Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 217/МА2024/00008

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч С.Ц, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ц.Л

Шүүгдэгч                                                          Ө.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц, М.М

Насанд хүрээгүй хохирогчийн хууль

ёсны төлөөлөгч                                             Т.Б, М.Б

Хохирогчийн өмгөөлөгч                              Ц.Э, Ч.А

Нарийн бичгийн дарга                                Б.М нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А даргалж, шүүгч Б.Н, шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч М.М, Р.Ц нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ө.Б-д холбогдох 222500669.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овогт Ө-ийн Б, Монгол Улсын иргэн, 1996 оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт О аймгийн Б сумын Ш баг 3 дугаар гудамж 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АЗ96....12.

Ө.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих О аймаг Б сумын Ш баг 3-7 тоотод насанд хүрээгүй 15 нас 7 сартай Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

О аймгийн Прокурорын газраас: Ө.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 Шүүгдэгч Д овогт Ө-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ы цагдан хоригдсон 322 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Б- давж заалдах гомдолдоо:

 

... Яг бодит байдал дээр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Э-ийн ээж Н.О, Н.Э, Н.У, Н.У нарын 4 хүнийг миний бие Ур хотоос ирэхэд нь тосож авсан ... Б.М- хэнтэй хамт, хэзээ Э-д ирсэн бэ гэдгийг үнэн зөвөөр тогтоож худал, үнэн хоёрыг ялгах байсан. Ямартай ч Б.М- нь Н.У, Н.У нарын хамт Ур хотоос ирээгүй юм. Н.У, Н.У хоёрыг манайд ирсэний дараа ирсэн.

 

... Б.М- нь Н.У, Н.У нарын хамт манайд ирээгүй юм. Б.М- нь манайд 2-3 хоноод городод байх Н.Э ахын гэр рүү явсан. Ээжийг эмнэлгээс гарсан өдөр Б.М- манайд байгаагүй, хоноогүй, 24-ний өдрөөр намайг буруутгаж ял оногдууллаа.

 

Намайг прокурор өмнө нь Ч.Б эмчийн дүгнэлт, охидын эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг худал нотлох баримтаар Б.М-ийн охин хальсыг гэмтээсэн мэтээр буруутгаж байсан. Сүүлд гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр охин хальс урагдалгүй болох нь тогтоогдсон байтал намайг хүчингийн хэрэг хийсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Б.М-ийн сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт мөрдөгчийн хийсэн ажиллагаагаар гарсан. Гэтэл сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэсэн дүгнэлт гарсан. Яагаад ингэж 2 өөр дүгнэлт гарсан гэдгийг нягталж шалгахгүй байна ... Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Р.Ц нар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

1.1. Хохирогчийн “... 1 сарын 24-нд энэ хэрэг болсон гэдгийг санасан ... маргааш нь П.У-той усанд явж байхдаа П.У-од хэлсэн” гэж мэдүүлсэн нь гэрч П.У-ын “... Б.М-ийн хамт усанд явсан Б.М- надад бэлгийн харилцаанд орсон талаар яриагүй. Сэтгэл санааны хувьд бусад өдөр шигээ адилхан энгийн л байсан. Б.М- нь Ө.Б-тай бэлгийн харилцаанд ороогүй гэж бодож байна. Энэ талаар хэн ч юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р тал/,

гэрч О.М-ийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр корона вирус туссан тул А эмнэлэгт 7 хоног хэвтэж тусгаарлагдсан. Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө Б.М- нь манайд байж байгаад 5 дугаар микрт байх Н.Эын гэрт очно гээд явсан ... Намайг эмнэлгээс гараад ирэхэд манайд Б.М- байгаагүй Н.Эынх руу явсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө гэртээ ирэхэд Б.М- байгаагүй ... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р тал/, О-ийн М-ийн “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл өвчтэй байсан тухай эмнэлгийн магадлагаа” /1-р хх-ийн 153-р тал/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн гэрч П.У-, О.М, эмнэлгийн магадлагаа зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн талаарх үндэслэлийг заалгүйгээр хохирогчийн мэдүүлгийг авч шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон.

1.2. Шийтгэх тогтоолд ... шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхдийн аливаа хүчирхийллээс ангид байх, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхэд халдаж хүчирхийлэн хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан байна ...’' гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаартай “Магадлуулагч Б.М- нь гэмт хэргийн хохирогч болохоос өмнө болон одоо сэтгэцийн хувьд хэвийн байна. Одоо түүнд ямар нэг сэтгэцийн эмгэг өөрчлөлт байхгүй хэвийн байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59-60-р тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1032 дугаартай “Б.М-ийн охин хальс цагираг хэлбэртэй, махархаг, суурь өндөр боловч 11-1 цагийн түвшинд нам, нүх том, сунамтгай, агшилтгүй, 10 болон 3 цагийн түвшинд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй, гэмтэлгүй байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана, 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь шинжээчийн дүгнэлтийг үнэлэх ажиллагааг тухайлан зохицуулсан байх ба хэд хэдэн эсрэг агуулга бүхий дүгнэлт гарсан тохиолдолд аль дүгнэлтийг нь хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлийг заавал шийдвэртээ тусгах хуулийн шаардлага гэж үзнэ. Тодруулбал хэрэгт авагдсан дээрх хоёр дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй атлаа хохирол, хор уршиг учруулсан талаар дүгнэсэн нь тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

1.3. Хэргийн 25 дахь талд гэрч Б.Д-ийн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ур хотоос гарч О аймагт байх Н.М эгчийн гэрт очсон. Мөн ах дүү нарынхаа гэрээр нилээн хэд хоноод сурагчийн амралт дуусах үед эргээд Ур хотруу явсан. Намайг О аймагт очоод 1-2 хоносны дараа Б.М- нь городод байдаг ээжийн төрсөн дүү Н.Эын гэрт очсоноос хойш дахиж Н.М эгчийн гэрт очоогүй” гэх мэдүүлэг, 34 дэх талд гэрч М.Э-ын "Б.М-, П.У- нар сурагчдын амралтаараа О аймагт ирсэн байсан. Б.М- нь Ур хотруу явахаасаа нэлээд хэд хоногийн өмнө манайд ирж байж байгаад явсан. Манайд яг хэд хоносон талаар сайн мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг,

 19 дэх талд Б.М-ийн " ... Тухайн үйл явдал болсон шөнийн маргааш өдөр төрсөн эгч Б.Дн Ур хотоос ирсэн.

Дахиж Н.М эгчийн гэрт хоноогүй. М.Э-ын гэрт байж байгаад Ур хотруу явсан” гэх мэдүүлгүүд авагдсан. Энэхүү мэдүүлгүүдээр Б.М-ийн төрсөн эгч Б.Дн нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ур хотоос ирж улмаар 1-2 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-17-ны өдөрт Б.М- нь М.Э-ын гэрт очиж түүнээс хойш хэрэг үйлдэгдсэн гэх газар болох О.М-ийн гэрт дахиж очоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед О.М, П.У- нараас мэдүүлэг авсан тэмдэглэл хэргийн 32, 27-28 дахь талд авагдсан. Гэрч О.М “... Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр корона туссан тул А эмнэлэгт 7 хоног хэвтэж тусгаарлагдсан. Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө Б.М- нь манайд байж байгаад 5 дугаар микрт байх Н.Эын гэрч очно гээд явсан... ” гэж,

гэрч П.У- тухайн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Б.М- нь О.М эгчийн гэрээс яваад н.Э-ийн аав М.Э- ахын гэрт 3-4 хоноод Ур хот руу явчихсан ... Б.М- нь М.Э- ахын гэрт очсоноос хойш О.М эгчийн гэрээс хувцсаа авах гээд нэг удаа ирсэн. Тэрнээс өөрөөр ирээгүй...” гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч О.М, П.У- нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож хэргийн талаар тодруулахад гэрч О.М “... эмнэлэгт хэвтэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гараад гэртээ ирэхэд Б.М- манайд байгаагүй” гэж, гэрч П.У- “... Б.М-ийн хамт усанд явахад Б.М- надад бэлгийн харьцаанд орсон талаар яриагүй. Б.М- бид хоёр нэг сургуульд суралцдаг болохоор өдөр болгон таардаг. Б.М-тэй уулзахад би чамд Ө.Б- ах намайг хүчирхийлсэн гээд усанд явж байхдаа ярьсан биздээ, цагдаагаас асуувал хэлээрэй гэж хэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгсөн.

Анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШТ/.. дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсаны дараа хийсэн ажиллагаагаар хэргийн нотолбол зохих байдалд хамаарах цаг хугацааг эргэлзээгүй тогтоогоогүй ... Анхан шатны шүүх хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар маргаантай байхад цаг хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэж дүгнэсэн үндэслэлээ нотлох баримтанд тулгуурлан дүгнээгүй байна. Энэ нь шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа гэж үзэх үндэслэл боллоо.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д "Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгана. 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана” гэж тус тус заасан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 13 дахь талд “Шүүгдэгчээс хохирогчийн зардал 326.204 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдааны үед төлж баримт үйлдсэн байх тул төлөх төлбөргүй гэж үзсэн ба насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ, тогтоох хэсгийн 6-д "Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж тус тус бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д тус тус заасан шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг удирдлага болгон шийдвэр гаргаагүй. Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн зохицуулалтыг огт хэрэглэлгүйгээр хохирол 326.204 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 20.. оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 1.1-д “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно, Харин гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй”, 6.3.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтлана гэж тус тус тайлбарласан агуулгад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нийцээгүй. Шүүгдэгч нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 326.204 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан нь шүүхээс иргэний нэхэмжлэлд хийх хууль зүйн дүгнэлт, үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тусгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.2. Анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШТ/.. тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .. цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Дээрх тогтоод “Шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах, шүүгдэгчтэй хамт пиво уусан гэх гэрчийг асуух, хохирогчоос дахин мэдүүлэг авах” зэрэг ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл ...1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан. Энэ нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан талаар тус тус гомдол гаргасан гэх 3 үндэслэл бүрдсэн үед шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах талаар зохицуулсан зохицуулалт гэж үзнэ. Хэрэг хэлэлцсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд талуудаас нотлох баримт бүрдүүлэх бэхжүүлэх ажиллагааны талаар, оролцогчийн эрх зөрчсөн хязгаарласан талаар гомдол гаргаагүй, зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан урьдач 3 нөхцөл бүрдээгүй байхад шүүх хуралдааныг тус зүйл хэсэгт зааснаар хойшлуулж хуулийн жинхэнэ агуулгыг алдагдуулсан. Харин прокурор нь шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШТ/.. дугаартай тогтоолд зааснаас өөр ажиллагааг хийсэн.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6 дахь хэсгүүдэд заасан зохицуулалт нь мөрдөн шалгах ажиллагаагаар дахин нотлох баримт цуглуулах агуулгагүй бөгөөд яллагдагчийн эрхийг хангах, оролцогчийн гомдлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн агуулгатай байхад анхан шатны шүүх прокурорт яллах талын нотлох баримтыг дахин цуглуулах боломж олгож байгаа нь яллах талыг баримталсан шүүх ажиллагаа явагдсан болохыг харуулж байна.

...шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ө.Б- тайлбартаа: ...Б.М- худлаа ярьсан. Би тоос сорогчийг Э ахынд аваачиж өгсөн... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Ө.Б-д холбогдох хэрэг нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй ... давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ө.Б-ы гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Хохирогч Б.М-ийн мэдүүлэг нь гэрч П.У-, Н.М нарын мэдүүлгээр няцаагддаг ... давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ө.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б тайлбартаа: ... Хүүхдэд сэтгэл зүйд гэмтэл учирсан байсан. Шүүх хуралдааны явцад энэ нь тодорхой харагддаг. Хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл зүйн гэмтэл үүссэн гэж үзэж байгаа. Одоо хохирогчид сэтгэл заслын эмчилгээ хийгдэж байгаа. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б тайлбартаа: ... Охин минь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны турш хумсаа мэрсэн байсан. Энэ хүн утсаа ерөөсөө авдаггүй. Анх хэлэхэд ирж уулзаагүй, нүүрэлдээгүй, Би уг нь хамгийн дотно байсан хүн нь ... Би үнэхээр гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч энэ талаар аавдаа хэлснээр хэрэг илэрсэн. Б.М- амралтаараа Ураас О аймагт ирсэн нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан талаар хохирогч тогтвортой тодорхой мэдүүлдэг. Ө.Б- шөнө ирснийг бүх гэрчүүд мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдээгүй хүн тийм мессеж бичдэг юм уу ... Хохирлын хувьд Ур хотоос ирсэн, буцсан зардлаа л гаргуулсан. Яагаад тухайн үед энэ гэмт хэргийн талаар бусдад хэлээгүй талаараа хохирогч тодорхой хэлдэг. П.У-ын мэдүүлгийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар мушгиж тайлбарладаг юм. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ч.А тайлбартаа: ...Хэрэг учрал 1 сард болсон нь тогтоогдсон. Болсон процессыг хохирогч тодорхой мэдүүлсэн. Ур хот руу явахаас 2-3 хоногийн өмнө гэдэг. Шүүх шинжилгээний хуулийн 2023 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөгдсөн заалтын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийг тогтоолгосон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн, хохирогчид заавал гэмтэл учирсан байхыг шаардахгүй ... Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй бодитой шийдвэрлэсэн. Улсын яллагч шүүгдэгчид 10 жил хорих ялын санал гаргасан. Хэрэв хохирогч талаас ямар нэгэн ашиг сонирхлын асуудал байсан бол ялын хэмжээн дээр ямар нэгэн санал гаргах байсан. Гэтэл хохирогч энэ талаар санал гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ...   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч М.М, Р.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Ш баг 3-7 тоотод байрлах өөрийн гэртээ насанд хүрээгүй буюу 15 настай Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч М.М, Р.Ц нар нь “ ... гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдохгүй..., хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч тэдгээрийн гомдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын дундуур сурагчийн амралтын үеэр дүү Уын хамт Ур хотоос О аймагт байх ээж Б-ийн төрсөн эгч М-ийн гэрт ирсэн ... Б ах шөнийн 22-23 цагийн хооронд машинаа жолоодоод гараад явсан. М эгч, Э нар том өрөөнд унтаж байсан. Би жижиг өрөөнд дүү У, У нарын хамт гар утсаараа тоглоод байж байхад шөнийн 00-01 цагийн хооронд Б гаднаас согтуу байшинд орж ирээд миний унтах гээд засчихсан байсан орон дээр хэвтээд надад хандаж ... ах нь жаахан уучихсан байна шүү ... гэхээр нь ... хэр их уусан юм ... гэж асуухад ... 2 пиво уусан ... гэж хэлсэн. Би утсаараа тоглож байгаад унтах гэхэд У унтах гээд том өрөө рүү явсан. У орон дээр унтсан ... шөнө дунд Б ах миний дотоожинд гараа хийгээд бэлэг эрхтэнг маань хуруугаараа оролдоход би сэрээд гарыг нь түлхсэн чинь дахиж намайг тэврээд хөхнөөс базсан. Би Б ахын гарыг холдуулах гээд дийлэхгүй байсан. Б ах миний ард хэвтэж байхдаа дотоожийг маань өөрийнхөө гараар тайлаад намайг дээш нь харуулж хэвтүүлж дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн лүү 3-4 удаа хийхэд минийх их өвдсөн. Би уйлахад Б ах миний дээрээс боссон ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 13-14/,

 

түүний дахин өгсөн “ ... өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн ... Б ах миний бэлэг эрхтэн, хөхнөөс барих үед би айгаад бие маань хөдөлж чадахгүй, хашгирах гэхээр хоолой маань дуугарахгүй болчихсон. Тухайн үед М эгчийн нөхөр нь нас бараад удаагүй байсан тул энэ талаар хэн нэгэн хүнд хэлэх нь зөв үү гэж бодож байгаад хэлэхгүйгээр шийдсэн. Ур хотод очоод ч гэсэн хэн нэгэн хүнд хэлээгүй. Сүүлдээ шөнө унтах гэхээр Б ахад хүчиндүүлсэн үйл явдал дахин дахин бодогдоод унтаж чадахгүй байсан тул гэрийнхэндээ хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 19/,

 

гэрч М.Бгийн “... 2022 оны 1 сард охин Б.М- нь хамаатныхаа дүү нарын хамт сурагчийн амралтаараа О аймагт байх миний төрсөн эгч М-ийн гэрт очиж 20 гаран хоночихоод энэ оны 02 сард Ур хотод байх гэртээ ирснээс хойш гараа атгаад чичрээд, сандраад, гэнэт байж байгаад уйлаад байдаг болчихсон ... Тэр орой нөхөр Б гэртээ ирэхэд охин Б.М- нь “О аймагт байхад Б ах хүчиндсэн” гэж хэлсэн байсан ... Том охин Д-ийн утас руу Ө.Б- нь “уучлаарай эгчээ, би согтуу байсан, битгий цагдаад өгөөч гэсэн утгатай мессеж бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 23/,

 

гэрч Б.Д-ийн “... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би төрсөн дүү Б.М-, өөрийнхөө 2 хүүхэд, үеэл дүү П.У- нарыг найз Г-ын машинд суулгаад О аймаг руу явуулсан ... 2022 оны .. дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ очоод гар утсаа харахад төрсөн дүү Б.М- “О аймагт байхад Ө.Б- ах намайг оролдсон” гэсэн утгатай чат бичсэн байсан... Би Ө.Б-ы утас руу залгахад авахгүй байсан тул фэйсбүүк чат руу нь “Баба яаж байгаа юм бэ” гэсэн утгатай чат бичихэд “би согтуу орсон, мэдэхгүй байна эгчээ, одоо цагдаад өгвөл би ажилгүй, ээж ганцаараа үлдэнэ ш дээ” гэсэн хариу ирсэн. Намайг О аймагт очоод 1-2 хоносны дараа Б.М- нь городод байдаг ээжийн төрсөн дүү Эын гэрт очсоноос хойш дахиж О.М эгчийн гэрт очоогүй ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 25/,

 

насанд хүрээгүй гэрч П.У-ын өгсөн “... ямар ч байсан сурагчдын хичээл амарчихсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр билүү дундуур Ур хотоос хамаатны эгч Б.М-, 7 настай дүү У нарын хамт О аймагт ирээд О.М эгчийн гэрт очсон. О.М эгчийн гэрт 14 орчим хоносон ... орон дээр Н.У, Б.М-, Ө.Б- ах нар хэвтсэн, би багтахгүй байсан болохоор том өрөөнд байх буйдан дээр унтсан ... Б.М- Ө.Б- ах хоёр зэргэлдээ унтсан ... тухайн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Б.М- нь О.М эгчийн гэрээс яваад н.Э-ийн аав М.Э- ахын гэрт 3-4 хоноод Ур хот руу явчихсан ... дээрх яриа яригдсанаас хойш М-тэй уулзахад “би чамд Б ах намайг хүчирхийлсэн гээд усанд явж байхдаа ярьсан биз дээ, цагдаагаас асуувал хэлээрэй, чамаас байцаалт авна шүү гэж хэлж байсан”... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 27-28/,

хохирогч Б.М-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр энэ явдал болсон гэдгийг санасан ... , 01 дүгээр сарын 27-нд эгч, хоёр дүүтэйгээ хот руу буцсан ... О.М эгч гэртээ байсан, эмнэлэгт хэвтээд гарч ирснийх нь дараа ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 232/ зэрэг нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч

 

шүүгдэгч Ө.Б-ы анх өгсөн “... шөнө 01 цагийн үед эргүүлээс бууж найз А.Бат-Э-й уулзаж хүний нэг нэг ширхэг Сэнгүр пиво уучихаад 02 цагийн үед гэртээ орсон ...” гэсэн мэдүүлэг нь гэрч А.Б-ийн “... би 2022 оны 1 дүгээр сард Ө.Б-тай уулзаж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 121/-ээр нотлогдохгүй байна.

 

Мөн гэрч О.М нь өвчний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

 

 Гэтэл шүүгдэгч нь “... ээжийг эмнэлгээс гарах үед би тосож авсан ... 1 дүгээр сарын 24-ний орой 6 цагт тариа хийлгэчихээд гарч ирсэн...” гэж мэдүүлсэн /2 дугаар хх 96/ боловч тэрээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад “... би өглөө ээжийгээ эмнэлгээс авч гэртээ ирсэн” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэйгээр мэдүүлжээ.

 

Насанд хүрээгүй гэрч П.У- нь хохирогч, шүүгдэгч нартай төрөл садангийн холбоотой, гэр бүлийн харилцан хамааралтай байдлаас улбаалан “...усанд явж байхад Б.М- надад тэгэж хэлээгүй ... ” гэж мэдүүлсэн байхыг буруутгах үндэслэлгүй бөгөөд

 

тэрээр “... Б.М- сургууль дээр тааралдаад “би чамд усанд явж байхад тэгэж хэлсэн биз дээ, чи санахгүй байгаа юм уу, одоо чамайг цагдаа дуудаж асуух байх, чи миний ярьсан юмыг цагдаад хэлээрэй” гэсэн ... тэр үед шөнийн 3 цаг болж байсан, гэрэл унтраатай байсан, би утасныхаа гэрлийг асаагаад явж байсан болохоор хэн хэн байсныг сайн санахгүй байна. М эгч байсан байх. Б.М- надтай хамт усанд явсны дараа М.Э- ахынх руу явсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 239-240/ нь хохирогч Б.М-ийн өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.М- нь болсон хэргийн үйл баримт буюу ... Ө.Б- түүнийг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдлийн талаар ... удаа дараа, тогтвортой мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

   Түүнээс гадна анхан шатны шүүх “ ... нотлох баримтууд зөрүүтэй, шаардлагатай гэрчүүдээс дахин мэдүүлэг авах, хохирогчоос дахин мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй ...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх ...энэ хуулийн ...1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлтүүдийг үндэслэн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

   Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд мөрдөгч нь насанд хүрээгүй хохирогч Б.М-, гэрч Б.Дн, Д.Б, шинжээч Б.М нараас мэдүүлэг авсны үндсэн дээр прокурор 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ... гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар өөрчлөлт оруулсан байх бөгөөд мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгожээ.

   Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтой холбоотой Шүүх шинжилгээний хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба прокурор хуулийн дээрх зохицуулалтын дагуу сэтгэцийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэлтэй байна.

   Насанд хүрээгүй хохирогч Б.М- дахин мэдүүлэхдээ “...М.Э- ахынд 2 хоносны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн эгч Б.Дн намайг М.Э- ахын гэрээс авч хамт Ур хот руу явсан ... 2022 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Ө.Б- ах намайг хүчиндсэн ... ” гэж /2 дугаар хх 113/,

   гэрч Б.Дн “... би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ цаг хугацааг буруу мэдүүлсэн байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээр Ур хотоос О аймагт ирсэн. Хотоос гарах үедээ 85.100 төгрөгөнд бензин хийсэн. Үүнийг өөрийн Е баримт руу орж хараад мэдсэн. Мөн би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.М эгчийн гэрт очсон. Гэрт нь очоод фэйсбүүк дээрээ стори хийсэн ... 1 дүгээр сарын 25-ны өдөр дүү Б.М-тэй уулзахаар Ш руу О.М эгчийн гэрт очиход тэднийд П.У- ганцаараа байсан ... би найзынхаа гэрт 3 хоноод 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хоёр хүүхэд болон Б.М-ийн хамт Ур хот руу машинтайгаа явсан. О аймгаас гарах замдаа 93.000 төгрөгөнд бензин хийсэн ... ” гэж /2 дугаар хх 115/ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны талаар тодорхой мэдүүлсэн байна.

   Мөн тэрээр өөрийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус тус бинзен авсан 2 ширхэг баримтын хуулбарыг өөрийн Е баримт аппликейшнээс хуулбарлан, гэрэл зургийн хуулбаруудтай /2 дугаар хх 123-125/ хамт хавсаргасан байх тул шүүх уг гэмт хэргийг “2022 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.

   Түүнээс гадна Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 1032 дугаартай “Б.М-ийн охин хальс цагираг хэлбэртэй, махархаг, суурь өндөр боловч 11-1 цагийн түвшинд нам, нүх том, сунамтгай, агшилтгүй, 10 болон 3 цагийн түвшинд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй, гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байх боловч хохирогч Б.М- нь “... надаас цус гараагүй ... ” гэж удаа дараа мэдүүлдэг ба хохирогчийн охин хальсны бүтэц, шинж чанараас хамааран хүчиндэх гэмт хэргийн улмаас охин хальс урагдах, эсхүл гэмтсэн байх зэрэг үр дагаврыг заавал шаарддаггүй онцлогтой.

   Насанд хүрээгүй хохирогч Б.М- нь сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл, болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж дүгнэн үзвэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн түүний мэдүүлгийг няцаан, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

   Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

   Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг ханГ-тай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй, мөн прокурор 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 02а дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй болно.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд ирсэн, буцсан зардлын талаарх баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ө.Б-аас 326.204 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 327.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан /2 дугаар хх 181, 224/ байх тул шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэж дурьдсан нь үндэслэлтэй байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч М.М, Р.Ц нарын “ ... гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдоогүй..., хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч М.М, Р.Ц нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.Х

                        ШҮҮГЧИД                                                                 С.Ц

 

С.У