2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03189

 

 

 

 

 

 

 

2025 04 22

192/ШШ2025/03189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ******* *******, ******* оффист байрлах, ******* банк ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь ******* банк ХК-тай 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201803230211 тоот зээлийн гэрээ байгуулж 1,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээнд зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГ201803230210 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр ЗГ/201843532431 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,006,052.05 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201843532431 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201944480312 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 1,750,435.17 төгрөг дээр нэмж 5,000,000 төгрөгийн жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар ЗГ201803230211, ЗГ/201843532431 болон ЗГ/201944480312 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 7,375,962.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,116,624.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43.32 төгрөг, нийт 9,492,630.48 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул банк *******д холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 5-3 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 184/Ш32024/25543 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ургийн овогт ******* /РД: /-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, ******* банкны гүйлгээний баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/25543 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/25543 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч *******ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД