| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0014/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 131
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч Х.Н,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201626012446 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар амьдардаг, урьд нь;
2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хуацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 161 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Гөд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ог” ХХК-ийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Дэлл маркийн Ай-7 зөөврийн компютер, Канон-550 маркийн иж бүрэн хагас мэргэжпийн камер, Тошиба маркийн Ай-5 зөөврийн комьпютер, 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил зуурмаг” ХХК-ийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Асер маркийн 15 инчийн зөөврийн комьпютер, Жи мобайлын станцтай гар утас тус тус хулгайлж, хохирогч Х.Нод нийт 3.990.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал,
Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил зуурмаг” ХХК-ийн байрны вакум цонхоор,
-2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө нэвтэрч Дэлл маркийн Ай-7 зөөврийн компьютер, Канон-550 маркийн иж бүрэн хагас мэргэжлийн камер, Тошиба маркийн Ай-5 зөөврийн комьпютер зэргийг хулгайлж, 3.800.000 төгрөгийн хохирол,
-2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нэвтэрч Асер маркийн 15 инчийн зөөврийн комьпютер, Жи мобайлын станцтай гар утас зэргийг хулгайлж, 190.000 төгрөгийн хохирол буюу хохирогч Х.Нод нийт 3.990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11х/
Хохирогч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө манай оффисын сэнстэй цонхыг түлхэж ороод миний өрөөнөөс Дэлл Ай-7 маркийн нөүтбүүк, Канон 550 маркийн хагас мэргэжлийн камер, ажилчид суудаг том өрөөнөөс Тошиба Ай-5 маркийн нөүтбүүк алдагдсан байсан. ...2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө манай оффисын зүүн талын хойноосоо 2 дахь цонхыг гаднаас нь онгойлгоод хулгайч орж Хүрэлцоожийн өрөөнөөс 15 инчийн Асер маркийн нөүтбүүк, Жи мобайлын станцтай гар утас алдагдсан байсан.. Хохиролоо одюоо барагдуулж авсан. Шүүгюэгчийн аа, ах нар нь манай зусланд ажил хийж өгсөн тэр ажлын хөлснөөс нь суутгаж авсан байгаа. Одоо манай байгууллагад ямар нэгэн хохирол төлбргүй болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24, 62х, 2 хх-ийн 11, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйлийн үнэлгээнд : Дэлл Ай-7 маркийн зөөврийн компьютер – 1.800.000 төгрөг, Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютер – 1.000.000 төгрөг, 15 инчийн Асер зөөврийн компьютер – 190.000 төгрөг, камер 2 ширхэг линз, тулгуур хөл 3 ширхэг – 1.000.000 төгрөг, нийт 3.990.000 төгрөг /хх-ийн 206х/
Гэрч Л.Хүрэлцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн үед харуул Балжинням над руу утсаар яриад оффист хулгай орсон байна гэх хэлэхээр нь Наранболд захиралд утсаар хэлсэн. Энэ үед Тошиба маркийн нөүтбүк, Дэлл ай-7 маркийн нөүтбүүк, камер алдагдсан байсан. Манай компаний байранд үүний дараа нэг удаа хулгай орсон, тухайн үед камер суурилуулсан байсан юм. Тэр үед миний нөүтбүүк алга болсон ба цагдаа дуудаж шалгуулсан байгаа. Энэ бичлэг дээр манай компанийн гадаа түр ажил хийж байсан Гантөгс гэх залуу бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 63х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...-21-2016 хятад бичигтэй 01:24:12 гэсэн цаг хугацаа заасан тэмдэглэгээтэй 2 ширхэг бичгийн ширээ байрлуулсан ба 1 дэх ширээний 2 талд 4 ширхэг сандал, 2 дахь ширээний эсрэг талд 1 ширхэг сандал хананд тулгаж тавьсан өрөөний хажуугийн хаалгаар гаднаас хар өнгийн саравчтай малгай өмссөн, цайвар өнгийн богино цамцтай эрэгтэй хүн орж ирж хяналтын камерын дуран руу харсан даруйдаа буцаж гарсан бичлэг бичигдсэнийг тэмдэглэв...” гэжээ. /хх-ийн 14х/
Шүүгдэгч Г.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Би 2016 оны 09, 10 дугаар сарын үед санагдаж байна, Оргил зуурмаг ХХК-ийн хашааг нь давж ороод оффисын зүүн хойд талын жорлонгийн ойролцоох агааржуулалттай вакум цонхыг гаднаас нь түлхэж ороод 1 ширхэг Ай-7 маркийн зөөврийн компьютер, түүнээс 10 орчим хоногийн дараа энэ цонхоороо дахиж ороод Коре-2 маркийн зөөврийн компьютер, эвдэрхий Жи Мобайлын саарал өнгөтэй гар утас авсан. Энэ цонх тухайн үед онгорхой байсан гэж хэлээд оффисын байрны зүүн хойд талын агааржуулагчтай цонх бетонон хашааны хажуу талын буюу зүүн талын хойд хэсгээсээ 2 цонхыг заасан...” гэжээ. /хх-ийн 57-59х/
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр 23-24 цагийн орчим бас оффисын сэнстэй /автомат агааржуулагчтай/ цонхоор орж Дэлл Ай-7 маркийн зөөврийн компьютер, Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютер, Канон маркийн камер, 3 ширхэг камерийн хөл, 2 ширхэг камерийн дуран, хар өнгийн цүнх, Жи-Мобайлын гар утас хулгайлж Дэлл Ай-7 маркийн зөөврийн компьютерийг 3 дугаар хороололд явуулын танихгүй хүнд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр зарсан. Тошиба Ай-5 маркийн зөөврийн компьютерыг асахгүй батеррей, дэлгэц нь масслаад байхаар нь хороололд гудамжинд хаячихсан. Канон маркийн камер, 3 ширхэг хөл, 2 ширхэг дуран, хар өнгийн цүнхийг гандан дээр явж байгаад танихгүй хүнд хулгай хийснийхээ нөгөөдөр нь 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр зарсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр оффисын зүүн талын хойноосоо 2 дахь цонхоор гаднаас орж Асер маркийн зөөврийн компьютерыг хулгайлж маргааш нь Өргөө дээр явж байгаад танихгүй хүнд 80.000 /наян мянга/ төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78, 2хх-ийн 44-45х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Г.Г нь “Оргил зуурмаг” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар, тодорхой хугацааны завсарлагатайгаар удаа дараа нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Г.Г нь өөрөө хэрхэн, яаж “Оргил зуурмаг” ХХК-ийн байр луу нэвтэрч орсон талаараа мэдүүлж, өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах зорилгоор мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаагаар зааж өгч тэмдэглүүлсэн, уг ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлсэн байх тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтын нэгэн адил үнэлж, түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Гийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Гийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 80х/
Шүүгдэгч Г.Г нь урьд нь; 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгуйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 161 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Гөд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон магадлалын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 50, 51, 84-91х/ зэргээр тогтоогдов.
Талуудаас гаргасан санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн тухай:
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нь “миний үйлчлүүлэгч Г.Гөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Г.Гөд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Учир нь, шинэ хуулийн ялын дээд, доод хязгаар нь нэмэгдсэн нь шүүгдэгч Г.Гийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул 2002 оны хуулийг хэрэглэж өгнө үү” гэж санал дүгнэлт гаргасан,
Мөн улсын яллагч нь өмгөөлөгчийн зүгээс гарсан уг саналд ямар нэгэн хариу тайлбаргүй, татгалзах зүйлгүй гэсэн санал дүгнэлтийг хийсэн болно.
Шүүхээс талуудаас гаргасан дээрх санал дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн буюу эсрэгээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байна гэж дүгнэсэн тул шүүгдэгч Г.Гийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв. Үндэслэл нь:
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч ...үйлдсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ...үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заажээ.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Гөд 2002 оны Эрүүгийн хууль ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр мэт байгаа боловч шүүгдэгч Г.Г нь өмнө нь 2 удаа “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэн ял шийтгүүлсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн еранхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар “ялтай байдал”-тай байх тул Г.Гийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл “Тэнсэх”-ийг хэрэглэх боломжгүй юм.
2015 оны Эрүүгийн хуулинд “ялтай байдал” гэх ойлголт байхгүй болсон, мөн шүүгдэгч Г.Г нь хохирогч Х.Нод хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ернхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой, энэ түүний эрх зүй байдлыг дээрдүүлэхээр байна гэж үзсэн болно.
Хохиролын талаар:
Хохирогч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...шүүгдэгч Г.Г нь манай байгууллагад учруулсан 3.990.000 төгрөгийн хохиролоо барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдпэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:
Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хэсэг:
Хохирогч Х.Н, гэрч Ч.Хүрэлцоож нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнхөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэл болно.
Харин шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохиролоо төлж барагдуулсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байх тул түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, түүний хувийн байдал /гэмшсэн, хохирлоо төлж барагдуулсан/ зэргийгхаргалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрыг хүртэл 3 хоног, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 48 хоног, нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов. /1 хх-ийн 69, 71, 171, 191, 196х/
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Г.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Гийг 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Г.Гөд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Г.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ