| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2303000000588 |
| Дугаар | 2024/ДШМ/250 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/250
2024 02 27 2024/ДШМ/250
С.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Ганцэцэг,
Яллагдагч С.Т-ийн өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар прокурорын эсэргүүцлээр С.Т-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Сийн Т-, 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, дөрвөн дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ... /;
С.Т- нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... авто грашийн зам дээр, Тоёота приус загварын ...УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Lexus RX450” загварын ...УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч болох Б.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Урьдчилсан хэлэлцүүлгийг өөрийн санаачлагаар зарлан явуулж, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаажээ. Үүнд: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно.” гэж хуульчилсан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлалыг баталсан, аргачлалын 2.1 дэх хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй байхыг ойлгоно.” гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт “Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) гэж зохицуулжээ. Мөн журмын 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана. гэж, 2.4-т шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.” гэжээ. Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох ажиллагааг явуулаагүй байх ба хэлэлцүүлэгт прокуророос шүүх өөрөө шинжээч томилж дээрх ажиллагааг хийх боломжтой гэсэн тайлбар гаргах боловч уг ажиллагаа шүүхийн шатанд бус мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ажиллагаа байна. Тодруулбал дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч зэрэглэлийг тогтоож, баримтыг танилцуулж хэрэгт хавсаргахаар журамласан, уг тогтоосон зэрэглэлийг зөвшөөрөхгүй бол буюу шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Тиймээс уг ажиллагаа шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх ажиллагаа биш байх ба, нөгөө талаар шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Б.Г нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийлгэх шаардлагагүй, тушаалын дагуу Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тоггооход татгалзах зүйлгүй гэж бичсэн байгаа нь хохирогч Б.Г сэтгэцэд учирсан хохирол тогтоох шаардлагагүй гэсэн атлаа нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тогтооход татгалзахгүй гэсэн нь хохирогч нэхэмжлээгүй гэж үзэх агуулга байхгүй байна. Нөгөө талаас хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдолтой байна” гэж мэдүүлсэн /хх19/ байх ба сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэсэн хэсэг хэргийн баримтаар тогтоогдоогүй, прокурор үндэслэлгүй тайлбар гаргасан ба оролцогчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үндэслэлгүй болно.
2. Lexus RХ450 маркийн ...УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК тогтоожээ. Хохирогч Б.Гаас мөрдөн шалгах ажиллагаанд Lexus RХ450 маркийн ...УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...” ББСБ-ын нэр дээр байдаг гэж мэдүүлсэн /хх19/ ба тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн лавлагаа хэрэгт авагдаагүй, “...” ББСБ-ын нэр дээр дээрх тээврийн хэрэгсэл хэрхэн ямар шалтгаанаар байдаг эсэх, автомашины эвдрэл хохирлын төлбөрийг хэн шаардах, нэхэмжлэх эрхтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг нотлон тогтоох ажиллагааг явуулаагүй байна.
3. Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 938917 дугаартай шинжээчийн дүгнэлтээр яллагдагч С.Т-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр жолоодон явсан “Тоёота приус” маркийн ...УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийн хариулт1-д зүүн гар талын хойд их гэрлийн бүрхүүл хагарсан /хуучин/, зүүн гар талын хойд хонго хонхойсон /хуучин/, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна, хариулт 6-д “Тоёота приус” маркийн ...УБР дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл нь ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангахгүй байна гэжээ. Иймд “Тоёота приус” маркийн ...УБР дугаартай тээврийн хэрэгсэлд тогтоогдсон хуучин эвдрэл гэмтэл, мөн ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэхэд шинжээч дүгнэлт өгөөгүй байх ба уг асуудлыг тодруулсны эцэст яллагдагчийн үйлдэлд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт мөн зөрчигдсөн эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй., 2 дахь хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд мөрдөгч, прокурор хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг шүүх нөхөн гүйцэтгэх, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримтыг цуглуулах хууль зүйн үндэслэлгүй болно” гэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь хуульд нийцнэ гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-г танилцуулан баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргана” гэсэн байна. Улмаар уг гэмт хэргийн хувьд, Lexus RХ450 маркийн ...УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Б.Г /РД:... /-ын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учирсан нь дээрх зэрэглэл тогтоосон хүснэгтэд зааснаар 3-р зэрэглэлд хамаарч байх бөгөөд мөрдөгч хохирогч Б.Гт сэтгэцэд учирсан хор уршиг, түүнтэй холбоотой журам, батлагдсан маягтын талаар танилцуулсны дараа хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, дээрх баталгааны хуудсыг журамд заасны дагуу хэрэгт хавсаргасан болно. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г нь холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, хор уршгийн зэрэглэл, маягт зэрэгтэй танилцсаны дараа “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, ... төлбөрийн жишиг аргачлалын дагуу тогтооход татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлж баталгаа болгон гарын үсгээ зуржээ. Энэ нь тухайн хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй гэх ойлголт огт биш бөгөөд шүүхээс тухайн зэрэглэлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтооход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж, баталгаа болгон гарын үсгээ зурсан гэж үзэхээр байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гын жолоодож явсан “Lexus RХ450” маркийн ...УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.600.000 /долоон сая зургаан зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;” эрхтэй байна. Улмаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн хохирогч Б.Гт тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэх нь тээврийн хэрэгслийн эзэмшигч “...” ББСБ-ын Иргэний эрх зүйн харилцаа, гэрээгээр баталгаажсан шаардах,
нэхэмжлэх эрхийг хөндөхгүй юм. Мөн дээрх ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд шүүхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилтод нийцүүлэн, иргэний нэхэмжлэгчийг тогтоож хэргийг прокурорт буцаалгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
3. Хэрэг учрал нь орон сууцны доод давхрын зогсоолд болсон, тухайн автомашины зогсоол нь гэрэлтүүлэгтэй байсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тодорхой харагдах бөгөөд осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8-т заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой юм. Тодруулбал, Тоёота приус маркийн ...УБР дугаартай тээврийн хэрэгсэлд тогтоогдсон хуучин эвдрэл гэмтэл, мөн ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нь осол гарах шалтгаан биш бөгөөд тухайн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан осол гарч, хүний эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын зүгээс мөрдөгчийн магадлагаа нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэн нотлох баримтаар
үнэлсэн болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсны дараа хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх сонирхолтой байсан. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар хохиролд 2.000.000 төгрөг төлсөн байгаа. Бидний зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг шууд гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хохирогч хүснэгттэй танилцаж гарын үсэг зурсан, шинжээч томилохгүйгээр шийдвэрлэх боломжтой гэсэн тул шинжээч томилохгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж яригдаж байна. Гэвч үүн дээр миний үйлчлүүлэгчийн эрхийн асуудал яригдана. Тухайн хүснэгт журам нь төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал. Харин сэтгэл санаанд нь хэр хэмжээний хохирол учирсныг тогтоох нь тусдаа асуудал юм. Хохирогчид сэтгэцийн хохирол учраагүй байхад нь учирсан мэтээр хандаж байгаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн хохирогчийн гарт яагаад гэмтэл учирсан талаар тодруулж шалгаагүй байна. Хэргийн нөхцөл байдлыг харахад хохирогч жолооны хүрдний хигээсэнд гараа хийчихсэн явж байсан болж таарч байна. Жолооч ямар стандарт журмын дагуу жолооны хүрдийг барьж явах ёстой вэ. Хохирогч гараа зөв байрлуулсан байсан бол тухайн гэмтэл учрах байсан эсэх нь эргэлзээтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас яллагдагч С.Т-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох ажиллагааг явуулаагүй, ... Lexus RХ450 маркийн ...УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн лавлагаа хэрэгт авагдаагүй, “...” ББСБ-ын нэр дээр дээрх тээврийн хэрэгсэл хэрхэн ямар шалтгаанаар байдаг эсэх, автомашины эвдрэл хохирлын төлбөрийг хэн шаардах, нэхэмжлэх эрхтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг нотлон тогтоох ажиллагааг явуулаагүй, ... “Тоёота приус” маркийн ...УБР дугаартай тээврийн хэрэгсэлд тогтоогдсон хуучин эвдрэл гэмтэл, мөн ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэхэд шинжээч дүгнэлт өгөөгүй байх ба уг асуудлыг тодруулсны эцэст яллагдагчийн үйлдэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт мөн зөрчигдсөн эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжтой болдог.
Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байх ба энэ талаарх ажиллагааг хийж гүйцэтгэх нь гэмт хэргийн улмаас хэн хэрхэн хохирсон, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой байна.
Тодруулбал, хэргийн 107 дахь талд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг хохирогч Б.Гт танилцуулж гарын үсэг зуруулсан байх боловч түүний сэтгэцэд учирсан хор уршгийг хэддүгээр зэрэглэлээр тогтоосон болох нь тодорхойгүй, Lexus RХ450 маркийн ...УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хохирогч Б.Гынх мөн эсэх талаарх буюу хэний өмчлөл, эзэмшлийнх талаарх нотлох баримт байхгүй, “Тоёота приус” маркийн ...УБР дугаартай тээврийн хэрэгсэлд тогтоогдсон хуучин эвдрэл гэмтэл, ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх буюу шаардлага хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан нөхцөл нь захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн хууль зүйн үндэслэлд хамаарах эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА