2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01702

 

 

 

 

 

 

 

2025 03 06 192/ШШ2025/01702

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, 19 дүгээр хороо, , 0 тоот хаягт байрлах ******* (РД:9915648)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, 19 дүгээр хороо, , , хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:УЖ03241901)-нд холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 480,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 375,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 480,000 төгрөг болсныг төлөөгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг төлбөрийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч *******-ыг байгуулах хуралд би оролцоогүй, санал өгөөгүй, тус СӨХ нь хожуу 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар тарифыг тогтоосон. Уг өдрөөс хойших төлбөрийг хүлээн зөвшөөрнө.

2.2.Тус СӨХ-ын захирал ******* нь миний эцэг ******* 436,000 төгрөгийг өөрийн хувь дансаар авсан. 480,000 төгрөгөөс өмнөх даргад нь төлсөн 376,500 төгрөгийг хасаж тооцуулна, үлдэгдэл зөрүүг *******д төлсөн.

2.3.СӨХ нь сар бүр төлбөр авдаг боловч үйл ажиллагаагаа хангалттай явуулдаггүй, засвар үйлчилгээ хийдэггүй, 1 дүгээр давхарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг, гарааш бүхэлдээ усанд автсан байхад ус зайлуулах арга хэмжээ авдаггүй зэрэг дутагдалтай зүйл их байдаг гэж тайлбарлаж байна.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******-ын гэрчилгээ, дүрэм болон удирдлагын зөвлөлийн гишүүдийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тогтоол, тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн нэхэмжлэх, итгэмжлэл,

Хариуцагч талаас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 375,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 480,000 төгрөг болсныг төлөөгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ *******-ыг байгуулах хуралд би оролцоогүй, санал өгөөгүй, тус СӨХ нь хожуу 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар тарифыг тогтоосон учир уг өдрөөс хойших төлбөрийг хүлээн зөвшөөрөх ба тус СӨХ-ын захирал ******* нь миний эцэг ******* 436,000 төгрөгийг өөрийн хувь дансаар авсан учир 480,000 төгрөгөөс өмнөх даргад нь төлсөн 376,500 төгрөг, үлдэгдэл зөрүүг *******д төлсөн гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.******* нь 2021 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. (хавтаст хэргийн 4, 8 дахь тал)

 

4.2.Хариуцагч нь дүүрэг, 19 дүгээр хороо, , , хаягт оршин суудаг. (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

5.Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.2.6-д дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах, 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус зааснаар орон сууц өмчлөгч эсхүл орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын өмнөх удирдлагуудад төлчихсөн гэж тайлбарлаж байх боловч энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчийн татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших төлбөрийг зөвшөөрнө гэж дурджээ.

 

7.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.*******гоос 480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД