Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0532

 

2025 07 29 128/ШШ2025/0532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эын Б******* /ИБД:1/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.И /ИБД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, /ИБД:/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч М.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Б.Б, Ш.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ө ХХК /РД:*******/ нь 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр www.etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.

1.2. Дээрх хүсэлт нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр татварын улсын байцаагч Д.Цд хуваарилагдаж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр www.etax.mta.mn татварын цахим системд татварын тайланг шалгаж улмаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буцаан олголтыг зөвшөөрчээ.

1.3. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай А/13 дугаар тушаалын хавсралт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 заалтын дагуу 2024 оны тайлангаар буцаан олголт авах аж ахуйн нэгжийн жагсаалтын 774-т Ө ХХК бичигджээ.

1.4. Татварын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар буцаан олголт олгохоор татвар төлөгчийн жагсаалтыг хүргүүлсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсээс татварын албадаас ирүүлсэн тушаалыг үндэслэн 2024 оны Аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголтыг баталгаажуулан хүргүүлсэн тушаалаас тус хэлтсийн хэмжээнд 13 татвар төлөгчдийн буцаан олголтын гүйлгээг хянаж, өмнөх батлагдсан тушаалд өөрчлөлт оруулах тухай нэмэлт тайлбарын хамт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр [email protected] хаягт ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч компанийг татварын буцаан олголт олгох нэрсийн жагсаалтаас хасагджээ.

1.5. Ө ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хүсэлт гаргах тухай 25/67 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн захиргаа, хуулийн тасагт ханджээ.

1.6. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...танай байгууллага болон харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох нийт байгуулалтын орлогын дүн 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй гэх хариуг Ө ХХК-нд өгсөн.

1.7. Мөн нэхэмжлэгч Ө ХХК-иас Татварын ерөнхий газарт хандан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25/99 дугаар албан бичгээр гаргасан.

1.8. Уг гомдолд Татварын ерөнхий газраас Хариу хүргүүлэх тухай 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/1253 дугаар албан бичгээр ...Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу танай байгууллагын гүйцэтгэх захирал Э.Б******* нь У******* ҮЦК 1*******/ ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тухайн татварын жилд Ө (*******) нь У******* ҮЦК (*******) ХХК-тай ажил гүйлгээ хийсэн, албан татвар ногдох нийт борлуулалтын орлогын нийлбэр 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэх хариуг өгсөн байна.

1.8. Улмаар нэхэмжлэгч хариуг Ө ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2025/3898 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0488/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

2.1.1. Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 27.1.3-т заасан хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн 20 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг этгээдийг харилцан хамааралтай этгээд гэж үзнэ" гэсэн заалтыг үндэслэн, иргэн Э.Б******* нь Ө ХХК болон У******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул Ө ХХК болон У******* ҮЦК ХХК нар нь харилцан хамааралтай этгээд гэж хэт явцууруулж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

У******* ҮЦК ХХК нь хөрөнгө оруулалтын менежмент, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. Ө ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн У******* ҮЦК ХХК-ийн зүгээс компанийн үйл ажиллагаа болон удирдлага, хяналтад аливаа байдлаар оролцож байгаагүй. Учир нь эдгээр компаниудын хөрөнгө болон удирдлага зэрэг бүхий л хүрээнд тусдаа, бие даасан хуулийн этгээдүүд юм. Мөн Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дээр үндэслэн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн удирдлага, хувьцаа эзэмшигчээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй аливаа этгээд оролцох нь хууль зүйн хувьд боломжгүй. Тодруулбал, Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Өмгөөллийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гишүүн, удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч нь өмгөөлөгч байна, мөн зүйлийн 19.6-д Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу манай компанийн хувьцаа, хувь оролцоог аливаа байдлаар У******* ҮЦК ХХК эзэмшдэггүй бөгөөд хяналт, удирдлагад шууд болон шууд бусаар оролцдоггүй, хуулийн дагуу оролцох боломжгүй юм.

2.1.2. Компанийн зүгээс ийнхүү үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй жижиг аж ахуйн нэгж тул үйл ажиллагаагаа татварын дарамтгүйгээр тогтворжуулах боломжийг хуулиар олгосон гэж итгэж, хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргахад түүний зөвхөн нэг хувьцаа эзэмшигчийн өөр тусдаа компанид эзэмшдэг хувьцааг үндэслэн харилцан хамааралтай гэж шууд хамаатуулж, хуулийг явцууруулан тайлбарлах замаар татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс гадна компанийн бусад хоёр хувьцаа эзэмшигчдийн хувьд ч хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шударга бус үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

2.1.3. Иймд дээр дурдсан үндэслэл, нотлох баримтуудад үндэслэн манай байгууллагыг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө ХХК-нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 3 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 1,6 жил үйл ажиллагаа явуулж байгаа шинээр байгуулагдсан компани юм. Уг байгууллага нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзээд татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргасан. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Ө ХХК-ийн үүсгэн байгуулагчийн нэг Э.Б******* намайг өөр аж ахуйн нэгжтэй хамааралтай гэж татгалзсан шийдвэр гаргасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд харилцан хамааралтай этгээд гэж хэн болох талаар хуульчилсан. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн үйлчлэлд нэг хүн хувьцааг нь эзэмшдэг хоёр аж ахуйн нэгж хамаарахгүй. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-ээс 27.1.11 дэх заалт хүртэл 11 төрлөөр тогтоох шалгуур үзүүлэлтийг хуульд тогтоосон. Эдгээр шалгуур үзүүлэлтийн алинаар нь ч Ө ХХК болон У******* ҮЦК ХХК-г хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзэх боломжгүй. Ө ХХК-ийн тухайд Өмгөөллийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч, удирдлага нь өмгөөлөгч бус этгээд байх нь хориотой. Мөн энэ хоёр аж ахуйн нэгж нь тус тусдаа бие даасан өөрийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж орлого олдог. Орлогын төрөл давхцах боломжгүй нэг нь хөрөнгө оруулалтын менежмент, нөгөөх нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгдөг. Өөр хоорондоо харилцан гүйлгээ хийх замаар, үнэ шилжүүлэх замаар орлогоо бууруулах, нэгнийхээ орлогыг өмнөөс нь авах хамааралтай байх боломжгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг оруулсан хууль тогтоогч нарын зорилго нь жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, босгох зорилготой хөнгөлөлт эдлэх боломж олгосон. Жижиг аж ахуйн нэгж гэдэг байгууллага ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахдаа хэн нэгэн том аж ахуйн нэгжийн охин компани болох эсхүл хэн нэгэн том хөрөнгө оруулагчтай хамтарч үйл ажиллагаа явуулах тохиолдол зөндөө. Энэ боломжийг татварын байцаагчдын хууль тайлбарлаж байгаагаар хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл Шарк танк гэдэг нэвтрүүлэг дээр бичил бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт авахаар нөгөө хөрөнгө оруулсан компанийн охин компани болно гэж тайлбарлаж татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болгож, хуулийг явцууруулж тайлбарлаад байна. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т маш тодорхой тайлбарлаж хуульчилсан байна. Дундаа нэг хувьцаа эзэмшигчтэй байснаараа эдгээр компаниудыг хамааралтай гэж үзэхгүй нэг нэгнийхээ хувьцааг ямар нэгэн байдлаар эзэмшдэг параллель компанийн асуудал яригдана. Энэ тохиолдолд групп компани гэдэг зохицуулах, үнэ шилжилт, нэгтгэсэн санхүүгийн тайлан гэх мэтчилэн зүйлүүдийг гаргуулдаг. Эдгээр шаардлагуудын алинд нь хамаарахгүй хоёр хуулийн этгээдийн дунд нэг хувь хүн хувьцаа эзэмшдэг учир аль нэг компани нь илүү орлого олсон байж таарна гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй. Надаас өөр хоёр хувьцаа эзэмшигч байхад би хувьцаа эзэмшигч байснаараа тэдний хуульчлагдсан боломжийг хязгаарлагдахаар тайлбарлах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.3.1. Тодруулбал: Ө ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн тайлангаар тайлагнасан харилцан хамааралтай этгээдүүдийн мэдээллийн дагуу цахим төлбөрийн баримтын системд тухайн татварын жилд ажил гүйлгээ хийж, борлуулалтын орлого гаргасан эсэхийг шалгахад Х******* ХХК, М******* партнерс ХХК нь О дүнтэй, Хан уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй У******* ҮЦК ХХК нь 96,550,319.36 /Ерэн зургаан сая таван зуун тавин мянга гурван зуун арван есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийн төлбөрийн баримт гаргасан байсныг үзвэл харилцан хамааралтай этгээдүүдийн татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой байсан тул Аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч баталгаажуулсан байна.

2.3.2. Сангийн сайдын 2021 оны 20 дугаар тогтоолоор баталсан Илүү төлсөн албан татварын буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.7- д Харьяа татварын алба албан татвар төлөгчийн хүсэлт, хүлээн авсан тайланд үндэслэн энэ журмын 2.3-т заасан жагсаалтыг бэлтгэж, тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулан, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын буцаан олголтын асуудал хариуцсан нэгжид жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 15 өдөрт багтаан хүргүүлнэ гэж заасны дагуу хөнгөлөлт эдлэх татвар төлөгчдийн судалгааг татварын улсын байцаагчид гарган нэгтгүүлж, тус татварын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаар тушаал гарсныг Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтэст хүргүүлсэн.

2.3.3. Өөрөөр хэлбэл татварын буцаан олголтод хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн журмын заалтын дагуу тушаалыг Татварын ерөнхийн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтэс нь нэгдсэн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг байна.

2.3.4. Иймд хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар буцаан олголт олгохоор татвар төлөгчийн жагсаалтыг хүргүүлсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Татварын ерөнхийн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсээс татварын албадаас ирүүлсэн тушаалыг үндэслэн 2024 оны Аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголтыг баталгаажуулан хүргүүлсэн тушаалаас тус хэлтсийн хэмжээнд 13 татвар төлөгчдийн буцаан олголтын гүйлгээг хянаж, өмнөх батлагдсан тушаалд өөрчлөлт оруулах тухай нэмэлт тайлбарын хамт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр [email protected] хаягт ирүүлэх талаар мэдэгдсэн.

2.3.5. Тайлан хүлээн авсан татварын улсын байцаагч Д.Ц Татварын Ерөнхий газрын ОХБОХ-ийн татварын улсын байцаагч Б.И*******ын ******* утасны дугаарт холбогдож, Ө ХХК-ийн нягтлангийн хажууд утсаар чанга яригч дээр тавьж, тайланг ямар шалтгааны улмаас буцаагдсан бэ? эндээс харахаар шалгуур хангасан харагдаж байх тухай тайлбарлан шалгаад хариу авах талаар тодруулахад тус компанийн үүсгэн байгуулагч, 40 хувийн Хувьцаа эзэмшигч Э.Б******* нь ХУД-ийн татварын хэлтэст бүртгэлтэй У******* ҮЦК /РД:*******/ ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшдэг байна У******* ҮЦК /РД:*******/ ХХК нь 2024 оны ААНОАТ-ийн тайландаа 10 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой гэж татварын тайланд тусгасан байна, ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө: гэж заасанд хамрагдах боломжгүй тухай хэлсэн.

Энэ тухай нягтлангаас дахин тодруулж асуухад танай байгууллага харилцан хамааралтай ХХК-иуд нь борлуулалтын орлого байхгүй гэсэн У******* ҮЦК ХХК нь тайландаа 10 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тусгаад, цахим төлбөрийн баримт дутуу шивж гаргасан байна. Би яагаад танай татварын тайланг хүлээн авсан байна гэхээр бусад харьяа дүүргийн татварын тайланг харах эрхгүй, харилцан хамааралтай этгээдүүдийн з компанийн мэдээллийг шалгаж татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой гэж харагдаж байсан учраас хамрагдах боломжтой гэж үзэн ААНОАТ-ын тайланг хүлээн авсан байна.

Хэрэв Хан-Уулд бүртгэлтэй Э.Б******* /50 хувь/-ний эзэмшдэг У******* ҮЦК ХХК нь борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг гаргасан бол хөнгөлөлтөд хамрагдахаар ирүүлсэн татварын тайланг шалгаж хүлээн авахгүй, буцаасан төлөвт оруулж тухайн үед нь холбогдож тайланг залруулж, засварлуулах байсан тухай хэлсэн. Татварын тайлангаа ирүүлсэн чиглэлийн дагуу яаралтай тайланг залруулах талаар хэлж, ААНОАТ-ын тухай хуулийн заалтыг тайлбарлан зөвлөгөө өгөхөд буруу ойлгосон талаар нягтлан нь хэлсэн байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 тоот шийдвэрийг хэвээр үлдээж 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан хамааралтай этгээд гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ, 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд 27.3-т Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ гэж тус тус заасан. Э.Б******* нь У******* ҮЦК ХХК-д 50 хувийн хувь оролцоотой Ө ХХК-д 40 хувийн хувь оролцоотой учир харилцан хамаарал гэж үзэж байгаа.

Харилцан хамааралтай этгээд гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ, 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд 27.3-т Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ гэж тус тус заасан. Э.Б******* нь У******* ҮЦК ХХК-д 50 хувийн хувь оролцоотой Ө ХХК-д 40 хувийн хувь оролцоотой учир харилцан хамаарал гэж үзэж байгаа.

Улсын төсвийн орлогын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх тодорхой нөхцөлтэй олгогдсон. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн орлогыг нийлүүлж тооцохыг зарчмын хувьд тайлбарлаж хэлсэн. Татвар төлөгч тус бүр хуулийн өөр өөрсдийнхөөрөө ойлгоод хуулийг хэрэгжүүлэх боломж байхгүй. Хуулийн заалтыг өөрт ашигтай байдлаар хамааруулаад ойлгох, хэрэгжүүлэх боломжгүй. Хөнгөлөлт, чөлөөлтийн зохицуулалт нь татвар төлөгчийн орлогыг үндэслэн ангилж өгсөн байна. Энэ ангилал нь бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой боловч хуваах гэсэн зорилго биш. Жижиг татвар төлөгчид том татвар төлөгчтэй адил хэмжээгээр татвар төлүүлэхгүй байх зорилгоор та хуулийн хугацаанд тайлангаа үнэн зөв илгээж татвараа 100 хувь төлсөн бол 90 хувийг буцаан олгохоор байдлаар хөнгөлөлт эдлүүлэхээр байгаа. Нөгөө хоёр хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдөж байна гэж харж байгаа ч хуулийн зохицуулалтын хувьд ийм, нэг компани 1,5 тэрбумаас дээш орлоготой байх боломжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-аар хязгаарлаж өгсөн. Татварын албаны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...танай байгууллага болон харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох нийт байгуулалтын орлогын дүн 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй гэх хариуг Ө ХХК-нд өгсөн хариу нь захиргааны акт мөн.

3. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд маргаан бүхий албан бичгээс үзвэл Татварын ерөнхий хуулийн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй, 81.1.2-т татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад, 81.2-т Энэ хуулийн 81.1, 81.1.2-т тус тус заасны дагуу заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй, тул үр дагавар үүсгэж нэхэмжлэгчид татварын буцаан олголтын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж байгаа нь захиргааны актын шинжийг агуулж байна.

4. Гэвч уг албан бичиг нь дараах байдлаар хууль зөрчөөгүй байна.

5. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ гээд, 27 дугаар зүйлийн 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд гэж тус тус заасан нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Э.Б******* нь У******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч байна.

6. Э.Б******* нь нэхэмжлэгч Ө ХХК-ийн 40 хувийн, У******* ҮЦК ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой гэж үзнэ.

7. Мөн Аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно. гэж заасны дагуу Ө ХХК-ийн болон У******* ҮЦК ХХК нар хоорондоо ажил гүйлгээ хийсэн бөгөөд хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэг авагдсан баримтаар нотлогдож байна.

Тодруулбал Ө ХХК /РД:*******/-иас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 54 минут 27 секундэд 4,671,896.22 төгрөгийг гүйлгээг У******* ҮЦК ХХК-д шилжүүлжээ.

Мөн У******* ҮЦК ХХК /РД:*******/-иас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 24 минут 18 секундэд Ө ХХК-д 34.491.580 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн байна.

8. Нөгөөтэйгүүр Ө ХХК нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.7-т үнэ шилжилтийн тохируулга хийх арга гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлох гэж заасны дагуу Ө ХХК татварын тайлангаа илгээхдээ хамаарал бүхий этгээдийн тайланг хамтад нь илгээх нь нэхэмжлэгч компанийн үүрэг тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/22 дугаар хүчинтэй хэвээр байгаа, энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн гаргасан Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА