Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/237

 

 

 

 

 

    2024           02                 22                                     2024/ДШМ/237

 

Э.Р-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Р-ид холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Э-ийн Р-, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

Э.Р- нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.О-тай байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол прокурорын газраас: Э.Р-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Эийн Р-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний цагдан хоригдсон гурав хоногийг 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тооцож, биечлэн эдлэх торгох ялыг 955,000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.О-ы нэхэмжилсэн нийт 1,316,740 /нэг сая гурван зуун арван зургаан мянга долоон зуун дөч/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,185,590 /нэг сая нэг зуун наян таван мянга таван зуун ер/-н төгрөгийг гаргуулж Ц.О-д олгож, үлдэх 131,150 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун тавь/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.О- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас Эрүүл Мэндийн Даатгалын Санд учирсан хохирлыг шүүгдэгч Э.Р-оос гаргуулах ажиллагааг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг Баянгол Дүүргийн Прокурорын Газарт нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Р- нь цагдан хоригдсон хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогч Ц.О- нь “-” ХХК-д “Хүнд даацын машин, том тэрэгний жолооч” албан тушаалд сарын 1.000.000 төгрөгийн цалинтай, тээвэрлэлт хийсэн рейсийн үнэлгээгээр нэмэгдэл цалин авдаг” бөгөөд гэмт хэрэг гарах хүртэлх өдрийн сүүлийн 6 сарын хугацаанд ажилласан нийгмийн даатгалын цалин хөлсний дунджаар 2.838.000 төгрөг авсан байдаг. Хохирогчийн цалин хөлсөнд холбогдох дээрх баримтыг хавтаст хэргийн - дугаар хуудсанд авагдсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах” гэж зааснаар дээрх цалин хөлсийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О- нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хийж чадаагүй тул цалин хөлсний хохиролд 11.352.758 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх аргачлалын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт “хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1.185.000 төгрөг гаргуулах, цалин хөлсний хохирол 11.352.758 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 8.250.000 төгрөгийг тус тус гаргуулахаар” өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эрүүл мэндэд учирсан гэмтэл ажил, хөдөлмөр эрхлэхэд минь саад болж байна. Би том оврын машин жолооддог байсан. Миний зүүн гар гэмтсэний улмаас машин, тэрэг жолоодох чадваргүй болсон. Сэтгэл санаагаар маш их хохирч байна. Мөн би эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Энэ гэмт хэрэг нь 2023 оны 2 дугаар сард үйлдэгдсэн. Харин тухайн журам нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, тухайн журам хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанаас хойш гарсан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоож, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Тухайн журам хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргах боломжгүй. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг тооцохоос гадна ажилгүй байх хугацааны цалин, орлогыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулах асуудал яригдсан боловч хэрэгт зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хуулбарын баримт авагдсан байсан. Мөн шийтгэх тогтоолд хохирлын тооцоог тусгасан. Гэхдээ давж заалдах шүүхийн шатанд хэргийн материалтай дахин танилцахад хохирлын тооцоо бага зэрэг зөрүүтэй харагдсан. Хавтаст хэргийн 73 дугаар талд түлшний компанийн 77.750 төгрөг, 20.000 төгрөгийн 2 и-баримт, 74 дүгээр талд “-” ХХК-ийн 17.370 төгрөгийн баримт, 77 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлагагүй хангаагүй байдаг. Анхан шатны шүүхээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн нийт хохирлоос 131.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд нийт 170.120 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй харагдаж байна. Үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн нийт хохирол 1.179.470 төгрөг байдаг. Үүнээс дээрх 170.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.349.590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож өгнө үү. Мөн анхан шатны шүүх хохирогчийн давж заалдах гомдол сэргээлгэх хугацааг сэргээсэн 2 шүүгчийн захирамж гаргасан. Энэ хугацаанд хохирогч нь өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тухайн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байсан тул шүүх хүлээн авсан гэж үзэж байна. Гэхдээ гомдол гаргах 14 хоногийн хугацаанд хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нь гомдлыг нь бичиж, үйлчлүүлэгчтэй танилцуулж, гарын үсэг зуруулах боломжтой байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.Р- нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.О-тай байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Ц.О-ы “... 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт гэртээ амарч байхад 00 цаг өнгөрөөд, хажуу айлын залуу “энэ муу айлын 2 ...-г хөөж гаргана” гэж хэлээд манай хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Тэгээд “... зайл” гэхээр нь би ... акумлятороо авч гараад машинаа асаахаар зогсож байсан ба намайг татахаар нь эргэж харахад миний дух орчим нэг удаа гараараа цохиод намайг угз доош дарахад нь би доошоо унахад тэр хөлөөрөө намайг өшиглөсөн, ба зүүн гараараа хөлийг нь хаахад гарын сарвуу “нурх” гэж дуугараад гар сонин болсон. Тэгээд миний хувцаснаас зулгаагаад намайг чирээд “чамайг ална аа” гэж орилоод байсан. Эхнэр цонхон дээрээс орилхоор нь би “энэ намайг аллаа” гэж орилоход тэр залуу намайг тавиад явсан... Рэнцэн нь миний нүүр лүү нэг удаа, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Хөл рүү өшиглөхөд нь би зүүн гараараа хаахад миний гарын сарвуу гэмтсэн...” /хх 7/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.О-ы биед зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 34-35/,

гэрч Я.Энхмаагийн “... хажуу айлын эмэгтэй үүдэнд “манайхаас гараараа сүүлийн нэг сарынхаа төлбөрийг аваад зайлаарай...” гэсэн. Тэгээд орилж байхад араас нь нөхөр нь орж ирээд “наад ... нараа зайлуул, гарга” гэж орилж байсан. Гэнэт манай хаалгыг цөм өшиглөөд түгжээг нь эвдээд манай өрөөнд Э.Р- орж ирээд “одоо гар” гээд миний хөнжилнөөс татсан... цагдаа дуудаж байхад намайг Р- түлхээд байсан. Тэр үед манай нөхөр хувцсаа өмсөөд акумлятороо аваад гарсан. Р- цагдаа дуудлаа гэж уурлаад гэрээс гараад явсан... Манай нөхөр гэрийн тагтны доор “Р- намайг зодчихлоо” гэж хэлсэн. Харахад нүүр нь цус болсон, гараа өргөөд өвдөөд байна гэж байсан...” /хх 16-17/,

гэрч Т.Отгонцэцэгийн “...О-, Энхмаа нарын өрөөний хаалгыг цохиж улмаар жижиг маргалдсан. О- ах гараад явсан араас нь манай нөхөр гараад л явсан. Тэр хоёрыг яасан талаар мэдэхгүй. Тэр хоёрыг гарсны дараа Энхмаа эгч гэнэт орилоод “манай нөхрийг зодчихлоо” гээд над руу дайраад байсан...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Э.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “... Би гэрт орж ирээд хажуу өрөөний хаалгыг жаахан хүчтэй түлхэхэд хаалга нь нэг юманд тээглээд онгойсон. ... гадаа О- ах машины нэг юм аа оролдоод байхаар нь татахад тэр дээрээс газар унахдаа гараараа тулаад унасан. Би босоод ир гээд хувцаснаас нь зулгааж босгоод цаашаа явсан...” /хх 49-50/ гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Ц.О- бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Р-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Э.Р-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

          Хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлдээс “...эрүүл мэндийн хохиролд нэхэмжилсэн 131.150 төгрөгийг ямар үндэслэлээр хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, ...гэмт хэргийн улмаас авч чадаагүй цалин хөлсийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ... хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан, үүний дагуу сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлээгүй зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарах тул хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1.185.000 төгрөг, цалин хөлсний хохиролд 11.352.758 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 8.250.000 төгрөг тус тус гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

          Хохирогч Ц.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нийт 1,349,590 төгрөгийн нотлох баримт /хх-ийн 65-74 тал/ гаргаж өгсөн байх бөгөөд 70 дугаар хуудаст авагдсан 15.000 төгрөг, 72 дугаар хуудаст авагдсан 75.000 төгрөг гэх 2 баримт нь юунд зарцуулагдсан болох нь мэдэгдэхгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг 90.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн хавтаст хэргийн 75 дугаар талд хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 76 дугаар талд ажлын газрын тодорхойлт авагдсан байх ба уг 2 баримтын хүрээнд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах боломжгүй болно.

          Учир нь тухайн гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байх ба энэ хугацаанаас хойш хэдий хугацаанд хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх болон бусад шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

          Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ. 

          Иймд, анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн дээрх нэхэмжлэлийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нотлогдсон хэмжээнд үнэлж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “...1,316,740 гэснийг 1.349.590 гэж, 1,185,590 гэснийг 1,259,590 гэж, ...131,150 гэснийг 90,000 гэж...” тус тус зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.   

          Анхан шатны шүүх Э.Р-ид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж 668 дугаар шийтгэх тогтоол гарсан, уг шийтгэх тогтоолыг хохирогч Ц.Од 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гардуулж, давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.

          Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шаардлага хангаагүй нотлох баримтуудад үндэслэж, 2 удаа хэлэлцэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1670 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1919 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байгааг тэмдэглэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/668 дугаартай шийтгэх тогтоолын:

          6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р-оос 1.259.590 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Од олгож, хохирогч Ц.Оы нэхэмжлэлийн шаардлагаас 90.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй. 

          2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА