| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04416/И |
| Дугаар | 192/ШШ2025/04473 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04473
| 2025 05 26 | 192/ШШ2025/04473 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М
Хариуцагч: Б
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч М.*******,
хариуцагч Ц.*******
шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ц.*******од холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* миний бие Ц.*******той 1997 онд танилцаж, 1996 оны 5 сарын 13-ны өдөр гэр бүлээ батлуулсан. 1996 онд ууган хүү Билгүүн, 2010 онд хоёр ихэр хүү ****, **** хоёрыг БНСУ-д төрүүлсэн. 2022 онд шинэ байр авч банкны лизингтэй болж тэр үеэс хойш наймаа арилжаа тааруу байнга хүмүүсээс мөнгө зээлж, 2023 онд БНСУ-ны мульт 8-нд гарч миний бие тэр 1 жилийн хугацаанд 5 удаа явж мөнгөө төлсөн. Тэр үеэс мөнгөнөөс үүдэлтэй маш их ядарсан болно. Мөнгө хийх маш их ядардгийг ойлгосон. Мөн эмэгтэйчүүдийн цэвэршилт явагдаж зовиуртай болж 2024 оны 10 сараас одоог хүртэл эрх эмийн харилцаа байхгүй байгаа. Цаашид Ц.*******той хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг авахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2. Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийг ээжид нь үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.05.08-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
М.*******, Ц.******* нар 1997 онд танилцаж, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.****, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.**** нарын эцэг, эх болцгоож, 1998 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдраад 8 сарын хугацаа өнгөрсөн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.****, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.**** нарыг М.*******ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх М.******* нь хүү Б.****, Б.**** нарыг эцэг Ц.*******той уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь хуульд нийцнэ.
7. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тайж овогт Цэрэнбалжидийн ******* /, Сартуул овогт Минжүүрийн ******* / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.****, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.**** нарыг эх М.*******ийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ