| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06878/И |
| Дугаар | 192/ШШ2025/04368 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04368
2025 05 21 192/ШШ2025/04368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************** тоотод оршин суух, Б овогт Д-ын Г- /рд: **************/,
Хариуцагч: *********** тоот хаягт байрлах, Б ББСБ ХХК /рд:***************/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,789,363.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Д.Г-,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөргүй 13 сая төгрөгөөр автомашин зээлээр өгнө гэсэн зарын дагуу 4 замын Гранд плазад байрлах Б ББСБ дээр очиж уулзсан юм. Надтай зээлийн эдийн засагч гэх хүүхэн түүний нөхөр гэх Ө- нар уулзаад бид нарт гоё машин байна, танд зээлээр 13 сая төгрөгөөр бодоод өгье, хүмүүс авах гээд булаацалдаад байна, та яг одоо материал бүрдүүлээд өг гээд гэрээ гаргаж ирээд Кровн 204 маркийн машины гоё зураг үзүүлээд, маргааш танд машинаа үзүүлнэ, ББСБ-аас гаргаж байгаа гэхэд би итгэсэн. Тэгээд тэр хүмүүстэй 30 минутын дотор гэрээ хийж нотариат орсон, би өнөөдөр очоод машинаа үзье гэсэн боловч өнөөдөр болохгүй, маргааш үз гоё машин байгаа гэхээр нь итгээд явсан. Маргааш нь 22-ны өдөр ирээд миний материал бүрэн гэрээгээ хийчихсэн, машинаа үзье гэтэл хуучин муу эвдэрхий дөнгөж асаад унтардаг машин үзүүлсэн. Би ийм машин авахгүй нөгөө надад үзүүлсэн зурагтайгаа таарахгүй байна гэсэн чинь бид өчигдөр ББСБ-ын зээлээс чөлөөлсөн, та авчих бид нар таны өмнөөс сар бүрийн 20-ны өдөр 640,000 төгрөгийг 6 сар төлөөд өгнө 13 сая төгрөгөөс 3,800,000 төгрөгийг хасчихъя, танд Б ББСБ хийсэн 13 сая төгрөгийн зээлийн гэрээнд үнийн дүнгээс нь 3,800,000 төгрөгийг хасаад 9,200,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд өгье гэсэн. Би гэрээгээ 9,200,000 төгрөг болгоод өгөөч гэхэд өнөөдөр амжихгүй болчихлоо маргаашнаас болгоод өгнө гэсэн би энэ хүмүүсд итгээд машиныг нь аваагүй гэрээгээ өөрчлөөд намайг дуудна гэж бодоод явсан. Түүнээс хойш тэр хүмүүсийн утас холбогдоогүй, ажил дээр нь очтол ажлаасаа гарчихсан гэсэн. Нэг сарын дараа миний утсан дээр Б ББСБ-аас мэссэж ирсэн та 640,000 төгрөг төлнө үү гээд. Би Б ББСБ салбар дээр очтол өөр охин сууж байсан. Бид нар ярилцаад Баянгол дүүргийн Цагдаагийн цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан боловч миний өргөдөл Б ББСБ өргөдлүүд гэрээтэй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Миний гэрээг хийсэн Ө-ын эхнэр гэх охиноос миний гэрээг 9,200,000 төгрөг болгохгүй, 13 сая төгрөг авчихсан гэж асуухад би ажлаасаа гарчихсан би гэрээний үнийн дүнг өөрчилж чадахгүй байна уучлаарай гэсэн. Надад зээлийн гэрээгээр өгсөн автомашиныг нь 1 сарын дараа Б ББСБ-ын менежер охин бид хоёр Дарь Эхийн Кровн засварын хашаанаас олж аваад одоог хүртэл манай хашаанд хадгалж байна. Намайг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уг автомашиныг авахаас татгалзаад явсаныг Ө- хялбар ажиллагааны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа тодорхой дурдсан байдаг. Миний бие Ө- болон Б ББСБ-ын эдийн засагч охинд залилуулж өрөнд орж Монгол банкны зээлийн мэдээллийн хар жагсаалтад орж бүтэн 9 сар хохирч байна. Одоо миний бие зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Зээлдэгч Д.Г- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №М24/142 тоот Зээлийн гэрээ, №М24/142-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүд тус тус байгуулан 13,000,000 төгрөгийн зээл авсан. Тус зээлийн барьцаанд GWS2040007686 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд импортлогдсон, мөнгөлөг өнгөтэй, 8133УЕМ улсын дугаартай, Toyota Crown S204 маркийн автомашин барьцаалсан байдаг. Зээлдэгч нь Д.Г- нь Б ББСБ ХХК-ийн Максмолл салбарт 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн биеэр ирж Toyota Crown маркийн автомашин худалдан авахаар зээлийн өргөдөл хүсэлт өгсөн байдаг. Тус зээлийн өргөдөлд чанар хэвийн, Toyota Crown S204 маркийн автомашиныг худалдан авахаар 13,000,000 төгрөгийн зээлийг 3,5% хүүтэй 36 сарын хугацаатай зээл авахаар өргөдөл гарган гарын үсэг зуран баталгаажуулсан болно. Нийслэлийн тойргийн нотариатч Т.Долгионоор Бүртгэлийн дугаар 4146 тоот дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулж дээрх зээлийн барьцаанд барьцаалсан тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 6,000,000 төгрөг төлж үлдэгдэл 13,000,000 төгрөгийг Б ББСБ ХХК-ийн зээлээр төлөхөөр хүлээн зөвшөөрөн худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Б ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчийн автомашин худалдан авах зээлийн өргөдөл хүсэлт, худалдах худалдан авах гэрээнд үндэслэн зээлдэгчтэй №М24/142 тоот зээлийн гэрээ, №М24/142-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 13,000,000 төгрөг зээл олгосон болно. Иймд дээрх зээл нь зээлдэгчийн автомашин худалдан авах өөрийн өргөдөл хүсэлт, худалдах худалдан авах гэрээний дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ тул цуцлах боломжгүй болно гэжээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,789,363.55 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Д.Г- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус ББСБ-тай №М24/142 тоот Зээлийн гэрээ, №М24/142-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүд тус тус байгуулан 13,000,000 төгрөгийн зээлийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зорилгоор авсан болно. Зээлдэгч Д.Г- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус ББСБ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 8133УЕМ улсын дугаартай, GWS2040007686 арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Toyota Crown-S204 маркийн автомашин барьцаалуулсан болно. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 13,000,000 төгрөгөөс үндсэн зээл болон хүүний төлөлтийг огт төлөөгүй ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчсөн байна. Б ББСБ-ын зүгээс зээлдэгчид удаа дараа өөрийн биеэр болон шуудангаар мэдэгдэх хуудас илгээж, зээлийн төлөлт болон гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж утсаар холбогдож байсан бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд Д.Г-аас үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 2,767,397.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,966.29 төгрөг, нийт 15,789,363.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд би Б ББСБ дээр очиж зээлээ судлуулаад материалаа орхиод явахад миний зээл судлуулсан материалд иргэн Ө- нь Б ББСБ-д сар бүрийн 20-ны өдөр 640,000 төгрөг төлнө гэж баталгаа гаргаж нотариатаар батлуулж хийсэн байсан. Яагаад миний өмнөөс сар бүрийн 20-ны өдөр гэсэн баталгаа гаргасан тэр хүнээсээ 640,000 төгрөгөө аваагүй юм. Надад автомашинаа хүлээлгэж өгөөгүй, миний дансанд мөнгөө хийгээгүй, эвдэрхий машинаа миний нэр дээр 13 сая төгрөг авчихсаныхаа дараа манай хүүхдэд аваачаад орхичихсон байсан. Танай байгууллагад Ө- төлбөр хийх юм уу, би хийх болж байна уу, гэрээнд чинь ийм ойлгомжгүй юм байгаа. Мөн миний зээл хүссэн материалыг ашиглаад намайг явуулчихаад миний нэр дээр 13 сая төгрөг авч ашигласан Ө-ын эхнэр танай Б ББСБ-ын мэргэжилтэн зээлийн эдийн засагч миний нэр дээр мөнгө аваад намайг залилаад яагаад ажлаасаа гарчихсан. Энэ бүгдийг би шалгуулж энэ зээлийн гэрээнд ямар алдаа байгааг шийдвэрлүүлнэ гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Иргэн Г- болон Б ББСБ-д баталгаа гаргах нь /хх 5, 65/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 6-8/, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ хавсралт /хх 9-11/, Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах учир нь /хх 58/, Баянгол дүүргийн иргэний шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах нь /хх 66/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00618 дугаар шийдвэр /хх 67-69/, Фото зураг /хх 70-71/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тухай /77-79/,
6. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 15, 53, 72/, итгэмжлэл /хх 16, 37, 73/, Иргэн Г- болон Б ББСБ-д баталгаа гаргах нь /хх 13-14/, Хариу тайлбар /хх 22-23/, Зээлийн өргөдөл /хх 24, 40/, Зээл хүсэгчийн анкет /хх 25, 41/, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ хавсралт /хх 26-28, 46-48/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 29-31, 43-45/, Худалдах худалдан авах гэрээ /хх 32/, Сөрөг нэхэмжлэл гаргах нь /хх 35/, Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар /хх 38/, Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 42/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 49/, Б ББСБ ХХК Макс молл салбар М24/440 тоот Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 50/, Б ББСБ ХХК Макс молл салбар М24/438 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 51/, Зээлдэгч Д.Г- М24/142 хүснэгт /хх 52/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 8133УЕМ улсын дугаартай, Toyota Crown /Тоёота Кроун/ S204 маркийн автомашинаар хангана гэж тодоройлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Энэ зээл төлөгдөх найдваргүй зээл болсон тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэгчийн тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй гэж үгүйсгэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Д.Г- нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус ББСБ-тай №М24/142 тоот Зээлийн гэрээ, №М24/142-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүд тус тус байгуулан 13,000,000 төгрөгийн зээл авсан. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 13,000,000 төгрөгөөс үндсэн зээл болон хүүний төлөлтийг огт төлөөгүй ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн байна. Иймд Д.Г-аас үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 2,767,397.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,966.29 төгрөг, нийт 15,789,363.55 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг энэ автомашиныг 13,000,000 төгрөгийн үнэ хүрнэ гэж барьцаалсан учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Мөнгөн дүнгээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
6. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Хэрэгт нэхэмжлэгч Д.Г- болон хариуцагч Б ББСБ ХХК-ийн нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №М24/142 тоот Зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагчаас 13,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №М24/142-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 8133 УЕМ улсын дугаартай, GWS2040007686 арлын дугаартай, Toyota Crown-S204 /Тоёота кроун/ маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.
6.2 Зохигчид зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангана гэж, хариуцагч мөнгөн төлбөрөөр буюу 15,789,363.55 төгрөгийг гаргуулна гэж маргасан.
6.3. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн ба уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6.4. Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зээлийн гэрээг цуцалж, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №М24/142 тоот Зээлийн гэрээний үүрэгт Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний зүйл болох автомашиныг нэхэмжлэгчид бодитоор шилжүүлэн өгч үүргийн гүйцэтгэлийг хангахаар шаардсан гэж үзэхээр байна.
Талууд хооронд зээлийн гэрээ байгуулагджээ. Ингэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээг давхар байгуулсан байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Фидуци нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм. Энэ нь үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа ажиллагаа юм. Үүрэг гүйцэтгүүлэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ үүрэг хүлээгч биелүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
Дээрх хуулийн зохицуулалтаар зээлийн гэрээ дуусгавар болсноор фидуцийн гэрээ дуусгавар болох ёстой бөгөөд зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох автомашиныг бодитоор гаргуулан авахаар шаардах эрх нь хариуцагч буюу Б ББСБ ХХК-д байна. Иймд нэхэмжлэгч Д.Г-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох 8133УЕМ улсын дугаартай, Toyota Crown /Тоёота Кроун/ S204 маркийн автомашинаар хангах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.5. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээл болон хүүний төлөлтийг огт төлөөгүй ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... зээлдэгчид удаа дараа өөрийн биеэр болон шуудангаар мэдэгдэх хуудас илгээж, зээлийн төлөлт болон гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж утсаар холбогдож байсан бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй” гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, “Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.2-т зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба хариуцагч тал шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчээс шаардсан нь хууль зөрчөөгүй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Д.Г-ын зүгээс зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд нэхэмжлэгч Д.Г-аас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №М24/142 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,000,000 төгрөг, үндсэн хүүнд 2,767,397.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,966.29 төгрөг, нийт 15,789,363.55 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,896.82 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 236,897 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох 8133УЕМ улсын дугаартай, Toyota Crown /Тоёота Кроун/ S204 маркийн автомашинаар хангах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-аас 15,789,363.55 төгрөгийг гаргуулан хариуцагч Б ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,896.82 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 236,897 төгрөгийг гаргуулан хариуцагч Б ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН