Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2025/0063

 

                                                                                              

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э-гийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-д холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-ын Э.Э-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0627047 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э-гийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг уншиж танилцлаа.

Э.Э-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0627047 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс үүсэх үр дагавартай танилцсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э- нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-ын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “...зөрчилд холбогдогч Э.Э-ыг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байсан боловч шийтгэлийн хуудаст 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн буруу хэрэглэсэн...” гэж дүгнэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-ын Э.Э-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0627047 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-ын Э.Э-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0627047 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э-гаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Г-ын Э.Э-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0627047 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР