээс 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 2,000,000 төгрөгийн,

2. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Мд: “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Э.Мгөөс 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 2,000,000 төгрөгийн,

3. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1/48 дугаар байрны гадна 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн О.Б, Б.О нарт: “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Б-аас 1,000,000 төгрөг, Б.Ос 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 6,000,000 төгрөгийн, 

4. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1/48 дугаар байрны гадна 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.Эт “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 2,000,000 төгрөгийн,

5. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1/48 дугаар байрны гадна 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.О, О.Г нарт “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Н.Ос 2,000,000 төгрөг, О.Гс 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 4,000,000 төгрөгийн хохирол,

6. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны зогсоолын орчимд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Х.А, Б.Т нарт: “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.Ас 2,000,000 төгрөгийг, Б.Тс 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 6,000,000 төгрөгийн тус тус хохирол учруулан залилах гэмт хэрэгт,

Д.Х- нь ганцаараа Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн С.Б, Ж.Б, О.Б, Б.Б нарт “... Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн С.Бс 1,800,000 төгрөг, Ж.Бс 1,500,000 төгрөг, О.Бс 3,000,000 төгрөг, Б.Бс 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 9,300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол,

Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.Цт “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ц.Цс 9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 9,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: К.Б-, Д.Б-, Д.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Х-, Д.Б-, К.Б- нарыг залилах гэмт хэрэг буюу үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, К.Б-, Д.Б- нарт “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Х-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цт, шүүгдэгч Д.Б-, К.Б- нараас 850,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Гд, шүүгдэгч Д.Х-, Д.Б-, К.Б- нараас 850,000 төгрөгийг гаргуулан Н.Од тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасныг шүүгдэгч Д.Б-, Д.Х- нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана." 3-т “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.” гэж тус тус заасан байгааг шүүгдэгч К.Б-д мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-, Д.Б- нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг давхар баримталж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг нарийвчлан тусгасан бөгөөд гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй байна. Хэрэв шүүх гэм буруутайд тооцогдсон этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тохиолдолд нарийвчлан зохицуулсан заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг дангаар нь баримтлан шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч К.Б- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Х-, К.Б-, Д.Б- нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Мөн хохирогчдод учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсаар ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогчдын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзсаныг хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Д.Х-, Д.Б-, К.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь прокуророос шүүгдэгч Д.Х-, Д.Б-, К.Б- нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсэрт 2021 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нэр бүхий 9 хохирогчид “...Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусыг төөрөгдөлд оруулж, бусдаас нийт 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Д.Х-ыг ганцаараа Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нэр бүхий 5 хохирогчид “... Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдаас 18,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-, Д.Б-, К.Б- нарыг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр нийт 39.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, ...гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”-ыг, 2.2-д заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэж заасныг зөрчсөн үндэслэлд хамаарах юм.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлж, шүүгдэгч нарыг прокурорын ял сонсгож, яллаагүй шинжээр буюу ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон... шинжээр гэм буруутайд тооцсон байхаас гадна 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2588 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл завсарлуулсан атал дахин 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2652 дугаартай захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулж, гэм буруугийн хуралдаанаас хойш ажлын 10 өдрийн дараа эрүүгийн хариуцлагын хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн зөрчил болжээ.

Түүнчлэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний эцэст оновчтой сонгон оногдуулж чадаагүй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 өөр зохицуулалтыг давхар баримталж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн аваагүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1438 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Х-, Д.Б-, К.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА