Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 130

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Т.Отгонтөгс,

            шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасанбатхүүгийн Ганбатад холбогдох 1708022880290 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Гнь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч З.Зыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд цус хуралт бүхийн хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Гнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,

Б.Гнь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48б байрны 309 тоотод хамтран амьдрагч З.Зыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

            Хохирогч З.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...байрны гадна Ганбаттай тааралдаж, уузалдаад хамтдаа гэртээ орж ирээд, гэрт бид ярилцаж байгаад Ганбатад “хүүхдээ эмчилгээнд авч явмаар байна, хоёулаа хоёр талаасаа нийлж байгаад зардал мөнгөө гаргаж хүүгээ эмчилгээнд авч явъя” гэхэд Ганбат уурлаад “надад наад хүүхэд чинь хамаагүй, би зүгээр юмаа аваад явмаар байна” гээд уурлаад байсан ба би түүнд “яахаараа чамд хүүхэд чинь хамаагүй байдаг юм, ядахдаа чи хэлтэй юм чинь хэлмэрч хийгээд хүүхдийнхээ оношийг мэдэж авмаар байна” гэхэд Ганбат “чадахгүй, мөнгө байхгүй, би тэгж явж чадахгүй, наад хүүхэд чинь надад хамаа байхгүй, миний өгсөн манетон гинж, манетон бөгжөө авмаар байна, гарч архи уумаар байна” гэж уурлаад байсан. Би түүнд “заавал хүүхдээ эмчлүүлмээр байна” гэхэд “чиний хүүхэд байгаа юм биз дээ” гээд гэрээс гарах гэж оролдоход нь “хоёулаа хүүгийнхээ асуудлыг заавал шийдэх хэрэгтэй байна” гээд “гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожилсон” бөгөөд Ганбат хашгирч орилоод “гарна” гээд байсан. Хүүхэд айгаад уйлахаар нь хүүгээ жижиг өрөөндөө оруулаад оронд дээр тэврээд сууж байхад Ганбат араас орж ирээд миний үснээс зулгаагаад, доош дарж, толгой руу гараараа 5-6 удаа цохиод, дарж байхдаа толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөж авсан. Би цохиулсан чигээрээ хүүгээ тэврээд босох гэхэд намайг цохих гэж байгаад хүү Түмэнбаярын толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Миний уур хүрээд хөлөөрөө Ганбатыг жийж цаашаа түлхсэн юм. ...Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 16-17, 19х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13845 дүгнэлтэд: “...З.Зын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25х/

 

                  Гэрч С.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...11 сарын эхээр Ганбат залгаад Золжаргал бид 2 муудалцсан. Хоёулаа манай аав, ээж хоёр дээр очиж асуудлаа шийдье гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

 

                  Гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбат нь над руу 1 дүгээр сарын эхээр байх залгаад би цагдаагаас дуудаад иртэл манай эхнэр надад зодуулсан гэж өргөдөл өгсөн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/

Шүүгдэгч Б.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн биед учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруутайгаа маргахгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч Б.Гнь мөрдөн байцаалтын шатанд “хамт амьдарч байсан З.Зын биед гэмтэл учруулаагүй” /хх-ийн 33-34х/ гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгээсээ буцаж, “хохирогчийн биед учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруутайгаа маргахгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг өөр хооронд нь харьцуулан үнэлэлт, дүгнэлт өгөхөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хохирогч З.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Г...миний үснээс зулгаагаад, доош дарж, толгой руу гараараа 5-6 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/, шинжээчийн №13845 “З.Зын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлоогдсон тул  шүүгдэгч Б.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд гэр бүлийн таагүй харилцаа, түүнээс үүссэн үл ойлголцол, маргаан зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.

 

 Иймд шүүгдэгч Б.Ганбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Б.Ганбатын хувийн байдлын талаар:

Гэрч С.Одхүү, Б.Чулуунбаатар нарын мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-23х/

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 36х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч З.З нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 16-17, 19, 62х/

 

Шүүгдэгч Б.Ганбатын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Ганбатын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт ахтайгаа зах дээр арилжаа эрхэлдэг, торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн банкны хуулга зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 /хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Ганбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбатад оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ