2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04483

 

 

 

 

     2025            05              26

                  192/ШШ2025/04483

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, ***** тоот хаягт оршин суух, Б******* овогт Д******* А******* /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Унгар Улс, Будапешт, Gepmadar гудамж, *********тоот хаягт оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:**********/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Р*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Г.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.А******* миний бие Г.Б*******тай 2008 оны намар хамтран амьдарч Бид 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн №0090399 дугаартай гэрчилгээ авсан. Бидний дундаас 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Х, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.М, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Б.А нар төрсөн. Түүнээс хойш 2014 оны хавар таарч тохирохоо болж салсан. Бид тус тусдаа өөр өөрийн гэсэн гэр бүл үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагч анх надтай суухад хөгжлийн бэрхшээлтэй байсан. Уг нөхцөл байдлын харгалзаж, бага хэмжээгээр багасгахад татгалзах зүйлгүй. Гэхдээ миний бие уг нөхцөл байдлыг нь харгалзан 2014 оноос хойш хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн, ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй. Хүүхдүүд өсгөхөд маш их зардал гарч байна...” гэв.

 

Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч хөгжлийн бэрхшээлтэй тул хуульд заасан тэтгэмжийн хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү…” гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, Б.Хын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Мийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Агийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн тодорхойлолт, Одонт манал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025.04.21-ний өдрийн 00367 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Г.Б*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Д.А*******, Г.Б******* нар 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болж гэрлэсний бүртгэлийн 992 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Х, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.М, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Б.А нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.

 Гэрлэгчид зан харилцаа таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч Г.Б******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа гэх тэдний тайлбар зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тэдний дундаас төрсөн 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Х, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.М, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Б.А нарыг эх Д.А*******ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.

Мөн хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тэдгээрийн насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд ногдох хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т “ 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2.-т “ 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” олгохоор тогтоожээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “ ... тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан ... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж заасан байх бөгөөд хариуцагч Г.Б******* нь 69 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, уг хөдөлмөрийн чадвар алдалт сэргээгдэхгүй энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул хариуцагчийн хуульд заасан нэг хүүхдэд төлөх тэтгэлгийн хэмжээ тус бүрийг 5 хувиар багасгаж,  эцэг Г.Б*******аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б******* овогт Д******* А******* /РД:******/, Б******* овогт Г******* Б******* /РД:******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.       

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Х, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.М, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Д.А*******ын асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийг тус тус баримтлан 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Х, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.М, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 45 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээг 5 хувиар багасгасан хэмжээгээр эцэг Г.Б*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү Б.Х, хүү Б.М, охин Б.А нарыг  эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Г.Б*******, эх Д.А******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ