| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2022/1034/З |
| Дугаар | 128/ШШ2025/0433 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.О*******
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Х*******, Л.Г*******, С.Б*******
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Н.О******* би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Төр засаг төрийн албан хаагчид болон иргэд маш хүндэтгэлтэйгээр үг үсэг цэг таслал бүрчлэн цаг хугацаанд биелүүлэх нэг л шийдвэр байдаг. Тэр нь шүүхийн шийдвэр юм. Учир нь шүүхийн шийдвэр Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа хэтрүүлсний үр дагавар, 16.1-д Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй, 128 дугаар зүйлд Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, 128.1-д Бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж харилцан хамтран ажиллана, 135 дугаар зүйлд Захиргааны акт гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх 135.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 127.2-т заасан хугацаанд гаргах үүрэгтэй, 135.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэж заасан.
Үндэслэлүүдийн тухайд: Нийслэлийн Засаг дарга Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэрийг чандлан биелүүлж ажиллаагүй учраас, 4 сарын дотор захиргааны шинэ акт гаргалгүй хугацаа алдсан тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн Нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд халдаж, Үндсэн хуулиар баталгаажсан миний талийгаач эцэг Д.Л******* эрхийг зөрчиж амьд ахуйдаа хуулийн хүрээнд гаргуулж авсан эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэн Л.Г*******од олгосон шийдвэр гаргалаа.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэрт эзэмших эрхийн захиргааны актад биш зөвхөн нийслэлийн өмчлөх эрхийн захиргааны актад өөрчлөлт оруулахыг тусгасан. Сүхбаатар дүүргийн газрын алба 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № мэдэгдлийг надад ирүүлсэн ба энэ мэдэгдлийг би эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд дээд шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ байхгүй болно. Иймд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хандана уу гэх хариуг Сүхбаатар дүүргийн тамгын газрын хуулийн хэлтсээс надад хариу ирүүлсэн. /Бүртгэл хяналт карт №/.
Нийслэлийн Засаг даргад би 1 жил 7 сарын хугацаанд удаа дараалан гомдол гаргав. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт 3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн асуудлыг хянаж шийдвэрлэхгүй байна.
Нийслэлийн Засаг даргад удаа дараалан гомдол гаргаад өнөөдөр хүртэл тасралтгүй явж байна. Гомдлыг минь хүлээн авч шийдэхгүй байгаа учраас би Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас надад ирүүлсэн хариунаас харин би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамж гарсныг мэдэж авсан. Эндээс мөн л Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд надад урьдчилан мэдэгдэхгүйгээр, намайг оролцуулахгүйгээр ******* тоот акт гаргасан байсан.
Миний эцэг Д.Л сайхан сэтгэл гаргаж Л.Г*******ыг хашаандаа амьдруулж байсан. Аав нас барсных нь дараа Л.Г*******ыг хашаа чөлөөлөхийг шаардангуут Л.Г******* нь ээжийнх нь газар эзэмших эрх дуусаад 8 жил, ээж нь нас бараад 10 жил өнгөрч байхад ээжийнхээ эзэмшиж байсан газрынх нь кадастрын зураг үндэслэж өвлөх эрхийн бичиг гаргуулж аваад заргалдаж эхэлсэн. Өнөөдөр амьд ахуйдаа хуулийн хүрээнд газар эзэмших газар өмчлөх эрхийн бичгээ гаргуулж авсан миний эцэг буруутаж, Л.Г*******ыг зөвтгөхийг би эсэргүүцэж байна.
Л.Г*******ын ээж Б.Ц газрын нэгж талбарын дугаартай кадастрын зураг нь иргэн Б.Х*******ы нэр дээр бүртгэлтэй буюу давхцаж байгаа. Эндээс миний эцэг Д.Л******* газар талийгаач Б.Ц газартай давхардаж олгогдоогүйг Сүхбаатар дүүргийн газрын алба болон Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн, газрын албан тоотууд баталдаг. Кадастрын зургууд бүр дундаа 2 айлын газраар зөрж байхад, мөн Л.Г*******ын кадастрын зураг Б.Х*******ы газартай давхцаж байхад шинэ акт гарах хугацаа дууссан тул учир чиний акт хүчингүй болсон, бид энэ газрын асуудлыг шинээр шийдэх эрхтэй, Л.Г*******од эзэмшүүлэх эрхтэй гэж хүчээр шийдэж буйг би эсэргүүцэж байна.
Би энэ шүүх хурал болж буйд маш их гайхаж байна. Зүйн амьдралын үнэнийг гэрчлэх хүмүүс нь хоёулаа нас бараад 10 жил өнгөрч байхад хэргийг шүүж, нэг талийгаачийг зөвтгөж нөгөө талийгаачийн буруутгах юм уу" гэж шүүх хуралд оролцсон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******ын хэлсэн үг ёсоор аавыг минь буруутгаж буйд маш их гомдож байна. Үхсэний хохь, амьдын зол гэж байдгийг би харж байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* тоот актыг хүчингүй болгож, Талийгаач эцгийн минь амьд сэрүүн байхдаа олж авсан газар эзэмших эрхийг нь сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болох 6 хуудас тайлбарыг гаргаж өгч байна. Өнөөдрийн шүүх хуралд нэг онцлог байгаа. 2 хүн хоорондоо маргадаг. 2 хүний нэг тал нь нас барсан. Тэр хүн амьд ахуйдаа олж авсан үнэт зүйлээ буюу өмчөө алдсан. Хүний амьдралд тохиолдож болохгүй шүүх хурал болж байгаа. н.Л амьд ахуйдаа өөрийн хашаанд Л.Г******* гэх залууг амьдруулж байсан. н.Л нас барсан. Тус газрыг өөрийн төрсөн охин болон Н.О*******тээ өвлүүлж үлдээсэн. Н.О******* аав нь нас барьснаас хойш 3 жилийн дараа Л.Г*******ыг нүүх талаар хэлсэн байдаг. Л.Г******* нь нүүхгүй миний газар гэж маргаж эхэлсэн. Маргаж болно. Өмчид нэг онцлог байдаг. Дээр үед малыг тамга дарж энэ миний мал шүү гэж тэмдгээр нь ялгаж маргаанаа шийдвэрлэдэг байсан. Өнөөдөр газар гэх өмч байгаа. Эхлээд эзэмшдэг. Эзэмших өмчлөх хоёрын ялгаа нь тухайн газрыг түр хугацаа буюу заасан хугацаанд эзэмших. Тус эзэмших эрх нь хязгаартай. Тус хугацаа дуусахад эзэмших эрх нь дуусгавар болдог. Дууссаны маргааш нь тус газрыг өөр хүн авч эзэмшээд явах бүрэн боломжтой байдаг. Л.Г*******ын ээж нь 2005 онд газар эзэмших эрх авч тус эрх нь 2010 онд дууссан. 2008 онд Л.Г*******ын ээж нь нас барсан. Ээжийнх нь газар эзэмших эрх нь дуусаж 8 жил, нас бариад 10 жил болж байхад Л.Г******* энэ миний ээжийн эзэмших эрхтэй газар гэж маргаж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ 8 жилийн дараа гаргуулж авсан. Шүүхээс аливаа процессыг үйлдэл бүрээр нь хуулийн дагуу явсан уу гэдгийг харах ёстой. Өвлөх эрхээр газрыг авч болно. Гэвч тэр нь хугацаатай. Нас бараад 1 жилийн дотор өвлөх зүйлээ авах ёстой гэсэн хууль байдаг. Гэтэл 8 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж ирж маргалдсан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч байсан нотлох баримт байдаг. Тус нотлох баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гэх албан тоотыг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Иргэний хэргийн шүүхэд явуулсан байдаг. Тус баримтад Танай шүүхээс ирүүлсэн нотлох баримт гаргуулах захирамжийн дагуу дараах баримтыг хүргүүлж байна. А. Б.Ц олгосон нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг нь өнөөдрийн байрлалаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Б.Х******* гэх хүн бүртгэлтэй байна. Харин Дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар Б.Цэрэндэжид н.Б гэх хүнээс газар эзэмших эрх шилжүүлж авсан байх бөгөөд хувийн хэрэгт нь кадастрын зураг хавсаргаагүй болно гэж байгаа. Б.Цэрэндэжид гэх хүнд олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулсан Дүүргийн Засаг даргын захирамж байхгүй тул иргэн Л.Г******* нь сунгуулах хүсэлт гаргасан талаар ямар нэгэн баримт тус албанд байхгүй болно. Маргаан бүхий газрын бүртгэл н.Л нь Дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар хангайн ** дүгээр гудамжны *** тоот 408 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжаар тус газрыг охин Н.О*******тэй хамт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан болно. н.Цэрэндэжид гэх хүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан Дүүргийн Засаг даргын захирамж байхгүй. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна. Нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг нь өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Б.Х******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа тул тус тус баримтыг хүргүүлж байна гэж байдаг. Үүнээс юу харагдаж байгаа вэ гэвэл н.Цэрэндэжид гэх хүний газар эзэмшиж байсан газрын кадастр гэдэг зүйл байхгүй байсан. Хүү нь газрын кадастрын зураг гаргаж ирсэн. Тэр нь Б.Х******* гэх хүний газрын мэдээлэлтэй таарч байгаа. Би нэг л зүйл хэлье. Энэ цэвэр луйвар явж байна. Л.Г******* кадастрын зураг хэвлэдэг хүнтэй хуйвалдаж кадастрын зураг гаргуулж авсан. Яагаад гэвэл ээжид нь газрын кадастрын зураг байхгүй байсан учир хуурамчаар гаргаж ирсэн. Тус кадастрын зураг нь харамсалтай нь манай газартай биш Б.Х******* гэх хүний газартай давхцаж байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/ШШ2018/0819 тоот шийдвэрийн дагуу Д.Л, Н.О******* нарын газрыг хүчингүй болсныг үндэслэж Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн ** гудамжинд тус дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжаар иргэн Л.Г*******од эзэмшүүлсэн газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна. Иймд иргэн Н.О*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0919 тоот шийдвэрийн дагуу н.Л, Н.О******* нарын газрыг хүчингүй болгосныг үндэслэж Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дүгээр гудамжинд Дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамжийн дагуу иргэн Л.Г******* гэх хүнд эзэмшүүлсэн. 2020 онд эзэмшүүлж 2022 онд Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар өмчлүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Х******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Б.Х******* би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Б.Х******* миний бие өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Хангайн ** гудамж, 420В тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 440 м.кв үл хөдлөх газрын хууль ёсны өмчлөгч юм.
Би ямар нэгэн хууль зөрчөөгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу газраа 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч Н.О******* нь нэхэмжлэлдээ кадастрын зураглал давхацсан гэжээ. Миний газар ямар ч давхцал байхгүй. /Эрх бүхий байгууллагаас ямар нэгэн давхцалгүй гэсэн албан бичиг материал дотор байгаа болно/.
Иймд нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Б******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны ******* тоот актыг хүчингүй болгуулах шүүх хуралдааныг ямар шатанд явагдаж байгааг мэдэхгүй байгаа болно. Сүхбаатар дүүргийн иргэн Л.Г*******оос уг газрыг худалдан аваад тодорхой шалтгааны улмаас бусдад худалдсан болно. Иймд С.Б******* би миний эрх ашиг хөндөгдөж болзошгүй учир Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний эрх ашгийг хөндөхгүйгээр /зөвөөр/ шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай ******* дугаар захирамжийн хавсралтаар Л Г*******од Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Хангайн **-*** тоот хаягт байршилтай 408 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай тоот албан бичгийн[1] а-д Бийн Цэрэндэжид /РД:/-д олгосон нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг нь өнөөдрийн байдлаар нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Б Х******* /РД:/-ны нэр дээр бүртгэлтэй /хаяг нь: Хангайн ** гудамжны *** в тоот/ байна., б-д ...Маргаан бүхий газрын бүртгэлд Дуламсүрэн овогтой Л нь дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар /хаяг нь: Хангайн ** гудамжны *** г тоот/ 408 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжаар тус газрыг, охин Н овогтой О******* /РД:/-н хамт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байгаа болно гэсэн байна.
Дээрх тоот албан бичгээс үзэхэд, гуравдагч этгээд Л.Г*******ын эх Б.Ц олгож байсан нэгж талбарын дугаартай газар нь одоогийн Б.Х*******ы эзэмшиж байгаа газар болох нь тогтоогдож байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/1894 тоот албан бичгээр[2] Б.Х*******ы нэгж талбарын дугаар бүхий газар болон Д.Л******* нэгж талбарын дугаар бүхий газрууд нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогдож байна.
Мөн Л.Г*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох индексийн дугаартай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн газрын үзлэгийн тэмдэглэлд[3] ...нэхэмжлэгч Л.Г*******ын эхнэр гэх эмэгтэй 2005 онд Д.Лийг нас барсны дараа н.Ц гэдэг хүн байшинг нь буулгаад аваад явсан гэв гэж бичигдсэн байна.
Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд дээрх байдлаар бичигдсэнээс үзэхэд, нэхэмжлэгч Н.О*******ийн эцэг Д.Л******* байшин байрлаж байсан газарт буюу хашаанд хожим нь гуравдагч этгээд Л.Г******* амьдарч байсан гэж үзэхээр байна.
Дээрх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичиг[4], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 1/1894 тоот албан бичиг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд Л.Г*******ын эх Б.Ц эзэмшиж байсан газрын байрлал нь одоогийн гуравдагч этгээд Б.Х*******ы эзэмшиж байгаа нэгж талбарын дугаар бүхий газар болох нь, харин нэхэмжлэгч Н.О*******ийн эцэг Д.Л******* эзэмшиж байсан нэгж талбарын дугаар бүхий Хангайн ** гудамжны *** г тоот хаягт байрлах газар нь одоогийн гуравдагч этгээд С.Б*******ын эзэмшиж байгаа нэгж талбарын дугаар бүхий газар болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал буюу газрын байрлал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны тоот албан бичиг[5] болон түүний хавсралт зургаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Н.О*******ийн эцэг Д.Л нь маргаан бүхий Хангайн 11 гудамжны 420 г тоот хаягт байрлах газрыг эзэмшиж байсан болох нь дугаар эзэмших эрхийн гэрчилгээ[6], кадастрын зургуудаар тогтоогдож байна.
Улмаар Д.Лид уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжаар өмчлүүлсэн болох нь газар өмчлүүлэх тухай шийдвэрээр[7] тогтоогдож байна.
Дээр тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд бодит байдал дээр гуравдагч этгээд Л.Г*******ын эх Б.Ц эзэмшиж байсан газар нь одоогийн Б.Х*******ы газар, харин нэхэмжлэгч Н.О*******ийн эцэг Д.Л******* эзэмшиж байсан газар нь одоогийн С.Б*******ын газар байтал энэхүү бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг гаргасан нь илт хууль бус байна.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Л.Г******* нь өөрийн эх Б.Ц эзэмшиж байсан газрыг эзэмших ёстой байтал маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар Л.Г*******од хамааралгүй этгээд болох Д.Л******* газрыг эзэмшүүлсэн нь илт алдаатай байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан үндэслэлийг бий болгож байна.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий 2020 оны ******* дугаар захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул тус ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны ирцийн тухайд:
Гуравдагч этгээд С.Б*******, Б.Х******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй, биднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ шүүгчийн туслахад илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүгчийн туслах тус бүрд нь утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан болно.
Мөн гуравдагч этгээд Л.Г*******ыг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар албадан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч Л.Г******* нь албан ёсны бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбоо барих дугаар нь холбогдох боломжгүй талаар цагдаагийн байгууллагын илтгэх хуудаст болон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт бичигдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай ******* дугаар захирамжийн хавсралтын Л Г*******од холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.О*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ