| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0134/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 137
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Т.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1708025490060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Пнь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн тасгийн зүүн талд байрлах дугуй засварын газарт Д.Эай “дугуй муу янзалж өглөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар Д.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Т.Пнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Т.Пнь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн тасгийн зүүн талд байрлах дугуй засварын газарт Д.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчим дугуй засвар дээрээ тэр үед туслах ажилтангаар ажиллаж байсан Баярсайхан гэж бандитай ажлаа хийгээд байж байтал гаднаас махлагдуу нэг залуу орж ирээд “дугуйгаа нөхүүлье” гэсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нөхүүлэх гэж өгсөн дугуйг халуун нөхөөс тавиад янзалж өгсөн боловч тэр дугуй нь халуун нөхөөс авахгүй, сайн наалдахгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө чадлын хэмжээнд янзалж өгөөд уг залууд дугуйг нь өгтөл “чи дугуй янзалж чадахгүй байж үхсэнээ хийж наанаа байдаг юм” гээд пизда наахуугаар дуудаад доромжилсон. Тэгсэн тэр залуу намайг заамдаж аваад шанаан тус газар цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгсэн дугуй руугаа буцаж очиж байх шиг байсан. Тэр хооронд зурагт хараад зогсож байтал хажуу талаас тас гээд явсан. Гэтэл дугуй газар унаж байсан. Тэр залуу над руу уурандаа дугуй шидсэн. ..Тэр залуу намайг дугуй муу наалаа гэх шалтгаанаар машины обудтай дугуй шидээд миний үүдэн нэг шүдийг унагаасан ...надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, Би Пүрэв-Очироос 1 сая төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
Насанд хүрээгүй гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэбаяр ахтай хамт дугуй засварын газар дээр нь ажиллаж байсан. Тэгсэн 18 цагийн үед нэг ах гаднаас машины дугуй нөхүүлье гээд хагарсан дугуй барьж орж ирсэн. Эрдэнэбаяр бид 2 дугуйг нь аваад цуг халуун нөхөөс тавиад нөхөж өгөөд обуданд нь хийж угсраад хийгээр хийлтэл дугуй нь хавагначихсан чинь дугуйны эзэн ах Эрдэнэбаяр ахыг “чи одоо дугуй ийм болгочихлоо ш дээ пизда минь” гэхээр нь Эрдэнэбаяр ах “дугуй чинь нөхөөс авахааргүй, ийм муу дугуй байна ш дээ” гэсэн чинь “чадахгүй бол юу гэж нөхсөн юм” гэж хэрүүл хийсэн. Тэр 2 маргалдаж байгаад цагдаа дуудаж шийдүүлье гээд намайг цагдаа дуудчих гэхээр нь би дугуй засвараас гараад хажуу талын дугуй засварын бандийн утсаар дуудлага өгчихөөд буцаад орж иртэл Эрдэнэбаяр ахыг тэр ах заамдаж боогоод ор, сандал хоёрын гол руу унагаагаад дээрээс нь салаавч гаргачихаад, гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохьсон. Тэгж цохиод Эрдэнэбаяр ахыг тавиад үүд рүү чиглээд зогссон ба би Эрдэнэбаяр ахын хажууд очоод зогсож байтал дугуй нөхүүлсэн ах нөхүүлсэн дугуйгаа аваад Эрдэнэбаяр ах руу шидсэн, шидэхэд нь би замаас нь барьж авах гэхэд хүчтэй шидсээн болохоор эрчиндээ Эрдэнэбаяр ахыг очоод оносон. Тэгснээ дугуйны эзэн ах Эрдэнэбаяр ах дээр очоод хоолойг нь боосноо нүүр лүү нь 2-3 удаа цохьсон. ..Би эргээд Эрдэнэбаяр ах руу харахад дугуй газар ойж унаад Эрдэнэбаяр ахын уруул нь цус болчихсон, үүдэн шүд нь уначихсан аль хацар нь билээ, нэг хацар нь хөө шиг юм болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/
Гэрч А.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байтал нөхөр маань цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би гайхаад яасан, юу болсон бэ гэхэд дугуй засварт дугуй нөхүүлсэн залуу дугуй муу нөхөж өглөө гэж хэлээд нөхүүлсэн обудтай дугуйгаа шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд хартал манай нөхрийн буйлнаас цус гарчихсан үүдэн нэг шүд нь уначихсан, аль шанаа нь билээ тортог юм уу, шороо болчихсон, шанаа нь хавдчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14475 дүгнэлтэд: “Д.Эын биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 21х/
Шүүгдэгч Т.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 75-86 УНБ улсын дугаартай Тоёота платз машинтай 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын замаар явж байтал машины зүүн урд талын дугуй хагарсан. ...дугуй засварын газарт очоод дугуй засварын ажилтанд өгсөн. ...дугуй засварын залуу янзлуулах гээд өгсөн дугуйг хийгүй чигээр нь гаргаж өгсөн. Тэгээд би дугуйгаа аваад буцаад орж яагаад нөхөгдөхгүй байгаа юм бэ гэсэн чинь халуун нөхөөс авахгүй байна гэхээр нь яагаад нөхөөс авдаггүй юм, хийлээд үз дээ харъя гэсэн чинь хийлж үзсэн болохгүй байна гэж хэлсэн. Ингээд тэр асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд би энэ дугуйгаа хар л даа гээд дугуй засварчин ах руу чиглүүлээд шидэхэд нүүрийг нь оносон. ...заамдаж байгаад цохьсон шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/зэрэг нотлох баритуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Т.Пнь хохирогч Д.Эын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №14475 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Пүрэв-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Т.Пүрэв-Очирын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Т.Пнь хохирогч Д.Эрдэнбаярын эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 1.000.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 40х/-аар тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Пүрэв-Очирын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Пнь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргаж, шүүгдэгч Т.Пнь торгох ялыг биелүүлэх боломжтой эсэх талаар холбогдох баримт, лавлагааг хэрэгт авч хавсаргасан байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37х/, банкны дансны хуулга /хх-ийн 42-48х/ зэргээс үзэхэд түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байх тул Т.Пүрэв-Очирт 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Пүрэв-Очирын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэв-Очирыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэв-Очирт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Пнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Пнь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Пүрэв-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ