Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/251

 

  

 

 

 

 

   2024             02              27                                      2024/ДШМ/251                                 

 

      

Л.Д-өд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнхтулга,

            хохирогч О.Т-,

            цагаатгагдсан этгээд Л.Д-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнхтулга 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Л.Д-өд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Лийн Д-, 1998 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: .../;

             Шүүгдэгч Л.Д- нь 2023 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “:..” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Т-ий зүүн гарыг шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокуророос Л.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2306015242242 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагч Л.Д-өд холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  952А дугаартай яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч О.Т-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Д-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Мөнхтулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Т-, гэрч М.А, шүүгдэгч Л.Д- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэг гарсан тухайн өдөр шүүдэгч Л.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай хэрүүл маргаан хийж, улмаас зодоон үүсгэсэн байх бөгөөд уг үйл явдлыг таслан зогсоох гэсэн О.Т-ий гарыг шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодоон болж дууссаны дараа хохирогч О.Т- нь түүний гарыг шилээр зүссэн залууг цагдаа нар ирэх үед зааж өгч, цагдаа нар Л.Д-ийг цагдаагийн хэлтэст авч ирсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Гэтэл шүүхийн  нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зүйлийг шүүх анхаарч үзэхгүйгээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээгээгүй этгээд болох шүүгдэгч Л.Д-ийн дан ганц мэдүүлгийг үндэслэн түүнийг цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

            Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож гэж зааж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “холбогдох шийдвэрийг хүчингүй болгох” гэдэг нь прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай ойлголт бус, тухайн цагаатгасан хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шийдвэрийг ойлгоно. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үе шатнаас нөгөө үе шат руу шилжиж байгаа үйл явцыг тодорхойлсон шийдвэрүүд болно. Тухайлбал хэрэг бүртгэлтийн шатнаас мөрдөн байцаалт руу, мөрдөн байцаалтыг дуусгаж, хэргийг шүүх рүү шилжих үйл явцын шийдвэрүүд болно. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хүлээн аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргахтай нэгэн адил ойлголт юм. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд би хөдөө ажилтай байсан. Би тухайн шөнийн цэнгээний газарт DJ хийдэг байсан. Хэрэг гардаг өдөр 00 өрөөний үүдэнд Л.Д- надаас өөр хүнтэй муудалцаж байсан. Бичлэг нь одоо ч миний утсан дээр байна. Л.Д- тухайн хүнийг эхнэртэйгээ буланд шахаад зодож байсан. Би эхлээд эхнэрийг нь салгасан. Л.Д- ганцаараа тэнд орилж байсан. Ингээд эхнэрийг салгасны дараа Л.Д- цаашаа өөр хүмүүстэй зодоон хийгээд явсан. Би эхнэртэй нь хамт очоод салгах гэтэл Л.Д- эргэж хараад “энэ нөгөө банди чинь уу” гээд намайг цохисон. Намайг хүнтэй андуурсан эсэхийг нь мэдэхгүй байна. Намайг цохиход би зайгаа аваад эхнэрийг нь “та хойшоо болоорой” гээд түлхэх хооронд миний гарыг шилээр зүссэн. Анхан шатны шүүх намайг худлаа ярьсан, Л.Д- миний гарыг зүсээгүй мэтээр буруу дүгнэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгуулах хүсэлтэй байна. Дараагийн удаа камерын бичлэгүүдийг өгнө, өөр гэрчүүд ч. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Л.Д-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2023 оны 11 дүгээр сард болсон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Л.Д- гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд шүүхээс 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Илтгэгч шүүгчийн хэлснээр дээрх 60 хоногийн хугацаанд ямар нэг ажиллагаа хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэг шүүхэд шилжихээс өмнө шат шатны прокурорт үйлчлүүлэгчийн маань гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж байсан. Хүсэлтүүдийг маань татгалзаж шийдвэрлэсэн. Камерын бичлэгт миний үйлчлүүлэгч хохирогчийн биед халдаж байгаа үйл баримт тогтоогдоогүй. Л.Д-ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүйгээс гадна мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон байх ёстой. Мөн прокурорын эсэргүүцэлд “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт шилжүүлнэ үү” гэсэн нь үндэслэлтэй. Учир нь, хохирогчид хохирол учирсан эсэхийг шалга гэсэн агуулгатай. Харин Л.Д-ийн хувьд гэмт хэргийн шинжгүй байна гэсэн. Гэмт хэргийг шууд нотлох баримт хэрэгт байдаггүй. Иймд прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Л.Д-өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, прокуророос шүүгдэгч Л.Д-ийг хохирогч О.Т-ий зүүн гарыг шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэл нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирогч О.Т- /хх 10-12 тал/, гэрч М.М /хх 70 тал/, М.А /хх 72 тал/ нарын мэдүүлгүүд болон яллах дүгнэлтэд тусгагдсан бусад нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж буйд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “…шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасныг зөрчжээ.

          Мөн анхан шатны шүүх хохирогч О.Т-гийн биед учирсан шуу, бугайн үед зүсэгдсэн шарх гэмтлийг шүүгдэгч Л.Д- ямар үйлдэл хийснээр учруулсан болох нь тодорхойгүй гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

          Шүүх хэргийн бодит байдлыг талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт явдлыны бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийж, үнэлэн шийдвэрлэх үүрэгтэй.

          Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцвол хэргийн оролцогч болох хохирогчийг оролцуулалгүйгээр Л.Д-өд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг зөв тогтоох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1,3, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Л.Д-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА